| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0135/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/184 |
| Огноо | 2021-07-22 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
улсын яллагч С.Б,
иргэдийн төлөөлөгч Ш.Б
иргэний хариуцагч “Энх-Өглөө” ХХК-ийг төлөөлөгч З.Б /цахимаар/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г, түүний өмгөөлөгч Ц.Б, Э.Д,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хавхчин овогт Б.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000029 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Х овогт Б.Б
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Б.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Урт булаг багийн нутаг дэвсгэр 5-21-80 тоотод 2021 оны 1 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн орчим хохирогч Г.Батболдын хоолойг тэлээгээр боож алсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ; “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г мэдүүлэхдээ; “...Г.Б миний хоёр дахь хүүхэд байсан юм, эелдэг, төлөв хүүхэд байсан гэтэл харгис хэрцгий хүний гарт амь насаа алдлаа. Бат-Эрдэнэ өнөөдрийг болтол надаас уучлалт гуйгаагүй. Миний хүүд ямар нэгэн байдлаар өш санаж амь насыг нь хохироосон гэж үзэж байна. Иймээс түүнд тохирох ялыг нь өгөхийг хүсэж байна, туйлын их гомдолтой байна.” гэв.
иргэний хариуцагч “Энх-Өглөө” ХХК-ийг төлөөлөгч З.Б мэдүүлэхдээ; “...Би “Энх-Өглөө” ХХК-ийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Энэ гэмт хэрэг компанийн түрээслэдэг байранд болсон юм. Хохирогч тал 11.721.200 төгрөг нэхэмжилж, “Энх-Өглөө” ХХК-иас 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 1 дүгээр сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг, мөн өдөр 200.000 төгрөг, 2 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2 дугаар сарын 09-ний өдөр 2.500.000 төгрөг нийт 6.700.000 төгрөгийг төлсөн, үүн дээр Б.Б эгч 6.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн талд нийт 12.700.000 төгрөгийг төлсөн тул хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэж байна. Өнөөдөр гаргасан 9.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, тухайн хэрэг гарах үед компанийн ажил дууссан байсан. Иргэний хариуцагч “Энх-Өглөө” ХХК үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө 10 цагийн үед миний 86686201 дугаарын утас руу дуудлага ирэхээр нь автал миний хүү Батболдын ажлын газраас залгаад “танай хүүхэд нас барсан байна.” гэж хэлсэн. ...Би хүүтэйгээ 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 14-15 цагийн хооронд өөрийнхөө утсаар ярьсан, манай хүү ярихдаа “манай ажлын машин Улаанбаатар хот руу мотор ачаад явлаа, би байрандаа ирчихсэн, амраад хоол ундаа идээд байж байна.” гэсэн, түүнээс хойш би холбогдоогүй. Харин манай бага хүү Бат-Оргил 18-19 цагийн хооронд дүрсээ харж талийгаачтай ярьсан, тэр үед ээж Дуламсүрэн болон надтай мэнд усаа мэдсэн... 20.45 минутад талийгаачийн 99865540 дугаар луу хоёр удаа залгахад утсаа аваагүй, түүнээс хойш дахин холбогдоогүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-67-68/,
Гэрч М.Буянжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...орой 22.38 цагт “ухаан алдсан хүн байна” гэсэн дуудлага өгсний дагуу 22.42 минутанд очиход дуудлага өгсөн гэх залуу, хөгшин настай эрэгтэй, эмэгтэй хүн, 30 орчим насны эмэгтэй байсан, том өрөөнд нь ортол газар гудсан дээр дээшээ харсан байдалтай, нүүр, ам нь цус болсон, мөн дэрэн дээр нь цус болсон, бас ханан дээр нь цус арчигдсан байсан. Тухайн хүний зүрхийг чагнахад зүрх нь зогссон байсан...хамт байсан залуу нь “нэг цагийн өмнө унтах гээд хэвтсэн, сая харсан чинь амьсгалахгүй байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн” гэж хэлсэн...дух хэсэгт нь хөхөрсөн, толгой ар дагз хэсэгт нь цус болсон...хүзүү болон мөрний эгэм орчимд хөхөрсөн, хөшилт явагдаагүй байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-69/,
Гэрч Б.Мөнхболорын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...15 цагийн үед гэртээ ирэхэд Б.Б, Г.Батболд хоёр гэртээ байсан, тэр хоёроос гадна Осорхүү гэх манай компанийн ажилчин ах ирчихсэн тэр гурав Батболдын өрөөнд хөзөр тоглоод сууж байсан. Би өрөөндөө ороод хэсэг хэвтэж байгаад хоол хийх гээд гал тогоо руу ороход Батболдын өрөөнд тэр гурав 1ш 0.75гр том архи задалчихсан ууж байсан. ...Осорхүү ах согтчихсон байсан, намайг “гэр рүү нь хүргээд өг” гэхээр нь би түүнийг аваад гарсан. Би Осорхүү ахынд унтах гээд орондоо орчихсон байтал Б.Б 22.50 цагт над руу залгаад “Батболд энд ухаан алдаад уначихлаа, амнаас нь хөөс гараад байна” гэхээр нь би “хөдөлгөөд үз, зүрх нь цохилж байна уу, үзээдэхээч” гэхэд “мэдэхгүй, мэдэхгүй” гээд байхаар нь би таслаад шууд 103 руу залгаад “5-21-80 тоотод хүн ухаан алдчихлаа” гээд дуудчихаад босоод хувцсаа өмсөөд гэр лүүгээ очсон. Гэрт ороход түргэний эмч ирчихсэн, Дүгэрсүрэн ах эхнэртэйгээ ирчихсэн, Бат-Эрдэнэ энэ хэд байсан. Түргэний эмч үзчихээд “энэ хүн нэг цагийн өмнө өнгөрчихсөн байна” гэж хэлсэн. Намайг гэрт ороход Батболд өөрийнхөө өрөөнд орон дээрээ дээшээ харсан...царай нь хөхөрчихсөн байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-72-72, 77/,
Гэрч Т.Батчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 1 дүгээр сарын 12-ны оройн 20.05 цагт миний facebook Төмөр Батчулуун гэх хаяг руу талийгаач Батболд Болдоо гэсэн өөрийнхөө хаягнаас над руу залгаад дүрсээ харж ярьсан, ...бага зэрэг согтуу байсан, нүүрэнд нь шарх сорви, хамраас нь цус гарсан зүйл байгаагүй. Тэгээд унтах гээд орондоо орчихсон 23.03 цагийн үед над руу Дүгэрээ ах залгаад “Батболд нас барчихсан байна, чи хаана байна” гэхээр нь би “та ямар ч байсан гэрт нь яваад оч, бүр болохгүй бол над руу залгаарай” гэж хэлсэн. Түүний дараагаар Бат-Эрдэнэ өөрийн гар утаснааса залгаад “Бооёо хэвтчихээд босохгүй байна, хамраас нь бага зэрэг цус гоожсон байна” гэхээр нь би “наана чинь Дүгэрээ ах очиж байгаа, болохгүй бол над руу залгаарай” гээд салгасан. ...намайг яваад очтол аль хэдийн нас барчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-78-79, 83/,
Гэрч Б.Дүгэрсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...би Бат-Эрдэнийн гар утас руу залгаад “та нар унтаж амарч байна уу” гэж асуухад Бат-Эрдэнэ надад “энэ Батболд чинь надад агсам тавиад байна, би хүч хүрэхгүй байна, дийлэхгүй байна, надтай ноцолдоод байна, би унтуулах гээд дараад хэвтүүлж байна” гэж хэлсэн. Дахин хэсэг хугацааны дараа Бат-Эрдэнэ рүү залгаад “Батболд унтсан уу” гэж асуухад “Батболд хөдлөхгүй байна, би мэдэхгүй байна, та хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Цэрэнжавын хамтаар такси бариад 5-21-80 тоот түрээсийн байранд очиход Бат-Эрдэнэ хаалга тайлж өгсөн, байрлуу дотогш ороход талийгаач том өрөөнд газар гудсан дээр дээшээ харсан байрлалтай хэвтэж байхаар нь би амьсгааг нь шалгатал амьсгалахгүй, бие нь хөрсөн байдалтай байсан. ...том өрөөний хэсэгт хагас шилтэй архи байсан, том өрөөний хаалганы ханан тус газар хоёр хэсэг газар цус мэт улаан өнгийн зүйл болчихсон байх шиг байсан, асуухад талийгаачийг “хана мөргөсөн, цонх мөргөсөн” гэх мэт хэлээд байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-92-93/,
Гэрч Ш.Осорхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад Орхон аймаг Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-21-80 тоотод Г.Батболд, Б.Б, Б.Мөнхболор нарын гэрт очсон. ...байрны гадна талын дэлгүүрээс 0.75л “Хараа” архи, 0.5л цэвэр ус аваад буцаж орж ирээд тоглонгоо архи хувааж уусан, Бат-Эрдэнэ өрөөнөөсөө орж ирж хамт тоглосон. Батболд Бат-Эрдэнэд архи аягалж өгч байсан. ...18 цаг өнгөрч байхад Мөнхболор намайг аваад манайх руу очсон...23 цаг өнгөрч байхад манай эхнэр намайг сэрээгээд “Бат-Эрдэнэ утасдаад байна, Батболдын амнаас цагаан хөөс гараад сэрэхгүй, босохгүй байна” гэсэн...тэгээд Мөнхболороор түргэн дуудуулсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-89-90/,
Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Орхон аймаг Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-21-80 тоот буюу амьдарч байгаа гэртээ Батболд, Батчулуун нарын хамтаар ирсэн...15 цагийн орчим манай байгууллагад ажиллаж байсан Осорхүү ирсэн. Талийгаач Батболд Осорхүүд нэг шил 0.5гр “Хараа” архи авч өгсөн, Батболд, Осорхүү ах хоёр хамт уусан, түүний дараа 16.30 минутын орчимд Осорхүү ах дахин 0.75гр “Хараа” архи авсан. ...Талийгаач надад аяганд архи хийж өгөхөөр нь амсаад өгсөн “дуусч байна нэг татчих” гээд дахин архи хийгээд өгөхөөр нь би уусан. ...18.00 цагийн үед Мөнхболор Осорхүүг аваад “хүргэж өгнө” гээд гарсан. ...би өрөөндөө хэвтэж байтал намайг дуудаад би талийгаачийн өрөөнд орсон, намайг өрөөнд нь ороход над руу гэнэт уурлаад “ажлын хүн болгон л чамайг магтах юм, чи Отгонбатын хуурай дүү юм уу” гэж хэлээд над руу дайраад “би бяртай” энэ тэр гэж хэлээд цээж рүү хоёр удаа цохисон, түүнээс болоод хоорондоо зодолдсон. Намайг хамар луу нэг удаа гараараа цохисон, би баруун мөр рүү нь гараараа хоёр удаа цохисон, бид хоёрын хамрын цус гоожсон. Би хамрын цусаа угаачихаад Мөнхболор, Осорхүү ах нар руу ярих гээд байрны гадна талын “Оргил” дэлгүүрээс нэгж авах гэсэн чинь нэгж байгаагүй, буцаад орсон чинь дахин дайраад “чамайг ална” гээд байсан. Тухайн үед миний өөрийн төмөр аралтай саарал өнгийн тэлээг барьчихсан “ална” гээд байсан, над руу дайрч байгаад хэвтээд өгөхөөр нь тэлээгээ авах гэтэл хоолой нь боогдсон. Би шууд санаатайгаар хоолойг нь боож алаагүй, над руу дайраад байхаар нь тэлээгээ авах гээд л хоолойноос нь татсан. Би энэ талаараа Дүгэрээ ахад “амнаас нь хөөс гараад байна яах уу” гэж хэлсэн, “зүрх нь цохилж байна уу, үзээдэх” гэсэн, мөн Мөнхболорт хэлээд “эмнэлэг дуудаарай” гэж хэлээд Мөнхболор эмнэлэг дуудсан. Эмч ирээд “нас барсан байна” гэж хэлсэн, би “өнгөрчихлөө” гэж бодоогүй, ...талийгаачтай миний тэлээ ойрхон байсан учир ийм асуудал болж, талийгаачийг хоолойгоор нь хойш нь татаж чангалсан. Тухайн үед би өөрийнхөө гар утсаар зургийг нь дарсан, мөн өрөө тасалгааны цус гарсан хэсгүүдийг дарсан. Талийгаачийг “ална” гэсэн санаа, зорилго байгаагүй, хэрүүл маргаан, талийгаачийн архи уусан асуудлаас болсон гэж бодож байна. Талийгаач нэлээн согтуу байсан, харин би эрүүл шахуу байсан. Өмнө нь талийгаачтай хэрүүл маргаан хийж байгаагүй. ...2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө гэрээсээ гарахдаа саарал өнгийн, төмөр аралтай, сүлжмэл материалтай өмдний бүсээ зүүж гараад, гэртээ ирээд талийгаач Г.Батболдын өрөөнд өмсөж явсан куртиктэйгээ өрөөний баруун хойд буланд шалан дээр үлдээсэн. Амь хохирогч надтай харилцан зодолдож байхдаа өрөөнд нь байсан миний саарал өнгийн өмдний бүсийг аваад “ална” гэж хэлээд гуя хэсэг рүү 2-3 удаа ороолгосон. Талийгаач бид хоёр хоорондоо зодолдоод нэг мэдсэн чинь талийгаач өөрийнхөө унтаж байсан газарт байрлах гудсан дээр хэвтээд өгөхөөр нь би өөрийнхөө тэлээг хоолойнд нь хийж байгаад хоёр үзүүрээс нь татсан. Би тухайн үед айж сандраад өөрийнхөө гар утсан дээр зургийг нь авсан, би хүрэн өнгийн футболктой байсан, харин тухайн футболк урагдахаар нь сольж, өөрийнхөө хөх өнгийн ноосон цамцыг өмссөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-233-234, 236-238/,
М.Буянжаргал гэх хүнээс 80113727 дугаарын утсаар “Орхон аймаг Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-21-80 тоотод нас барсан эрэгтэй хүн байна.” гэх мэдээллийг 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 22.55 цагт хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-8/,
Хэрэг учрал болсон Орхон аймаг Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-21-80 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-10-13/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-14-28/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-29/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-30-31/,
Талийгаачийн хувцас болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-32/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-33-36/,
Б.Б хар өнгийн “Redmi-6” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-37/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-38-40/,
Амь хохирогч Г.Батболдын хар өнгийн Самсунг А-51 маркийн, мөн саарал өнгийн Нокиа маркийн гар утаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-41/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-42-44/,
Амь хохирогчийг боосон гэх тэлээнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-45/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-46/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-47, 49, 53/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-48, 50-52, 54-55/,
Амь хохирогчийн 1-10 дугаарласан хумс, 9 хэсэг гялгар ууттай үс зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-56/,
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан “Fanta” нэртэй ундааны том, жижиг сав тус бүр 1ш, “Олимп” нэртэй цэвэр усны жижиг сав 1ш, “Хараа” архины шил 1ш, төмөр аяга 1ш, цэнхэр өнгийн сэнжтэй аяга 1ш, хөх өнгийн футболк, цэцгэн хээтэй хөх, эрээн өнгийн сорочик захтай цамц, хар өнгийн футболк, шар өнгийн алчуур, бор эрээн өнгийн шалны алчуур, босоо судалтай саарал өнгийн гудасны углаа даавуу, шоо хэлбэртэй олон өнгөөр алагласан гудасны углаа даавуу, саарал өнгийн өмдний бүс,
амь хохирогчийн өмсөж байсан саарал өнгийн майк, саарал өнгийн ноосон дотуур өмд, саарал өнгийн дотоож, хар өнгийн өмд, саарал өнгийн оймс нэг хос, бор өнгийн өмдний бүс,
яллагдагч Б.Б өмсөж байсан хөх өнгийн өмд, хар өнгийн дотуур өмд, хөх өнгийн энгэр хэсэгтээ товчтой ноосон цамц, бор саарал өнгийн гутал зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-57/,
Б.Бат-Эрдэнийг сэжигтнээр баривчлах үед хураан авсан “Redmi-6” загварын гар утсыг эд мөрийн баримтаар тооцсон тухай 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-58/,
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан цагаан өнгийн металл гинжинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-59/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-60/,
Хүрэн өнгийн түрийвч, Гэрэлийн Батболдын виза карт 2ш, unitel-ийн гэрээ 1ш, жолооны үнэмлэх 1ш, баталгааны хуудас 1ш, unitel-ийн сим картны үүр 4ш, 50 төгрөгийн дэвсгэрт 2ш, 10 төгрөгийн дэвсгэрт 2ш, саарал өнгийн Nokia маркийн гар утас 1ш, Samsung маркийн гар утас 1ш зэрэг эд зүйлийг амь хохирогч Г.Батболдын хууль ёсны төлөөлөгч Л.Гд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-61/,
Цагаан өнгийн металл гинжийг амь хохирогч Г.Батболдын хууль ёсны төлөөлөгч Л.Гд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-62/,
Бор өнгийн түрийвч 1ш, 10.000 төгрөгийн дэвсгэрт 2ш, 5000 төгрөгийн дэвсгэрт 1ш, 1000 төгрөгийн дэвсгэрт 5ш, 100 төгрөгийн дэвсгэрт 14ш, 50 төгрөгийн дэвсгэрт 22ш, 10 төгрөгийн дэвсгэрт 2ш, гадаад мөнгөн дэвсгэрт 6ш, шаргал өнгийн зоосон мөнгө 2ш, сим картны үүр 3ш, Хаан банк, Голомт банкны карт 2ш, “Энх-Өглөө” ХХК-ийн ажлын үнэмлэх 1ш зэрэг эд зүйлийг Б.Б төрсөн эгч Б.Уранбилэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-63/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Пүрэвдуламын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 668 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Г.Батболдын гэх хумсан дээр цус илэрсэн. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч Г.Батболдын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Г.Батболдын гэх үсний дээж, яллагдагч Б.Б гэх үсний дээж дээр цус, биологийн ул мөр илрээгүй.” гэсэн дүгнэлт /1-р хх-115-116/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Пүрэвдуламын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 669 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн Г.Батболдын гэх саарал өнгийн майк, хар өнгийн өмд, оймс, бүс, Б.Б гэх хөх өнгийн өмд дээр цус илэрсэн, бусад хувцас эд зүйлс дээр цус илрээгүй. 2.Г.Батболдын гэх саарал өнгийн майк, бүс, Б.Б гэх хөх өнгийн өмднөөс хэсэглэн авсан дээж илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч Г.Батболдын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 3.Г.Батболдын гэх хар өнгийн өмд, оймс зэрэг хувцаснууд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Б.Б гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт /1-р хх-120-122/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-123/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Пүрэвдуламын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 670 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Г.Батболд, яллагдагч Б.Б нарын гэх бэхжүүлэн хатаасан цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн гудасны давуу, алаг эрээн даавуу /мешок/, цонхны гадна хүрээ, салхивчнаас марльд бэхжүүлсэн цус мэт зүйл, саарал өнгийн обойны хэсэг 2ш, бүс зэрэг дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч Г.Батболдын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн футболк, цэцгэн хээтэй хөх эрээн өнгийн цамц, хар өнгийн футболк, бор эрээн өнгийн шалны алчуур, угаалгын өрөөнөөс бэхжүүлсэн гэх марль дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо Б.Б гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт /1-р хх-128-130/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-131-132/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Баттулгын 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 334 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмд дээр халалтын улмаас гарсан хуучин түлэгдэлтүүд, хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлийн улмаас гарсан хуучин зулгаралтууд, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт, товч унасан шинэ гэмтэл, саарал өнгийн ханцуйгүй цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд, хүрэн өнгийн тэлээ дээр нүхний төмөр хүрээ унасан хуучин гэмтэл, эрээн хөнжил дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралтууд, халалтын улмаас гарсан хуучин түлэгдэлт, бор өнгийн алчуур дээр хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт, цэнхэр өнгийн цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин урагдалт, хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин гогдолт, хар өнгийн хагас ханцуйтай цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт, хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолт, эдэлгээний явцад гарсан хуучин цооролтууд, цэнхэр өнгийн хагас ханцуйтай цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт, ханзралт, хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ цооролт, саарал өнгийн эрээн углаа даавуу дээр халалтын улмаас гарсан хуучин түлэгдэлтүүд, хар өнгийн тэлээний нүхний төмөр хүрээ дээр хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин гэмтлүүд, халалтын улмаас гарсан хуучин түлэгдэлт, цэнхэр өнгийн цамц дээр эдэлгээний явцад гарсан хуучин сэмрэлт, цооролтууд, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралтууд, урагдалт, хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цооролтууд, цэнхэр өнгийн өмд дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралтууд, хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зулгаралтууд, бор өнгийн баруун гутал дээр эдэлгээний явцад гарсан ул наалтаараа салсан хуучин гэмтлүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дотуур өмд, саарал өнгийн хос оймс, саарал өнгийн дотоож, шар өнгийн даавуу, хар өнгийн дотуур өмд, бор өнгийн зүүн гутал зэрэг нь гэмтэлгүй байна.” гэсэн дүгнэлт /1-р хх-136-142/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-143-153/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай “1.Талийгаачийн цогцсонд хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний зүүн болон баруун хажуу, урд хэсэгт зулгаралт, цус хуралт, хүзүүний зүүн жолоо булчинд цус хуралт, баруун чамархайн булчин болон зүүн чихний дэлбээ, хүзүүний баруун зүүн хажуу, баруун мөр, зүүн хөмсөг, цээжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Хүзүүнд үүссэн зулгаралт, цус хуралтууд нь үхлийн шалтгаантай холбоотой гэмтлүүд болно. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4.Учирсан гэмтлүүд нь амь хохирогчийн босоо, суугаа байрлалд байхад үүссэн байж болно. Чиглэлийг тогтоох боломжгүй байна. 5.Хүзүүнд үүссэн зулгаралт, цус хуралтууд нь үхлийн шалтгаантай холбоотой гэмтлүүд болно. Амь хохирогч нь хүзүү дарагдсаны улмаас нас барсан байна. 6.Үхлийн шалтгаанд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Цогцос зөөвөрлөгдсөн шинжгүй, Хэргийн газрын үзлэг хийхээс өмнө нас бараад 2 цаг болоогүй байна. 8.Талийгаачийн үхлийн шалтгаан нь боолтоос үүссэн механик амьсгал бүтэлт болно.” гэсэн дүгнэлт /1-р хх-157-161/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-163-165/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаартай “...1.Б.Б биед баруун бугалга, цээж, хүзүү, баруун мөрөнд зөөлөн эдэд 9 тооны цус хуралт, баруун даланд 2 тооны зулгаралт, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сариулна. 4.Хамрын таславчийн муруйлт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт нь шинэ гэмтлүүд байна. Хамрын таславчийн муруйлт хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. 5.Учирсан гэмтлүүд нь босоо, суугаа хэвтээ байрлалд байхад үүсч болно. Урдаас хойш, баруунаас зүүн тийш чиглэсэн хүчээр үүсгэгдсэн байж болно. 6.Учирсан гэмтлүүд нь унах үед үүссэн байхыг үгүйсгэхгүй.” гэсэн дүгнэлт /1-р хх-175-176/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Магадлуулагч Б.Б нь гэмт хэрэгт холбогдох үедээ болон одоо, мөн урьд өмнө нь олдмол болон удмын сэтгэцийн өвчингүй, сэтгэцийн хувьд эрүүл. Магадлуулагч Б.Б сэтгэцийн хувьд эрүүл тул хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай.” гэсэн дүгнэлт /1-р хх-192/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай “...1.Г.Батболдын цогцосноос авсан цусанд этилийн спирт 4.4 промиль процент илэрсэн болно. 2.Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /1-р хх-196-197/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай “...1.Б.Б биенээс авсан цусанд этилийн спирт 1.1 промиль процент илэрсэн болно. 2.Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /1-р хх-201-202/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Жавзанпагамын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн “3, 5, 6, 7, 8, 9 11” гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “1, 2, 4, 10, 12” гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй байна. 2.Шинжлэгдэж буй “3” гэж дугаарласан гарын мөр нь Баярын Бат-Эрдэнийн баруун гарын дунд хурууны хээгээр, “6” гэж дугаарласан гарын мөр нь Гэрэлийн Батболдын баруун гарын долоовор хурууны хээгээр, “8” гэж дугаарласан гарын мөр нь Баярын Бат-Эрдэнийн баруун гарын эрхий хурууны хээгээр, “9” гэж дугаарласан гарын мөр нь мөн Баярын Бат-Эрдэнийн баруун гарын ядам хурууны хээгээр, “11” гэж дугаарласан гарын мөр нь Баярын Бат-Эрдэнийн зүүн гарын долоовор хурууны хээгээр үүссэн байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн тохирч буй гарын мөрүүд нь гарын хээний папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна.” гэсэн дүгнэлт /1-р хх-207-209/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-210-215, 219-223/,
шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-9/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-11/,
шүүгдэгч Б.Б хувийн байдлыг тогтоосон баримтууд /2-р хх-40-60, 63-66/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гээс гаргаж өгсөн нийт 16.721.200 төгрөгийн хохирлын тооцоолол /2-р хх-79/, хохирлын баримтууд /2-р хх-80-133/,
“Энх-Өргөө” ХХК-иас ирүүлсэн Гэрэлийн Батболдын талаарх тодорхойлолт, шагналын баримтууд, “Энх-Өргөө” ХХК болон Г.Батболд нарын хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон амь хохирогчийн хувийн бичиг баримтууд /2-р хх-134-147/
шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан амь хохирогч Г.Батболдын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин /1.500.000 төгрөг x 6 сар/ 9.000.000 төгрөг, шүүх хуралдаанд ирж, очсон замын зардал 417.066 төгрөг, бусад зардал 106.320 төгрөг нийт 9.523.386 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, холбогдох баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс болон гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Б.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг багийн нутаг дэвсгэр 5-21-80 тоотод 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн оройн 21.00 цагийн орчим хохирогч Г.Батболдын хоолойг тэлээгээр боож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь;
шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гийн “...2021 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө 10 цагийн үед миний 86686201 дугаарын утас руу дуудлага ирэхээр нь автал миний хүү Батболдын ажлын газраас нь залгаад “танай хүүхэд нас барсан байна.” гэж хэлсэн.” гэх,
гэрч М.Буянжаргалын “...орой 22.38 цагт “ухаан алдсан хүн байна” гэсэн дуудлагыг өгсний дагуу 22.42 минутанд очиход...газар гудсан дээр дээшээ харсан байдалтай, нүүр ам нь цус болсон, мөн дэрэн дээр нь цус болсон, бас ханан дээр нь цус арчигдсан байсан. Тухайн хүний зүрхийг чагнахад зүрх нь зогссон байсан. ...дух хэсэгт нь хөхөрсөн, толгой ар дагз хэсэгт нь цус болсон...хүзүү болон мөрний эгэм орчимд хөхөрсөн, хөшилт явагдаагүй байсан.” гэх,
гэрч Б.Мөнхболорын “...Б.Б 22.50 цагт над руу залгаад “Батболд энд ухаан алдаад уначихлаа, амнаас нь хөөс гараад байна” гэхээр нь би “хөдөлгөөд үз, зүрх нь цохилж байна уу, үзээдэхээч” гэхэд “мэдэхгүй, мэдэхгүй” гээд байхаар нь би таслаад шууд 103 руу залгаад “5-21-80 тоотод хүн ухаан алдчихлаа” гээд дуудчихаад босоод хувцсаа өмсөөд гэр лүүгээ очсон. ...Түргэний эмч үзчихээд “энэ хүн нэг цагийн өмнө өнгөрчихсөн байна” гэж хэлсэн. Намайг гэрт ороход Батболд өөрийнхөө өрөөнд орон дээрээ дээшээ харсан...царай нь хөхөрчихсөн байдалтай байсан.” гэх,
гэрч Т.Батчулууны “...2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр оройн 20.05 цагт миний facebook Төмөр Батчулуун гэх хаяг руу талийгаач Батболд Болдоо гэсэн өөрийнхөө хаягнаас над руу залгаад дүрсээ харж ярьсан, ...бага зэрэг согтуу байсан, нүүрэнд нь шарх сорви, хамраас нь цус гарсан зүйл байгаагүй. ...23.03 цагийн үед над руу Дүгэрээ ах залгаад “Батболд нас барчихсан байна, чи хаана байна” гэхээр нь би “та ямар ч байсан гэрт нь яваад оч, бүр болохгүй бол над руу залгаарай” гэж хэлсэн. Түүний дараагаар Бат-Эрдэнэ өөрийн гар утаснааса залгаад “Бооёо хэвтчихээд босохгүй байна, хамраас нь бага зэрэг цус гоожсон байна” гэхээр нь би “наана чинь Дүгэрээ ах очиж байгаа, болохгүй бол над руу залгаарай” гээд салгасан. ...намайг яваад очтол аль хэдийн нас барчихсан байсан.” гэх,
гэрч Б.Дүгэрсүрэнгийн “...Бат-Эрдэнэ рүү залгаад “Батболд унтсан уу” гэж асуухад “Батболд хөдлөхгүй байна, би мэдэхгүй байна, та хүрээд ир” гэж надад хэлсэн. ...байрлуу дотогш ороход талийгаач том өрөөнд газар гудсан дээр дээшээ харсан байрлалтай хэвтэж байхаар нь би амьсгааг нь шалгатал амьсгалахгүй, бие нь хөрсөн байдалтай байсан. ...том өрөөний хэсэгт хагас шилтэй архи байсан. Том өрөөний хаалганы ханан тус газар хоёр хэсэг газар цус мэт улаан өнгийн зүйл болчихсон байх шиг байсан.” гэх,
гэрч Ш.Осорхүүгийн “...23 цаг өнгөрч байхад манай эхнэр намайг сэрээгээд “Бат-Эрдэнэ утасдаад байна, Батболдын амнаас цагаан хөөс гараад сэрэхгүй, босохгүй байна” гэсэн...тэгээд Мөнхболороор түргэн дуудуулсан.” гэх,
яллагдагч Б.Б “...би өрөөндөө хэвтэж байтал намайг дуудаад би талийгаачийн өрөөнд орсон, намайг өрөөнд нь ороход над руу гэнэт уурлаад “ажлын хүн болгон л чамайг магтах юм, чи Отгонбатын хуурай дүү юм уу” гэж хэлээд над руу дайраад “би бяртай” энэ тэр гэж хэлээд цээж рүү хоёр удаа цохисон, түүнээс болоод хоорондоо зодолдсон. Намайг хамар луу нэг удаа гараараа цохисон, би баруун мөр рүү нь гараараа хоёр удаа цохисон, бид хоёрын хамрын цус гоожсон. ...Тухайн үед миний өөрийн төмөр аралтай саарал өнгийн тэлээг барьчихсан “ална” гээд байсан, ...Эмч ирээд “нас барсан байна” гэж хэлсэн, би “өнгөрчихлөө” гэж бодоогүй, ...Тухайн үед би өөрийнхөө гар утсаар зургийг нь дарсан, мөн өрөө тасалгааны цус гарсан хэсгүүдийг дарсан. ...Талийгаач бид хоёр хоорондоо зодолдоод нэг мэдсэн чинь талийгаач өөрийнхөө унтаж байсан газарт байрлах гудсан дээр хэвтээд өгөхөөр нь би өөрийнхөө тэлээг хоолойнд нь хийж байгаад хоёр үзүүрээс нь татсан.” гэх мэдүүлгүүдээр,
мэдээллийг 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 22.55 цагт хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учрал болсон Орхон аймаг Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-21-80 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, талийгаачийн хувцас болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Б хар өнгийн “Redmi-6” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, амь хохирогч Г.Батболдын хар өнгийн Самсунг А-51 маркийн, мөн саарал өнгийн Нокиа маркийн гар утаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, амь хохирогчийг боосон гэх тэлээнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, амь хохирогчийн 1-10 дугаарласан хумс, 9 хэсэг гялгар ууттай үс зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон тухай 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, Б.Бат-Эрдэнийг сэжигтнээр баривчлах үед хураан авсан “Redmi-6” загварын гар утсыг эд мөрийн баримтаар тооцсон тухай 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоолуудаар болон шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Монгол улсын иргэний амьд явах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар үндсэн эрхэд хамаарна, энэ эрхийг зөрчсөн тохиолдолд гэмт хэрэгт тооцох тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.
Шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Г.Батболдын хоолойг тэлээгээр боож “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд түүний үйлдэлд хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй гэж үзнэ.
Хэдийгээр тухайн хэрэг болох үед амь хохирогчийн бусадтай зүй бус харьцсан буруутай үйлдэл хийгдсэн хэдий ч энэ нь шүүгдэгч амь хохирогчийн амь насанд халдах шалтгаан болохгүй юм.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага” хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирол төлбөрийн талаар;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
мөн “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэм хорын хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохиролд буяны ажил үйлчилгээний зардал төлбөрт 9.201.200 төгрөг, лам буяны ном уншуулах, засал хийлгэх зардалд 600.000 төгрөг, 20-63УБИ mazda bongo автомашин Улаанбаатар хотоос Эрдэнэт явсан жолооч болон автомашины зардал 150.000 төгрөг, 08-72УАА Toyota prius-20 автомашин Улаанбаатар хотоос Эрдэнэт явсан зардал 120.000 төгрөг, буяны ажилд оролцсон хүмүүст 800.000 төгрөг, буяны ажилд оролцож тусласан хүмүүст олгосон 850.000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 5.000.000 төгрөг нийт 16.721.200 төгрөгийг,
шүүхийн хэлэлцүүлгийн үед амь хохирогч Г.Батболдын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс өнөөдрийг буюу 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин /1.500.000 төгрөг x 6 сар/ 9.000.000 төгрөгийг иргэний хариуцагч “Энх-Өглөө” ХХК-иас,
шүүх хуралдаанд ирж, очсон замын зардал 417.066 төгрөг, бусад зардал 106.320 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар тус тус нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагыг 9.523.386 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 26.244.586 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд “хохирол төлбөр, оршуулгын зардал, замын зардлын баримтууд шаардлага хангасан, хангаагүй хамаагүй зөвшөөрнө, маргахгүй.” гэсэн тул шүүх нэхэмжлэлийн нийт 26.244.586 төгрөгийн шаардлагаас хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон буяны ажил үйлчилгээний зардал, ном уншуулах, засал хийлгэх зардал, Улаанбаатар хотоос Эрдэнэт явсан 2 автомашины зардал, шүүх хуралдаанд ирж, очсон замын зардал, бусад зардал гэх нийт 12.244.586 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, үүнээс шүүгдэгч Б.Б болон түүний ар гэрээс гэм хорын хохиролд нөхөн төлсөн 6.500.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 5.744.586 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гд олгох нь зүйтэй гэж үзэв.
Харин өмгөөллийн үйлчилгээний хөлс 5.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, “Энх-Өглөө” ХХК-иас амь хохирогч Г.Батболдын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 9.000.000 төгрөг гаргуулах тухай нийт 14.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бэс өмгөөллийн үйлчилгээний хөлс 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрөө өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч сонгож авах, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь хохирогчийн хүсэл зоригийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгч заавал авах нөхцөл шаардлагад хамаарахгүй, мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгч сонгон авсан явдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй. Иймд өмгөөллийн үйлчилгээний хөлс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзсэн болно.
“Энх-Өглөө” ХХК-иас амь хохирогч Г.Батболдын цалин 9.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.” гэж,
508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж заажээ. Иймээс нэхэмжлэлийн энэ шаардлага нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хариуцагч “Энх-Өглөө” ХХК нь 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 1 дүгээр сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг, мөн өдөр 200.000 төгрөг, 2 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2 дугаар сарын 09-ний өдөр 2.500.000 төгрөг, ажилчдын хандив 2.000.000 төгрөг нийт 8.700.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шилжүүлсэн тухай санхүүгийн дардас бүхий баримт хэргийн 2 дугаар хавтасны 154 дүгээр талд авагдсан бөгөөд “Энх-Өглөө” ХХК-ийн төлөөлөгч З.Баттулга нь “...ажилчдын хандив гэж 1 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг компаниас төлсөн тооцоонд оруулахгүй,” гэж тайлбарласан тул иргэний хариуцагч “Энх-Өглөө” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гд 6.700.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгчид 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,”
хохирогчийн өмгөөлөгч Б.Б “...хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна, хор уршиг арилаагүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлээгүй, хохирол бүрэн төлөгдөөгүй тул улсын яллагчийн оногдуулах ялтай санал нэг байна.” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд “...хохирлоос тодорхой хэсгийг төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, цаашид хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгааг харгалзан улсын яллагчийн санал болгож байгаа ялаас доош нь татаж ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
шүүгдэгч Б.Б 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 190 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн 1-10 дугаарласан хумс, 9 хэсэг гялгар ууттай үс,
хэргийн газрын үзлэгээр хураан авсан “Fanta” нэртэй ундааны том, жижиг сав тус бүр 1ш, “Олимп” нэртэй цэвэр усны жижиг сав 1ш, “Хараа” архины шил 1ш, төмөр аяга 1ш, цэнхэр өнгийн сэнжтэй аяга 1ш, хөх өнгийн футболк, цэцгэн хээтэй хөх, эрээн өнгийн сорочик захтай цамц, хар өнгийн футболк, шар өнгийн алчуур, бор эрээн өнгийн шалны алчуур, босоо судалтай саарал өнгийн гудасны углаа даавуу, шоо хэлбэртэй олон өнгөөр алагласан гудасны углаа даавуу, саарал өнгийн өмдний бүс,
амь хохирогчийн өмсөж байсан саарал өнгийн майк, саарал өнгийн ноосон дотуур өмд, саарал өнгийн дотоож, хар өнгийн өмд, саарал өнгийн оймс нэг хос, бор өнгийн өмдний бүс,
шүүгдэгчийн Б.Б өмсөж байсан хөх өнгийн өмд, хар өнгийн дотуур өмд, хөх өнгийн энгэр хэсэгтээ товчтой ноосон цамц, бор саарал өнгийн гутал, шүүгдэгч Б.Б хар өнгийн “redmi-6” загварын гар утас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчид авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хавхчин овогт Баярын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 190 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бэс 5.744.586 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гд олгож, нэхэмжлэлээс 14.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогчийн 1-10 дугаарласан хумс, 9 хэсэг гялгар ууттай үс,
хэргийн газрын үзлэгээр хураан авсан “Fanta” нэртэй ундааны том, жижиг сав тус бүр 1ш, “Олимп” нэртэй цэвэр усны жижиг сав 1ш, “Хараа” архины шил 1ш, төмөр аяга 1ш, цэнхэр өнгийн сэнжтэй аяга 1ш, хөх өнгийн футболк, цэцгэн хээтэй хөх, эрээн өнгийн сорочик захтай цамц, хар өнгийн футболк, шар өнгийн алчуур, бор эрээн өнгийн шалны алчуур, босоо судалтай саарал өнгийн гудасны углаа даавуу, шоо хэлбэртэй олон өнгөөр алагласан гудасны углаа даавуу, саарал өнгийн өмдний бүс,
амь хохирогчийн өмсөж байсан саарал өнгийн майк, саарал өнгийн ноосон дотуур өмд, саарал өнгийн дотоож, хар өнгийн өмд, саарал өнгийн оймс нэг хос, бор өнгийн өмдний бүс,
шүүгдэгч Б.Б өмсөж байсан хөх өнгийн өмд, хар өнгийн дотуур өмд, хөх өнгийн энгэр хэсэгтээ товчтой ноосон цамц, бор саарал өнгийн гутал, шүүгдэгч Б.Б хар өнгийн “redmi-6” загварын гар утас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС