| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0064/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2021-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга М.Ө
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч О.А, О.Ч, С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт С.А, Б овогт О.Ч нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 09-р сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С сумын З багт төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Өргөн сумын 1-р баг, Ц гэх газар нутагладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь сум дундын 2-р шүүхийн ... оны ...-р сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ... оны ...-р сарын ...-ны өдөр суллагдсан гэх Б овогт О.А,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ...-р сарын ...-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт одоогоор Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Л овогт С.А,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Өргөн сумын 1-р багийн З гэх газар нутагладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт О.Ч,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Ч, С.А нартай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “С” шатахуун түгээх станцын хажууд шатахуун түгээх станц дээр ажиллаж байсан "М.Г-г согтуу хүмүүс хэл амаар доромжилж, бүлэглэн зодсон” гэх дуудлагын дагуу очиж ажилласан хууль сахиулагч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Өргөн сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.С-н хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,
Мөн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдэх явцдаа Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах С шатахуун түгээх станцын хажууд хууль сахиулагч Н.С-г албан үүрэгтэй нь холбогдуулж, хүч хэрэглэн гараараа нүүрэн тус газар нь цохиж, биед нь тархи доргилт, хурууны шарх бүхий гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.А, О.Ч нартай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “С” шатахуун түгээх станцын хажууд шатахуун түгээх станц дээр ажиллаж байсан "М.Г-г согтуу хүмүүс хэл амаар доромжилж, бүлэглэн зодсон” гэх дуудлагын дагуу очиж ажилласан хууль сахиулагч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Өргөн сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.С-н хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,
Шүүгдэгч О.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.А, С.А нартай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "С” шатахуун түгээх станцын хажууд шатахуун түгээх станц дээр ажиллаж байсан М.Г-г согтуу хүмүүс хэл амаар доромжилж, бүлэглэн зодсон” гэх дуудлагын дагуу очиж ажилласан хууль сахиулагч Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Өргөн сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.С-н хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 07-р сарын 13-ны өдөр О.Ч, С.А, Б нарын хамт Өргөн сумын төв дээр байдаг “С” шатахуун түгээх станцаас бензин авах гэсэн чинь бороотой үед бензин өгөхгүй гэсний улмаас О.Ч-тэй түгээгч Г хэрэлдсэн, тэгээд явъя гээд холдож байтал сумын цагдаа ирсэн. Тэгээд сумын цагдааг эсэргүүцэж биед нь халдсан, сумын цагдаа Н.С өөрөө гомдолгүй гэсэн” гэжээ.
Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүгдэгч О.Ч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид хэд бензин авах гээд очсон. Бороо ороод намдсан байсан. Тэгсэн түгээгч нь хар усан борооноор бензин авах гэлээ гээд тэгэхээр нь чи түгээгч нь биз дээ, бид нар хөдөөнөөс орой үдэш л ирж бензинээ авч байна шүү дээ. Тэгээд маргалдаад байж байсан чинь цагдаа ирсэн. Цагдаа ирээд та нар юу болоод байна гэсэн. Би дүүгээ боль гэж хэлсэн. Зууралдсан байхаар нь салгах гээд боль гэж хэлсэн. Өөр юм байхгүй ” гэжээ.
Хохирогч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07-р сарын 13-ны шөнө 22 цагийн үед С ШТС-н ажилтан А гэх хүн над руу утсаар залгаад “Манай түгээгчийг согтуу хүмүүс зодоод байна” гэх утгатай дуудлагыг өгсөн. Ингээд би ганцаараа цагдаагийн машинтай үйл явдал болоод байгаа газар очсон. Тухайн газар нь клонкоос баруун хойд зүгт 80-100 метр зайд байсан ба тэнд приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 эмэгтэй, 2 эрэгтэй, нийт 4 согтуу хүн байцгааж байсан. Ингээд би очоод юу болсон талаар тодруулах гэтэл Б-тай хамт явсан залуу нь “Юун цагдаа, хаанахын хэн гээч нь ирчихээд томроод байна” гэж хэлсэн. Хажуугаар нь нэг эмэгтэй орж ирээд “Чи одоо зүгээр зайл бид нар явах гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй гээд машиных нь түлхүүрийг аваад цагдаагийн хэсэг дээр очиж учрыг олъё гэж хэлтэл Б-тай хамт явж байсан нэг залуу нь шууд зүүн мөрнөөс маш хүчтэй татаж зүүн мөрдөсний бүчний товчийг тасдаж мөрдөс газарт унагасан. Мөн тэр талын хүзүү хэсгийг маань урсан. Дээрээс нь зүүн шанаанд 1 удаа гараараа цохьсон, зүүн хөлний гуя хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би биеэ хамгаалах гэсэн боловч нөгөө хамт байсан 2 хүүхэн нь надтай зууралдаад байсан учраас би яаж ч чадаагүй. Тэр хар хувцастай эмэгтэй нь “Би татварт олон жил ажилласан, манай нөхөр хүн алаад шоронд яваад ирсэн, би их том артай, гэж хэлээд над руу нулимсан. Ингээд би ганцаараа нөхцөл байдлыг хэцүүдсэн учраас тэндээс явж нэмэлт хүч дуудсан. Тэгээд буцаад очиход нөгөө 2 хүүхэн колонк дээр оччихсон араас нь 2 эрэгтэй нь очиж яваа харагдсан. Ингээд дахиад би тэр хэдэд “та хэдийг цагдаагийн хэсэг рүү дагуулж яваад асуудлыг тодруулъя” гэж хэлээд аваад явсан. Би гомдолтой байна. Эдгээр хүмүүс нь миний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй бүлэглэн өөдөөс уулгалан довтолж миний биед халдаж төрийн хувцас урсан. Тийм учраас би хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна” гэжээ. /хх-ийн 6-7/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 сарын 13-ны өдөр манай гэрт эхнэрийн аав, ээж нь ирээд би хонь гаргаж хорхог хийсэн. Тэгээд удалгүй эхнэр бид 2 хэдэн лааз пиво ууцгаасан ба архи огт уугаагүй. Ингээд 20 цагийн үед эхнэрийн дүү А, түүний эхнэр А, манай эхнэр Ч бид 4 Өргөн сум орж колонкоос шатахуун авахаар би өөрийнхөө приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. Тухайн үед манай эхнэрийн дүү А, эхнэр А нар нь бид 2-той пиво уугаагүй ч гэсэн бага зэрэг согтуу байдалтай харагдаж байсан. Ингээд Өргөн суманд орж ирээд шууд дэлгүүр орж тэндээсээ А, А нар лаазтай пивонууд авч ууцгаасан. Харин тэрнээс нь эхнэр бид 2 огт уугаагүй. Тэгээд С ШТС дээр очиход түгээгч нь байхгүй хаалттай байхаар нь түгээгчтэй нь уулзаж ярилцаж байгаад арай хийж ажиллуулсан. Тэгсэн манай эхнэр болон Ариунтуяа нар машинаас бууж ирээд түгээгчтэй маргалдаж эхэлсэн. Улмаар А, Ч нар түгээгчтэй зууралдчихсан байдалтай байж байсан. Тэрийг нь би харчихаад очиж тэр хэдийг салгацгаасан. Тэгсэн нөгөө түгээгч өөрийнхөө гар утсаараа бичлэг хийгээд байгааг эхнэрийн дүү А мэдчихээд түүнээс булаагаад авчихсан өгөхгүй байсан. Тэгэхээр нь би А-д хандаж “Утсыг нь одоо өгөө” гэж хэлсэн боловч тоохгүй байсан. Тэгээд сүүлд нь түгээгч өөрөө утсан дээрх бичлэгээ устгаж өгөөд утсаа аваад өрөө рүүгээ орсон. Тэгээд колонкоос ойрхон очоод байж байтал араас цагдаа ирсэн. Тухайн үед нь би тэр хэдтэй муудчихсан учраас арай зайтай байж байсан. Тэгсэн нөгөө цагдаатай А барьцалдчихсан зууралдаад манай эхнэр болон А нар дундуур нь орхичихсон байж байсан. Ингээд удалгүй нөгөө цагдаа машины түлхүүр аваад яваад өгсөн. Тэр хооронд манай эхнэр болон А нар колонк дээр дахиж очоод маргаан хийгээд байхаар нь би араас нь дахиж очиж салгасан” гэжээ. /хх-ийн 18-19/
2021 оны 07-р сарын 26-ны өдрийн 02/0232 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтэд:
-Эмнэлгийн бичиг баримтыг шинжлэн судлахад Н.С-н биед тархи доргилт, хурууны шарх гэмтэл тогтоогдлоо.
-Учирсан гэмтэл нь хатуу, мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27/
2021 оны 07-р сарын 27-ны өдрийн №012 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, фото зураг /хх-ийн 31-34/
А ХХК-ний 2021 оны 07-р сарын 28-ны өдрийн ТХҮ-921/1526 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-41/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-73, 82-83, 91-92, 109-110/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.А-тай бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “С” шатахуун түгээх станцын хажууд шатахуун түгээх станц дээр ажиллаж байсан "М.Г-г согтуу хүмүүс хэл амаар доромжилж, бүлэглэн зодсон” гэх дуудлагын дагуу очиж ажилласан хууль сахиулагч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Өргөн сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.С-н хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж заналхийлж эсэргүүцсэн,
Мөн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдэх явцдаа Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах С шатахуун түгээх станцын хажууд хууль сахиулагч Н.С-г албан үүрэгтэй нь холбогдуулж, хүч хэрэглэн гараараа нүүрэн тус газар нь цохиж, биед нь тархи доргилт, хурууны шарх бүхий гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.А-тэй бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “С” шатахуун түгээх станцын хажууд шатахуун түгээх станц дээр ажиллаж байсан "М.Г-г согтуу хүмүүс хэл амаар доромжилж, бүлэглэн зодсон” гэх дуудлагын дагуу очиж ажилласан хууль сахиулагч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Өргөн сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.С-н хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 07-р сарын 13-ны шөнө 22 цагийн үед С ШТС-н ажилтан А гэх хүн над руу утсаар залгаад “Манай түгээгчийг согтуу хүмүүс зодоод байна” гэх утгатай дуудлагыг өгсөн. Ингээд би ганцаараа цагдаагийн машинтай үйл явдал болоод байгаа газар очсон. Ингээд би очоод юу болсон талаар тодруулах гэтэл Б-тай хамт явсан залуу нь “Юун цагдаа, хаанахын хэн гээч нь ирчихээд томроод байна” гэж хэлсэн. Хажуугаар нь нэг эмэгтэй орж ирээд “Чи одоо зүгээр зайл бид нар явах гэж байна” гэж хэлсэн.Тэгэхээр нь би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй гээд машиных нь түлхүүрийг аваад цагдаагийн хэсэг дээр очиж учрыг олъё гэж хэлтэл Б-тай хамт явж байсан нэг залуу нь шууд зүүн мөрнөөс маш хүчтэй татаж зүүн мөрдөсний бүчний товчийг тасдаж мөрдөс газарт унагасан. Мөн тэр талын хүзүү хэсгийг маань урсан. Дээрээс нь зүүн шанаанд 1 удаа гараараа цохьсон, зүүн хөлний гуя хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би биеэ хамгаалах гэсэн боловч нөгөө хамт байсан 2 хүүхэн нь надтай зууралдаад байсан учраас би яаж ч чадаагүй. Тэр хар хувцастай эмэгтэй нь “Би татварт олон жил ажилласан, манай нөхөр хүн алаад шоронд яваад ирсэн, би их том артай, гэж хэлээд над руу нулимсан.Би гомдолтой байна. Эдгээр хүмүүс нь миний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй бүлэглэн өөдөөс уулаглан довтолж миний биед халдаж төрийн хувцас урсан. Тийм учраас би хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/, гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгсэн манай эхнэр болон А нар машинаас бууж ирээд түгээгчтэй маргалдаж эхэлсэн. Улмаар А, Ч нар түгээгчтэй зууралдчихсан байдалтай байж байсан. Тэрийг нь би харчихаад очиж тэр хэдийг салгацгаасан. Тэгсэн нөгөө түгээгч өөрийнхөө гар утсаараа бичлэг хийгээд байгааг эхнэрийн дүү А мэдчихээд түүнээс булаагаад авчихсан өгөхгүй байсан. Тэгэхээр нь би А-д хандаж “Утсыг нь одоо өгөө” гэж хэлсэн боловч тоохгүй байсан. Тэгээд сүүлд нь түгээгч өөрөө утсан дээрх бичлэгээ устгаж өгөөд утсаа аваад өрөө рүүгээ орсон. Тэгээд колонкоос ойрхон очоод байж байтал араас цагдаа ирсэн. Тухайн үед нь би тэр хэдтэй муудчихсан учраас арай зайтай байж байсан. Тэгсэн нөгөө цагдаатай А барьцалдчихсан зууралдаад манай эхнэр болон А нар дундуур нь орхичихсон байж байсан. Ингээд удалгүй нөгөө цагдаа машины түлхүүр аваад яваад өгсөн. Тэр хооронд манай эхнэр болон А нар колонк дээр дахиж очоод маргаан хийгээд байхаар нь би араас нь дахиж очиж салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, 2021 оны 07-р сарын 26-ны өдрийн 02/0232 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт, 2021 оны 07-р сарын 27-ны өдрийн №012 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, фото зураг /хх-ийн 31-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-г хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь хангалттай нотлох баримтаар эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна.
Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А, С.А нарын “энэ хэрэгт О.Ч оролцоогүй, биднийг салгах гээд дундуур нь орж байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Ч-н “Би цагдаагийн алба хаагчийг эсэргүүцээгүй, салгах гэж л байсан” гэх мэдүүлэг, хохирогч Н.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би биеэ хамгаалах гэсэн боловч нөгөө хамт байсан 2 хүүхэн нь надтай зууралдаад байсан учраас би яаж ч чадаагүй. Тэр хар хувцастай эмэгтэй нь “Би татварт олон жил ажилласан, манай нөхөр хүн алаад шоронд яваад ирсэн, би их том артай, гэж хэлээд над руу нулимсан” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа болно.
Шүүгдэгч О.Ч нь цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан ямар шаардлагыг хэрхэн яаж эсэргүүцсэн, цээртэй үг, хэлээр хэрхэн доромжилж байсан зэрэг нь нотлогдохгүй байх тул хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг шинжийг агуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч О.Ч-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч О.А, С.А нар нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч О.А, С.А нар нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирлын хувьд А ХХК-ний 2021 оны 07-р сарын 28-ны өдрийн ТХҮ-921/1526 дугаартай шинжээчийн дүгнэлтээр поло загварын фудволк нь 48,000 төгрөгөөр үнэлэгдсэн хэдий ч хохирогч Н.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч О.А-г хүний биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч О.А, С.А нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.А, С.А, О.Ч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч О.А нь “цагдаагийн ажилтаны өрөөнд бэлэг эрхтэнээ гаргаж шээнэ гэж” шүүгдэгч С.А нь “Би татварт олон жил ажилласан, манай нөхөр хүн алаад шоронд яваад ирсэн, би их том артай” гэж эрээ, цээргүй байдал гаргасан хувийн зан төлөв, хэргийн нөхцөл байдал, мөн шүүгдэгч О.А, С.А нар нь Дорноговь аймгийн Өргөн сумын 1-р баг, Ц гэх газар мал маллаж нутагладаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх, хүний эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлахгүйгээр сумын төвд хүн эмнэлгээс өөр газарт 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн нэг гэрийн хүмүүсийг бүгдэд нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй, энэ зүйлд нийтэд тустай ажил хийлгэх ял байхгүй учир шүүгдэгч С.А-д 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт О.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б овогт О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн заналхийлж эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Л овогт С.А-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт О.А-г Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх, сумын төвд хүн эмнэлгээс өөр газарт 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л овогт С.А-г 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн 6 /зургаа/ сар, 30 /гуч/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь оногдуулсан 6 /зургаа/ сар, 30 /гуч/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч О.А, С.А, О.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А, С.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Ч-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц