Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/70

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч ******** овогт ********ийн ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000150071 дугаартай, 146/2021/0067/Э индекстэй хэргийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1960 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, ******** гэх оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овогт ********ийн ******** /РД:********/ гэв.

                                     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь 2020 оны намар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “Их мойлтын гол хамар” гэх газар буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4 метр урттай 35 ширхэг шинэс мод бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч ******** нь 2020 оны намар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “Их мойлтын гол хамар” гэх газар буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4 метр урттай 35 ширхэг шинэс мод бэлтгэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч ********ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна  гэв.

Шүүгдэгч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2020 оны намар буюу 09, 10 дугаар сард байх Бат-Өлзий сумын 3 дугаар багийн Бага Мойлтын гол хамар гэх газраас ганцаараа гар хөрөөгөөр 35 ширхэг мод бэлтгэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 99 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...******** нь надаас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан торгуулийн мөнгийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. ...Босоо мод хуурай тохиолдол элбэг байдаг. Хэдий босоо ч гэсэн амьдрах чадвараа алдаад босоогоороо хатсан байдаг. Зөвхөн унанги хуурай байна гэж байдаггүй. Хэрэв зөвшөөрөлтэй бол ойн цэвэрлэгээ гэж үзнэ. Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн л бол хуурай, нойтон, босоо, унанги модны аль нь ч байсан байгаль орчинд хохирол учруулсан гэж үзнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 66, 68 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн 4 метр урт 35 ширхэг мод нь “шинэс” төрлийн унанги хуурай мод байна. Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу ойн 1 дүгээр мужлалд бүх төрлийн хэрэглээний хуурай модны нэг шоо метр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 168655 төгрөг, нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэглээний бөөрөнхий модон материалд шилжүүлж тооцох ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8-аар тооцдог. Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ 160.896 төгрөг...” гэх 06 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Орхоны хөндийн байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг N4604804,0, Е102010“32,0,“ солбилцол бүхий Бага мойлтын гол хамар гэх газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна... гэх 90 дугаартай албан бичиг /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “нөхөн төлбөр тогтоох тухай” 39-04-078-05 дугаартай акт /хх-ийн 40 дугаар хуудас/,

ХААН банкны 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн баримт /хх-ийн 119 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч ******** нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар 4 метр урттай 35 ширхэг шинэс мод бэлтгэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  шүүгдэгчийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр  160896 төгрөгийн хохирол учирсан нь Сум дундын ойн ангийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтээр тогтоосон байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн 1-т  “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж зааснаар  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  3 дахин нэмэгдүүлж 482688 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******** нь байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 482688 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хөрөөг тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт ********ийн ********ийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хөрөөг тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ДУЛМАА