Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/120

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                          

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

Шүүгдэгч Н.Д /цахимаар/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

   Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онон овогт Н.Д-д холбогдох эрүүгийн 2119000000144 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багт оршин суух, урьд

Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/ХМШЗ/06 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, эдлээгүй үлдсэн 8 сар, 20 хоногийн хугацаагаар хяналт тогтоосон,

 Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/197 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил, 3 сар, 15 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

           Онон овогт Н.Д /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 233 тоотод оршин суух О.Алтантуяагийн гэрт нь буюу байнга амьдрах орон байранд нэвтэрч, 28 кг махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 315,500 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 1504 тоотод оршин суух Д.Энхбаярын гэрт нь буюу байнга амьдрах орон байранд нэвтэрч, 10 кг махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 115,500 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 15-36 тоотод оршин суух Г.Оюун-Эрдэнийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч,  Самсунг маркийн зурагт 1 ширхэг, 25 кг гурил хулгайлж, 377,500 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 13-02 тоотод оршин суух Г.Баяртуяагийн гэрт нь буюу байнга амьдрах орон байранд нэвтэрч, Фунай фермийн 32 инчийн, Лед зурагт буюу эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн орчим ажилдаа явсан. Манай нөхөр Болд-Эрдэнэ Нефьтийн үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд манай гэр хүнгүй байсан. 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ түрүүлж ирэхэд манай хашааны хаалга онгорхой, гэрийн цоож эвдэрсэн байдалтай байсан. Гэр рүүгээ ороход гэр дотор махир төмөр угаалтуурын хажууд байсан. Тэгээд би алдагдсан зүйл байна уу гээд харахад газар хонины сүүл хэвтэж байхаар нь хөлдөөгчөө онгойлгоод үзэхэд хөргөгчинд байсан мах алга болсон байсан. Мөн гамбанз шалан дээр байсан ба гадуур нь байсан ягаан уут алга болсон байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй. Манайд 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хонь, ямааны бүтэн мах ирсэн байсан ... Манай гэрээс хонь, ямааны нийт 28 кг мах алдагдсан ... Махны үнэ 315,500 төгрөг, үнэлгээний зардал 10,000 төгрөг, нийт 325,500 төгрөгийг нэхэмжилнэ  ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 17-18, 22-23, 26-27 дугаар хуудас/,

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг гээд гэрээсээ гарсан ба манай гэрт эхнэр Ч.Оюунцэцэг, 2 настай хүүгийн хамт үлдсэн. Дараа нь манай эхнэр 13 цагийн орчим гэрээсээ гарч явсан ба эмнэлгээр явж байгаад миний байгаа газар очсон. Эхнэр бид хоёр хамт танктай овооны энгэрт байх айлд байж байгаад 19 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн үүдний даруулга нь газар, цоожийг нь зүүчихсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би хүүхдүүд ирсэн байна гэж бодоод ортол хөлдөөгчний хажууд хонины толгой, цус, гэдэс гаргаад тавьчихсан байсан. Тэгээд хөлдөөгчөө онгойлгоод үзэхэд хөлдөөгчинд байсан 10 кг цул мах алга болсон байсан. Манай гэрийн үүдэнд “Хуртай өргөө” гэсэн бичигтэй саарал өнгийн, энгэр нь задгай цамц хэвтэж байсан ... Махны үнэ 115,500 төгрөг болсон, үнэлгээ хийлгэсэн зардал 10,000 төгрөг, нийт 125,500 төгрөгийг нэхэмжилнэ ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 79-80, 83-84 дүгээр хуудас/,

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Баяртуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2018 оны 04 дүгээр сарын 16-аас 30ы өдрийн хооронд гэртээ байгаагүй ба аав Ганбатынд байсан. Тэр хооронд манай гэрийн цонхыг хагалан хулгай орж, Фунай фермийн 32 инчийн зурагт хулгайд алдагдсан ... Зурагтны үнэлгээ 150,000 төгрөг, үнэлгээний зардал 8,000 төгрөг, нийт 158,000 төгрөг нэхэмжилнэ ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 128-129, 131-134, 138-139, 142-143 дугаар хуудас/,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 27ы өглөө манай байшинд хулгай орж, манай том өрөөнд байсан 42 инчийн LCD дэлгэцтэй өнгөт зурагт, үүдний тамбарт байсан 25 кг-ийн ууттай “Алтан тариа”-ийн дээд гурил 1 шуудай байсан нь алга болсон байсан. Манай алдагдсан зурагт боронзон бор өнгөтэй, ар нь цагаан, доороо төмөр суурьтай зурагт байсан. Уг зурагтыг 2013 онд БНХАУ-ын Эрээн хотоос монгол мөнгөөр тооцоход 650,000 төгрөгөөр худалдаж авч байсан ба гурилыг 25,000 төгрөгөөр худалдаж авсан ... Зурагтны үнэ 350,000 төгрөг нэхэмжилнэ ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 219-224, 227-228 дугаар хуудас/,

           Гэрч О.Болд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай эхнэр Алтантуяа надтай холбогдож “манай гэрт хулгай орсон юм шиг байна, цоож нь эвдэрсэн, хаалга онгорхой байдалтай байсан, хөлдөөгчинд байсан мах алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад гэртээ ирсэн. Манай хөдөө гэрээс 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хонь, ямааны бүтэн мах ирсэн байсан ... нийт 28 кг мах алдагдсан ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

          Гэрч Ч.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би 13 цагийн орчим эмнэлгээр ээжийгээ дагуулж явж үзүүлсэн ба тухайн үед манай гэр эзэнгүй байсан. Би эмнэлгээр явж байгаад нөхөр Энхбаярын хамт 19 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг зүүчихсэн, даруулгыг нь газар хаясан байдалтай байсан. Гэр рүү ороход хөлдөөгчинд байсан хонины гэдэс, толгой, цус, өвчүү зэргийг газар тавиад, жижиглэн уутанд хийсэн байсан мах, сүүл зэрэг алга байсан. Манай гэрийн үүдэнд “Хуртай өргөө” гэсэн бичигтэй саарал өнгийн, энгэр нь задгай цамц хэвтэж байсан. Манай гэрээс нийт 10 кг мах алдагдсан  ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 87-88 дугаар хуудас/,

         Шүүгдэгч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Би хулгайлах гэмт хэргээр хорих 415 дугаар хорих ангид ял эдэлж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуулиар зорчих эрх хязгаарлах ялаар солигдож, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гарсан. Намайг гарах үед миний баруун гарт бугуйвч зүүлгэж өгсөн бөгөөд Сайншанд сумаас гарахгүй байх, гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх, бугуйвчийг хаяж гээгдүүлэхгүй байх үүрэг өгсөн. Надад уг бугуйвч одоо байхгүй. Би тухайн бугуйвчийг гарнаасаа салгаж, үл таних хүнд 10,000 төгрөгөөр 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр цаг гэж хэлээд зарчихсан. Би 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 14-15 цагийн орчим гадуур тэнүүчилж явж байгаад Залуус хорооллын ард байсан цэнхэр өнгийн төмөр хашаатай, сараалжин төмөр хаалгатай айлын хашаа руу ороход ардаа байшинтай монгол гэр байсан. Уг гэр цоожтой байсан бөгөөд тухайн хашаанаас нарийхан хар өнгийн тахир төмөр олсон. Уг төмрөөрөө айлын хаалгыг хөшиж эвдэлж орсон. Тухайн гэрт зурагт, хөргөгч байсан ба өөр зүйлийг тогтож хараагүй. Гэрийн зүүн хойд талд байсан хөлдөөгчийг онгойлгож үзэхэд жижиглэж ууталсан мах байсан. Би уг махыг аваад гялгар уутанд хийгээд гараад явсан. Уг махыг замын машинд 30,000 төгрөгөөр өгсөн ... 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчим танктай овоон дээр байж байгаад Улаан хошууны ард байх Энхбаяр гэх хүнтэй уулзахаар очсон. Гэрт нь хүн байхгүй цоожтой байхаар нь хашаанд нь байсан амартизаторын төмөр олоод уг төмрөөр цоожийг нь цохиж эвдээд орсон. Уг гэрийн зүүн хойно байсан хөлдөөгчийг онгойлгож үзэхэд жижиглээд ууталсан мах байсан. Уг махыг аваад гарсан. Өөр зүйл аваагүй. Би өөрийн өмсөж явсан “Хуртай өргөө” ХХК гэсэн бичигтэй, энгэр нь задгай, саарал өнгийн цамцыг тайлаад үлдээсэн. Уг цамцыг би хаалга онгойлгоход тайлж тавиад гарахдаа мартаад гарсан. Би тухайн айлаас гараад зүүн зах руу явсан. Зүүн захын хойно зам дээр байсан машинд эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан ба тэр хүмүүст 1 кг махыг 5000 төгрөгөөр бодож, 50,000 төгрөгөөр худалдсан ... Би 2018 оны 04 дүгээр сарын сүүл үеэр Сайншанд суманд байсан ба танктай овоон дээр сууж архи уучихаад баруун зүг рүү чиглэж алхаж байгаад хамгийн үзүүрийн хар өнгийн төмөр хашаатай айлд ороход саарал өнгийн байшин байсан. Тухайн айл руу орох гээд хаалгыг нь онгойлгох гэтэл чадаагүй. Тэгээд би том чулуу авч ирээд, цонх руу нь шидэж хагалсан. Аль талынх нь цонхыг хагалж орсноо сайн санахгүй байна. Миний хагалж орсон цонх нь гал тогооны өрөө байх шиг байсан. Уг байшин дотроо хэдэн өрөөтэй байсныг санахгүй байна. Том өрөөнд нь ороход ханын тавилга дээр хавтгай дэлгэцтэй зурагт байсан ба би уг зурагтыг аваад гарсан. Би тухайн зурагтыг даавуунд ороож гараад урагш уруудаад хар зам дээр гарч, машин зогсоогоод, зурагтыг 50,000 төгрөгөөр зарсан. Тухайн хүн, тээврийн хэрэгслийг би одоо санахгүй байна. Саарал өнгийн жижиг машин барьсан эрэгтэй хүн байсан ... Би 2018 оны 09 дүгээр сарын сүүл үеэр Сайншанд суманд байсан ба хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Офицероос баруун тал руу байх байшинтай айлын цонхоор орж, шуудайтай гурил, зурагт авч байсан. Тухайн айл нь шавран байшин байсан санагдаж байна. Мөн хашаанд нь 2 гэр байсан. Уг айлд би өдрийн цагаар орсон бөгөөд тэндээс гараад замд таарсан хүнд гурилыг 10,000 төгрөгөөр өгсөн. Харин зурагтыг баруун зах дээр авч ирээд, бас нэг явган хүнд 30,000 төгрөгөөр өгсөн ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-33, 62-63, 91-92, 107-108, 168-169, 191-192, 2-р хх-ийн 9-10, 33-34 дүгээр хуудас/,

          “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-921/1485 дугаартай “... хонины цул мах 15 кг, нэгжийн үнэ 11,500 төгрөг, нийт 172,500 төгрөг, ямааны цул мах 13 кг, нэгжийн үнэ 11,000 төгрөг, нийт 143,000 төгрөг, нийт 315,500 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээ  /1-р хх-ийн 37-38 дугаар хуудас/,

          “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-921/1508 дугаартай “... хонины цул мах 10 кг, нэгжийн үнэ 11,500 төгрөг, нийт 115,500 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ  /1-р хх-ийн 94-96 дугаар хуудас/,

           “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 821 дугаартай “...Фунай фермийн 32 инчийн лед маркийн зурагт 150,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ  /1-р хх-ийн 171 дүгээр хуудас/,

           “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ6/18-010 дугаартай “... БНХАУ-д үйлдвэрсэн 42 инчийн өнгөт лед зурагт 350,000 төгрөг, Алтан тариа дээд гурил 25 кг, 27,200 төгрөг, нийт 377,500 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ  /2-р хх-ийн 12-13 дугаар хуудас/,                                  

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн  6-13, 65-73, 125-127, 212-215 дугаар хуудас/,

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 193-197, 2-р хх-ийн 37-43 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 44 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 233 тоотод оршин суух О.Алтантуяагийн байнга амьдрах орон байранд буюу гэрт нь нэвтэрч 28 кг махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 315,500 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 1504 тоотод оршин суух Д.Энхбаярын байнга амьдрах орон байранд буюу гэрт нь нэвтэрч, 10 кг махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 115,500 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 15-36 тоотод оршин суух Г.Оюун-Эрдэнийн байшингийн цонхоор нэвтэрч Самсунг маркийн зурагт 1 ширхэг, 25 кг гурил 1 уутыг хулгайлж, 377,500 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 13-02 тоотод оршин суух Г.Баяртуяагийн байнга амьдрах орон байранд буюу гэрт нь нэвтэрч, Фунай фермийн 32 инчийн, Лед зурагтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 150,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300,000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

      Харин хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

“Хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгох ба “орон байр” гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгоно.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг бол хүндрүүлэх шинжид заасан хулгайлах үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ шаардахгүй.

Шүүгдэгч Н.Дийн 2018 онд үйлдсэн гэх 2 удаагийн үйлдэл буюу хохирогч Г.Оюун-Эрдэнэ, Г.Баяртуяа нарын гэрт хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа, түүний тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулахад 2 жил гаран хугацааны өмнө үйлдсэн хэргийн талаар өөрийнх нь өгсөн мэдүүлэг, хулгай хийсэн газрыг өөрөө шууд заасан байдал зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Н.Д нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Алтантуяагаас хохирол 315,500 төгрөг, шинжээчийн зардал 10,000 төгрөг, нийт 325,500 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Энхбаяраас хохирол 115,500 төгрөг, шинжээчийн зардал 10,000 төгрөг, нийт 125,500 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнээс хохирол 377,500 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Баяртуяагаас хохирол 150,000 төгрөг, шинжээчийн зардал 8,000 төгрөг, нийт 158,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Н.Д хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Доос 325,500 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Алтантуяад, 125,500 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Энхбаярт, 377,500 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнэд, 158,000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Баяртуяад олгох нь зүйтэй байна.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 4 удаа үйлдсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид 3 жил хорих ял шийтгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Д нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/197 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, эдлээгүй үлдсэн 2 жил, 3 сар, 15 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна.      

 Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр суллагдсан боловч 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн тул түүний зорчих эрх хязгаарлах ялын элдээгүй үлдсэн ялаас 4 хоногийг хасч тооцох нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Н.Дид Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/197 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 3 сар, 11 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил, 3 сар, 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид оногдуулсан 5 жил, 3 сар, 11 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Н.Дийн цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан саарал өнгийн, ар талдаа “Хуртай өргөө” ХХК гэсэн бичигтэй, зүүн талын энгэр дээрээ Хуртай өргөө барилга, угсралт, үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн бичигтэй, задгай энгэртэй цамц 1 ширхэг, эвдэрсэн цагаан өнгийн цоож 1 ширхэгийг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрэх комисст даалгахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоожээ.

Шүүгдэгч Н.Д нь Өршөөлийн хуульд зааснаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түүний гарт гав зүүж өгснийг эвдэж “цаг” хэмээн хэлж хүнд өгснийг шалгаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Онон овогт Н.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид 3 жил хорих ял шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Н.Дид Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/197 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 3 сар, 11 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил, 3 сар, 11 хоног хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид оногдуулсан 5 жил, 3 сар, 11 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Н.Дийн цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Доос 325,500 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Алтантуяад, 125,500 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Энхбаярт, 377,500 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнэд, 158,000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Баяртуяад олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан саарал өнгийн, ар талдаа “Хуртай өргөө” ХХК гэсэн бичигтэй, зүүн талын энгэр дээрээ Хуртай өргөө барилга, угсралт, үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн бичигтэй, задгай энгэртэй цамц 1 ширхэг, эвдэрсэн цагаан өнгийн цоож 1 ширхэгийг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрэх комисст даалгасугай.

8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэххэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА