| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2021/0063/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/67 |
| Огноо | 2021-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/67
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Насанд хүрээгүй хохирогч: ********,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ********,
Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч ******** овогт ********ын ********ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000000079 дугаартай, 146/2021/0063/Э индекстэй хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, ах, эгч нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-овоо баг, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овогт ********ын ******** /РД:********/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Сайрын гүүр дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хохирогч ********ын толгой хэсэгт чулуугаар шидэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч ********ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би тухайн үед сайрын гүүр лүү такси бариад очсон. Би биеэ хамгаалах гэж байгаад ******** луу чулуу шидсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Манай хүүхэд ********ид чулуугаар цохиулаад ухаангүй эмнэлэгт очсон. Өвөрхангай аймаг явж яаралтай эмчилгээ хийлгэсэн. Мөн аймаг орж томографикт харуулахад толгой нь хагаралтай гарч ирсэн. Шинжээч эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгосон. Гомдол санал байхгүй. Цаашид гарах эмчилгээ хийлгэвэл зардлаа тухай бүр нь гаргуулна... гэв.
Насанд хүрээгүй хохирогч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны орой ******** над руу залгаад Сайрын гүүрэн дээр хүрээд ирээч гэсэн тэгээд ********гийн гэрээр орж ********г аваад бид хоёр гүүр лүү явсан. Тэгээд ********, ********, ********, ******** нарыг мотоциклтой гурван хүн элдэж хөөсөн гэсэн тэгээд хашаан дотор нуугдаж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгтэл сайрын гүүрэн дээр нэг хүн сууж байсан тэгэхэд ******** тэр элдсэн хүн чинь мөн юм бишүү очоод зодчих уу гэж хэлсэн ********, ********, ******** нар тэгье гээд гүүр лүү явсан. Тэр хэд гүүрэн дээр очоод тухайн хүнийг ******** шууд цохиод жийсэн тэр үед ********, ********, ******** нар араас орж зодсон. Тухайн ах хөл алдаад газар унах үедээ намайг түлхэж унагаагаад газраас чулуу аваад над руу шидсэн. Тэгээд зодуулж байсан ах больцгооё гэж хэлээд гар утсаар яриад байх шиг байхаар нь бид нар зугтацгаасан. ********гийн хашаанд байх чиргүүл доор юм ярьж сууж байгаад 23 цагийн орчим ********ын хашааг давах гэж байгаад би ухаан алдаж унасан гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчим өөрийн ах болох ********д гар утасны цэнэглэгч өгөөд манай гэрийн урд байдаг өөрийн найз болох ********ынд очиж хононо гээд явсан. Тухайн үед би ********ын гэрт ороод байж байтал ******** над руу залгаад хэдэн согтуу хүмүүс хөөгөөд байна гэхээр нь итгэхгүй байж байтал дахиад залгахаар нь гараад очсон. Намайг очиход ********, ********, ********, ******** нар байсан. Бид хэд буцаад ********, ********, ********, ******** нарын байсан гүүрэн дээр очтол нэг залуу утсаа оролдоод сууж байсан тэгээд бид нараас тамхи асуусан бид нарт байхгүй гэж хэлтэл миний зүүн мөр лүү цохих гээд оноогүй тэгээд арагшаа хараад зогсож байхаар нь би араас баруун хөлөөрөө нуруу руу нь жийсэн, тэгээд баруун гараараа шанаа руу нь цохисон гүүрнээс зүүн тал руу болоод манай найз ********, ******** нар нуруу руу нь гараараа цохихоор нь би сугадаад автал дээгүүрээ өмссөн савхи нь тайлагдаад зугтсан. Тухайн үед өөдөөс нь ******** ирж таарсан тэр үед зугтаж байсан хүн газраас чулуу аваад шидсэн бас нэг удаа гараараа цохисон чулуу нь оносон оноогүйг мэдэхгүй байна. Түүний дараа тухайн хүн бид нарт хандаад ахын дүү нар одоо больё гээд утсаа оролдохоор нь найзуудыгаа дуудах гэж байгаа байх гэж бодоод шууд зугтаасан. Бид хашааны хойгуур тойрч зугтаагаад манай гэрийн хашаагаар дамжаад ********ын гэр рүү нь орох гэж байтал ******** гэнэт ухаан алдаад унасан тэгэхээр нь ********ын гэр рүү нь оруулаад түргэн дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед ********, ********, ******** бид хэд уулзаад ********гийн гэрийн гадаа очиж дуудаад хорихын ойролцоо байх турникэн дээр очсон тэндээ байж байгаад ********гийн гэрт буцаж очоод гар бөмбөг тоглож байтал бөмбөг нь хагарсан. Тэгээд юм ярьж сууж байтал гадаа салхи гарсан тэгээд манай гэр рүү бөөнөөрөө орсон. Манай гэрт гар утсаар тоглож байгаад ********, ******** нар н.Сугарсүрэн ахынд цэнэглэгч хүргэж өгнө гээд гарсан. Тэгэхээр нь ********, ********, ******** бид дөрөв манай гэрийн урд байдаг гүүрэн дээр очиж сууж байсан. Тэр үед нэг хоёр ах ирсэн тэгэхээр зам тавьж өгсөн тэгээд цаана нь гарж шээчхээд буцаж ирээд дүү нар түр холдож бай гэсэн тэгэхээр нь бид холдоод байж байтал ард гэнэт мотоцикл дуугараад унасан тэгээд хөөе гээд орилохоор нь зугтаасан. Сайрын хойгуур гараад ******** рүү залгаад бид нарыг хүмүүс хөөгөөд байна гэж хэлсэн. Тэгээд ******** бид хэд буцаад гүүрэн дээр очтол нэг савхитай ах сууж байсан тэр үед ******** бид нарыг хөөгөөд байсан ах мөн үү гэхэд нь би мөн байна гэж хэлсэн. Тэгээд ******** очоод араас шууд хөлөөрөө жийсэн тэгэхээр нь би араас нь баруун гараараа мөр хэсэг рүү нь зохисон тэгтэл араас ******** орж ирээд цээж рүү нь өшиглөсөн. ******** хүзүүгээр нь ороож байсан тэр үед газар унасан тэгээд чулуу авах шиг болсон тэгээд зугтсан тэр үед замд нь ******** таараад цохиулсан. Тэгээд тэр үед ******** чулуу шидчихлээ гээд суугаад байсан. Тэгээд хойгуур тойроод ********гийн хашаанд юм ярьж сууж байгаад манай гэр рүү явж байтал Б:Мөнхбаяр гэнэт унаад өгсөн би очоод хартал татаад байсан тэгээд бид хэд манай гэр рүү өргөж оруулаад эмнэлэг дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “...********ын биед духны өмнөд ханын хугарал /духны гадна ялтас/ духанд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй, хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 323 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******** овогт ********ын ******** нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Сайрын гүүр дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хохирогч ********ын толгой хэсэгт чулуугаар шидэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч ********ын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч ********, ******** нарын мэдүүлэг, 323 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд хууль ёсны төлөөлөгч ******** нь хохиролд 700000 төгрөг шүүгдэгчээс гаргуулан авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, цаашид эмчилгээ хийлгэх бол зардлаа тухай бүр нь нэхэмжилнэ гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчид эмчилгээ хийлгэхэд гарсан зардлын баримт гаргаж өгөөгүй болно.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** нь ********оос хохиролд 1700000 төгрөг гаргуулж авах ба цаашид эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзахгүй гэж бичгээр хүсэлт гаргажээ /хх-ийн 72 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулж шийтгэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ********ын ********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овогт ********ын ********ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******** торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА