Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/496

 

 

 

 

 

 

 

    2021       07         24                                       2021/ШЦТ/496

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

            нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

            улсын яллагч Г.Түвшинбаяр,                             

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэг, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир,

            шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ... овогт Б.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909018290670 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... Их сургуулийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: .... / ... овогт Б.Б- нь:

 

- 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо .... орон сууцны гадна бага насны буюу 10 нас 6 сар 10 хоногтой Э.Э-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “дүүг хэл амаар доромжилж хамт тоглосонгүй” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь сагсны бөмбөгөөр 2 удаа шидэн эрүүл мэндэд нь дух хацарт хаван, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 4 /

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Э- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний бие Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, ... хотхонд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед явж байхад араас Б.Б- гэх хүн хөөш гэж дуудсан. Тэгээд намайг эргэж харахад “Та нар манай дүүтэй тоглосонгүй” гээд араас сагсны бөмбөг шидэж миний нүүр хэсэг рүү 2 удаа оносон. Мөн намайг заамдаад дахиж гарч ирээд зодно гэж хэлсэн. Тэгээд би цаашаа явж байтал манай найз “Ахыг чинь зодоод байна. Аваарай” гэж хэлэхээр нь би “ Намайг дөнгөж сая зодсон шүү дээ” гэж хэлээд ах руу явсан. Тэгэхэд манай ахыг зодсон Б.Б- цаашаагаа зугтаагаад явчихсан. Яг болсон асуудлын талаар Төвшин гэх манай байрны ах мэдүүлэг өгнө. Тэр ах бүгдийг нь харсан. Одоо миний толгой болон уруулын дотор тал өвдөж байна гэжээ. / хх 13-15 /

 

Гэрч Д.Төвшин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ажил дээрээсээ гараад Шинэ төгөл хотхон руу орох гээд машин зам дээр алхаж явахад Панда гэх хочоор дууддаг махлаг биетэй хүүхэд орилсон. Тэгээд харахад түүний хажуу талд насанд хүрсэн хүн бөмбөг шидээд газарт унасан бөмбөгийг аваад Пандаг гараараа чичлээд загнаж байснаа унадаг дугуйг нь аваад газар руу шидэхээр нь би очсон. Тэгэхэд приус 20 машинд суугаад цаашаа яваад өгсөн. Панда над дээр ирээд “Намайг зодчихлоо. Ах аа” гэж хэлэхээр харахад хамарнаас нь цус гарчихсан уруул хэсэг нь шалбарсан байсан гэжээ. / хх 17 /

 

Гэрч Г.Хандсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр Эрдэнэтөгс “Та яаралтай ирж камерын бичлэг гаргаж өгмөөр байна” гэхээр нь би удирдах зөвлөлийн дарга Цэрэндуламд хэлээд тэд нар камерын бичлэг үзсэн байх. Тэгээд ажлын эхний өдөр Эрдэнэтөгс эхнэрийнхээ хамт орж ирээд тухайн өдрийн камерын бичлэгийг хуулбарлаж авсан гэжээ. / хх 20 /

 

Гэрч Б.Цэндсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хүү Б.Б- руу залгаад юу болсон талаар асуухад “Сагсны талбай дээр Э.Э-, Эрхэмбилэг гэдэг хоёр хүүхэд доромжлоод, өчигдөр аав чинь бид хоёрыг заамдаж авсан. Чи өнөөдөр зодох гэж гарч ирсэн юм уу. Чаддаг юм бол зод гээд намайг доромжлоод байхаар нь би сагс тоглож байсан бөмбөгөөрөө зөөлөн хоёр удаа цохьсон. Би өөр яагаа ч үгүй “ гэж хэлсэн. Энхчимэгийн хоёр хүүхэд хоёр дүү болон ээжийг нь доромжилсон учраас хэрүүл маргаан үүсгэсэн байх. Б.Б- нь дөлгөөн, бусадтай эвсэг, хамт олонтойгоо нийтэч зантай, илүү дутуу зан байхгүй. 2017 онд Сант сургуулийг төгсөж, Санхүү Эдийн засгийн их сургуульд урилгаар суралцаж байна. Хүн рүү дайрч давшлах янз бүрийн авир огт байхгүй гэжээ. / хх 22-23 /

 

Гэрч Э.Эрдэнэтөгс мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би өөрийн гурван хүүгээ зодож байсан удаа байхгүй. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 30 минутын үед манай хотхонд оршин суудаг Батбаяр над руу залгаад “Танай том хүү манай охиныг янхан гэж хэлсэн байна. Бид нар өөрсдөө ингэж хэлдэггүй байхад тэгж болохгүй шүү дээ” гэх зүйл ярихаар нь би “ Хүүхдээсээ асуугаад хэрвээ тийм зүйл болсон бол манай хүүхэд очиж уулчлалт гуйна” гэж хэлсэн. Тэгээд гадуур ажилтай явж байгаад орой 22 цаг 30 минутын үед гэртээ ирэх үед манай том хүү Э.Э- уйлчихсан “Намайг манай хотхонд оршин суудаг Батбаяр ах үүдний харуулын хажууд сууж байхад шууд хүрч ирээд миний хоолойг боосон гэж хэлсэн. Тэгээд аав нь Батбаяр ахтай нь уулзаад ирье гэж хэлээд гэрээсээ гартал сагсны бөмбөг барьчихсан алхаж явсан. Тэгээд Батбаяртай таараад “Чи хөгширч үхэх гэж байж 10 настай хүүхдийн хоолой амыг боогоод болохгүй шүү дээ” гэхэд Батбаяр өөдөөс “ Хоёулаа үзье. Зодолдъё “ гэж удаа дараа турхирсан.

...Тэгээд учир байдлыг тодруулж амжаагүй байхад 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой Батбаяр манай хүү Э.Э-ийн хоолойг боосон. Маргааш нь Батбаярын том хүү нь эхлээд манай дунд хүү Эрхэмбилэгийг байрны ард явж байхад нь сагсан бөмбөгөөр толгой руу нь 2 удаа цохьсон. Ингээд үргэлжлээд том хүү Э.Э-ийг мөн адил зодож цохьсон байдаг. Энэ үйл явдлыг харуулсан бүх бичлэгийг манай эхнэр өгсөн гэжээ. / хх 25-26 /

 

Шинжээч эмч С.Одончимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Э.Э-н биед учирсан дух, баруун хацарт хаван, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус гэмтлүүд нь нэг дор буюу 1 удаагийн хатуу мохоо зүйлээс үүсэх боломжтой гэмтлүүд байна. Шинэ гэмтлүүд болно гэжээ. / хх 24 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5544 дугаартай дүгнэлтэд:

1. Э.Э-ийн биед дух, хацарт хавантай, хамрын нуруунд цус хурсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. / хх 31 /

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 40 /

 

Шүүгдэгч Б.Б-оос 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 49-51 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 51 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манай дүүг удаа дараа дээрэлхсэн болохоор бөмбөгөөр шидсэн нь үнэн. Хохирлыг шүүхээр шийдвэрлүүлсний дараа төлнө гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэг мэдүүлэхдээ: Б.Б- нь дүүтэй нь хүүхдүүд тоглохгүй байна гэсэн шалтгаанаар манай 2 хүүхдийг зодсон байсан. Ганц Б.Б- ч биш эцэг нь бас манай хүүхдийг зодсон. Эцэгт нь зөрчлийн хуулиар арга хэмжээ авсны дараа манай хүүхдүүдийг зодсон байсан. Тэр өдөр манай хүүхэд надад зодуулсан тухайгаа утсаар хэлэхээр би ЦБ-д өргөдөл гаргаж, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Том хүүхдэд гэмтэл тогтоогдоогүй. Удаа дараа хүүхдүүдийг маань зодож, улмаар гэмтэл учруулаад байгаад гомдолтой байна. Эмчилгээний зардал 433.206 төгрөгийг нэхэмжилнэ. Хэрэг гарснаас хойш одоо болтол хохирлыг төлөөгүй. Хуульд заасан хариуцлагыг оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Шинэ төгөл орон сууцны гадна бага насны буюу 10 нас 6 сар 10 хоногтой Э.Э-ийг “манай дүүг хэл амаар доромжилж хамт тоглосонгүй” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь сагсны бөмбөгөөр 2 удаа шидэж, эрүүл мэндэд нь дух хацарт хаван, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: 

...Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 4 /,   ...Араас Б.Б- гэх хүн хөөш гэж дуудахаар эргэж харахад “Та нар манай дүүтэй тоглосонгүй” гээд араас сагсны бөмбөг шидэж миний нүүр хэсэг рүү 2 удаа оносон. Манай ахыг зодсон Б.Б- цаашаагаа зугтаагаад явчихсан. Төвшин гэх манай байрны ах бүгдийг нь харсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийн мэдүүлэг  / хх 13-15 /,  ...Алхаж явахад Панда гэх хочоор дууддаг махлаг биетэй хүүхэд орилохоор нь харахад түүний хажуу талд насанд хүрсэн хүн бөмбөг шидээд газарт унасан бөмбөгийг аваад Пандаг гараараа чичлээд загнаж байснаа унадаг дугуйг нь аваад газар руу шидэхээр нь би очсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Төвшингийн мэдүүлэг  / хх 17 /,  ...Эрдэнэтөгс эхнэрийнхээ хамт орж ирээд тухайн өдрийн камерын бичлэгийг хуулбарлаж авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Хандсүрэнгийн мэдүүлэг / хх 20 /,  ...Том хүү Э.Э- уйлчихсан “Батбаяр ах үүдний харуулын хажууд сууж байхад шууд хүрч ирээд миний хоолойг боосон” гэж хэлэхээр нь Батбаярт “Чи хөгширч үхэх гэж байж 10 настай хүүхдийн хоолой амыг боогоод болохгүй шүү дээ” гэхэд Батбаяр өөдөөс “ Хоёулаа үзье. Зодолдъё “ гэж удаа дараа турхирсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Эрдэнэтөгсийн мэдүүлэг  / хх 25-26 /,   ...Э.Э-ийн биед дух, хацарт хавантай, хамрын нуруунд цус хурсан гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5544 дугаартай дүгнэлт  / хх 31 /,  ...Б.Эрхэмбилэгийн биед учирсан дух, баруун хацарт хаван, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус гэмтлүүд нь нэг дор буюу 1 удаагийн хатуу мохоо зүйлээс үүсэх боломжтой гэмтлүүд байна. Шинэ гэмтлүүд болно гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч С.Одончимэгийн мэдүүлэг / хх 24 /,   ...Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 40 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, сургуульд сурдаг, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэг нь хохирогчийн эмчилгээний зардалд / хх 133-139 / 448.206 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэгт олгож, нэхэмжлэлээс 25.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, Б.Б- нь цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б-т 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Б.Б-ийг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 / нэг мянга / нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Б-оос 448.206 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэгт олгож, нэхэмжлэлээс 25.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ