Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00012

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               Б.M-д холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                      

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

  Прокурор                                                      Т.Ганзориг

   Шүүгдэгч                                                       Б.M

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                            З.Баттулга

   Хохирогч                                                       Г.Б

   Хохирогчийн өмгөөлөгч                            М.Ганзориг

   Нарийн бичгийн дарга                              Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолтой Б-ын M-д холбогдох, 1725002350147 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, ХХ настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн ар талын офицер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ХХ дугаар ангийн ХХ ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум-нд суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Б-ын M.

Шүүгдэгч Б.М-ыг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Эко хорооллын урд талын засмал зам дээр Тоёота Приус маркийн XX-XX улсын дугаартай машин жолоодож яваад явган зорчигч Б.Г-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ж овгийн Б-ын М-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.M-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, 30 хоногийн дотор гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж,

 

Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял эдлүүлэхийг мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180.,186.,189 дүгээр зүйлд зааснаар Б.M-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлт, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгах,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй ,шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.M-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.M-аас 4.833.512 төгрөг 30 хоногийн дотор гаргуулан хохирогч Г.Б-д олгох,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 14,961,830.02 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Хэрэгт битүүмжилсэн “Тоёота приус” маркын XX-XX улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Б.M-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Ганзориг давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” байхаар хуульчилсан. Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол болох бөгөөд амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал болон бусад холбогдох зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдоно. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “...гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж хуульчилсаны дагуу хохирогч нь 21 хоногийн буяны ажилд 3 011 905 төгрөг, 49 дэх хоногийн буяны ажилд зарцуулсан 3 574 700 төгрөг нийт 6 586 605 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд тооцогдохгүй тул талийгаачийн 21, 49 хоногийн буяны ажилд зарцуулсан төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь нас барсан этгээдийн оршуулахтай холбоотой гарсан шууд зардал буюу оршуулах үйл ажиллагааны зардалд зан үйлийн шинжгэй зарцуулсан зардал хамаарна. Зан үйлийн шинжтэй зарцуулсан зардал нь хоног хураахад гарсан зардал, гар цайлгах зүйлийн үнэ, хойтын буяны ном уншуулах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад өргөл, хандив өгөх хохирол хамаарах юм. Учир нь нас барагчийг хүн ёсоор оршуулж түүний хойтын буян хуруулж, өргөл, хандив өгөх нь Монгол хүний зан заншил, шашины ёсонд хэвшиж тогтсон зан үйл мөн бөгөөд нөгөө талаас нас барагчийн эхнэр, хүүхэд, ах, дүү хамаатан садан үлдэж буй хүмүүст гэмт хэргээс учирсан сэтгэл санааны хор уршгийг хөнгөлөх үр дагавартай тул зайлшгүй гарах зардалд тооцох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Дээрх талийгаачийн 21, 49 хоногийн буяны ажилд зарцуулсан зардал нь бодит хохирол буюу шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас бий болсон хохирол юм. Гэм хор учруулаагүй бол дээрх бодит хохирол үүсэхгүй байсан. Шүүгдэгч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас амь хохирогчийн үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрх зөрчигдөн улмаар гэм хорын хохирол бий болсон.

 

Шүүгдэгч гэм хор учруулаагүй бол хохирогчид тэтгэврийн зээлийн үлдэгдэл 4 672 307 төгрөгний хохирол учрахгүй байсан. Дээрх хохирол нь шууд шалтгаант холбоотой бодит хохирол юм. Шүүгдэгч нь хохирогч этгээдийн эд хөрөнгийн, эдийн бус эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, боломжгүй тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан бодит хохиролд тооцогдохгүй тул амь хохирогчийн тэтгэврийн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 4.672.307 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагын талаар ...бусадтай хамтран авсан зээл... гэж дүгнэсэн байх ба тэтгэврийн зээлийг өндөр насны тэтгэвэрт гарсан хүн авах эрхтэй, мөн зээлдэгчийг зээлээ төлөхгүй эрсдэл бий болсон тохиолдолд бусдаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ийнхүү гэрээ байгуулсныг гэмт хэргийн улмаас учирсан хохирол тооцохгүй гэж үзэж байгаа нь хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болж байна. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлд заасан гэм хор нь гэмт үйлдэл болон түүнээс учирсан хор уршигтай шалтгаант холбоотойгоор үүссээр байтал анхан шатны шүүх “бодит” хохирол гэх үгийн дор хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, эцгийнхээ амь насыг алдаад байгаа хохирогчийг нэмж хохироож байгаа нь энэрэнгүй ёс, шударга ёс, хууль дээдлэх зарчимд ноцтойгоор харшилж байна.

 

Тодруулбал талийгаач нас бараагүй шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдээгүй байсан бол эдгээр зан үйлийн зардлыг гаргах бодит нөхцөл байдал үүсэхгүй байсныг шүүх анхаарсангүй. Шүүх хуулийг тайлбарлан хэрэглэх замаар хэрэг маргааныг шийдвэрлэдэг боловч төрийн албадлагаар хамгаалагдсан хуулиас илүү нийтээр хүлээн зөвшөөрсөн зан заншил, ёс суртахууны хэм хэмжээ нь дэлхийн эрх зүйн тогтолцоонд хамгийн хүчтэй байр суурь эзэлдэг болохыг хуулийг тайлбарлан хэрэглэж байгаа хуульд анхаарах ёстой. Шүүх засаглалын зорилго бол хуулийг үгчлэн тайлбарлаж түүний хууль зүйн утга агуулгыг явцууруулах бус харин эрх зүйн ухамсар /шударга ёс/-ыг удирдлага болгон маргааны үйл баримт үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай.

 

Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн төлөхийг хүлээн зөвшөөрсөн иргэний нэхэмжлэлийг хүртэл “шүүх өөрийн санаачлагаар” хэрэгсэхгүй болгож байгаа нь иргэний нэхэмжлэлийн хувьд шүүх хөндлөнгийн хараат бус зарчимд үл нийцэх шийдвэр гаргаж байна гэж үзэж байна. Иймээс 420 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүх Б.M-д холбогдох хэргийг үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Зайлшгүй зардал гэдэг нь оршуулгын зардалд бодитойгоор орж ирж байгаа. Оршуулгын зардал тусдаа, буяны ажлын 21, 49 хоногийн зардал нь зайлшгүй зардал биш болзошгүй зардал. Тэтгэвэрт гарсан хүнд тэтгэврийн зээл бол нээлттэй зээл. Банк үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд батлан даагч гаргуулж байгаа. Батлан даагч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэсэн заалт нь гэрээнд байгаа. Шүүгдэгч нь шүүхийн тогтоолоор хохирогчид төлөх ёстой 4.833.512 төгрөгнөөс 3.000.000 төгрөгийг төлсөн, одоо 1,833,512 төгрөгийг л төлнө. Иймээс давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.M нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны шөнийн 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Эко хорооллын урд талын зам дээр “Тоёото Приус” маркийн XX-XX улсын дугаартай машин жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Г-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Бгийн “... 2017 оны 09 сарын 06-ны өдөр 15 цагийн үед талийгаач Эрдэнэ багийн ХХ тоотод байх гэрээсээ гаражийн хаалга янзлах төмөр хэрэгтэй гэж яриад гараад явсан. Манай ээж Лосиймаа 17 цагийн үед талийгаачийн 9588ХХХХ дугаарт залгаж ярихад удахгүй очлоо гэж хэлсэн байсан. Тэгээд удалгүй дахиад залгахад холбогдохгүй байна гэсэн. Тэгээд 22 цагийн үед манай дүү Ган Б-ын утас руу нэг хүн залгаад аав чинь аваарт орсон байна гэж хэлсэн байсан. Тэгээд бид нар эмнэлэг ороход талийгаач ухаангүй бид нартай юм ярихгүй байж байгаад нас барсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч М.С-ийн “... Би 2017 оны 09 сарын 06-ны өдөр бүжгэнд ороод байж байхад M бүжгэнд ороод явж байсан. Манай бүжиг 21 цагт тардаг, би тарах арай болоогүй байхад хүүхдийнхээ хамт бүжигнээс гараад ирэхэд M гадаа зогсож байгаад такси авах уу гэхээр нь тэгье гэж хэлээд би машинд суухдаа жолоочийн хажууд суугаад хүүхдээ хойно нь суулган Баян-Өндөр сум Их залуу багийн Шандын ХХ тоотод хүргүүлэхээр “Хулс” төвийн хойд талын засмал замаар баруун тийшээ явсан. Би яг осол болох үед нь цүнхээ ухаад гар утсаа гаргаж ирэх гэж байхад түг хийгээд юм мөргөлдөж байгаа чимээ гарсан. Би гайхаад юу болсон бэ гэхэд M харин юу байсан бэ гээд машинаас буусан. Машины урд талын салхины шил дотогшоо хонхойсон байсан. Би бас буугаад хамт харахад миний сууж явсан харалдаа, машинаас урагшаа засмал зам дээр толгой нь хойшоо, доошоо харсан байдалтай хүн хэвтэж байсан. Би буцаж хүүхдээ зүгээр байна уу харахад манай хүүхэд зүгээр айсан байдалтай байсан. M та 2 өөр машин бариад явчих гэхээр нь бид 2 буугаад өөр машин бариад явсан ” гэх мэдүүлэг,

 

Гэрч Р.Э-гийн “...зам дээр бараан хувцастай хүн хэвтээд замын хойд талд буюу Эко хороолол талдаа нэг машин ослын гэрлээ асаасан байдалтай байсан би машинаа зогсоогоод цагдаад дуудлага 21 цаг өнгөрч байхад Эко хорооллын урд талын зам дээр хүн машинд мөргүүлсэн байна гэж дуудлага өгсөн ” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Урдаас ирсэн машины гэрэлд гялбасан. Тэр агшинд “тас” хийсэн. Машинаа зогсоох арга хэмжээ аваагүй миний буруу. Гэм буруугаа зөвшөөрч байна. Шүүхээс тогтоосон хохирлыг төлөх болно гэсэн мэдүүлэг болон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 29-ний өдрийн 55 дугаартай дүгнэлт, замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 144 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Б.M-д холбогдох хэргийг зүйлчилж гэм буруутайд тооцсон хуулийн зүйл хэсэг зөв, оногдуулсан ял нь түүний гэм бурууд тохирсон байна.

Анхан шатны шүүх хохирогчид оршуулгын зардал 7.833.512 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэхдээ шүүгдэгчийн урдчилан төлсөн 2.902.918 төгрөгийг хасч үлдэх 4.833.512 төгрөг гаргуулж, талийгаачийн 21, 49 хоногийн буяны ажилд зарцуулсан 6.586.605 төгрөг, өмгөөлөгчийн зардал 800.000 төгрөг, хохирогчийн тэтгэврийн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 4,672,307.02 төгрөг нийт 12.058.912 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо эдгээр зардлуудыг зайлшгүй зардалд тооцон гаргуулах нь үндэслэлтэй гэж мэтгэлцэж байгаа боловч хохирогч нь өөрийн хүсэл зориг, хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өмгөөлөгч сонгон авч тодорхой хөлс төлөн өмгөөлөгчөөр үйлчлүүлж байгаа, хохирогчийн амьд байхдаа банкнаас авсан зээл, хохирогчийг оршуулах үед гарсан зардлаас бусад зан үйлийн болон шашны холбоотой зардлууд нь хохирогчид хохирол учруулсны улмаас үүссэн гэм хор уршиг гэж тооцох боломжгүй хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хуульд заасан үндэслэл журмын дагуу гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Иймд хохирогчийн өмгөөлөгчийн “... Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн төлөхийг хүлээн зөвшөөрсөн иргэний нэхэмжлэлийг “шүүх өөрийн санаачлагаар” хэрэгсэхгүй болгож байгаа нь иргэний нэхэмжлэлийн хувьд шүүх хөндлөнгийн хараат бус зарчимд үл нийцэх шийдвэр гаргаж байна гэж үзэж байна..., Иймээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.M нь хохирол төлбөрт нийт 6.000.000 төгрөг төлсөн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.M нь хохирогч Г.Бд хохиролд 6.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ТУЯА

                                                                                      

               ШҮҮГЧ                                                                С.ЦЭЦЭГМАА 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР