Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч: ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч ********* овогт *********гийн *********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027001710068 дугаартай, 146/2021/0065/Э индекстэй хэргийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 33 астай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, ********* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********* овогт *********гийн ********* /РД:*********/ гэв.

                                     Холбогдсон хэргийн талаар:                                  

Шүүгдэгч ********* нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ойн ангиас 2020 онд ********* ХХК-д олгосон хэрэглээний мод бэлтгэх гэрээ зөвшөөрлийн дагуу мод бэлтгэлд гарсан байдлаа ашиглан 2020 оны 10 дугаар сард тус сумын Мухар хуст гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.59 шоо метр нойтон шинэс модыг хууль бусаар мод бэлтгэж ойн санд 2 629 265 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч ********* нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ойн ангиас 2020 онд ********* ХХК-д олгосон хэрэглээний мод бэлтгэх гэрээ зөвшөөрлийн дагуу мод бэлтгэлд гарсан байдлаа ашиглан 2020 оны 10 дугаар сард тус сумын Мухар хуст гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.59 шоо метр нойтон шинэс модыг хууль бусаар мод бэлтгэж ойн санд 2 629 265 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч *********ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би хийсэн хэргийнхээ гэм бурууг ухаарч ойлгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй... гэв.

Иргэний нэхэмжлэгч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Учирсан хохирлын үнэлгээнд дурдсан мөнгийг нэхэмжилж байна. ...Тус ХХК нь Бат-Өлзий сумын 5 дугаар багийн Мухар хустийн авдаргийн нуруу гэх газарт мод бэлтгэлд гарсан юм. Тогтоогдсон нөхцөл байдлын талаар босоо мод унагасан зүйл байгаагүй, гаргасан мод нь 2 метр, 4 метр урттай унанги моднууд байсан. Тэдгээр моднууд нь хуурай, нойтон аль аль нь байсан. Би тэмдэглэгээг Ойн ангийн инженер *********ын хамт хийсэн. 2020 оны 7 дугаар сард хийсэн. Гаргасан бүх модонд нь Ойн ангийн тэмдэглэгээг хийсэн. Би Мухар хустад хамгийн сүүлд тус ХХК-ийн модонд тэмдэглэгээ хийснээс хойш дахиж очоогүй... гэх гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29, 31 дүгээр хуудас/,

Гэрч *********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2020 оны 11 дүгээр сарын 03-нд ********* ХХК-д 2020 оны 4 дүгээр сард хийсэн шалгалтын мөрөөр өгсөн шаардлагын биелэлтийг газар дээр нь үзэж шалгахаар очсон. Хөрөө рамын байранд ороход тус компанийн захирал *********, ********* нар мод зүсэж байсан. Тус моднуудыг шалгахад ойн ангиас тавьсан тэмдэг байгаагүй мөн тус моднууд нойтон мод байсан. Тэрний дараа Ойн ангийн инженер *********ийг дуудаж энэ нойтон мод мөн үү ойн ангиас тавьсан тэмдэг тэмдэглэгээ байна уу гэж асуухад нойтон мод байна, тэмдэг тэмдэглэгээ байхгүй байна гэсэн. ...Хөрөө рам дээр 1 мод зүсэж байсан ба байшингийн баруун талын хананд 37 ширхэг нойтон банз, байшингийн зүүн хананд 13 ширхэг шинэс бөөрөнхий мод байсан. Мөн байшингийн гадна талын баруун хананд 10 гаран ширхэг зах банз хураалттай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...********* ХХК нь Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг Өвтийн Мухар хустад 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийн хооронд гарсан. Мод бэлтгэлд гарахдаа нийт хэрэглээний 100 метр куб мод, түлшний 50 метр куб мод бэлтгэсэн. Хэрэглээний модоо 2020 оны 07 дугаар сарын 10-наас өмнө татаж дуусгасан. Харин түлшний модноос 4 машин буюу 32 метр куб мод татсан байсан, үлдсэн түлшний модноосоо хэрэглээний мод болохоорийг нь ялгаж аваад сум руу тээвэрлэх юм гэж хэлсэн. ...Тус ХХК-ийн ажлын байран дотор зүсвэр банз болон зүсвэрт орох гэж байгаа 2 метр урттай моднууд байсан. Тус моднуудыг ой ангийн тэмдэггүй мод байна, зөвшөөрөлгүй мод биз дээ гэж надад хэлсэн би тэгэхээр нь ой ангийн тэмдэглэгээгүй мод бол зөвшөөрөлгүй мод гэж хэлсэн. Тэр үед ********* наад мод чинь Мухар хустаас түлээнээс ялгасан мод шүү дээ гэж хэлсэн. ...Би тэгээд Ой ангийн даргатай утсаар холбогдож болсон асуудлын талаар хэлэхэд бэлтгэсэн мод нь хууль бус биш юм бол тэмдэглэж өг гэсний дагуу би очиж тэмдэглэгээ хийсэн. Намайг тэмдэглэгээ хийхэд 2 метр урттай,120 орчим хэмжээний бүдүүн нарийн нийлсэн хуурай төрлийн шинэсэн мод байсан. ...Нийт 100 метр куб мод бэлтгэх ёстой байсан бөгөөд хэрэглээний 100 метр куб модны гоожингоо бүгдийг нь бичүүлээд авсан сүүлд авсан 6 метр куб нь ороод 100 метр куб болсон. ...Тус эрхийн бичиг нь миний бичсэн эрхийн бичиг мөн байна. 2020 оны 11 дүгээр сард тээвэрлэсэн нь зөрчлийн шинжтэй байна. Эрхийн бичгийг сунгуулах ёстой байсан. ...Зөвхөн хэрэглээний модыг тусгай тэмдэглэгээгээр тэмдэглэдэг, түлшний модыг тэмдэглэхгүй, боломжгүй байдаг. ...Би дараа нь ялгаж тавьсан гэх моднууд дээр нь тэмдэглэгээ хийх гэж очсон ба тухайн ялгасан моднууд нь унанги чанар муутай нарийхан моднууд байсан. Би тухайн моднууд дээр нь тэмдэглэгээ хийж өгсөн. Тухайн зөвшөөрөлгүй гэх модноос суулд тэмдэглэгээ хийлгүүлсэн мод өөр мод байсан. Хуучин хуурай, унанги мод байсан. ...Улсын байцаагч *********гийн илрүүлсэн гэх зөвшөөрөлгүй моднуудаас өөр байсан. Би тухайн асуудал болсноос хойш 2 хоногийн дараа ********* ХХК-ийн захирал *********тай хамт очиж үзэж тэмдэглэгээ хийсэн. Үнэхээр л түлээний модноос арай гайгүй ялзрал багатай ашиглаж болохоор моднууд байсныг нь тэмдэглэж өгсөн, нойтон мод байгаагүй, унанги хуучин моднууд байсан. Тухайн хууль бусаар бэлтгэсэн гэх модонд би мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөөгүй. Би тэр модыг хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35, 37-38 дугаар хуудас/,

Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...*********ыг мод авч ирэхэд би байгаагүй учраас хэзээ хаанаас авч ирснийг мэдэхгүй байна. Гэхдээ хууль бус юм хийгээгүй байх гэж бодож байна. Би 2020 онд хэрэглээний болон түлээний мод бэлтгэх үед нь нэг ч удаа очоогүй. Би тээвэрлэсэн авч ирсэн модыг огт хараагүй. Мод авч ирлээ гэж хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 43-45, 47 дугаар хуудас/,

Гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Миний ********* улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг ********* худалдаж авсан. Одоо *********ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болсон. Миний зарсан тээврийн хэрэгсэл хүн хүний гар дамжаад зарагдаад л байгаа юм. Би Бандаарай гэх залуугаас 2 сая орчим төгрөгөөр аваад *********д 1 саяар өгсөн. 2020 оны 9 дүгээр сард самар гарахаас өмнө янзлаад авья гээд надаас авч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч *********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ********* гэх хүний модыг мөрдөгч М.Батмөнхөөс 2 метрийн урттай З см-ийн зузаантай 37 ширхэг, 6 см-ийн зузаантай 2 метр урттай 1 ширхэг банз, 2 метрийн урттай 13 ширхэг бөөрөнхий шинэс мод мөн зах банзнууд хүлээж авсан. ...Ямар ч байсан 2021 оны 05 дугаар сарын эхээр ...хашаа руу ороод ********* гэх хүний 38 ширхэг банз алга болсныг мэдсэн. Анх мод хүлээж авахад 38 ширхэг банз, 13 ширхэг бөөрөнхий шинэс мод хүлээж авсан. Тэгээд 38 ширхэг банз нь алга болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,

Байгаль Орчин Аялал жуулчлалын газрын шинжээч *********ийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/02 дугаартай “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн нойтон мод байна. Зүссэн мод нь ургаа нойтон мод байна. Ойн тухай хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээгээр бэлтгэсэн унанги мод биш. Хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Хэрэв модыг ойгоос бэлтгэхдээ түлшний зориулалтаар бэлтгэж ашиглаж байгаа бол түүнийг хэрэглээний мод болгож ашиглах боломжгүй. Дээрх зөрчлийн улмаас ойн санд нийт 2629265 /хоёр сая зургаан зуун хорин есөн мянга хоёр зуун жаран таван/ төгрөгийн хохирол учирсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 82-84 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч ********* нь ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1,59 шоо метр нойтон шинэс мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлсэн байна.

Иймд шүүгдэгч *********ыг ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ********* нь ойн санд 2629530 төгрөгийн хохирол учруулсан болох нь Байгаль Орчин Аялал жуулчлалын газрын шинжээч *********ийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/02 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх ба 2021 оны 08 дугаар сарын 24-нд хохирол 2629265 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 186 дугаар хуудас/,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 7,887,795 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан улсын байцаагчийн акт хуульд нийцсэн байна. /хх-ийн 85 дугаар хуудас/,

Өөвөрхангай аймгийн Сум дундын ойн анги *********ыг 2017 онд Могойтын цэлгэрт гэх газарт 1 га талбайд 2500 ширхэг, 2019 онд Могойтын рашааны зүрхэн шил гэх газарт 1 га талбайд 2500 ширхэг, 2020 онд Хойд агуйтын сүвээд 3 га талбайд 7500 ширхэг, 2021 онд Хойд агуйтын сүвээд 1 га талбайд 2500 ширхэг шинэсний тарьцаар ойжуулалт хийсэн. 2021 онд сумын төвийн ногоон байгууламжид 800 ширхэг навчит мод тарьсан гэж тодорхойлолт гаргасан байна.  /хх-ийн 188 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газар *********ын хохирлоо төлсөн байдлыг харгалзан нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэжээ /хх-ийн 189 дүгээр хуудас/,

Шүүгдэгч ********* нь ойн санд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж мод тарьсан,  нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын гаргасан ялын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 2 метр 10 см урттай 13 ширхэг нойтон шинэс модыг хурааж улсын орлогод оруулах, гэмт хэргийг үйлдэх үедээ ашигласан ********* улсын дугаартай УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгсэл бусдын нэр дээр бүртгэлтэй байх тул тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 3,914,644 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Хураан авсан 2м 10см урттай 13 ширхэг шинэс мод, 2м 10см урттай 37 ширхэг банз, 2м 10 см урттай, 7 см зузаантай 1 ширхэг банзыг битүүмжилж Бат-Өлзий сумын засаг даргын тамгын газрын нярав *********д хариуцуулсан байх ба 38 ширхэг банз алга болсон талаар иргэний хариуцагч ********* мэдүүлэг өгсөн, прокурор 38 ширхэг банз алга болсон асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж шүүх хуралдаанд тайлбар гаргаж байх тул иргэний хариуцагч *********гээс гаргуулах эсэх нь тодорхойгүй байх тул битүүмжилсэн хөрөнгө алга болгосон буруутай хүнээр гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байх тул 38 ширхэг банзыг улсын орлогод оруулах эсвэл үнийг буруутай хүнээс гаргуулж улсын орлогод оруулах асуудлыг энэ хэрэгтэй хамт шийдвэрлээгүй болно.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт *********гийн *********ыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овогт *********гийн *********ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *********д торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 2 метр 10 см урттай 13 ширхэг нойтон шинэс модыг хурааж улсын орлогод оруулах, гэмт хэргийг үйлдэх үедээ ашигласан ********* улсын дугаартай УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 3,914,644 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА