Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 38

 

Хэргийн индекс:159/2019/0026/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би нэхэмжлэгч М.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай тогтоолд тусгагдсан Газар Агро ХХК-тай холбоотой 50 га газрыг шинээр эзэмшүүлэх заалт, Шимт Бүрэн ХХК-д олгосон 45.54 га газрыг шинээр эзэмшүүлэх заалт, Халиун-Уул ХХК-д үтрэмийн зориулалтаар олгосон 5 га газрыг шинээр эзэмшүүлэх хууль зөрчсөн заалтуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хуралдсан ээлжит хурлаар хэлэлцэх асуудлын дараалалд Сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл-ийг хэлэлцэхээр баталж уг асуудлыг хэлэлцэн Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл, 25.1 заалтын дагуу хурлаас гарах тогтоолын төслийг баталсан билээ.

Гэтэл хуралдаанаар гаргасан шийдвэрийг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга баталгаажуулахдаа төлөөлөгчдийн олонхийн санал авч дэмжигдээгүй томъёоллыг хурлын тогтоолд дур мэдэн редакцын засвар хийж баталгаажуулсан байгааг доорх тайлбараар хүргүүлье. Үүнд:

Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцэх явцад сумын Засаг дарга Х.Бадрал Зүүнбүрэн суманд газар тариалан, махны чиглэлийн үхрийн фермийн аж ахуй эрхэлж буй Газар-Агро ХХК-с ирүүлсэн хүсэлт гэдгээр Тангын тохойн хэмээх газарт бэлчээр нийтийн эдэлбэр тайлбайгаас 30 га газрыг тариалангийн талбайн зориулалтаар шинээр эзэмшүүлэх асуудлыг төсөлд тусгалгүй шууд хуралд хэлэлцүүлэх санал гаргасаныг хурлын төлөөлөгчид доорх үндсэн шалтгаанаар буцаасан байдаг. Үүнд:

1.Атар газрыг тариалангийн эргэлтийн талбай болгох асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр бус Монгол улсын Тариалангийн тухай хуулийн хүрээнд Засгийн газрын шийдвэрийн дагуу гүйцэтгэх асуудал,

2. Сүүлийн жилүүдэд сумын хэмжээнд малын тоо өсөж бэлчээрийн даац хүрэлцэхгүй байгаа учир атар газрыг шинээр тариалангийн талбай болгох боломжгүй,

3. Засаг дарга Х.Бадрал уг асуудлыг хэлэлцүүлэхдээ холбогдох хууль, журмын хүрээнд багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээгүй, төлөвлөгөөний төсөлд суулгалгүй хуралд шууд өөрөө төлөөлөн оруулсан,

Мөн Халиун-Уул ХХК-с ирүүлсэн Цагаан чулуут хэмээх бэлчээр нийтийн эдэлбэр газарт хөдөө аж ахуйн дэвсгэр 5 га газар эзэмших саналыг төлөөлөгчид олонхоороо дэмжээгүй бөгөөд шаардлагатай бол 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд тусгаж оруулж ирэх үүрэг өгөн буцаасан байдаг.

Дээрх 2 асуудлыг төлөөлөгчдийн олонх дэмжээгүй буцаасан байтал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Буяннэмэх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 тоот тогтоолыг батлахдаа төлөөлөгчдийн бүрэн эрхэд дур мэдэн халдаж батлагдаагүй асуудлыг тогтоолоор баталгаажуулсан байна.

Энэ нь : 2018 оны 11 дүгээр сарын 19-ний 09 тоот тогтоолын хавсралт хэсгийн 3 дахь хэсэг Үтрэм аж ахуйн зориулалтаар эзэмшихийг хүсэж байгаа газрын байршил, хэмжээ, зориулалт гэсэнд

2. Цагаанчулуутын үтрэм 5 га газрыг байршлыг солих

З.Газар-Агро ХХК-д Гангын тохойд 50 га газрыг эзэмшүүлэх гэж оруулсан байна.

Энэ асуудлаар сумын иргэдийн Хурлын төлөөлөгч Б.Батчулуун төлөөлөгчийнхөө бүрэн эрхийн хүрээнд хууль зөрчиж тогтоол баталгаажуулсан талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад албан ёсоор 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоотоор асуулга тавьсан байна.

Төлөөлөгч Б.Батчулууны албан ёсны асуулгад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Ажпын албанаас хариу өгөөгүй бөгөөд асуулга тавьсны дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 тоот тогтоолыг дахин засварлаж шинээр баталгаажуулсан байна.

Шинээр засварлаж баталгаажуулсан тогтоолын хавсралт хэсгийн 5 дахь хэсэгт 2. Шимт Бүрэн ХХК-с ирүүлсэн хүсэлтийг үзэхэд Уг газрууд нь иргэдийн хүнсний ногооны газар болон Арвин-Хур ХХК газруудтай давхцаж өдийг хүртэл ашиглах боломжгүйд хүрсэн. Энэхүү маргаанаа эцэслэн таслахын тулд хөрсний элэгдэлд орсон байсан Гангын тохой-д байрлах Шимт-Бүрэн ХХК-ны үр тарианы зориулалттай газрын орчимд 45.54 га газрыг нөхөн олгож өгөх асуудлыг Засаг дарга судалж шинжлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн засвар хийсэн бөгөөд Халиун-Уул ХХК-тай холбоотой Цагаан чулуутын үтрэм 5 га газрыг байршилыг нь солих гэдэг заалтыг хасаж баталгаажуулсан байна.

Энэ нь: 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 тоот, нэг дугаартай тогтоолын хавсралт хэсэгт хоёр өөр заалт оруулж иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн батлаагүй Газар-Агро ХХК -ны 50 га газар.дээр нь хоёр дахь удаагаа шинэчилж найруулсан тогтоолын хавсралт хэсэгт тусгасан Шимт Бүрэн ХХК-д 45,54 га талбайг эзэмшүүлэхээр баталгаажуулсан байгаа нь төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэгдээгүй, хэлэлцээд буцаасан нийт 95,54 га атар газрыг тариалангийн талбай болгон Газар-Агро ХХК, Шимт Бүрэн ХХК-д эзэмшүүлэх хууль бус шийдвэрийг баталгаажуулсан байна.

Дээрх үйлдэл нь :

1.Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22.1.2 заалт,мөн хуулийн 25.1 заалтыг ноцтой зөрчсөн,

2. Монгол Улсын Газрын тухай хуулийн 25.4 заалт, Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор баталсан Газар зохион байгуулалт хийх журам-н 6.5,10 дах заалт, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 30-ы өдрийн 131 тоот тушаалаар батлагдсан журмын харилцаануудыг зөрчсөн,

3.Засаг даргаас Монгол Улсын Газрын тухай хуулийн 20.2.3 заалтыг зөрчин оруулсан асуудлыг төлөөлөгчид батлаагүй байхад тогтоолын төсөлд редакцын засвар хийж баталгаажуулсан, мөн хуулийн 54.4 заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Буяннэмэхийн хууль хэрэгжүүлэхгүй, дур мэдэн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас гаргасан шийдвэрийг засварладаг, төлөөлөгчдийн олонхоор шийдсэн асуудлыг би энэ хуулийг мэдэхгүй. намын бүлэгт урьдчилан танилцагдаагүй асуудал мэтчилэн хуулийг гажуудуулж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг зохион байгуулах чадамжгүй байгаа талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан Нам-ын бүлгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Дүгнэлт хүргүүлэх тухай албан тоот, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот 2017 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан Нам-ын бүлгээс гаргасан дүгнэлт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот Хууль хэрэгжүүлэх тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан Нам-ын мэдэгдэл зэргийг албан ёсоор хүргүүлсэн боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Буяннэмэх албан ёсоор хариу өгөхөөс цаараглаж өдийг хүргэсэн байна.

Дээрх албан ёсны асуулга, дүгнэлт, мэдэгдлийн хариу өгөхгүй байгаа талаар иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Гэрэлтуяа, М.Сүхбаатар бид иргэдийн Хурлын дарга Г.Буяннэмэхтэй биечлэн уулзсан боловч албан ёсны хариуг өгөлгүй удаасны эцэст 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хууль зөрчсөн тогтоолын хувийг ирүүлсэн болно. Иймд хууль зөрчиж баталсан 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай тогтоолын 2 өөр заалтыг хүчингүй болгуулах талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын хүрээнд нэхэмжпэл гаргасныг хүндэтгэн үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье.

Монгол Улсын Засаг захиргаа.нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8.2 Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй түүнд тайлганадаг гүйцэтгэх байгууллагатай тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг.нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие дааж шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн 12 дугаар зүйл Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх 12.1.7 Хууль тогтоомж хурлын шийдвэрийн биелэлтийг хангах.иргэдийн эрх,хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах,нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг дарга.түүний орлогч дарга, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэрэгдэх газар, хэлтэс, албадын дарга, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга тавьж хариуг авах заалтын хүрээнд М.Сүхбаатар миний бие 2016 оны орон нутгийн сонгуулиар Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчийг сонгох сонгуулийн Бэлчир багийн 2 дугаар тойргоос сонгогдон, төлөөлөгчийн бүрэн эрхээ батлуулан улмаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр томилогдон ажиллаж байна. Уг хууль зөрчиж баталгаажуулсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай тогтоолын хоёр өөр заалтаар Газар-Агро ХХК, Шимт-Бүрэн ХХК-д нийт 95,54 га атар газрыг эзэмшүүлэх, Халиун- Уул ХХК-д нийтийн эдэлбэр талбайд хөдөө аж ахуй, үтрэмийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр нь сумын иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул иргэдийн Төлөөлөгчийн хувьд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах хуулийн бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргаж байгааг хүндэтгэн үзэхийг хүсэж байна...гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд тус хурлын тэргүүлэгч Михайн Сүхбаатар танай шүүхэд Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Буяннэмэх надад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад

Уг нэхэмжлэлийн гол утга нь Г.Буяннэмэх намайг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд Монгол улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар олгосон эрхийг хэтрүүлж Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит бус хуралдааны тогтоол гаргахдаа төлөөлөгчдийн хэлэлцэн тогтоож баталсан тогтоолын зарим заалтад засвар оруулж баталгаажуулан гарын үсэг зурсан байгаа тул уг тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Энэ нэхэмжлэлд дурдсан хурлаар хэлэлцэж төлөөлөгчдийн олонхийн саналаар батлаагүй зарим заалт гэдэгт

1.Халиун уул ХХКомпаниас Цагаан Чулуут дахь үтрэмийн; зориулалттай 5 га газрыг эзэмших хүсэлтийг хэлэлцээд олонхийн саналаар төлөвлөгөөнд тусгах боломжгүй гэж шийдсэн тоггоолыг ёсчлохдоо уг тогтоолын үтрэмийн аж ахуйн зориулалтаар эзэмшихийг хүсэж байгаа газрын байршил зориулалт гэсэн бүлэгт 5 га газрын байршлыг солих

2.Сумын засаг дарга Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг иргэдийн хуралд өргөн барьж хэлэлцүүлэх явцдаа Зүүнбүрэн сумын газар тариалан, махны чиглэлийн үхрийн фермийн аж ахуй эрхэлж буй Шимт бүрэн ХХК-иас ирүүлсэн хүсэлт гэж Тангын тохой хэмээх тариалангийн талбайн зурвас хоорондын 30 га атар газар шинээр эзэмшүүлэх асуудлыг ямар ч бэлтгэл үгүй, тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар ч хэлэлцүүлээгүй оруулж ирснийг хурлын төлөөлөгчид 'Зөвшөөрөөгүй байхад иргэдийн хурлын дарга 50 га газар олгохоор засварласан байна гэж байгаа юм.

Энэ хоёрын асуудлын талаар тайлбарлахад:

1.Энэ хоёр асуудал хурлаар хэлэлцэгдсэн нь үнэн бөгөөд аль алиныг нь хурлын төлөөлөгчид санал гаргахдаа Халиун уул ХХК-ийн 5 га үтрэмийн газрын асуудлыг дахин судалж дараагийн хуралд оруулах, Газар агро ХХК-д эзэмшүүлэх газрыг Засаг дарга дахин судалж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм.

Гэтэл Буяннэмэх миний бие уг хурлын тогтоолыг гарын үсэг зурж баталгаажуулахдаа хурлын тэмдэглэл тоггоолын заалт хавсралт, нэг бүрийг хянан магдалж нягтлан шалгалгүй гарын үсэг зурснаа хожим мэдсэн юм.

2. Энэ тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Батчулуунд 2019 оны 3-р сарын 12-нд ийм алдаа байна гэж албан бичгээр ирүүлэхэд нь эргэн нягталбаас үнэхээр процессын алдаа гаргасан байсан.

Тийм учраас би хурлын ажилтандаа энэ алдааг даруй засах, тэгэхдээ нэгэнт хурлаар хэлэлцсэн асуудал, түүнд болон хуульд нийцүүлэн тогтоолоо шинэчлэн гаргах, өмнө гаргасан тогтоолоо хүчингүй болгох үүрэг өгсөн.

Тэгээд уг тогтоолоо шинэчилсэн. Одоо манай архивт байгаа сумын иргэдийн хурлын 2018 оны хөмрөг 10, данс номер 1, байнгын хадгаламжийн нэгж 92 тоот, 1-34, 56-60, 35-40 дүгээр хуудаснуудад байаа билээ.

Уг тогтоол одоо хүртэл хэрэгжээгүй байгаа бөгөөд өөрөөр хэлбэл энэхүү тогтоолоос болж аль нэгний эрх ашиг хөндегдөөгүй байгаа юм.

Уг хурал дээр яригдсан нэг асуудал бол Шимт бүрэн ХХК-иас ирүүлсэн тэдний талбайн зарим хэсэг иргэдэд олгосон хүнсний ногооны газар, Арвин хур ХХК-ийн газруудтай давхардаж өдий хүртэл ашиглагдах боломжгүй байгаа юм. Иймд хөрсний элэгдэлд орж ашиглагдахгүй байгаа Гангын тохойд байрлах Шимт бүрэн ХХК-ийн үр тарианы зориулалттай газрын орчимд 45.54 га газрыг нөхөн олгох тухай асуудлыг дээрх 2-р зүйлд дурдсан шиг Засаг дарга судалж үзээд эрхийнхээ дагуу шийдвэрлэх нь зөв гэж тогтсон юм.

Тогтоолыг баталгаажуулахдаа асуудлыг бүрэн гүйцэд засаагүй байсныг би ч анзаараагүй, манай ажилтан ч дахин нягтлаагүй байсан нь илэрсэн юм. Манай ажлын албаны дарга нь жилийн өмнө төрийн албаны шалгалтанд тэнцсэн, төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд нууцын зэрэглэлийн ажилтан учраас гаргасан тогтоолд нь итгэн хяналтгүй гарын үсэг зурж баталгаажуулсан нь миний алдаа болсон байна.

Нэгэнт ийм алдаа гарсан ч одооны архивт байгаа тогтоолд тэдгээр заалт хавсралтаараа засагдсан байгаа.

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 25-р зүйлийн 4-д хурлаас гаргасан тогтоол бусад шийдвэр нь хууль тогтоомж засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэсэн заалтын дагуу нэгэнт хурлаар хэлэлцэж төлөөлөгчдийн зевшөөрсний дагуу тогтоолоо ёсчлон гаргасан болохоор хууль бус гэж үзэхгүй байна...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Сүхбаатар нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай тогтоолд тусгагдсан Газар Агро ХХК-тай холбоотой 50 га газрыг шинээр эзэмшүүлэх заалт, Шимт Бүрэн ХХК-д олгосон 45.54 га газрыг шинээр эзэмшүүлэх заалт, Халиун-Уул ХХК-д үтрэмийн зориулалтаар олгосон 5 га газрыг шинээр эзэмшүүлэх хууль зөрчсөн заалтуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй,хуульд харшлаагүй, байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д Хурлаас гаргасан. Тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж тус тус заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Буягнэмэх нь уг маргаан бүхий асуудлыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлсний дагуу Тогтоолын зарим заалтыг хүчингүй болгох тухай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоол гаргаснаа тус шүүхэд ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай тогтоолд тусгагдсан Газар Агро ХХК-тай холбоотой 50 га газрыг шинээр эзэмшүүлэх заалт, Шимт Бүрэн ХХК-д олгосон 45.54 га газрыг шинээр эзэмшүүлэх заалт, Халиун-Уул ХХК-д үтрэмийн зориулалтаар олгосон 5 га газрыг шинээр эзэмшүүлэх хууль зөрчсөн заалтуудыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35.100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Ж.БУРМАА