Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/610

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл /томилолтоор/,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

 Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Д.Б /РД:***/, 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Ггийн гар цүнхнээс Самсунг А-9 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000  төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Хар хорин” худалдааны төвийн орчим хохирогч Н.Ггийн гар цүнхнээс түүний эзэмшлийн “Самсунг А-9 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:    

Хохирогч Н.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ...Хархорины автобусны буудал дээр буугаад гар утсаа цүнхэндээ хийгээд явган хүний гарцаар зам гараад баруун Хархорин худалдааны төв рүү орох гэж байхдаа цүнхэндээ гар утсаа үзэхэд миний гар утас байхгүй байсан. ...нэг настай өвгөн сая энд байсан залуу чамайг дагаад яваад байсан гэж хэлсэн. Тэгээд би тэр залууг барьж аваад утсаа нэхсэн чинь хүнд өгчихсөн байгаа дагаад явчих, хүнд зарахаас нь өмнө аваад өгье гэж хэлсэн. Миний гар утас Самсунг А-9 про загварын хар саарал өнгөтэй утас байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Хархорин захын гүүрний доод талд зам дагуу явж байсан бор цүнхтэй эмэгтэйг дагаж яваад хойноос нь цүнхнийх нь цахилгааныг нээж байгаад утсыг нь авсан...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 22-23, 24-25 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №БГ2-21-464 дугаартай “Самсунг А-9 про маркийн гар утас 400.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 37-38 дугаар хуудас/,

2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Б.Энх-Амгалангийн “...Н.Г Хархорингийн гүүрэн доор алхаж явахдаа Самсунг А-9 про загварын гар утсаа хулгайд алдлаа гэх мэдээллийн дагуу хурдан шуурхай эрэн сурвалжилж Д.Б гэгчийг олж тогтоов...” гэх илтгэх хуудас /хэргийн 55 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Хархорин захын гүүрний доод талд зам дагуу явж байсан бор цүнхтэй эмэгтэйг дагаж яваад хойноос нь цүнхнийх нь цахилгааныг нээж байгаад Самсунг А-9 про загварын утсыг нь хар өнгийн чихэвчтэй нь хамт авсан. Тэгээд гар утсыг нь халаасандаа хийгээд буцаад эргээд явж байтал тэр эгч гар утсаа алдсанаа мэдээд миний хойноос ирээд надтай зууралдаад, би зугтаж байхдаа гар утсыг нь унагаагаад алга хийсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 56 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 57 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 58 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 67-71 дүгээр хуудас/, хохирогч Н.Ггийн “...миний бие хохиролд 300.000 төгрөг хүлээн авсан, үлдсэн 100.000 төгрөгийг Б нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэн тул сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 72 дугаар хуудас/.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Хар хорин” худалдааны төвийн орчим хохирогч Н.Ггийн гар цүнхнээс түүний эзэмшлийн “Самсунг А-9 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000  төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

         Шүүгдэгч Д.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч Д.Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Гд 400.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 300.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн боловч хохирол бүрэн төлөгдөөгүй байна.

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Д.Баас 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 175 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт заасан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Д.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

         Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

   Шүүгдэгч нь түүнд  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

  1. Бусад асуудлаар:

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Быг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Д.Баас 100.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Гд олгосугай.

 

  1.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ЗОЛБОО