Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/854

 

 

 

 

 

 

 

 

 

  2021        07          26                                        2021/ШЦТ/854

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч О.Доржмаа,

хохирогчийн өмгөөлөгч С.Даваасүрэн,

шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.П-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 2 хүүхэд, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 43-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 880 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, регистрийн дугаартай, Д.П

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.П нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 43а байрны хойд талын зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн М.Эы эзэмшлийн 79-74 ДАР улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч түүнд 12.000.000 төгрөгийн хохирол,

Мөн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” автомашины зах дээр бусдын автомашиныг хулгайлан арлын дугаарыг нь өөрчилж, өөрийн эзэмшлийн автомашин гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Э.Т-д худалдан борлуулж 9.000.000 төгрөг авч залилсан  гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 18/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-21/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 25/,

- Хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Тэлмүүн хотхоны 43а байрны хойд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн 79-74 ДАР улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус 20 маркийн автомашинаа тавьсан. Тэгээд өглөө 11 цагийн үед гараад явах гэтэл миний машин алга болсон байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

- Хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлэхдээ: “Би өөрийн машины жолооч талын урд гуперны доод талд байх 5 см урттай сэтэрхий, урд гуперны зүүн доод талд байх халцархай, машины доод эд ангийг хамгаалах зорилготой хамгаалалт, баруун хойд талын хаалга болон карлоныг дамнасан будаг, урд талын хайрцагны нугасны удаан буух байдал, машины түлхүүр таарч байгаа зэргээр машинаа таньсан”, зүүн хойд талын хаалганы доод талд байх хонхойсон сэв, баруун урд талын карлоныг өөрчилж хайбрейд гэсэн бичгийг хуулсан, урд гуперний доод талын нэмэлт гэрэл хийсэн, урд болон хойд талын 4 их гэрлийг сольсон, цонхнуудад тень наасан, 4 хаалганы дотор талын хавтсыг сольсон, жолоочын хянах самбар, хөгжим, суудлын бүрээс шалавч, хойд гупер, аккумлятор, 2 толь зэргийг сольсон” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,

- Хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сард мөрдөн байцаах газраас миний 8807... дугаар руу залгаад таны автомашин олдсон таниулах тул ирж уулзана уу гэсэн. Очиход тоёота приус маркийн 20 гаруй автомашиныг зэрэгцүүлж зогсоож байгаад машиныг таниулсан. Гаднаас нь хаад гэрэл, битүү тень наасан машинууд дундаас ялгараагүй тул өөрт үлдсэн автомашины түлхүүрийн чипийг ашиглан холоос удирдахад машины дохиолол асч, хаалганы түгжээ тайлагдаж таньсан. Тэгээд машинаа үзэхэд нэмэлт гэрэл суурьлуулж, хар өнгийн битүү хар тень нааж, арлын дугаарыг тасдаж аваад, өөр арлын дугаарыг гагнан өөр хүнд зарсан байсан. Тэнд байсан автомашинуудын эзэмшигчдэд машинуудыг таниулахад автомашинуудын эд ангийг хооронд нь сольсон байсан. Тэгээд ажиглалтаар ихэнх хүмүүс өөрсдийн автомашинуудыг таньсан. Миний тоёота приус 20 маркийн 79-74 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрд, хөгжим, суудлын бүрээс тенийг өөрчилсөн, хос их гэрэл, хойд хос гэрэл, багажны хаалга, баруун урд карлон солигдсон байсан, дотор байсан хувийн бичиг баримтууд, албаны цүнхтэй бичиг баримт, машины түлхүүр багаж, багаажны хаалт алга болсон байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34/,

- Иргэний нэхэмжлэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Да хүрээ зах дээр машин авахаар 2 найзтай явсан. Явж байхад цагаан өнгийн приус 20 маркийн машин байсан бөгөөд 2 залуу зараад зогсож байсан. Машины үнийг нь асуухад 9.500.000 төгрөг гэсэн ба нэг залуу нь зүс таньдаг М гэдэг залуу байсан. Мгийн хажууд байсан залуу нь би Солонгос руу явлаа машинаа зараад явчихмаар байна гэж хэлээд байсан. Ярьж тохироод 9.000.000 төгрөгөөр авахаар болсон. Тэр өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Амгалангийн авто тээврийн хэлтэс орж нэрээ шилжүүлээд бэлнээр 1.500.000 төгрөг өгсөн ба хадгаламжнаас 2.000.000 төгрөг авч өгөөд үлдсэн 5.500.000 төгрөгийг Мөнхзулийн 5028265557 данснаас 1.500.000 төгрөгийг шилжүүлж, үлдсэн 4.000.000 төгрөгийг Пын 5022891846 данснаас 1.100.000, 5321096666 данснаас 2.900.000 төгрөгийг 5020707848 дугаартай хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд машинаа худалдаж аваад унаж яваад хөдөө ажилладаг болохоор хөдөө явсан байсан. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр над руу цагдаагийн газраас яриад таны машин хүн мөргөчихлөө гэж ярихаар нь С руу залгаж юу болсон бэ машинаар хүн мөргөсөн гээд яриад байна гэж хэлсэн бөгөөд би Сад чи цагдаа руу залгаадах хүн мөргөсөн гээд яриад байна гэж хэлсэн. С цагдаа руу очиж уулзахад хүн мөргөөгүй уучлаарай танай найз хулгайн машин худалдаж авсан байна гэж хэлээд машиныг хураагаад авсан байна. Саас мэдүүлэг авсан гэж хэлсэн. Би тэр үед хулгайн машин гэдгийг мэдээгүй худалдаж авсан учраас хохирлоо барагдуулахаар цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-38/

- Гэрч З.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Манай найз Т хөдөө ажилладаг ба өөрийн 59-85 УБГ приус маркийн цагаан өнгийн машиныг  өөрийн хүргэн ах Б гэдэг хүнд үлдээгээд явсан байсан. Би тэгэхээр миний өөрийн машин болохгүй байсан тул Төөр дамжуулж Бтай яриулаад Тийн 59-85 УБГ приус маркийн цагаан өнгийн машиныг манай хашаанд Б гэдэг хүнд үлдээгээд явсан байсан. Мний өөрийн 52-81 УБЧ улсын дугаартай портер машин асахгүй, засвар хийх ажил гараад байхаар нь найз Тийн машиныг асаагаад ажил руу явсан байсан. Тэгээд ажил дээр байж байтал эхнэр залгаад чи Тийн машинаар хүн мөргөсөн юм уу гэж цагаад яриад байна гэж хэлсэн. Би тэгээд манай эхнэртэй ярьсан дугаарыг аваад ярьтал баруун 4 замын Элба төв дээр хүрээд ирээд шалгуулчих гэж хэлэхээр нь явж очтол хүн мөргөсөн асуудал байхгүй. Энэ хулгайн машин байна, хулгайн машин худалдаж авсан байна гэж хэлээд хураагаад авсан. Тэр үед мэдүүлэг өгөөд найз Тт болсон явдлыг хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-46/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Э, Б.Д нарын 4919, 4920 дугаартай шинжилгээнд ирүүлсэн тоёота 59-85 УБГ дугаар бүхий биеийн хэсэгт байрлах арлын дугаар, жолоочийн эсрэг урд талын хаалганы багана дээрх NHM20-7770183 арлын дугаар бүхий файзыг гар аргаар цохиж өөрчлөөгүй байна, автомашины нарийвчилсан үзлэгээр арлын дугаар хэсгийг тасдаж, өөр арлын дугаар гагнаж өөрчилсөн байна, өөрчилсөн цаг хугацааг нөхөн тогтоох боломжгүй, автомашины үндсэн өнгө өөрчилсөн болон хэсэгчилсэн будсан гэдгийг шинжилгээний дээж байхгүй тул тогтоох боломжгүй, арлын дугаар байх хэсгийг тасдаж, дугаар гагнаж өөрчилсөн тул үндсэн дугаарыг илрүүлэх боломжгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 62-63/,

- Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /1-р хх-ийн 65-66/,

- Автомашин техникийн үнэлгээний тайлан, хавсралт /1-р хх-ийн 67/

- Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-ийн 78-87/,

- Автомашин хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 90/,

- Машинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 91-92/,

- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 93-94/,

- NHM20-7770183 арлын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /1-р хх-ийн 96-104/,

- Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 112/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 118/,

- Д.Пийн хаан банкны 5020707848 тоот дансны хуулга /1-р хх-ийн 136-147/,

- Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... тус залуу нь гадагшаа явах гэж байгаа юм аа гээд 1 сая төгрөг татсан. Уг автомашин давгүй таалагдсан учраас 10 сая төгрөгөөр худалдан авахаар болж тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь Д.П нэрээ шилжүүлэн авч, бэлнээр 3.500.000 төгрөгийг өгч 5.500.000 төгрөгийг 3 өөр дансаар машин зарсан Д.Пийн хаан банкны 5020707848 тоот дансанд шилжүүлэн өгсөн... Д.П гэх залуугаас 9.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Д.П нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 43а байрны хойд талын зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн М.Эы эзэмшлийн 79-74 ДАР улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч түүнд 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Эы мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Д.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Пийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” автомашины зах дээр бусдын автомашиныг хулгайлан арлын дугаарыг нь өөрчилж, өөрийн эзэмшлийн автомашин гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Э.Төд худалдан борлуулж 9.000.000 төгрөг авч залилсан  болох нь хохирогч Э.Тийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Пид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч нарт хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Пид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөх байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих оногдуулж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Д.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй боловч Д.Пийн үйлдсэн гэмт хэрэг нь  “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т хамаарч байх тул түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.

           Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж тус тус заажээ. 

           Д.П нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өмнөх Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 318 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Д.П-ийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Пид 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 880 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 1 сар 18 хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Пийн цагдан хоригдсон 318 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар Д.Пид оногдуулсан 4 жил 1 сар 18 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

            6. Д.Пид хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Д.Пийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.             

            8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА