| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/01080/И |
| Дугаар | 181/ШШ2017/01465 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2017/01465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороолол, 14 дүгээр хороо, АОС 6-12 тоотод оршин суух Их мэргэд овогт Д-ын Б /РД: ..................../-ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, бага тойруу, өөрийн байранд байрлах Ш у т-ийн их с /РД: ............../-д холбогдох
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректорын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн төлөөлөгч Б.Г, Ж.М, Л.П, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Намайг ажлаас халахын өмнө мэдэгдэл мэдэгдэх хуудас өгөөгүй, хаалга эвдэж орж ирсэн. Тушаал гаргасан ректортой би өөрөө уулзъя гэхэд уулзахгүй зугтаад алга болсон. Пүрэв гэх хүн тамгын газрын ажлыг удирдан зохион байгуулах чадваргүй, ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажиллуулдаг.
Би ШУТИС-д зохих ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан. Хариуцагч тал намайг инженер гэж үзэж байгаа. Би Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн эдийн засгийн санхүүгийн мэдлэгтэй.
ШУТИС-иас намайг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өгч шалгуулсан. Тус хэрэг хэрэгсэхгүй болсон ба үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Мөн намайг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулсан байсан.
Төсвийн хуулийг зөрчсөн нэг ч асуудал байхгүй. Төсвийг жил бүр Удирдах зөвлөл баталдаг. Удирдах зөвлөл батлахдаа хангалттай ажилласан гэж үнэлсэн. Эрдмийн зөвлөлөөс оны өмнө надад сайн ажилласан талаар өргөмжлөл өгсөн. Өргөмжлөлийг би хэрэгт өгсөн байгаа. Касс няравыг муу ажилладаг, энэ нь удирдаж буй албан тушаалтантай холбоотой гэж яриад байх юм. Мэргэшсэн нягтлан бодогчдын холбоо руу мөнгө шилжүүлэхэд Очирбат дарга өөрөө орж ирээд жил бүр мөнгө шилжүүлдэг уламжлал байдаг гэж хэлэхээр нь шилжүүлсэн.
Тендер зарлаагүй худалдан авалт хийдэг гэж тайлбарлаад байна. Очирбат дарга өөрөө тендерийг зарлах тушаал шийдвэр өгдөг байсан. Бат-Үүл даргаас удирдамж ирсэн. АСЕМ болох гэж байгаатай холбоотой урд талын талбайгаа зас гэж хэлсэн. Үүний дагуу Очирбат дарга орж ирээд яаралтай тендер зарлаад ажлыг хийж гүйцэтгэ гэхээр нь хязгаарлагдмал тендер зарласан.
Хөвсгөл аймаг руу би тушаал шийдвэрийн дагуу сургууль байгуулахаар явсан. Томилолтын зардльг би байнга бичүүлдэг байсан. Томилолтын зардлыг бичүүлж өгдөггүй байхад би бичүүлдэг болгосон. Солонгос улс руу 14 удаа явсан гэж байна. Солонгос улсын Юнис гэх сургуульд 8 хүүхэд, 5 багш сурч байгаа. Энэ ажлыг би зохион байгуулсан.
Камержуулалт гэж яриад байна. Очирбат дарга өөрөө энэ асуудлыг шийддэг. Энэ асуудлыг Авилгатай тэмцэх газар өгсөн байсан. Хатанбаатар гэх компани Очирбатын эхнэртэй холбоотой компани байсан. Үүнийгээ судалж үзээрэй.
Сурталчилгаанд мөнгө шилжүүлсэн гэж хэлээд байна. Очирбат дарга 30 минут телевизэд ярилцлага өгсөн байдаг. Хөшөө хүлээж авахдаа хүртэл ярилцлага өгөөд инээж байсан. Би хууль бус зүйл хийгээгүй, Цагдаагийн байгууллага прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон баримтууд байгаа. Очирбат дарга намайг маш сайн ажилласан онц гэж дүгнэж байсан. Гэтэл оны дараа та бүхний ятгалгаар намайг ажлаас чөлөөлсөн юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар намайг ажлаас үндэслэлгүй халсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Батчулууныг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б/57 тушаалаар ажлаас халсан. Ажлаас халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 гэж тайлбарладаг, шүүх хуралдааны явцад хариуцагч талаас тодруулахад ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласан. Гэтэл 40 дүгээр зүйлийн 40.1.6 гэх хамааралгүй заалт тушаалд дурдагдсан байна.
Аливаа эрх зүйн актад удирдах тодорхойлох тогтоох гэсэн бүтэц байх ёстой. Уг хэлбэрийн шаардлагыг хангаагүй тушаал бий. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн тогтоол, мөн зөвлөмж байдаг.
Хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх асуудал яригдсан. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь тогтоогдлоо. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчид байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1.1, мөн зөвлөмжид ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж түүнд гэрээний нэг хувийг өгнө гэж дурдсан. ШУТИС-н проректорын албан тушаал нь байнгын ажлын байр, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй буруутай үйлдэл байна. Хариуцагчийн өмгөөлөгч дэд захирал тул нэхэмжлэгч өөрөө гэрээ байгуулах үүрэгтэй мэт тайлбарлаж байна. Ажилтан ажил олгогчтой гэрээ байгуулж ажилладаг. Ноцтой зөрчил гэж үндэслэлээ тайлбарлаж байна. Ноцтой зөрчлийг нэг бүрчлэн зааж дурдах ёстой. Улсын дээд шүүхийн зөвлөмжийн 2.4 дэх хэсэгт ажил олгогчоос тогтоосон норм, журмыг ажилтан зөрчсөн хэдий ч ажил олгогчийн гаргасан актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэхгүй гэж заасан. Өмгөөлөгчөөс хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заагаагүй ч Хөдөлмөрийн дотоод журамд заасан гэж тайлбарласан. Гэвч журамд зааснаар ноцтой зөрчил гэдгийг тодорхой нарийвчлан зааж оруулах ёстой.
Бид хуульч нар тул нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбарын хүрээнд хэргийг шийдвэрлэхгүй. Хуулийн дагуу мэтгэлцэж, хуулийн үндэслэлээр хэргийг шийдвэрлэнэ. Д.Батчулууныг 02 дугаар сард ажлаас чөлөөлсөн атлаа 03 дугаар сард Аудитын шалгалт хийгээд 23 зөрчил байна гэж тайлбарладаг. Үүн дээр тайлбар хэлээд мэтгэлцэх шаардлагагүй. Зөрчил гаргасан бол зөрчлийг хянан шалгаж, илрүүлээд, түүний дараа зөрчил гаргагчаас тодруулаад тайлбар аваад холбогдох шийтгэл ногдуулдаг. Нэхэмжлэгчээс Б/54 тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргаагүй. Учир нь шүүхийн шийдвэр эрх зүйн үр дагавартай байдаг тул ажилд эгүүлэн тогтоосноор Б/54 ажлаас халсан тушаал хүчингүй болж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх эрх зүйн үр дагавар үүснэ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардалгыг зөвшөөрөхгүй. Д.Батчулуун нь ШУТИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.2, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргасан. Д.Батчулуун нь ШИТУС-ийн эд хөрөнгийг завшиж, ШУТИС-н итгэлийг алдсан тул бид ажлаас нь чөлөөлсөн. Д.Батчулуун өөрөө улс төрийн шалтгаанаар халагдлаа гэж тайлбарладаг. Тийм зүйл огт байхгүй. Д.Батчулуун нь Шилэн дансны тухай хууль, Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг хамгаалах тухай хуулийг тус тус зөрчсөн тул ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн. Монголын Үндэсний аудитын газраас хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар манай талаас 100 гаруй хуудас нотлох баримт өгсөн. Уг баримтуудаар Д.Батчулуун нь ноцтой зөрчил гаргасан нь нотлогдож байгаа. Хариуцагч талаас 25,26 үндэслэлээр татгалзаж байгаа. Хариуцагчийн татгалзалтай холбоотой нэхэмжлэгч эсрэг баримт гаргаж өгч, үгүйсгэж нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримт өгөөгүй.
Монгол улсын төрийн эрх барих байгууллагаас гарсан хууль тогтоомжийг иргэн хүн биелүүлэх үүрэгтэй. Д.Батчулуун нь байгууллагын төсвийг барьдаг тул Төсвийн тухай хуулийг баримтлах үүрэгтэй. Төсвийн тухай хуулийн 50.1.2 дах хэсэгт төсөв ил тод байх ёстой байх ёстой гэж заасан.
2016 онд Мэргэшсэн нягтлан бодогчдын төсвийн мөнгөн хөрөнгийг зарцуулсан. Мэргэшсэн нягтлан бодогчтой гэрээ байгуулж ажилласан гэсэн албан бичиг байхгүй. Мөн Хэрэглээний стандарт гэсэн сэтгүүл байдаг. Уг сэтгүүлийн нүүрийг гаргаад сурталчилгаа 3.000.000 төгрөг зарцуулсан байдаг. Хандивын эд зүйлийг хувьдаа завшиж ашигласан. Сайнко Монголиа гэсэн компани ШУТИС-д хичээлийн жилд 8 ширхэг хувилагч машин өгөхөд уг машинуудыг хувьдаа авсан. Иргэн н.Ганбат, н.Зулбаяр нартай 1.500.000, 5.000.000 төгрөгийн гэрээ байгуулж, сурталчилгаанд зарцуулсан гэж тайлбарладаг. Нийт 7 удаа 7.600.000 төгрөгийн зардал гаргаж, жолоочтой байгууллагын машинаар Хөвсгөл аймаг руу томилолтоор явж зарлага гаргасан байдаг. Үүнийгээ тайлбарлахдаа би сургууль байгуулсан гэж тайлбарладаг. Сургууль байгуулсан гэх талаар баримт огт байхгүй, үндэслэлгүй.
Солонгос, Сингапур, Хонг Конг, Хятад улсуудад 7 удаа тушаал шийдвэргүй явж 18.201.270 төгрөгийн зардал гаргасан. Би ийм тушаал шийдвэрийн үндсэн дээр явсан гэх тайлбараа нэхэмжлэгч өгдөггүй. Мөн н.Зулбаярын хувийн дансанд 2.060.000 төгрөг шилжсэн уг мөнгө яагаад хувийн данс руу шилжсэн талаар ямар ч тайлбар байхгүй. Залуус хөгжлийн холбоо ТББ-д 19.200.000 төгрөг шилжүүлсэн. Ямар үндэслэлээр ямар шалтгаанаар эдгээр мөнгийг шилжүүлсэн талаараа тайлбараа өгдөггүй.
Д.Батчулуун төсөв барьж байгаа хүн төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлах үүрэгтэй. Уг хуулийн дагуу Худалдан авах алба гэж дотоод бүтцээр байгуулсан. Худалдан авах алба нь ямар ямар бараа үйлчилгээ худалдаж авч байгаа талаар ажлыг зохион байгуулдаг. Энэ албанд Д.Батчулуун ямар бараа ажил үйлчилгээ авч байгаа талаар мэдэгддэггүй.
2016 оны 06 дугаар сард ШУТИС-ийн төв байранд 28.600.000 төгрөгийн камержуулалтын ажил хийгдсэн. Уг камержуулалтын ажилд мэргэжлийн бус Хатанбаатар гэх барилгын компанитай гэрээ байгуулж ажилласан байдаг. А3 гэсэн сертификаттай шалгалт явуулах үүрэгтэй, гэтэл үнэлгээний хороо байгуулаагүй ажилласан. Цахилгаан шатны асуудал байгаа. 151.000.000 төгрөгийн цахилгаан шат авсан, нийлүүлсэн гэж гэрээ байгуулдаг гэсэн атлаа тендер зарласан зүйл байхгүй.
Горхийн судалгаа гэх ШУТИС-н сургалт судалгаа хийдэг газар байдаг. Уг газарт 164.000.000 төгрөгийн үнэтэй 5 ажлын гэрээ байгуулсан байдаг. Мөн тендер заралсан юм байхгүй ах дүү амраг садантайгаа гэрээ байгуулаад дууссан. Одоо ажил гүйцэтгэж байгаа зүйл огт байхгүй. Д.Батчулуун нь хуулийг биелүүлэхгүй, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тул бид ажлаас чөлөөлсөн” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул ажил олгогчийн буруутай үйлдэл гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ ажил олгогч биелүүлээгүй хэдий ч проректор Д.Батчулуун нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлж ажиллах үүрэгтэй. Гэрээ байгуулаагүй гээд дур зоргоороо авирлаж болохгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 2.10 дах хэсэгт ноцтой зөрчлийг тодорхой заасан байгаа.
Хяналт шалгалтыг Ш.....-н дотоод хяналт шалгалтын журмын дагуу явуулсан. Хяналт шалгалтын журмын 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2 дах хэсэгт зааснаар Хөдөлмөрийн хууль болон Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Дан ганц хөдөлмөрийн гэрээ бус хөдөлмөрийн дотоод журам түүнийг дагалдуулж гарсан журмуудыг удирдлага болгож тушаал гаргасан.
Удаа дараагийн зөрчил гаргасан нь өөрөө сургууль болоод төрд хохирол учруулж байгаа тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн.
Авилгатай тэмцэх газарт хэргийг шалгуулж байгаа өнөөдөр энэ маргаанд тэр маргааныг татаж ярих шаардлагагүй. Д.Б нь ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Шинжлэх ухаан, технологийн их сургуульд холбогдуулан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректорын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь Д.Б нь байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан учир ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирлын Б/56 тоот “Д.Б-ыг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректорын албан тушаалаас чөлөөлсүгэй” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйл, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.6, 50 дугаар зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ШУТИС-ийн дүрмийн 4.12.6, 4.12.8, 9.2, Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтууд, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн даргын 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 03 тоот албан бичиг, Ректорын зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05/1846 тоот албан бичгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Батчулууныг ажлаас нь чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй ба байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.
Хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургууль нь Д.Б эдийн засаг, нийгмийн хөгжил хариуцсан захирал байсан тул ажил олгогч гэж маргаж байгаа нь үндэслэлгүй ба Шинжлэх ухаан технологийн их сургууль нь ажил олгогч тул байнгын ажлын байранд ажилтан Д.Батчулуунтай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.
Ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмын ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актын хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй ба ажил олгогч ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нь ноцтой зөрчлийн хэмжээнд байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарахгүй.
Түүнчлэн хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирлын Б/56 тоот тушаалын үндэслэх хэсэгт 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримталсан нь техник алдаа гаргасан, уг үндэслэл байгаагүй гэж тайлбарлаж байх тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Д.Б дараах ноцтой зөрчил гаргасан Мэргэшсэн нягтлан бодогчдын институт төрийн бус байгууллагын баярын цэнгүүнд зориулж 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн /нэгдүгээр хх-ийн 78 дугаар тал/, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хатанбаатар ХХК-д камер суурилуулах гэрээ байгуулж, /нэгдүгээр хавтаст хэргийн 79-89, 198-211 дахь тал/, 2014-2016 онд дотоод гадаадад томилолтоор явсан /нэгдүгээр хавтаст хэргийн 158-196 дахь тал/, ШУТИС-ийн гадна тохижилтын ажлын зардал /нэгдүгээр хх-ийн 212-250 дахь тал, хоёрдугаар хх-ийн 26- 57 дох тал/, 2014 оны 2 дугаар улиралд ШУТИС-ийн цахилгаан шатны гэрээг өөрийн удирдаж байсан Монгол цахилгаан шат ХХК-тай байгуулж, хууль зөрчсөн /хоёрдугаар хх-ийн 58- 159 дэх тал/ гэх үйлдлүүдээр ноцтой зөрчлийг давтан гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан хуулийн хугацаанд сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч Д.Б-ыг Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректорын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 7.000.000 төгрөгийг нэхэмжилжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар түүний цалингийн тодорхойлолтод заасан 1.745.400 төгрөгийг ажилгүй байсан хугацаа буюу 59 хоногоор тооцоход 4.789.679 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 2.210.321 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Батчулууныг Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректорын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4.789.679 төгрөгийг хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Д.Батчулуунд олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Батчулууныг Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректорын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4.789.679 төгрөгийг хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Д.Батчулуунд олгож, 2.210.321 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 91.585 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР