Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/63

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч С.Батмөнх-Очир  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б, Ц.Э, С.Б

            Шүүгдэгч Н.Э, Л.Н, Г.Т-О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э, Л.Н, Г.Т-О нарт холбогдох эрүүгийн 2025003930388 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Н.Э,

2. Л.Н,

3. Г.Т-О,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн - тоотод оршин суух иргэн Н.Эын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 42 инчийн Хайер /Hair/ загварын зурагт хулгайлж 420 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. Шүүгдэгч Н.Э Л.Н нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын  тоотод оршин суух Г.Бийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн Самсунг маркийн телевизор, эмэгтэй хүний 3 хос ээмэг, бөгж, зүүлт болон манан хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 1 015 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. Шүүгдэгч Н.Э, Л.Н нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Даниста худалдааны төвийн авто зогсоол дээр байсан Ниссан Экстрайл маркийн  ОРХ улсын дугаартай автомашинаас иргэн П.Эгийн эд зүйлсийг хулгайлж, 887 300 төгрөгийн хохирол учруулсан,

 

4. Шүүгдэгч Л.Н, Г.Т-О нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Ремакс” гар утасны дэлгүүрээс Самсунг Эс 9 плас загварын гар утас 1 ширхэг, Нокиа А5 загварын гар утас хулгайлж иргэн Н.Гад 745 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Э, Л.Н нарыг бүлэглэж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Т-Оыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг ажил хийж төлнө гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т-О мэдүүлэхдээ “гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол 745 000 төгрөгийг төлсөн гэв.

 

Хохирогч Г.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо нэхэмжлэнэ” гэсэн байна.

 

Хохирогч Н.Э “Шүүх хуралд оролцохгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогч Н.Г “Шүүх хуралдаанд оролцохгүй. Г.Т-О миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогч П.Э “Шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирол болох 495 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч С.Мгын “Шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирол болох 105 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн толгодын тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг. /1-р х/х-ийн 9-13-р хуудас/

 

2. Иргэн С.Мөнхтулгаас 42 инчийн Самсунг маркийн зурагтыг хураан авч хохирогч Г.Бт хүлээлгэн өгсөн ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг. /1-р х/х-ийн 16,17-р хуудас/

 

3. Хохирогч Г.Бийн “2020 оны 07 сарын өдөр эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймаг руу амрах гээд явсан юм. Явахдаа Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын тоотод байрлах хувийн эзэмшлийн байшингаа цоожлоод явсан юм. Тэгээд 2020 оны 07 сарын 17-ний өдөр гэртээ ирэхэд манай байшингийн зүүн хойд талын вакум цонх онгорхой байсан. Гэр лүүгээ ороход манай гэрийн том өрөөнд байсан зурагт алга болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 42 инчийн саарал өнгийн хүрээтэй Самсунг маркийн зурагт, усан манан хөөрөг, 3 хос ээмэг бөгж зүүлтийн хослол зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Зурагтаа 2019 онд гэр худалдааны төвөөс 500.000 төгрөгөөр авч байсан, хөөрөг манай өвөө надад бэлэглэсэн жижиг гарын усан манан хөөрөг байсан юм. Ээмэг бөгж манай эхнэр “Баян” худалдааны төвөөс худалдаж авч байсан” гэсэн мэдүүлэг. /1-р /х/х-ийн 19,20-р хуудас/

 

4. Гэрч, иргэний нэхэмжлэгч С.М-гын “2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Л.Н 42 инчийн Самсунг телевизор тэвэрчихсэн надтай уулзсан. Би яасан гэж асуухад би ахынхаа зурагтыг аваад явж байна, ажилдаа явах гэсэн чинь мөнгөний хэрэг болоод байна, ломбардад тавих гэсэн юм боломжтой бол чи дараа мөнгийг нь төлөөд авчхаарай, ажилдаа явчихвал зарагдчихна гэхээр нь Л.Нгийн хамтаар 6-1 дүгээр байрны ломбардад 100000 төгрөгөөр зурагтаа тавьсан. 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Л.Нгийн ломбардад барьцаанд тавьсан 42 инчийн самсунг зурагтыг ломбардаас үндсэн мөнгө 100 000 төгрөг, хүү 5000 төгрөг, нийт 105 000 төгрөгийг төлж авсан. Энэ мөнгөө нэхэмжлэнэ” гэсэн мэдүүлэг./1-р х/х-ийн 23,24, 30-р хуудас/

 

5. Гэрч С.Наранчимэгийн “Н.Э гэх залуугаас 2020 оны 7 дугаар сарын дундуур мөнгөн ээмэг зүүлтийн 20 000 төгрөг, 2.5 литр айргаар сольж авсан. Мөнгөн бөгж бол аваагүй. Өөрийнх эд зүйл гэсэн. Хулгайн эд зүйл биш биз гэхэд үгүй гэж хэлсэн. Тэдгээр эд зүйлс одоо надад байхгүй. Хааяа нэг надад сүү цагаан идээ зардаг эмэгтэйд дурсгаж өгсөн. Гэрийн хаяг, утасны дугаарыг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг. /1-р х/х-ийн 25-р хуудас/

 

6. “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн орх-20/107 дугаартай  “42 инчийн самсунг телевизор, ээмэг бөгж, зүүлтүүд, манан хөөрөг нийт 1 015 000 төгрөг” гэсэн дүгнэлт. /1-р х/х-ийн 33,34-р хуудас/

 

            7. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээ. /1-р х/х-ийн 48-р хуудас/

 

8. Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Х-рийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Ниссан Экстрайл маркийнОРХ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р х/х-ийн 65-67-р хуудас/

9. Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч , цагдаагийн дэслэгч Б.Х 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Даниста худалдааны төвийн хяналтын камерын бичлэг”-т үзлэг хийсэн тэмдэглэл. /1-р х/х-ийн 68-р хуудас/

10. Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Доржтовуу 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ө.О-гээс эд зүйл хураан авсан, эд зүйл үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг. /1-р х/х-ийн 72-74-р хуудас/

11. “Даниста” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан тогтоол. /1-р х/х-ийн 75-р хуудас/

12. Хохирогч П.Эгийн “Би Даниста худалдааны төвд хувиараа хүнсний лангуу ажиллуулдаг юм. Өнөөдөр буюу 2020 оны 08 сарын 13-ний 12 цагийн үед би Даниста худалдааны төвийн гадна зогсоол дээр цагаан өнгийн Ниссан Экстрайл машинтайгаа ирж зогсоод, машиныхаа араас бараагаа буулгах гээд хойноо байж байх хооронд урд жолоочийн хажуу суудал дээр байсан хар өнгийн могойн арьсан цүнх, могойн арьсан түрийвч, түрийвчинд 500.000 гаруй бэлэн мөнгө, банкны 5 ширхэг виза карт, иргэний үнэмлэх, “Монос”-ын хөнгөлөлтийн карт зэрэг эд зүйлс байсан юм. Би машиныхаа хойноос бараагаа гаргаж дуусчхаад Данистагийн хажуу талд зарж байсан жимсний лангуу руу орчхоод иртэл миний машины жолооч талын хаалга онгорхой байсан, тэгээд хартал миний цүнх байхгүй байсан. Тэгээд Даниста худалдааны төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд хөх өнгийн хагас ханцуйтай цамцтай доогуураа хар өнгийн өмдтэй залуу, түүний хажууд дээгүүрээ жинсэн хүрэмтэй, цагаан өнгийн малгайтай туранхай залуугийн хамтаар миний машины урд талын хаалгыг онгойлгоод миний цүнхийг аваад явчихсан байгаа юм. Миний хулгайд алдагдсан цүнхэнд гэрийн түлхүүр, мөнгө, түрийвч гээд хэрэгцээний зүйлс байсан юм. Хулгайд алдсан эд зүйлсээ олж авмаар байна. Би алдсан цүнхээ Улаанбаатар хотоос 10 жилийн өмнө 250 доллароор авч байсан юм. Би тэр залуучуудыг өмнө нь харж байгаагүй, мэдэхгүй, танихгүй. Би цүнхээ 10 гаруй жилийн өмнө Улаанбаатар хотоос 250 доллароор худалдан авч байсан юм. Тухайн үедээ могойн арьсан цүнх ховор байсан, үнэтэй ч байсан харин түрийвчээ 2019 онд үйлчилгээний төвөөс 220.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Мөн алдсан банкны картуудынхаа үнэлгээг мэдэхгүй байна. Галакси Эс-4 гар утсаа Улаанбаатар хотын Теди төвөөс анх гарч байхад нь 750.000 төгрөгөөр авч байсан” мэдүүлэг. /1-р х/х-ийн 77,78-р хуудас/

13. Гэрч Ц.Б-ны “2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эгч П.Э Данистад байрлах өөрийн лангуун дээрээ бараагаа буулгаж байгаад цүнтэй эд зүйлсээ хулгайд алдсан” гэсэн мэдүүлэг. /1-р х/х-ийн 81-р хуудас/

14. Гэрч Ө.О-гийн “2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Согоот багийн 6-2 дугаар байранд байрлах цайны газрынхаа үүднээс хар өнгийн жижиг цүнх олсон. Тэгээд цүнхийг авч ороод хүн ирж асуух байх гээд хүлээсэн чинь ирээгүй. Тэгээд цүнхэн дотор холбоо барих утасны дугаар байж магадгүй гэж бодоод доторх зүйлсийг харахад хар түрийвч, тос, түлхүүр зэрэг эд зүйлүүд байсан. Түрийвч дотор П.Э гэсэн бичиг баримтууд 30 000 төгрөг байсан. Тэгээд би эхнэр Баасангэрэлд хэлж фэйсбүүк хаягаар зар тавьсан” гэсэн мэдүүлэг. /1-р х/х-ийн 82.83-р хуудас/

15. “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн орх-20/109 дугаартай  “хар өнгийн цүнх, түрийвч, гар утас, нийт 349 000 төгрөг” гэсэн дүгнэлт. /1-р х/х-ийн 92-94-р хуудас/

16. “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 09 сарын 03-ны ОРХ-20/144 дугаартай “бичиг баримтууд, төлбөрийн картууд, тос, үзэгний сав, нийт 88 300 төгрөг” гэсэн нэмэлт дүгнэлт. /1-р х/х-ийн 95-98-р хуудас/

17. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №190 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 2 дугаартай гарын мөр Нямсүрэнгийн Н.Э /фд:85111179/-ийн зүүн гарын чигчий хурууны хээний дардастай папилляр шугамын төгсгөл, нийлэлт, эхлэл, салаалалт зэрэг хувийн шинж, тэмдгүүдийн цогц байдлаар тохирч байна” гэсэн дүгнэлт. /1-р /х/х-ийн 103-108-р хуудас/

 

18. Яллагдагч Н.Э, Л.Н, Г.Т-О нарын иргэний бичиг баримтын лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, Шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд, эд хөрөнгийн лавлагаа. /1-р х/х-ийн 119-172, 2-р х/х-ийн 20-50-р хуудас/

 

19. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалын хуулбарууд. /1-р х/х-ийн 200-228-р хуудас/

 

20. Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг үйлчилгээний төвд байрлах “Римакс” дэлгүүрт 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг. /1-р х/х-ийн 245, 246-р хуудас/

 

21. Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг үйлчилгээний төвд байрлах “Римакс” дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгт 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /1-р х/х-ийн 247-р хуудас/

 

22. “Римакс” дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгийг хуулбарлан эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан тухай мөрдөгчийн тогтоол. /1-р х/х-ийн 248-р хуудас/

 

23. Хохирогч Н.Гын “2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр миний эзэмшлийн Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төвийн 1 давхарт ертөнцийн зүгээр хойш харсан Ремакс нэртэй гар утас худалдаалах дэлгүүрт худалдагч О, Э.Г нар ажлаа хийж байсан. Тухайн үед 15 цагийн орчимд Отгончимэг угаалгын өрөө орох гээд гарсан хойгуур нь нөгөө худалдагч Гүнбилэгийг байхад хоёр эрэгтэй хүн орж ирээд гар утас асуусан гэсэн. Тэр хооронд лангуун дотор байсан Нокиа А-5 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг эс-9 плас маркийн гар утас 1 ширхэг нийт 2 утас лангуунаас авсан байсан. Ингээд надад худалдагч О, Г нар мэдэгдээд тэр даруй цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг. /2-р х/х-ийн 1,2-р хуудас/

 

24. Гэрч Г.О-гийн “2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед лангууны ард сууж байгаад харсан чинь “Самсунг эс9” маркийн гар утас болон цагаан өнгийн жижиг “А5- маркын утас алдагдсан байсныг мэдсэн. Тэгээд камерийн бичлэг шүүж үзэхэд масктай хоёр эрэгтэй хүн лангууны араас гар утас аваад гарч байгааг харсан юм” гэсэн мэдүүлэг. /2-р х/х-ийн 3,4-р хуудас/

 

25. Гэрч Э.Г-гийн “2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ремакс гар утасны дэлгүүр дээрээ байж байхад 15 цагийн орчимд нөгөө худалдагч О угаалгын өрөө орохоор явсан юм. Тухайн үед 3-4 үйлчлүүлэгчтэй байсан тэгээд нэг эмэгтэйд худалдан авсан гар утасных нь талаар тайлбарлаж өгөөд байж байсан. Тэгээд удалгүй О орж ирээд бид хоёр юм яриад сууж байсан чинь үүдний баруун гар талд байдаг шилэн лангуун дээр байсан Самсунг эс9- плас маркийн шаргал өнгийн гар утас, цагаан өнгийн нокиа А-5 маркийн гар утас байхгүй байхаар нь гайхаад О өглөө 1 хүнд үзүүлээд буцаагаад тавьсан гэж хэлэхээр нь хяналтын камер шүүж үзтэл хүнд утас тайлбарлаад өгч байх хооронд 2 эрэгтэй орж ирсэн байсан, дээгүүрээ хар өнгийн куртиктэй, доогуураа цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, 40 гаран насны хоёр эрэгтэй орж ирсэн байсан. Арай намхан нь лангууны араар гараа хийгээд авч байгаа харин нөгөө өндөр нь лангуун дээр гараа тавьж хааж байгаа юм шиг хөдөлгөөн хийж байгаа дүрс бичигдсэн байсан. Энэ хоёр хүнийг харвал сайн танихгүй, тухайн үед үйлчлүүлэгч ихтэй байсан болохоор царайг нь анзаараагүй юм. Лангууны араар ямар нэгэн хаалт, цоож байхгүй, лангуу 2 тавцантай, дээд талын тавцан дээр нь алдагдсан гар утаснууд байсан юм” гэсэн мэдүүлэг. /2-р х/х-ийн 5-р хуудас/

 

26. “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 03 сарын 20-ны ОРХ 20/07 дугаартай “самсунг эс 9 гар утас, А5 гар утас нийт 745 000 төгрөг” гэсэн дүгнэлт. /2-р х/х-ийн 13-16-р хуудас/

27. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн толгодын тоотод хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг. /2-р х/х-ийн 101,102-р хуудас/

 

28. Хохирогч Н.Эын “Нямсүрэнгийн Н.Э нь манай төрсөн дүү байгаа юм. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өглөө ажилдаа нөхөртэйгөө явчхаад ирсэн чинь байшингийн баруун талын цонх хагарсан том өрөөнд байсан 42 инчийн улаан хүрэн хүрээтэй хар өнгийн БСО/ЛСД/ зурагт алдагдсан байсан юм. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан байсан учир 12-13 хоногийн дараа цагдаагаас дуудаад хүлээлгэн өгч байсан. Тэр үед Н.Э дэнжид хүнд зарсан байсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. . /2-р х/х-ийн 104, 105-р хуудас/

 

29. “Бан хас” ХХК-ий шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 255 дугаартай “40 инчийн “хайер” зурагт 420 000 төгрөг” гэсэн дүгнэлт. /2-р х/х-ийн 119-120-р хуудас/

            30. Яллагдагч Н.Эийн мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /2-р х/х-ийн 159-160-р хуудас/ болон яллагдагч Н.Э, Л.Н, Г.Т-О нарын үйлдсэн гэмт хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, яллагдагч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол захирамжууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Батмөнх-Очир дүгнэлтдээ “Гэм буруугийн тал дээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй мэтгэлцэж байгаа зүйл байхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул яллах дүгнэлтэд заагдсанаар гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдож байна гэж үзэж шүүгдэгч Н.Э, Л.Н нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, шүүгдэгч Г.Т-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдож байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Н, Г.Т-О нарын иргэн Н.Гад учруулсан 745 000 төгрөгийн хохирол төлөгдсөн, бусад хохирлууд төлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Н, Г.Т-О нарын бусад учруулсан хохирол болох хохирогч Г.Бт учруулсан 695 000 төгрөг, П.Эгийн нэхэмжилж байгаа 495 000 төгрөг, Иргэний нэхэмжлэгч С.Мөнхтулгын нэхэмжилж байгаа 105 000 төгрөгийг тус тус гаргуулах ёстой. Н.Эын телевизор төлөгдөж эзэндээ очсон. Тиймээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын саяны дурдсан хохирлыг шүүгдэгч Л.Н, Г.Т-О төлөх нь зүйтэй. Шүүхээс шүүгдэгч Н.Э, Л.Н, Г.Т-О нарыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг гаргая. Эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Э, Л.Н нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал байна харин хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Т-Оын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл бий мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн мөн хохирлоо нөхөн төлсөн гэх асуудал байна. Хохирол төлсөн асуудал дээр бусдад учруулсан хохирлоо өөрийн санаачилгаар нөхөн төлсөн зүйл байхгүй. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах эрх бүхий албан тушаалтны хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнд хохирогч нарт буцаан олгогдсон тул өөрийн санаачилгаар хохирлыг нөхөн төлсөн гэж үзэхгүй байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Н.Э, Л.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хорих ял оногдуулж эдлэх ялыг нээлтэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Г.Т-Оын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Г.Т-Оын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломж байна. Энэ боломжийг шүүх ашиглаж ял хариуцлага оногдуулахад улсын яллагчийн зүгээс татгалзах зүйл байхгүй. Иргэний нэхэмжлэгч болон хохирлын талаар шүүхийн гаргасан тооцооллыг шүүгдэгч Н.Э, Л.Н нараас гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулах нь зүйтэй. Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Р.Бямбажав дүгнэлтдээ “Гэм буруугийн тал дээр Н.Эийн хувьд мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр мөн шүүхэд илэрхийлж байгаа тул зүйлчлэл, гэм буруугийн тал дээр мэтгэлцэхгүй. Хохирлын хувьд Н.Эын хохирол биет байдлаар төлөгдсөн. Г.Бийн хохирлоос телевизорыг биет байдлаар нь буцааж өгч хохирлын зарим хэсэг төлөгдсөн. Зарим үлдсэн хохирлын өөрт оногдох хэсгийг төлөхөд татгалзах зүйлгүй төлж барагдуулахаа шүүхэд илэрхийлсэн тул өөр гаргах санал байхгүй. Шүүгдэгч Н.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгч татгалзах эрхээ эдлэхгүйгээр мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөн гэмт хэрэг үйлдэж олсон телевизорыг хаана өгсөн талаар мэдээллийг мэдүүлэгтээ дурдсан байдаг. Энэ мэдүүлгийг үндэслэж тухайн этгээдээс хураан авч хохирогч нарт олгосон нь хавтаст хэргийн материалд байдаг. Энэ нөхцөл байдлаас өмгөөлөгчийн зүгээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг олоход тусалсан болох нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Эийн хувьд дээрх нөхцөл байдлыг нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахдаа бусдад учруулсан хохирлын хэмжээг нь харах юм бол өөрт оногдуулсан хэмжээг нь харах юм бол бага хэмжээнээс ялгүй их байгаа тул хор уршгийг харгалзаж үзэх байх мөн бусдад ноцтой хэмжээний хохирол учруулаагүй байна. Хорих ял оногдуулахдаа 2.6 жилээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж, эдлэх ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Нгийн өмгөөлөгч С.Болортуяа дүгнэлтдээ “Өмнө нь илэрхийлсэн байр суурь хэвээрээ байна. шүүгдэгч Л.Н мөрдөн байцаалтын болон шүүх дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийн тухайд Г.Б, П.Э, С.Мөнхтулга нарт учруулсан хохирлын өөрт оногдсон хувиа төлөхөө мөрдөн байцаалтын шатанд болон өнөөдөр мөн шүүхийн хэлэлцүүлэг дээр илэрхийлж байна. Шүүгдэгч Л.Нгийн тухайд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгүүдээ өгч, өөрийгөө илчилж байсан мөн хулгайлагдсан эд зүйлийг зааж өгч байсныг нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүргийг нь харгалзан үзэж ялыг оногдуулж өгнө үү  гэх саналыг гаргаж байна. Хэдийгээр Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал байгаа боловч хөнгөрүүлэх нөхцөлийг нь харгалзан 2.3 жилээс доош хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид ялыг нь эдлүүлж өгнө үү. Шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар 142 хоног цагдан хоригдсон байна. Энэ цагдан хоригдсон хугацааг нь хуульд заасны дагуу эдлэх ялд нь тооцон оруулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Т-Оын өмгөөлөгч Ц.Энхтуяа дүгнэлтдээ “Гэм буруугийн тал дээр маргахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж дээр маргах зүйл байхгүй. Нэгэнт гэм буруутай үйлдлийнхээ улмаас учруулсан хор уршгийг төлж барагдуулсан. Л.Нтай хамтран үйлдсэн тул түүний хохирлыг мөн төлнө миний буруутай үйлдэл байгаа тул өмнөөс нь би хохирлыг төлнө гээд хохирлыг төлсөн. Хохирол төлсөн гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул өмнөх байр суурь хэвээрээ байна. Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой. Улсын яллагчийн оногдуулсан ялын хэмжээ 1 жилээр оногдуулсан. Г.Т-Оын хувьд гэм буруу дээрээ маргахгүй, хохирол төлбөрөө төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа нь хавтаст хэргээс харагдаж байна. гэмт хэргийн хувьд хөнгөн гэмт хэрэгт багтаж байна. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулахдаа 6 сараар хорих ял оногдуулж өгнө үү. Хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Т-Оын хувьд улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан  тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа тул шүүх тэнсэж харгалзахдаа доод хэмжээгээр нь тэнсэн харгалзаж өгнө үү гэх саналтай байна” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дахаар дүнгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Үйл баримтын талаар:

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Г.Б, П.Э, Н.Г, Н.Э нарын мэдүүлэг, гэрч С.М, С.Н, Ц.Б, Ө.О, Г.О, Э.Г нарын мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн орх-20/107 дугаартай дүгнэлт, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн орх-20/109 дугаартай дүгнэлт, 2020 оны 09 сарын 03-ны ОРХ-20/144 дугаартай нэмэлт нэмэлт дүгнэлт. 2020 оны 03 сарын 20-ны ОРХ 20/07 дугаартай дүгнэлт, “Бан хас” ХХК-ний шинжээчийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 255 дугаартай дүгнэлт, С.М-гаас 42 инчийн Самсунг маркийн зурагтыг хураан авч хохирогч Г.Бт хүлээлгэн өгсөн ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг,  барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээ, Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Ниссан Экстрайл маркийн  ОРХ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Даниста худалдааны төвийн хяналтын камерын бичлэг”-т үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ө.О-гээс эд зүйл хураан авсан, эд зүйл үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №190 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг үйлчилгээний төвд байрлах “Римакс” дэлгүүрт хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг үйлчилгээний төвд байрлах “Римакс” дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Н.Э, Л.Н, Г.Т-О нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн тоотод оршин суух иргэн Н.Эын байшингийн цонхоор нэвтрэн орж 42 инчийн Хайер /Hair/ загварын зурагтыг авч 420 000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Э Л.Н нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын тоотод оршин суух Г.Бийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж 42 инчийн Самсунг маркийн телевизор, эмэгтэй хүний 3 хос ээмэг, бөгж, зүүлт болон манан хөөрөг зэрэг эд зүйлийг авч 1 015 000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Э, Л.Н нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Даниста худалдааны төвийн авто зогсоол дээр байсан Ниссан Экстрайл маркийн ОРХ улсын дугаартай автомашинаас иргэн П.Эгийн эд зүйлсийг авч 887 300 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Л.Н, Г.Т-О нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Ремакс” гар утасны дэлгүүрээс Самсунг Эс 9 плас загварын гар утас 1 ширхэг, Нокиа А5 загварын гар утас авч иргэн Н.Гад 745 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

  1. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Эийн ганцаараа болон бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр орон байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Л.Нгийн бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр орон байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Г.Т-Оын бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Э, Л.Н, Г.Т-О нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Н.Э, Л.Н нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Г.Т-О нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Э, Л.Н нарт хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Г.Т-Оод хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Э нь 182 хоног, шүүгдэгч Л.Н нь 146 хоног цагдан хоригдсоныг тус тус эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Бт 1 050 000 төгрөгийн хохирол учирснаас 695 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, хохирогч П.Эд 887 300 төгрөгийн хохирол учирснаас 495 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, хохирогч Н.Гад 745 000 төгрөгийн хохирол учирсан төлөгдсөн, хохирогч Н.Эд 420 000 төгрөгийн хохирол учирсан төлөгдсөн байна. Иргэний нэхэмжлэгч С.Мөнхтулга нь 105 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Эөөс 647 500 төгрөг гаргуулан хохирогч Г.Бт 347 500 төгрөгийг, хохирогч П.Эд 247 500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Мө-ад 52 500 төгрөгийг, шүүгдэгч Л.Нгаас 647 500 төгрөг гаргуулан хохирогч Г.Бт 347 500 төгрөгийг, хохирогч П.Эд 247 500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Мөнхтулгад 52 500 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй.

 

  1. Хэрэгт шийдвэрлэвэл зохих бусад зүйлүүд:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг хураагдаж ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т-О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах ньзүйтэй

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                    

 

                                                     

ТОГТООХ нь:

 

1. шүүгдэгч Л.Нгийн Н.Э, Л.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Т-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Нг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-Оод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх алдбадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, шүүгдэгч Л.Нд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийн цагдан хоригдсон 182 хоног, шүүгдэгч Л.Нгийн цагдан хоригдсон 146 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э, Л.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Т-Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-О нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногуулахыг анхааруулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эөөс 647 500 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын тоотод оршин суух Г.Бт 347 500 төгрөгийг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг тоотод оршин суух П.Эд 247 500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг тоотод оршин суух С.М-гад 52 500 төгрөгийг, шүүгдэгч Л.Нгаас 647 500 төгрөг гаргуулан хохирогч Г.Бт 347 500 төгрөгийг, хохирогч П.Эд 247 500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.М-гад 52 500 төгрөгийг тус тус олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т-О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС