Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/501

 

 

 

             

 

 

 

     2021      07          26                                    2021/ШЦТ/501

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,                                   

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Д.Ц-т холбогдох эрүүгийн 1909036341436 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 96 дугаар гудамжны 28а тоотод оршин суух, Нийслэлийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 127 дугаар зүйлийн 127.2, 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 578 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарьн 23-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 234 дүгээр зүйлийн 234.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 723 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: ... / ... овогт Д.Ц- нь:

 

- 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух З.Пагмадоржийн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч булган малгай 2 ширхэг, хүүхдийн унадаг дугуй, эрэгтэй хүний бүс зэрэг эд зүйлийг авч, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Түвшинтэй бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат зуслангийн 7-4А тоотод байх иргэн Г.Оргилын зуслангийн байшингийн цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлахыг завдаж, вакуум цонхыг нь хагалж 75.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн ганцаараа 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны 523 тоотод оршин суух Г.Чулуунбатын гэрээс 32 инчийн "ЛЖ" брэндийн зурагт, "Самсунг Эс 4" маркийн гар утас, "Скай" маркийн гар утас зэргийг нууцаар хууль бусаар авч, бусдад 383.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1хх 12, 1хх 118, 1хх 222 /

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 14-29, 119-127, 224-232 /

Хохирогч Г.Оргил мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр миний гар утсанд дхиололын дуудлага ирэхээр нь би хөрш айлын Н.Мөнхцэцэг рүү утасдаж “Манай дохиолол дуугараад байна. Шалгаад өгөөчээ” гэж хэлсэн. Удалгүй над руу Мөнхцэцэг утасдаад “Танай байшингийн цонх нь хагарчихсан байна. Би хагарсан цонхны чинь дэргэд байна. Танай цонхны дотор талд байрлах буйдан дээр хүний гутлын мөр байна. Хулгай орсон байж магадгүй. Би сая гэрийнхээ үүдэнд танай байшин руу хараад сууж байтал 2 эрэгтэй хүн танай хашааг даваад орж ирж байна. Бодвол тэр хоёр хүн цонх хагалчихаад дохиолол дуугарахаар нь хүн ирэх эсэхийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь дахин хашаа давж орж ирээд хулгай хийх гэж байсан байх гэж бодож байна. Намайг орилоод яваад очтол нөгөө 2 хүн зугтаачихсан. Харин би машинаар хөөсөөр байгаад 1 хүнийг нь барьж аваад цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн” гэж надад хэлсэн. Манай гэрээс хулгайд алдагдсан эд зүйл бол байхгүй. Харин хагарсан вакум цонхыг шиллүүлэхэд 80.000 төгрөг болсон гэжээ. / 1хх 33-35 /

Гэрч Э.Дөлгөөн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хөрш айлын эгч Мөнхцэцэг утсаар яриад “Танай гэрт хулгай ороод цонхыг чинь хагалсан байна” гэхээр нь бид нар шууд зуслан дахь гэр рүүгээ ирсэн. Гэрт иртэл цагдаа нар ирчихсэн байсан. Би гэр рүүгээ ороод үзтэл алдагдсан эд зүйл байгаагүй. Манай хөрш эгч Мөнхцэцэг хэлэхдээ 2 залуу явж байсан гэж хэлсэн / 1хх 46-47 /

Яллагдагч Э.Түвшин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Д.Ц- бид хоёр хашаан дотроос нэг лоом олж аваад цонхыг нь лоомоор цохиж хагалаад байшинд орох гэтэл байшингийн дохиолол дуугарахаар нь бид хоёр хашааг давж зугтсан. Д.Ц- баригдаж үлдээд би тэр чигээрээ зугтсан гэжээ. / 1хх 75 /

 “Дамно” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн СБ2-19-835 дугаартай үнэлгээгээр вакум цонхыг 75.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 1хх 41-42 /

Хохирогч Т.Ганчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Нөхөр хэлэхдээ “Гэрээсээ гараад төв засмал руу уруудаад явж байтал Уулын Хаан нэртэй дэлгүүрийн гадаа 2 үл таних залуу архи уугаад сууж байсан. Хажуугаар нь өнгөрөх гэтэл тамхи асуухаар өгөөд хамт тамхилтал ууж байсан архинаасаа зөрүүлээд өгөөд бид 3 танилцсан” гэж хэлсэн. Тэгээд тэр 2 хүн манай нөхөрт хандаж дэлгүүрээс дахиад 1 шил архи аваад танай гэрт очиж ууя гэж хэлээд гэртээ дагуулж очсон байсан. Тэгээд нэг залуу нь “Манай нөхрийг хамт архи аваад ирье наадах чинь гэрт унтаад байж байг гэтэл нөгөө залуу нь би танай гэрт унтаад хүлээгээд байж байя, та хоёр явчихаад ир” гээд нэг залуутай нь манай нөхөр гэрээс гарсан гэсэн. Тэгээд дэлгүүр рүү орох гэтэл хамт  явж байсан залуу нь дэлгүүрийн гадаа нэг залуутай уулзаад юм яриад зогсож байснаа нөхрийг түрүүлээд дэлгүүр рүү орж бай гэхээр нь ороод буцаад гараад иртэл хамт явсан залуу нь алга болчихсон байсан. Тэгээд нөхөр ирсэн хүн нь алга болчихсон, нөгөө хүн нь гэрт үлдсэн болохоор сэжиг төрөөд гэртээ очтол гэрийн хойморт байсан зурагт, хоёр ширхэг гар утас, орны бүтээлэг зэрэг зүйлс байхгүй байсан гэжээ. / 1хх 132-137 /

Гэрч Б.Чулуунбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би нөгөө 2 залуугийн хамтаар монгол гэртээ ороод авсан архиа ууж сууцгаасан. Намхан тарган бор нь “Би ядраад байна. Танай гэрт чинь унтаж амраад байж байя. Та хоёр явчихаад ир” гэсэн. ...Гэрт нэг залуу үлдээснээ санаад гэр онгорхой түгжээгүй, дотор нь сайн танихгүй хүн байгаа, хамаг эд зүйл алдагдчихсан байхав дээ гэж бодоод гэр рүүгээ яараад гүйгээд очтол гэрийн хойморт шар өнгийн модон тавиур дээр байсан ЛЖ маркийн 42 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт маань байхгүй. Мөн нөгөө гэрт үлдэж хоцорсон намхан бор махлагдуу залуу ч байхгүй байсан. Мөн Эс-4 маркийн андройд гар утас, мөн Скай маркийн 2 ширхэг гар утас бор өнгийн сервантны шилэн тавиур дээрээс алдагдсан байсан гэжээ. / 1хх 153 /

“Дамно” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн СБ2-19-971 дугаартай үнэлгээгээр хулгайд алдагдсан эд зүйлийг 383.400 төгрөгөөр үнэлсэн тайлан / 1хх 138-140 /

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 163-169 /

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4670 дугаартай гарын мөрийн шинжилгээний дүгнэлт / 2хх 1-5 /

Хохирогч З.Пагмадорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 16 цаг 40 минутын үед цэцэрлэгээс хүүхдээ авах гэж гараад 17 цаг 30 минутанд ирэх үед манай гэрийн хаалганы цоожийг эвдлэн хулгайч орж эд зүйлс алдагдаж, гэр орны эд зүйлс маш замбараагүй болсон байсан. Гэрээс хүүхдийн унадаг дугуй, авдранд байсан эрэгтэй эмэгтэй хүний булган малгай, дуураймал мөнгөн бүс зэрэг эд зүйлс алдагдсан гэжээ. / 1хх 236-240 /

Дамно” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн СБ2-19-960 дугаартай үнэлгээгээр хулгайд алдагдсан эд зүйлсийг 250.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 1хх 243-244 /

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 03/377 дугаартай гарын мөрийн шинжилгээний дүгнэлт / 1хх 170-176 /

Яллагдагч Д.Ц- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Байшингийн цонхыг хагалж бид хоёр хулгай хийх санаатай тэнд байсан хадаасны лоомыг цонх руу шидэхэд дохиолол нь дуугараар нь зугтчихсан. ...Тухайн өдөр зүс таних дүүтэй 0.75 гр архи уугаад сууж байхад хойд таны айлын эзэн бололтой огт танихгүй залуу нэг татуулчихаач гэхээр нь уулгахад “Та хоёр ингэж тав тухгүй сууж байхаар манайд ороод суугаач” гэж хэлэхээр нь гэрт нь ороод архиа ууж дуусгачихаад дахиад архи авах болсон. Нөгөө дүү, айлын эзэн хоёр гараад явах хойгуур нь би гэрээс 32 инчийн зурагт, 2 ширхэг гар утас зэрэг эд зүйлийг хулгайлан аваад гараад ломбарданд өөрийн бичиг баримтаар 80.000 төгрөгөөр тавьж архи авч уусан. ...Би 2 үйлдлээ ганцаараа үйлдэж, 1 үйлдлээ Э.Түвшинтэй бүлэглэж үйлдсэн гэжээ. / 1хх 80, 213-215, 2хх 46 /

Шүүгдэгч Д.Ц-оос 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1хх 80, 213-215, 2хх 46 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 2хх 61 / зэрэг болно.

Шүүгдэгч Д.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч нарын хохирлыг шүүхийн барьцааны дансанд тушаасан. Хохирлыг би ажил хийж төлсөн гэв.

Шүүгдэгч Д.Ц- нь Э.Түвшинтэй бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ... тоотод иргэн Г.Оргилын зуслангийн байшингийн цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлахыг завдаж, вакуум цонхыг нь хагалж 75.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн ганцаараа 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, ... тоотод оршин суух Г.Чулуунбатын гэрээс 32 инчийн “ЛЖ” брэндийн зурагт, “Самсунг Эс 4”, “Скай” маркийн 2 гар утас зэргийг нууцаар хууль бусаар авч, бусдад 383.400 төгрөгийн хохирол учруулсан

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух З.Пагмадоржийн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч булган малгай 2 ширхэг, хүүхдийн унадаг дугуй, эрэгтэй хүний бүс зэрэг эд зүйлийг авч бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 708.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  ...Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1хх 12, 1хх 118, 1хх 222 /,    ...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 14-29, 119-127, 224-232 /, ...Хөрш Мөнхцэцэг утасдаад “Танай байшингийн цонх нь хагарчихсан байна. ...Тэр хоёр хүн цонх хагалчихаад дохиолол дуугарахаар нь хүн ирэх эсэхийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь дахин хашаа давж орж ирээд хулгай хийх гэж байсан байх гэж бодож байна. Намайг орилоод яваад очтол нөгөө 2 хүн зугтаачихсан гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Оргилын мэдүүлэг / 1хх 33-35 /,     ... Хөрш айлын эгч Мөнхцэцэг утсаар яриад “Танай гэрт хулгай ороод цонхыг чинь хагалсан байна” гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Дөлгөөний мэдүүлэг / 1х 46-47 /,     ... Д.Ц- бид хоёр хашаан дотроос нэг лоомб олж аваад цонхыг нь лоомбоор цохиж хагалаад байшинд орох гэтэл байшингийн дохиолол дуугарахаар нь бид хоёр хашааг давж зугтсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Э.Түвшингийн мэдүүлэг / 1хх 75 /,   ...“Дамно” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн СБ2-19-835 дугаартай үнэлгээгээр вакум цонхыг 75.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 1хх 41-42 /,      ...Нөхөр гэртээ очтол гэрийн хойморт байсан зурагт, хоёр ширхэг гар утас, орны бүтээлэг зэрэг зүйлс байхгүй байсан гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Т.Ганчимэгийн мэдүүлэг / 1хх 132-137 /,      ...Гэрт нэг залуу үлдээснээ санаад гэр онгорхой түгжээгүй, дотор нь сайн танихгүй хүн байгаа, хамаг эд зүйл алдагдчихсан байхав дээ гэж бодоод гэр рүүгээ яараад гүйгээд очтол гэрийн хойморт шар өнгийн модон тавиур дээр байсан ЛЖ маркийн 42 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт, Эс-4 маркийн андройд гар утас, мөн Скай маркийн 2 ширхэг гар утас байхгүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Чулуунбатын мэдүүлэг / 1хх 153 /,  ...”Дамно” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн СБ2-19-971 дугаартай үнэлгээгээр хулгайд алдагдсан эд зүйлийг 383.400 төгрөгөөгр үнэлсэн тайлан / 1хх 138-140 /,      ...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 163-169 /,       ...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4670 дугаартай гарын мөрийн шинжилгээний дүгнэлт / 2хх 1-5 /,       ...Гэртээ ирэх үед манай гэрийн хаалганы цоожийг эвдлэн хулгайч орж эд зүйлс алдагдаж гэр орны эд зүйлс маш замбараагүй болсон байсан. Гэрээс хүүхдийн унадаг дугуй, авдранд байсан эрэгтэй эмэгтэй хүний булган малгай, дуураймал мөнгөн бүс зэрэг эд зүйлс алдагдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч З.Пагмадоржийн мэдүүлэг / 1хх 236-240 /,       ...“Дамно” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн СБ2-19-960 дугаартай үнэлгээгээр хулгайд алдагдсан эд зүйлсийг 250.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 1хх 243-244 /,  ...2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 03/377 дугаартай гарын мөрийн шинжилгээний дүгнэлт / 1хх 170-176 /,     ...Би 2 үйлдлээ ганцаараа үйлдэж, 1 үйлдлээ Э.Түвшинтэй бүлэглэж үйлдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Ц-ын мэдүүлэг / 1хх 80, 213-215, 2хх 46 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ц-ыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Ц- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан 708.400 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 3 / гурав / жилийн хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ц-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байна.  

Мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөл үзүүлэхгүй хэсгүүдэд байхгүй, мөн хуулийн 3.2 дугаар зүйлд заасан хориглосон заалтад хамаарахгүй байх тул түүнд өршөөл үзүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Д.Ц-ын хувьд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж бусдад төлөх төлбөргүй, байнга оршин суух хаягтай зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн  ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Харин шүүгдэгч Д.Ц- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулав.

 

Шүүгдэгч Д.Ц- нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 121 хоног, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 41 хоног, нийт 162 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялаас хасч хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасны дагуу түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ц- нь бусдад төлөх төлбөргүй, Д.Ц-ын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан 708.400 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Оргилд 75.000 төгрөг, Т.Ганчимэгт 383.400 төгрөг, З.Пагмадоржид 250.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Д.Ц-т Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01а дугаартай захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Д.Ц-ыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 / гурав / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Ц- нь 162 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,12 дэхахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ын цагдан хоригдсон 162 хоногийг эдлэх ялаас хасч, 2 жил 6 сар 18 хоногийн хугацаагаар эдлэх ялын хэмжээгд оруулан тооцсугай тогтоосугай.

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Ц-ын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан 708.400 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Оргилд 75.000 төгрөг, Т.Ганчимэгт 383.400 төгрөг, З.Пагмадоржид 250.000 төгрөгийг тус тус олгосугай.

            9. Д.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01а дугаартай захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай.  

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ц-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ