Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2017/00530/И |
Дугаар | 181/ШШ2017/01673 |
Огноо | 2017-06-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2017/01673
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ХД 72 байр, 185 тоотод оршин суух Төтөө овогт Төмөрхуягийн Цогжаргал /РД: ХП 84022415/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,1 дүгээр хороо, энхтайваны өргөн чөлөө, 13/3 тоотод байрлах Ю......................... ХХК /РД: ......................./-д холбогдох
12.480.962 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ц, нэхэмжлэлийн өмгөөлөгч Т.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Ю” ХХК-тай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун орон сууцны ХД-73 дугаар байрны 3 дугаар орцны 5 давхарт 61.91 м.кв талбайтай, 2 өрөөтэй сууцыг Захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, 1м.кв-ийн үнийг 1.880.000 төгрөгөөр буюу нийт 116.390.800 төгрөгөөр бариулахаар тохирсон.
Дээрх ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн 30% буюу урьдчилгаанд 34.917.240 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ю................ХХК-ийн 2600075130 тоот дансанд төлсөн. Харин үлдэгдэл төлбөр болох 81.400.000 төгрөгийг Улаанбаатар хотын банктай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НОСЗГ9205/141024 дугаарын Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ байгуулан 81.400.000 төгрөгийг жилийн 8 хувь, сарын 0.66 хувийн хүүтэй зээлэн авч Орон сууц захиалгаар бариулах гэрээний хөлсийг бүрэн төлсөн.
Орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын комисс хүлээн авч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2014/709 тоот комиссын акт үйлдсэн. Харин нэхэмжлэгч 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр акт үйлдэн 185 тоотын дотоод засал, сантехник, цахилгаан, холбооны тоноглол болон бусад эд зүйлийг /цонх, хаалга гм/ хүлээн авсан. Иймээс би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Тоонто Гранд ХХК-д 84.000 төгрөг төлж өөрийн захиалан бариулсан 185 тоотын талбайг хэмжүүлэхэд 56.29 м.кв гэдэг нь тогтоогдсон буюу 5.62м.кв талбай дутуу барьсныг мэдсэн.
Нэхэмжлэгч орон сууцны зээлийг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2017 оны 1 дүгээр сар хүртэл нийт 26 удаа төлөхдөө энэхүү дутуу талбайд 10.565.600 төгрөг илүү компанид төлжээ. Мөн энэхүү Юу Би Эйч Проперти ХХК-д илүү төлсөн мөнгөндөө сар бүр банканд 70.437 төгрөг буюу нийт 1.831.362 төгрөгний хүү төлж хохирсон байна.
Иймээс Юу Би Эйч Проперти ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан дараах хохирлыг энэ компаниас гаргуулж өгнө үү. Үүнд: Юу Би Эйч Проперти ХХК-д илүү төлсөн 10.565.600 төгрөг ба түүний хүү болох 1 831 362 төгрөг, Тоонто Гранд ХХК-д төлсөн талбайн хэжилтийн хөлс болох 84.000 төгрөг Нийт 12.480.962 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.Ц нь тус дүүргийн нгүүхэд 12.480.962 төгрөгийн нэхэмжлэлийн лага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Юу Би Э П ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот, барилгыг “Өндөр ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан.
Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг Өндөр буянт ХХК болон Алъяанстехник ХХК, Хай кик ХХК, Сигма-Отис ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар гарсан учир бид худалдан авагчдаа сууцанд оруулж эхэлсэн.
Бид боруулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг сууцыг худалдан авсанаас хойш хуулийн хугацаанд манай ХХК-д гомдол, шаардлага гаргаагүй. Манай ХХК барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан улсын комисс тогтоосон байгаа тул бид хөндлөнгийн компаний талбайн хэмжээг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Т.Цогтжаргал нь хариуцагч “Ю........................” ХХК-д холбогдуулан байрны захиалгын гэрээний төлбөрт илүү төлсөн 10.565.600 төгрөг, банкны хүүнд төлсөн 1.831.362 төгрөг, Тоонто гранд ХХК-д хэмжилтийн хөлс 84.000 төгрөг, нийт 12.480.962 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, байр худалдан авахдаа талбайн хэмжээ, түүний зөрүүг мэдэх боломжтой байсан гэж маргажээ.
Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах” гэрээ байгуулагдсан, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун орон сууцны хотхоны ХД-73 дугаар байрны 3 дугаар орц, 5 давхарт байрлах 61.91 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцыг Т.Цогтжаргалын өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Т.Цогтжаргал нь хариуцагч “Юу.................” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” байгуулж, гүйцэтгэгч “Юу Би Эйч Проперти” ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Хаппи таун” хотхон, ХД-73 дугаар байрны 3 дугаар орц, 5 давхарт байрлах 61,91 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч Т.Цогтжаргалаас гэрээнд заасан хөлс 116.390.800 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ./хх-ийн 7 дахь тал/
2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аас үзэхэд маргаан бүхий орон сууц нь батлагдсан зураг төслийн дагуу 2008 оны 5 дугаар сараас баригдаж эхлэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баригдаж дууссан болох нь тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнд гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иймээс зохигчдын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш 5 сар гаруй хугацаанд ашиглалтад орох барилгыг нэхэмжлэгчийн захиалгаар баригдсан байр гэж үзэх үндэслэл тодорхой бус юм.
Зохигчдын хооронд дээрх маргаан бүхий орон сууцны талаар хэлцэл хийгдэх үед гэрээний зүйл болох орон сууц баригдсан байсан ба нэхэмжлэгч өөрийн байрыг сонгож, гэрээ байгуулан төлбөр төлөхөөр хариуцагчтай тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Т.Цогтжаргал болон “Юу Би Эйч Проперти” ХХК нарын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4.-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй” гэжээ.
Илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх боловч нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан байна.
Нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын дагуу орон сууцыг хүлээн авсан байх тул тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ. Нөгөө талаар орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т “Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй.” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь Улсын комиссын хурлын тэмдэглэлд байрны квадрат метрийг хэмжүүлэх талаар үүрэг өгч байсан тул уг зөрүүг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Улсын комиссын хурлын тэмдэглэлд Б.Н-НЕТГ-ын ХБДБХА-ны Хот байгуулалтын хяналтын архитектор “Орон сууцны талбайн хяналтын хэмжилт хийх /БНбД-......../-ын дагуу зураг төслийн байгууллага хийж захиалагчид өгөх” гэж дурсан нь квадрат метрийн зөрүүтэй болохыг мэдсэн гэж үзэхгүй.
Иймд хариуцагч “Юу Б Э П” ХХК-иас 12.480.962 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Цогтжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар 255.1.1-т зааснаар хариуцагч “Юу Би Э П” ХХК-иас 12.480.962 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР