Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/603

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Ч.Батбаатар /томилолтоор/,

хохирогч Д.Тын өмгөөлөгч З.Ариунжаргал,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *****, урьд ял шийтгэлгүй, Б.Б /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “***” авто угаалгын урд замд Ниссан Тийда маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Тын хөлийг дайрч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Улмаар мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийн хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд орсон хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” үүргээ зөрчин хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

         Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “***” авто угаалгын урд замд “Ниссан Тийда” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Тын хөлийг дайрч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

           Улмаар мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийн хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд орсон хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” үүргээ зөрчин хэргийн газрыг санаатай орхин зугтаасан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 6-9, 12-13 дугаар хуудас/,

         Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “Ниссан Тийда автомашин урсгал сөрөн орж ирж байгаа нь харагдаж, зам хөндлөн гарч байсан хоёр хүний баруун талд явж байсан явган зорчигчийн хөлөн дээгүүр нь гарч байгаа нь харагдах ба 17:40:01 секундэд явган зорчигч уг автомашины хойд цонхны шилийг баруун гараараа нэг удаа цохиж  байгаа нь харагдав. ...Ниссан Тийда  маркийн автомашин чигээрээ явж байгаа нь харагдах ба 17:40:06 секундэд явган зорчигч зам гаран тонгойж хөлөн дээрээ гараараа тулан зогсож байгаа нь харагдав...” гэх /хэргийн 14 дүгээр хуудас/,

            Хохирогч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 06 сарын 11-ний өдөр 16 цаг 30 минутын орчимд  Баянгол дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ***” авто угаалга  орох гээд туслах замын урдаасаа хойшоо чиглэлтэй зам бараг гарчихаад ертөнцийн зүгээр баруунаас, зүүн чиглэлд авто угаалга руу ажлынхаа   Гын   хамт явж байтал  туслах замын хороолол руу ордог замын чиглэлд улаан өнгийн автомашин дугуй засварын газар руу орох гээд  зогсож байсан. Тэгсэн төв зам талаасаа  шар өнгийн  Nissan Tiida  маркийн ***  улсын дугаартай  автомашин нь хороолол  руу ордог зам руу  урсгал сөрөөд миний явж байсан чиглэлд орж ирээд миний зүүн хөлөн дээгүүр автомашины жолооч /буруу жолооны хүрдтэй/ талын дугуйгаараа гараад шууд зогсолгүй яваад өгсөн 4-5 минут тухайн жолоочийг хүлээсэн боловч буцаад ирэхгүй  байсан. Жолоочийн явсан чиглэл  нь байрны дундах зам ба уг зам нь цаашаа нэвт гарах боломжгүй тул хэсэг хүлээгээд гарч ирэхгүй байсан. Миний зүүн хөл өвчин ороод өвдөөд байхаар нь Гын хамт ажил орж хувцсаа солиод Г ажил дээрээ  үлдээд би ажлынхаа  өөр хүнтэй хамт гэмтлийн эмнэлэг  орох гээд явж байтал зам түгжрэл ихтэй байсан тул Мөнгөн гүүр эмнэлэг рүү шууд очоод зүүн хөлийн  тавхайн ясны рентген зураг авхуулаад зүүн хөлийн  долоовор хуруу  хугаралтай байна гэсэн онош гарсан. Тэгээд л зүүн хөлөө гипсдүүлээд хэргийн  газарт хэмжилт хийхэд нь зааж өгчихөөд мэдүүлэг өгч байна. Хамт явсан Г  угаалгын газар ажиллуулдаг бас нэг  залуу хоёр л харсан өөр хүн байгаагүй, шинжээч томилуулна, зүүн хөлөн дээгүүр автомашинтайгаа гараад явсанд гомдолтой байна....” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,

         Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... 2021 оны 06 дугаар сарын 11-ний  өдөр 16 цаг өнгөрч байхад Ханбогд  хорооллоос, 10-р хорооллын 90-р байр орох гээд миний эзэмшлийн “Nissan Tiida” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг  манай хүү Б жолоодоод, би хойд талд нь 3,4 настай 2 хүүхэдтэйгээ сууж явсан. Жолоочийн хажуу талын суудал дээр хүн байгаагүй. Баянгол дүүргийн 4-р хорооны нутагт байрлах гаалийн байр луу ордог хорооллын зам руу төв замаас зүүн гар тийш эргээд хорооллын замаар орох гэхэд эсрэг хөдөлгөөнтэй 2 урсгалтай замынхаа  баруунаас зүүн  чиглэлд явдаг чиглэлээр  явах гэтэл  тэр урсгалд хар хөх өнгийн автомашин байсан. Тус автомашиныг хүлээх зуур төв замынхаа эсрэг урсгалаас том ачааны автомашин ирж байгаа харагдахаар нь  манай хүү хар өнгийн  автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийн тулд эсрэг урсгал ороод явж байтал ар талаас  гэнэт нэг  эрэгтэй хүн гарч ирээд миний автомашины жолооч талын толийг биеэрээ явган зорчигч өөрөө мөргөчихсөн. Манай хүү Б нь та автомашинд дайрууллаа ш дээ гэхэд явган зорчигч юм хэлээгүй. Тэгсэн манай хүү Б замаа чөлөөлөх гээд хөдөлсөн чинь явган зорчигч эрэгтэй манай автомашины хойд талын салхины шилийг гараараа цохиод хагалсан. Энэ үйлдлээс болоод хамт явж байсан 3 настай охин Аялгуу айгаад уйлаад байхаар нь явган зорчигчийг согтуу хүн байна гэж бодоод Бг бид 3-ийг буулгачихаад буцаж ирээд наад хүнтэйгээ учраа ол гэж хэлээд байрны гадаа очоод би 2 хүүхдээ авч буугаад Б буцаад осол болсон газар руу ганцаараа явсан. Би 5-6 минутын дараа Бгийн утас руу залгахад  нөгөө хүмүүс нь явсан байна гэхээр нь за за хүмүүс явчихсан юм чинь  гээд өнгөрсөн. Хүмүүс нь зүгээр байсан байх гэж бодсон. 20 минутын дараа над руу Баянгол дүүргийн Замын цагдаагаас Ганбаатар гэдэг цагдаа ярихдаа таны эзэмшлийн автомашин нь осол гаргасан байна хэн барьж явсан бэ гэхээр нь би  хүү Бгийн утасны дугаарыг нь өгсөн, ослын газарт хүрээд ир гэхээр нь манай хүү ослын газарт буцаж очоод хэмжилт хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар  хуудас/,

         Гэрч  Ө.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр найз Тын хамт Хэрмэс худалдааны төв рүү орж барилгын материал авсан, тэгээд буцаад 10 дугаар хороолол руу явах замд төв замаар явганы гарцаар дугуй засвар авто угаалгын голын автозамаар гарж явтал төв замаас суудлын автомашин урсгал сөрж орж ирээд найз Тын зүүн хөлөн дээгүүр нь гараад явсан, тэгэхээр нь найз Т машины арын жижиг цонхыг нэг удаа цохисон. Тэр  машин нэг зогссоноо цааш яваад өгсөн. Зам хөндлөн гараад Т хөлөө бариад эвгүй болчихлоо гээд зогссон. Тэгээд бид хоёр гайгүй байх гэж бодоод 10 дугаар хороололд байдаг ажил руугаа явсан. Ажил дээр очоод Тын хөлөн дээгүүр машин гараад явчихлаа гээд хамт ажилладаг хүмүүст хэлэхэд нэг найз маань Тыг эмнэлэг рүү авч яваад үзүүлсэн  тэгэхэд Т хөлөө гипсдүүлсэн ирсэн миний мэдэж байгаагаар ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хэргийн  31 дүгээр хуудас/

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №*** дугаартай:

“1. Д.Тын биед зүүн хөлийн өлмий ясны далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт/хэргийн 41-42 дугаар хуудас/,

               “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт:

  1. “ Уг автотээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйны тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа,  дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хэмжээ хэвийн байна. Зүүн гар талын  их  гэрлийн тусгалын чадал ойр  дээрээ болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн болон баруун гар талын   гэрлүүдийн тусгалын тохиргоо хэвийн байна. Нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг тохиргоо  хэвийн байна. Автотээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн  STENHOJ T- 71096   хайчин өргүүр дээр STENHOJ T- 71096  Микро- 20/26 хийн шингэн, тосон хосолмол  шахуургатай өргөгч /домкрат/  ашиглан үзлэг хийхэд хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги бэхэлгээ хэвийн жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байна. Ерөнхий байдал , иж бүрдлийн хувьд: Капот урд талын  гол хэсэгтээ хонхойж сэвтсэн, баруун гар талын хойд хаалганы жижиг шил бяцарсан, улсын дугаарын хоёр гэрэл асахгүй зэрэг гэмтлүүдтэй байв.
  2. Баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, капот урд  талын гол хэсэгтээ хонхойж сэвтсэн. Баруун гар талын хойд хаалганы жижиг шил бяцарсан, улсын дугаартай хоёр гэрэл асахгүй зэрэг гэмтлүүдтэй байв.
  3. Баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, улсын дугаартай  хоёр гэрэл асаахгүй зэрэг гэмтлүүд нь ослоос өмнөх үүссэн байж болох бөгөөд капот урд талын гол хэсэгтээ хонхойж сэвтсэн, баруун гар талын хойд хаалганы жижиг шил бяцарсан зэрэг нь шинэ,  хуучны аль нь болохыг тодорхойлох боломжгүй. Тухайн зам тээврийн осол 16 цаг 30 минутын орчим болсон гэх тул баруун гар талын их  гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байгаа болон дээрх гэмтлүүд нь осолд нөлөөлөхгүй.
  4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай  ABS  тоормосны системтэй. Урд ба хойд дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага  хангасан , мөн тоормосны систем битүүмж алдагдаагүй,  ABS систем хэвийн ажиллагаатай байна
  5. Тоормосны систем  нь хийн, хий буюу шингэн дамжуулгатай тоормосны  системтэй үед замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалахгүйгээр тоормосны дөрөө дээр гишгэх хүчнээс шалтгаалж зам дээр тоормосны  мөр үүснэ. Харин ABS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг” гэх дүгнэлт /хэргийн 46-49 дүгээр хуудас/,

            2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа:

  1. “ Ниссан Тийда маркийн ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батболд овогтой Б нь  тээврийн хэрэгслийг   жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5  Зам  тээврийн осолд холбогдсон  жолооч  дахь үүргийг хүлээнэ : а/  тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу  тавьж тээврийн хэрэгсэлд болон осолд холбогдол бүхий  эд юмсыг байрнаас нь  хөдөлгөхгүй байх б/ осолд өртсөн хүн эмнэлгийн тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд   уг хүний ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу  бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт) ,  тээврийн хэрэгслийн гэрчилгээг  үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн  марк% улсын дугаарын тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;  в/  осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг  хүлээх ба түүнийг иртэл  осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг  хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг, Мөн дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Д овогтой Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хэргийн 112-113  дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би  2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ээж болон 2 дүүгийн хамт Яармагт байдаг эгчийнхээсээ гараад ээж Гын эзэмшлийн Ниссан Тийда маркийн ***  улсын дугаартай тээврийн  хэрэгслийг жолоодоод Баянгол дүүрэгт байрлах гэр лүүгээ  харихаар   гарсан. Харих замд 17 цагийн орчим гэрийнхээ хороолол руу орох гарц руу орох гээд зүүн тийш эргэх үйлдэл хийхэд тухайн гардаг хэсгээр суудлын автомашин гарах гээд зогсож байсан тэгэхээр нь би хүлээж байгаад оролгүй тухайн автомашины арын наагуур нь урсгал сөрөн орсон. Тэгтэл зогсож байсан машины араас явган зорчигч гарч ирээд толинд  шүргүүлэх шиг болсон тэгснээ миний жолоодож байсан машины арын жижиг цонхыг гараараа нэг удаа цохиод хагалсан. Тэр үед ээж дүү хоёр хойно сууж явсан тэгээд ээж цонх хагарах үед энэ хүн чинь согтуу байгаа юм биш үү бид гурвыг буулгачихаад буцаад оч гэж хэлсэн. Ингээд би шууд цааш хөдлөөд гэрийнхээ үүдэнд очоод ээж дүү нарыг буулгаад ослын газар ирэхэд нөгөө явган зорчигч байхгүй байсан би хүний хөлөн дээгүүр  нь гарснаа мэдээгүй, сүүлд нь би таксинд явж байтал цагдаагаас над руу залгаад осол болсон газраа хурдан хүрээд ир, явган зорчигчийн дүүгээс нь чамд гомдол гаргасан байна гэж хэлсэн ингээд би ослын газар очсон юм. Тухайн замд би өмнө нь дандаа зөв урсгалаараа ордог байсан автомашины ачаалал их болохоор нь гарах гэж байсан машиныг хүлээлгүй орж болох зай гарахаар нь урсгал сөрөөд орчихсон юм. Би одоогоор хохирол төлсөн зардал байхгүй байгаа хохирогчтой ярьж дансыг нь аваад өнөө маргаашийн хооронд төлж барагдуулна. Өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн  зөвшөөрч байгаа, болсон явдалд харамсаж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 125  дугаар  хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 10 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 101 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 103 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 104 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хэргийн 105 дугаар хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хэргийн 106 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 110 дугаар хуудас/, хохирогчид мөнгө шилжүүлсэн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

            Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “***” авто угаалгын урд замд “Ниссан Тийда” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Тын хөлийг дайрч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

      Улмаар мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийн хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд орсон хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” үүргээ зөрчин хэргийн газрыг санаатай орхин зугтаасан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт, жолоодох эрхийн лавлагаа, мөрдөгчийн магадлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

          Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг /давхар объекттой/  гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

          Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байна.

          Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

          Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан идэвхтэй үйлдэл байх бөгөөд хохирол учирсан байхыг шаардахгүй, хэргийн газрыг орхиж зугтааснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

          Зам тээврийн осол гаргаж авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтааж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, осолд орсон хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байдаг.

          Учир нь зам тээврийн осол гаргасан жолооч өөрийн осол гаргаснаа мэдэж байх бөгөөд тэрээр осол гаргасан даруйдаа тээврийн хэрэгслээ зогсоож, холбогдох арга хэмжээг авах үүрэгтэй атал энэхүү буруутай үйл ажиллагаагаа мэдсээр байж холбогдох арга хэмжээг авалгүйгээр ослын газрыг зориуд орхин явсан идэвхтэй үйлдлээр илэрсэн байна.

        Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Х.Гантулга нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч Б.Бг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлсон ба мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

            Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж заасан бөгөөд дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т нь осолд өртсөн өдрөөс хойших хугацаанд хөдөлмөрийн чадвараа тодорхой хугацаанд /эмчийн акт зэрэг баримтаар/ алдсан болох нь тогтоогдож байна. Иймд хохирогч гэмт хэрэг гарснаас хойших хугацаанд ажилгүй, орлогогүй байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул үүнтэй холбоотойгоор гэмт хэрэг гарснаас хойших хугацаанд эм, эмчилгээтэй холбоотой болон өдөр тутмын амьжиргаа, ахуйдаа зарцуулсан зардал нь гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт хамаарч байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн хор уршигтай холбоотойгоор 6.112.190 төгрөгийн баримт хэрэгт авагдсан ба үүнээс 97.940 төгрөгийн хохирлын баримт нь хэрэгт хамааралгүй буюу гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас өмнөх баримт байна. Харин гэмт хэргийн бодит хор уршигт хамаарах зардал нь 6.014.250 төгрөгийн баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 590.000 төгрөгийг /хэргийн 94 дүгээр хуудас/ гэмт хэргийн хохирол, хор уршигт нөхөн төлсөн боловч гэмт хэргийн хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж үзэхээргүй байна.

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бгаас 5.424.250 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Тт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Харин хохирогч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлын болон бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нийт 1.050.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Гантулга“ ...Өршөөлийн тухай хуульд хамааруулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгч Б.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”,  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

  Шүүхээс шүүгдэгч Б.Бг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Бг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял,

Мөн “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх торгох ялын нийт хэмжээг 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.Бгийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, хохирол төлбөрийн заримыг нөхөн төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлэв.

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц *** дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч Б.Бд буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Бг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг,

“Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх торгох ялын нийт хэмжээг 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц *** дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч Б.Бд буцаан олгосугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас 5.424.250 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Тт олгосугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан зардлын болон бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ЗОЛБОО