Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Б.Л-н өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Б.Л, Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б.Л, Х овогт Г.Г нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 09 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн Б суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн ... оны ...-р сарын ...-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ...-р сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, О овогт Б.Л,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн З гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ...-р сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл Х овогт Г.Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л нь 2021 оны 07-р сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багийн Жинчин гудамжны ... тоот хашаанд хохирогч Г.Г-н баруун суга хэсэгт хагархай шилний хэлтэрхийгээр зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 07-р сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багийн Жинчин гудамжны ... тоот хашаанд Б.Л-н толгойн тус газарт тоосго шидэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн өдөр би өглөө гэрээсээ 06 цаг 30 минутын үед гадуур найз Д-н гэрт очиж бид хоёр 0,75 литрийн Е архийг хувааж ууж дуусгаад  ухаан мэдрэл алдаад тасраад унтчихсан. Унтаж байгаад сэрээд би гэр лүүгээ очоод  гэрээ цэвэрлээд байж байтал Г манай гэрт согтуу байдалтай ирсэн. Тэгээд “чи яах гэж ирсэн юм бэ” чи яв гэсэн чинь Г “та хэлсэндээ байлдаа” гээд орилоод ирэхээр нь би “чи яах гээд байгаа юм бэ?, зүгээр яв л даа” гээд уурлаад хогны төмөр савны дэргэд байсан архины шилийг аван хагалаад Г руу чиглүүлэн цохих шиг болсон. Тэгтэл Г баруун суга хэсгээс цус гарсан. Тэгээд Г газраас тоосго барин над руу шидэхэд миний  толгойг оносон. Тэгээд цус гарсан. ... хоёулаа эмнэлэг явъя гээд маргалдахаа болиод бид хоёр бие биеэтэйгээ эвлэрээд гар бариад өөрсдийн цусыг гэрийнхээ гадаа угаагаад би Г-д хандан “Түргэн дуудаж үзүүлэхгүй юм уу гэсэн чинь” тэр “би зүгээрээ” гэж хэлээд гэр лүүгээ явсан” гэжээ /хх-ийн 135-136/

Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 07 сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р баг Жинчин гудамжны ... тоотод Г-тай маргалдаад би Г-г архины шилээр цохисон. Г намайг тоосгоор цохисон. Ийм л зүйл болсон” гэв.

Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тус өдөр нь би Б.Л-н гэр лүү жаахан халамцуу урьд нь тохирсон зүйлийн талаар ярилцан, авч явахаар очсон юм. Тэгээд очиход ярилцаж байтал бид хоёр маргалдаад намайг эхлээд архины шил хагалаад баруун  суга тус газар шилээр зүссэн. Тэгээд би  зөрүүлээд газраас тоосго аван Б.Л-н толгой тус газар нь шидээд оносон. Удалгүй бид хоёр эвлэрээд би гэр лүүгээ явсан. Гэр лүүгээ явж байх замдаа толгой эргэн ухаан алдаж эмнэлэгт сэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147/

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хөдөө гэрээс Замын-Үүд сум руу орж ирээд ахын гэрийн тэрүүгээр явж байтал ах хаалгаа онгойлгох гээд зогсож байсан. Тэгээд би зогсоод ахаас та хөдөө явах уу хашаа янзлах гэсэн юм гэж хэлтэл ах нь уучихсан байна маргааш болъё гэхээр нь би та чинь яасан новшийн юм бэ? хэлсэн амандаа хүрэхгүй гээд Жинчний ... тоотод муудалцаад зодолдоод салсан. Ах эмчид үзүүлэх гэсэн чинь үзүүлэхгүй маргаан байгүй гэж хэлсэн” гэв.

Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэхдээ: “...Тус өдөр би Б.Л-н гэр лүү жаахан халамцуу урьд нь тохирсон зүйлийн талаар ярилцан, авч явахаар очсон юм. Тэгээд очиход ярилцаж байтал бид хоёр маргалдаад намайг эхлээд архины шил хагалаад баруун суга тус газар шилээр зүссэн. Тэгээд би зөрүүлээд газраас тоосго аван Б.Л-н толгой тус газар нь шидээд оносон. Удалгүй бид хоёр эвлэрээд би гэр лүүгээ явсан. Гэр лүүгээ явж байх замдаа толгой эргэн ухаан алдаж эмнэлэгт сэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, миний энэ асуудлыг түргэн шуурхай, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх-ийн 23-24/

Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэхдээ: “...Тэгээд “чи яах гэж ирсэн юм бэ? чи яв гэсэн чинь Г “та хэлсэндээ байлдаа” гээд орилоод ирэхээр нь би “чи яах гээд байгаа юм бэ” зүгээр яв л даа” гээд уурлаад хогны төмөр савны дэргэд байсан архины шилийг аван хагалаад Г руу чиглүүлэн цохих шиг болсон, тэгтэл Г-н баруун суга хэсгээс цус гарсан. Тэгээд Г газраас тоосго барин над руу шидэхэд миний толгойг оносон. Тэгээд миний толгойноос цус гарсан. Тэгээд би “Чиний гарнаас цус гараад байна, бас миний толгойноос цус гараад байна хоёулаа эмнэлэг явъя гээд маргалдахаа болиод бид хоёр биетэйгээ эвлэрээд гар бариад өөрсдийн цусыг гэрийнхээ гадаа угаагаад би Г-д хандан “түргэн дуудаж үзүүлэхгүй юм уу гэсэн чинь” тэр “би зүгээрээ” гэж хэлээд гэр лүүгээ явсан. Г надад гомдол саналгүй гэвэл надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэжээ. /хх-ийн 29-30/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10/

Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15/

2021 оны 08-р сарын 02-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн албан тоот  /хх-ийн 40-54/

2021 оны 08-р сарын 05-ны өдрийн 02/0253 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтэд:

-Эмнэлгийн бичиг баримтыг шинжлэн судлахад Б.Л-н биед толгойн шарх гэмтэл тогтоогдлоо.

-Учирсан гэмтэл нь хатуу, мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

-Эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй /хх-ийн 56/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 57-58/

2021 оны 08-р сарын 16-ны өдрийн 04/147 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтэд:

-Г.Г-ны биед гэмтэл тогтоогдлоо.

-Г.Г-ны биед цээжний баруун талд булчин болон судсыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

-Г.Ганчулууны биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 62-63/

2021 оны 07-р сарын 08-ны өдрийн 011 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 67-72/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 80-82,120-121/

Шүүгдэгч нар нь урьд нь гэмт хэрэг, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл, гомдол мэдээлэл, захиргааны зөрчилд холбогдож байсан тухай судалгаа /хх-ийн 101-110, 119/

Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 113/

Шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 153/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Б.Л нь 2021 оны 07-р сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багийн Жинчин гудамжны ... тоот хашаанд  Г.Г-н баруун суга хэсэгт хагархай шилний хэлтэрхийгээр зүсч, эрүүл мэндэд нь цээжний баруун талд булчин болон судсыг гэмтээсэн бүхий хөнгөн хохирол,  

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 07-р сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багийн Жинчин гудамжны ... тоот хашаанд Б.Л-н толгойн тус газарт тоосго шидэж, эрүүл мэндэд хөнгөн толгойн шарх бүхий хөнгөн  хохирол тус тус санаатай учруулжээ.

Шүүгдэгч нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Л, Г.Г нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “Тэгээд очиход ярилцаж байтал бид хоёр маргалдаад намайг эхлээд архины шил хагалаад баруун  суга тус газар шилээр зүссэн. Тэгээд би  зөрүүлээд газраас тоосго аван Б.Л-н толгой тус газар нь шидээд оноосон” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, Б.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “Тэгээд чи яах гэж ирсэн юм бэ? чи яв гэсэн чинь  Г “та хэлсэндээ байлдаа” гээд  орилоод ирэхээр нь би “чи яах гээд байгаа юм бэ” зүгээр яв л даа” гээд уурлаад хогны төмөр савны дэргэд байсан архины шилийг авч хагалаад Г руу чиглүүлэн цохих шиг болсон, тэгтэл Г-ны баруун суга хэсгээс цус гарсан. Тэгээд Г газраас тоосго барин над руу шидэхэд миний толгойг оносон. Тэгээд миний толгойноос цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10/, хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15/, 2021 оны 08-р сарын 05-ны өдрийн 02/0253 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт /хх-ийн 56/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 57-58/, 2021 оны 08-р сарын 16-ны өдрийн 04/147 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт /хх-ийн 62-63/,  2021 оны 07-р сарын 08-ны өдрийн 011 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 67-72/,  согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 113/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Л, Г.Г нар нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Л, Г.Г нар нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирол төлбөрийн хувьд хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бие биенээсээ хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Л, Г.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг тоосго, ерөөл нэртэй архины шилний хагарсан үзүүр хэсгийн хэлтэрхий зэргийг устгуулахаар шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Л, Г.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирлын хувьд хохирогч нар нь бие биенээсээ хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул хохирол төлбөргүй гэж үзэн Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.Л, Г.Г нарт ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, хохирогч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, шүүгдэгч нарын хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б.Л, Х овогт Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л, Г.Г нарыг тус бүр 240 / хоёр зуун дөчин / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л, Г.Г нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Л, Г.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг тоосго, Е нэртэй архины шилний хагарсан үзүүр хэсгийн хэлтэрхий зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст  даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ    ШҮҮГЧ                                Д.Ц