| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0070/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/74 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/74
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч С.Б-О
Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Хт холбогдох эрүүгийн 2125000000043 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Н.Х,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н.Х нь 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн гар утаснаасаа “Аз Ёндоо” гэх нэртэй фейсбүүк хаяг нээж Техас покер гэх тоглоом тоглуулж 350000 төгрөгийн ашиг олсон буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Хыг мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх
боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Гэрч Т.М-лын “Би Н.Хын эхнэр байгаа юм. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай албан ёсны эхнэр нөхөр юм. Бид 2011 оноос эхлэн хамт амьдарч байгаа 4-н хүүхэдтэй. Би мэднэ Хаан банкны 50 дугаартай данс миний данс байгаа юм. Манай нөхөр Н.Х нь “Аз ёндоо” гэдэг нэртэй фэйсбүүкийг ашиглаж покер гэдэг хөзрийн тоглоомыг тоглуулаад өөриин дансаар мөнгө оруулаад орлого зарлага хийж гаргах гэхээр утасны “Мобайл банк” байхгүй байсан юм. Тэгээд би өөрийнхөө дансыг ашиглуулсан юм. Би шан харамж авдаггүй байсан, олсон мөнгөө гэр бүлийн хэрэгцээнд зарцуулдаг байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/
2. Н.Хын ашиглаж байгаа гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8-р хуудас/
3. “Хаан” банкны 5 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-40-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б-О дүгнэлтдээ: “Н.Х нь 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн гар утаснаасаа фейсбүүкт Аз Ёондоо гэх пэйж хуудас нээж түүгээрээ TEXAS POKER тоглуулж 46 000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Н.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх ёстой. Шүүгдэгчид ял хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд ял хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй харин хөнгөрүүлэх нөхцөл байдал гэх юм бол анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хуульд заасан торгуулийн арга хэмжээний хамгийн бага нэгжээр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Харин хууль бусаар олсон 46 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хураан авах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Хт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрч Т.Мөнхзулын “Би Н.Хын эхнэр байгаа юм. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай албан ёсны эхнэр нөхөр юм. Бид 2011 оноос эхлэн хамт амьдарч байгаа 4-н хүүхэдтэй. Би мэднэ Хаан банкны 5 дугаартай данс миний данс байгаа юм. Манай нөхөр Н.Х нь “Аз ёндоо” гэдэг нэртэй фэйсбүүкийг ашиглаж покер гэдэг хөзрийн тоглоомыг тоглуулаад өөриин дансаар мөнгө оруулаад орлого зарлага хийж гаргах гэхээр утасны “Мобайл банк” байхгүй байсан юм. Тэгээд би өөрийнхөө дансыг ашиглуулсан юм. Би шан харамж авдаггүй байсан, олсон мөнгөө гэр бүлийн хэрэгцээнд зарцуулдаг байсан юм” гэсэн мэдүүлэг, Н.Хын ашиглаж байгаа гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 5090673155 дугаартай “Хаан банкны” дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Х нь 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн гар утаснаасаа “Аз Ёндоо” гэх нэртэй фейсбүүк хаяг нээж Техас покер гэх тоглоом тоглуулж 350000 төгрөгийн ашиг олсон буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Н.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Хыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Н.Х нь мөрийтэй тоглоом зохион байгуулж 46 000 төгрөгийн ашиг олсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хаас 46 000 төгрөг гаргуулан улсын орлого болгож, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС