Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2017/01552

 

 

 

 

 

 

                         

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 36 дугаар хороо, Чулуутын 8-6 тоотод оршин суух Найман овогт К-ы Б /РД: ............................../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 23-100 тоотод оршин суух Боржигон овогт Д-ийн Н\ /РД: ........................./-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 624,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.Б, хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2014 оны 03 дугаар сард 3 хороолол, Бичил хороолол 33 дугаар байранд Мөнхжил гэх нэртэй хүнсний дэргүүрийг түрээсэлж ажиллуулж байсан. Би 2015 оны 03 дугаар сард  дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг Д.Н-д хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн өдрөө 400.000 төгрөг авсан. Маргааш нь ирэхэд Д.Н эгчээ би мөнгөгүй болчихлоо. 1 сарын дараа мөнгийг өгье гэж хэлсэн. Гэтэл 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Мөнхжил дэлгүүрийн хажууд байдаг эмийн санд сууж байсан охин надруу залгаад таны барааг хүн ачуулаад яваад байна гэхээр нь очиход Д.Н миний барааг аваад ачаад явчихсан байсан. Үүний дараа би утсаар залгаж холбогдоход би таныг юу гэж хуурах вэ гэсэн утга агуулгатай зүйл хэлсэн. Гэтэл утсаа салгаад алга болсон. Регистрийн дугаар нь надад байсан учир би хаягийг нь тодруулж Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад  оршин сууддаггүй гэсэн тул хаягийг тодруулахаар эрэн сурвалжлуулсан. Иймээс бараа бүтээгдэхүүний төлбөр 624.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй, тооцоо нийлсэн акт баримт юу ч үйлдээгүй. Хүнсний дэлгүүрт гэрээ байгуулсан хүн л энэ асуудлыг хариуцах байх. Надад эхэлж хэлэхгүй шууд цагдаагийн байгууллагаар намайг эрэн сурвалжлуулсан байсан” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч К.Б нь хариуцагч Д.Н-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 624.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 6А байрны 76 тоотод байрлах “Мөнхжил” хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байгаад түрээсийн хугацаа дууссан тул үлдэгдэл барааг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Д.Н-д хүлээлгэн өгч, 400.000 төгрөгийг Д.Н-н охин бэлнээр өгсөн, одоо 624.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан бол, хариуцагч нь К.Б гэж хүнийг танихгүй, Баянгол дүүргийн 6А байрны 76 тоотод байрлах “Мөнхжил” хүнсний дэлгүүрийг түрээслэх зорилгоор очоод миний бие түрээсийн гэрээ байгуулаагүй, ямар нэг бараа хүлээж аваагүй, дараа нь миний утас руу нэг удаа залгасан би аваагүй гэж хэлсэн гэж татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарлаж байна.

 

   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардаж байгаа ба хариуцагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй 1.024.000 төгрөгийн үнэ бүхий бараа шилжүүлсэн гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн байдлыг нотлох үүрэгтэй.

 

Талууд бараа худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, ямар нэр төрлийн, хэдэн ширхэг барааг нэг бүрийг хэдэн төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон талаар талууд харилцан тохиролцож баримт үйлдээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагч Д.Н-д 1.024.000 төгрөгийн бараа шилжүүлсэн, Д.Н-н охин 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн байдлыг нотлох нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу нотолж чадаагүй байна.

 

Өмнө нь үл таних бусдад бараа шилжүүлэн өгсөн гэх атлаа итгэж шилжүүлсэн, ажиллана гээд баримт үйлдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн байдал баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах…” гэж заажээ.

 

Шүүхээс 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар Баянгол дүүргийн 6А байрны 76 тоотод байрлах “Мөнхжил” хүнсний дэлгүүрийн өмчлөгч, болон хариуцагч Д.Нэргүйгийн охин нарыг гэрчээр асуух зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах боломжийг хэрэглээгүй болно.

 

Нэхэмжлэгч талаас тодруулахад Баянгол дүүргийн 6А байрны 76 тоотод байрлах “Мөнхжил” хүнсний дэлгүүрийн өмчлөгчийн бүтэн нэрийг мэдэхгүй, мөн хаана оршин суудаг гэх зэрэг мэдээллийг мэдэхгүй, хариуцагч Д.Н нь манай охин Г.Э-д БНХАУ-д ажиллаж байгаа гэх гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүх нотлох баримтыг цуглуулах нь хөндлөнгийн байх зарчмаас хазайж, шүүхийн санаачлагаар авсан баримтын нийцүүлэн хэргийг шийдвэрлэх нь талуудын зарчимд халдаж буй хэлбэр тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримт гаргуулах ажиллагаа хийгээгүй болно.

 

Нэхэмжлэгч талаас хавтаст хэргийн 5-14 дэх талуудад тооцооны дэвтрийн хуулбарыг нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр гаргаж өгсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч К.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “миний хувийн тооцооны дэвтэр, хариуцагч талаас тооцоо нийлсэн баримт биш” гэх тайлбараас үзэхэд уг баримт нь хэзээ хаана үйлдсэн баримт болох нь тодорхойгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй төдийгүй, эхийг нь шаардаж аваагүй болно.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хариуцагч Д.Нэргүйгээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 624.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч К.Батыхагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Д.Н-ээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 624.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч К.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР