| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0069/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/73 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/73
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д
Шүүгдэгч Б.Т-О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-От холбогдох эрүүгийн 2125000120078 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.Т-О,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Т-О нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сумын Даваат баг Манханы тоотод Д.Яын биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-Оын мэдүүлэхдээ “2020 оны 12 дугаар сарын 04-ны орой эхнэр бид хоёрын хооронд маргаан үүссэн. Юунаас болж хэрүүл маргаан үүссэн гэхээр миний гар утсанд ирсэн мессеж болон фейсбүүк зургаас мөн би ажил руугаа явна гэхэд явуулахгүй эндээ ажил хий гэж хэрүүл маргаан үүссэн. Уг маргаан нь даамжраад манай эхнэр над руу хутга барьж дайрсан. Хутгыг нь авах гэж байгаад санамсаргүй цохиод шүдийг нь хөдөлгөсөн юм шиг байсан. Түүнийгээ би санахгүй байгаа. Маргааш нь 12 дугаар сарын 05-ны өдөр PSR шинжилгээ өгөх гээд гэрээс гарах гэж байхад гаргахгүй гэж надтай зууралдаад хувцас урчих гээд мөн машины шил хагалчих гээд байсан. Бид хоёрыг гадаа маргаж байхад манай хадам ээж ирсэн. Хадам ээжид ажил руугаа явах гэж байхад ийм үйлдэл гаргаад байна гэж хэлсэн. Шинжилгээгээ өгөөд гэртээ ирэхэд орой 6 цагийн үед цагдаагийн газраас дуудлага ирж таны нэрээр гомдол ирсэн байна ирж мэдүүлэг өг гэж дуудахаар нь очиж мэдүүлэг өгсөн. Тухайн өдөр архи дарс уугаагүй эрүүл байсан. Эхнэрийнхээ биед хөнгөн хохирол учруулсандаа гэмшиж байна. Одоо эхнэртэйгээ ярилцаад эвлэрчихсэн цаашдаа ийм үйлдэл дахиж гаргахгүй. Буруугаа хүлээж байна” гэв.
Хохирогч Д.Я “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.Яын “2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр гэрт байж байгаад гаднаас түлээ авч ирэх гээд гарсан хойгуур нь утсыг нь аваад хартал манай нөхөр ажлын газрын Нямгэрэл гэдэг хүүхэн рүүгээ “хоолоо идсэн үү хайраа” гэхэд тэр хүүхэн нь “гэр нь дулаахан байна уу” хайраа гэж бичсэн байсан, үүнээс нь болоод бас л хэрүүл үүссэн. Тэгээд миний ам руу гараараа цохиход доод талын үүдэн хэсгийн 3 шүднүүд хөдөлчихсөн, амнаас цус гарсан байсан. Би зургийг нь дараад авчихсан байгаа. Би эмэгтэй хүн, нөхөртөө зодуулснаас болж өөрийн гоо сайхнаа алдсан, гурвын гурван шүдээ авахуулсан, юм ч ярьж чадахгүй байна. Би нэг шүдээ 145 000 төгрөгөөр хийлгүүлсэн юм. Би Б.Т-От гомдолтой байна. Нөхөр маань миний үүдэн доод гурван шүдийг цохиод хөдөлгөчхөөд надад хохирол мөнгө төлсөн зүйл байхгүй байна. Би салдаг хиймэл шүд хийлгэсэн, салдаггүй суулгадаг шүд хийлгэмээр байна. Мөн өмнө нь миний хамар луу бөгжтэй гараараа цохиод гэмтээж байсан. Би энэ асуудал дээр ч гэсэн гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-17-р хуудас/
2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 сарын 08-ны өдрийн 855 дугаартай “...Д.Яын биед хуйх, хүзүү, их бие, дээд доод мөчдөд зөөлөн эдэд 35 тооны цус хуралт, гурван шүдний ганхалт, зүүн гар, хүзүүнд 8 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралт нь нийлээд болон гурван шүдний ганхалт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 35-36-р хуудас/
3. Гэрч Л.М-гийн “2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д.Я намайг гэрт хүрээд ир Б.Т-О намайг зодоод байна гэхээр нь гэрээсээ гараад яваад очтол манай охин нөхөртэйгөө гэрийнхээ гадаа хашаан дотроо хэрэлдээд муудалцаад зогсож байсан. Түүний дараа Д.Яын амнаас цус гарчихсан байдалтай байсан. Шүд хөдөлгөчихлөө гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Хэргийн тухайд Б.Т-О нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 5-40 тоотод өөрийн гэртээ эхнэр Д.Ятой хувийн таарамжгүй харилцаанаас болж биед нь халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуулийн дагуу цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Яын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчоос гаргаж өгсөн фото зураг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Тиймээс шүүгдэгч Б.Т-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч хэдий мөрдөн байцаалтын шатанд хохирол гомдолтой гэсэн боловч шүүхэд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх саналыг ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Б.Т-От Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгуулах саналтай байна. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн рентген зургийг түүн буцаан олгох саналыг гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн дүгнэлтдээ “Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Миний үйлчлүүлэгч Б.Т-О өөрийн гэм буруугаа хүлээж байгаа. Гэр бүлийн хамаарал бүхий Д.Яын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулж 3 шүдийг цохиж хөдөлгөсний түүний улмаас шүдээ авхуулсан. Оронд нь өөр шүд хийлгүүлэх тал дээр маргах зүйл байхгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь гэр бүлийн хоорондох маргаан бөгөөд тодорхой хугацаанд гэрээсээ явж ажил хийдэг. Энэ хугацаанд хохирогч эхнэр нь нэг биш удаа архи уудаг, хоорондоо таарамжгүй байдаг. Хэн хэнийгээ ойлгодоггүй, хэн хэндээ туньдаг, гомддог зүйл байсныг үгүйсгэхгүй. Уг гарсан хэрэг 2020 оны 12 сарын үйл явдал 01 дүгээр сараас эхлэн шалгуулсан. Миний үйлчлүүлэгч энэ хугацаанд ажилдаа явахгүй, гэртээ байж энэ асуудлыг шалгуулсан. Эдийн засгийн хувьд хүнд байдал байгааг хэн аль нь ойлгож байна. Цаашдаа ямар нэгэн байдлаар амьдралаа босгоё, амьдралын төлөө зүтгье гэх байр суурьт хүрсэнд нь өмгөөлөгчийн хувьд талархаж байгаа. Гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Эхнэр болох Д.Яын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм бурууд ял хариуцлага оногдуулахдаа улсын яллагч 1000 нэгж буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялыг санал болгож байгаа юм байна. Хэдийгээр энэ айлыг тэргүүлж яваа тодорхой хэмжээний орлого олж байгаа боловч 1000 нэгжээр торгох нь гэр бүлд нь ачаа дарамт болж байгаа. Энэхүү торгуулийн ял нь 450 нэгжээс эхэлж байгаа тул шүүх 1000 нэгжээр торгох ялыг багасгаж оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Яын “2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр гэрт байж байгаад гаднаас түлээ авч ирэх гээд гарсан хойгуур нь утсыг нь аваад хартал манай нөхөр ажлын газрын Нямгэрэл гэдэг хүүхэн рүүгээ “хоолоо идсэн үү хайраа” гэхэд тэр хүүхэн нь “гэр нь дулаахан байна уу” хайраа гэж бичсэн байсан, үүнээс нь болоод бас л хэрүүл үүссэн, тэгээд миний ам руу гараараа цохиход доод талын үүдэн хэсгийн 3 шүднүүд хөдөлчихсөн, амнаас цус гарсан байсан. Би зургийг нь дараад авчихсан байгаа. Би эмэгтэй хүн, нөхөртөө зодуулснаас болж өөрийн гоо сайхнаа алдсан, гурвын гурван шүдээ авахуулсан, юм ч ярьж чадахгүй байна. Би нэг шүдээ 145 000 төгрөгөөр хийлгүүлсэн юм. Би Б.Т-От гомдолтой байна. Нөхөр маань миний үүдэн доод гурван шүдийг цохиод хөдөлгөчхөөд надад хохирол мөнгө төлсөн зүйл байхгүй байна. Би салдаг хиймэл шүд хийлгэсэн, салдаггүй суулгадаг шүд хийлгэмээр байна, мөн өмнө нь миний хамар луу бөгжтэй гараараа цохиод гэмтээж байсан, би энэ асуудал дээр ч гэсэн гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 сарын 08-ны өдрийн 855 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Л.Марусягийн “2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д.Я намайг гэрт хүрээд ир Б.Т-О намайг зодоод байна гэхээр нь гэрээсээ гараад яваад очтол манай охин нөхөртэйгөө гэрийнхээ гадаа хашаан дотроо хэрэлдээд муудалцаад зогсож байсан. Түүний дараа Д.Яын амнаас цус гарчихсан байдалтай байсан. Шүд хөдөлгөчихлөө гээд байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Т-О нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы тоотод эхнэр Д.Ятой маргалдан нүүрэн тус газар нь цохиж 3 шүдийг нь гэмтээсэн хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Б.Т-Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-Оыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Яын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нүүрний рентген зургийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Т-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-От оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нүүрний рентген зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС