| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 188/2021/0175/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/861 |
| Огноо | 2021-07-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/861
2021 07 28 2021/ШЦТ/861
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, Ч.Алтанцэцэг, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Н.Саранчимэг
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.С-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008 02849 1479 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сансар” супермаркетад худалдагч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 131 дүгээр байрны 4-61 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.С.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.С нь үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэн З.Нн өмчлөлийн хаан банкны виза картыг өөр хүний нэр бүхий уг банкны виза картаар солин түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж З.Нн өмчлөлийн Хаан банкны данснаас 400.000 төгрөгийг уншуулан өөртөө авч бусдад 405.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бөгөөд залилах гэмт хэргийг үйлдсэн,
- Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Нын өмчлөлийн Хаан банкны виза картыг өөр хүний нэр бүхий уг банкны виза картаар солин түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Нын өмчлөлийн Хаан банкны данснаас 701.000 төгрөгийг уншуулан өөртөө авч бусдад 706.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн иргэн Б.Бгийн өмчлөлийн Хаан банкны виза картыг өөр хүний нэр бүхий уг банкны виза картаар солин түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Бгийн өмчлөлийн Хаан банкны данснаас 800.000 төгрөгийг уншуулан өөртөө авч бусдад 805.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвд байрлах АТМ-с хохирогч З.Мд бэлэн мөнгө авч өгөхдөө түүний хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 200.000 төгрөгийг уншуулан өөртөө авч бусдад 205.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн 1 давхарт байрлах АТМ-с хохирогч Т.Лхагвасүрэнд бэлэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж уншуулан өөртөө авч бусдад 235.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн зүүн хойно байрлах Хаан банкны АТМ-с хохирогч Р.П-д -элэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж уншуулан өөртөө авч бусдад 615.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг ундраа” худалдааны төвд байрлах хаан банкны АТМ-с хохирогч Ж.Бод бэлэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж уншуулан өөртөө авч бусдад 405.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хаан банкны АТМ-с хохирогч С.Бэд бэлэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж уншуулан өөртөө авч бусдад 420.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар 32” худалдааны төвд байрлах хаан банкны АТМ-с хохирогч Х.Ат бэлэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж уншуулан өөртөө авч бусдад 35.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан,
- 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар 32” худалдааны төвд байрлах хаан банкны АТМ-с хохирогч Д.Гт бэлэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж уншуулан өөртөө авч бусдад 105.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан,
- 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хаан банкны АТМ-с хохирогч Ж.Нямдоржид бэлэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж уншуулан өөртөө авч бусдад 255.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 4 сарын хугацаанд их зүйл бодож, их зүйлийг ойлгосон. Хүнээс 1000 төгрөг битгий хэл 100 төгрөг ч авч болохгүй гэдгийг ойлгосон. Би ажил хөдөлмөр хийгээд хохирол төлбөрийг хурдан хугацаанд барагдуулна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх дуудлага гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2/, /1-р хх-ийн 73/
- Хохирогч З.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” худалдааны төв дотор байрлах АТМ-с мөнгө авахаар ортол миний урд үл таних 20 орчим насны эмэгтэй зогсож байхаар нь тухайн эмэгтэйд өөрийн эзэмшлийн 5020974268 дансны дугаартай виза картаа өгөөд мөнгө АТМ-с 20.000 төгрөг авахуулсан. Тэгээд 20.000 төгрөгөө картны хамт буцааж аваад гэр рүүгээ харьсан. Орой гэртээ байж байтал миний гар утсанд мессеж ирэхээр нь манай эхнэр харсан чинь миний данснаас 100.000 төгрөг зарлагаар гарсан байсан. Тэгээд манай эхнэр миний картыг гаргаж ирээд хартал өөр хүний 9496 1881 1968 3780 дугаартай Лхагвасүрэн Төмөрхүү гэсэн нэртэй өөр хүний карт өгчихсөн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9/,
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 18-19/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 22/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 32-35/
- Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 38/,
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-ийн 39/,
- Т.Сгийн худалдаа хөгжлийн банкны 406114959 тоот дансны хуулга /1-р хх-ийн 45-47/,
- Т.Сгийн голомт банкны 1205172066 тоот дансны хуулга /1-р хх-ийн 48/,
- Т.Сгийн хаан банкны 5753954908 тоот дансны хуулга /1-р хх-ийн 49-59/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 54/,
- Яллагдагч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2019 оны 09 дүгээр сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо шилэн Драгоны доор байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гээд зогсож байхад нэг ах ирээд надад хандаж 20.000 төгрөг ахынхаа виза картнаас аваад өгөөч гээд надад виза карт болон дансны нууц дугаарыг хэлж өгсөн. Тухайн үед надад өөр хүний виза карт байсан. Тэр ах миний хажууд зогсож байхад тэр ахын виза картыг АТМ-д худлаа хийж үзээд мөнгө гарахгүй байна гээд надад байсан өөр хүний виза картыг өгөөд явуулсан. Тэр ахын виза картыг ашиглаад эхлээд 50.000 төгрөгөөр 2 удаа, 100.000 төгрөгөөр нэг удаа, 200.000 төгрөгөөр нэг удаа тус тус гүйлгээ хийж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,
- Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Өнөөдөр би 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо шинэ Драгон төвийн нэг давхарт эхнэр Н-ын хамт Хаан банкны АТМ дээр эхнэрийнхээ хаан банкны 515002764.. дугаартай данс руу бэлнээр 800.000 төгрөг хийх гээд эхнэрийнхээ хаан банкны виза картыг, мөнгөтэй хамт барьсан зогсож байхад эхнэр бид 2 АТМ дээр данс руугаа бэлэн мөнгө хийж мэдэхгүй учраас урд зогсож байсан 20 гаран насны намхандуу, шаргалдуу царайтай, тарган ч биш, туранхай ч биш биетэй, хар саарал өнгийн куртиктэй эмэгтэйд хаан банкны картаа өгөөд 800.000 төгрөгийнхөө хамт өгөөд картны пин кодыг хэлээд энэ мөнгийг миний данс руу хийгээд өгөөч гэж гуйхад уг эмэгтэй карт, мөнгө хоёрыг аваад АТМ-д данс руу миний өгсөн 800.000 төгрөгийг хийгээд болчихлоо гээд виза карт буцааж өгөөд эхнэр бид хоёроос салаад явсан. Тэгээд эхнэр бид 2 бас нэг 20 гаран насны өндөрдүү, туранхай эмэгтэйг гуйгаад хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч гэж гуйгаад виза картаа өгөөд уг эмэгтэй виза картыг АТМ рүү хийгээд код асуухаар нь кодоо хэлэхэд таны карт чинь хаагдчихсан байна гэж хэлээд картыг минь буцаагаад өгсөн. Тэгэхээр нь би Хаан банкны лавлах руу залгаад миний карт хаагдсан байна гээд байна, шалгаад өг гэхэд картныхаа сүүлийн 4 оронг хэл гэхээр нь картан дээрээсээ хараад хэлж байгаад картныхаа нэрийг нь харахад А, Б гэсэн нэртэй өөр хүний карт байсан. Бас эхнэрийн утсанд эхнэрийн данснаас 500.000 төгрөгөөр нэг, 200.000 төгрөгөөр нэг нийтдээ 700.000 төгрөгийн зарлага гарсан тухай мессеж ирсэн. Тэгэхээр нь эхний эмэгтэй надаас эхнэрийн виза картыг 800.000 төгрөгийн хамт аваад эхнэрийн данс руу мөнгийг нь хийчихээд карт буцааж өгөхдөө өөртөө байсан картаа надад өгөөд манай эхнэрийн мөнгөтэй картыг авч яваад эхнэрийн картаас 700.000 төгрөг авсан байна. Одоо эхнэрийн дансанд 200.000 төгрөг үлдсэн байна лээ. Эхнэрийн картыг хаан банк руу яриад хаалгасан. Эхнэрийн картыг бол яг эхний эмэгтэй дахин харвал таних эсэхээ сайн мэдэхгүй байна. Бас уг эмэгтэйн содон шинж тэмдгийн талаар дээр хэлсэн зүйлээс өөр зүйл санахгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82/,
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 90-91/,
- Яллагдагч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, шилэн Драгоны дотор байрлах хаан банкны АТМ-с мөнгө авах гээд очих үед нэг эрэгтэй, эмэгтэй 1 хүн зогсож байсан. Тэгтэл тэр ах эгч 2 намайг дансанд мөнгө хийгээд өгөөч гээд надад виза карт болон нууц үгээ хэлсэн. Тэгээд би тэр ах эгч хоёрын виза картыг АТМ-д уншуулахад мөнгө гаргаж ирээд надад өгөхөөр нь АТМ-д орлого хийсэн. Тэгээд орлого хийсний дараа тэр ах эгч хоёрын надад виза картыг авч өөрөө солиод надад байсан өөр хүний хаан банкны виза картыг тэр ах, эгч хоёр өгч явуулсан. Тэгээд тэр ах эгч хоёрын виза картыг Драгон ойролцоо байрлах хаан банкны АТМ-с 500.000 төгрөгөөр нэг удаа, 200.000 төгрөг нэг удаа гүйлгээ хийж нийт 700.000 төгрөг авсан. Уг мөнгөөрөө байрны түрээсээ өгсөн одоо түрээсийн байрандаа байхгүй байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-111/,
- Хохирогч П.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Миний бие 2020 оны 08 дугаар сарын 17-ний өдөр 17 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон үйлчилгээний төв дотор байрлах хаан банкны АТМ-с мөнгө авах гэтэл чадахгүй байхаар нь миний ард талд зогсож байсан үл таних эмэгтэй хүнээс миний картыг ашиглаад мөнгө аваад өгөөч гэж гуйсан. Тэгээд тухайн үл таних эмэгтэй миний картыг аваад 200.000 төгрөг авч өгөөд миний картыг надад буцааж өгсөн. Тэгээд би 4 дүгээр давхарт байрлах цай, кофе худалдан борлуулдаг лангуунаас худалдан авалт хийж байтал манай эхнэр над руу залгаад чиний картнаас 200.000 төгрөгөөр 4 удаа зарлага гарчихлаа юу болоод байгаа юм бэ гэхээр нь халааснаасаа картаа гаргаж ирээд хартал өөр хүний карт надад өгчихсөн байхаар нь буцаж 1 дүгээр давхар руу буугаад АТМ-н ойр орчимоор мөнгө авахуулсан үл таних эмэгтэйг хайхад олдоогүйн улмаас цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128/,
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 138-139/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 144-147/
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 155/, \
- Яллагдагч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо шилэн Драгоны доор байрлах хаан банкны АТМ-с мөнгө авах гээд зогсож байсан чинь урд талын хүн ахын виза картнаас мөнгө аваад өг гээд нууц үг болон виза картаа өгсөн. Тэгээд би тэр ахын виза картнаас 200.000 төгрөг аваад тэр ахад өгөөд надад байсан өөр хүний виза картыг надаар мөнгө авахуулсан ахад өгөөд явуулсан. Тэгээд тэр ахын виза картыг ашиглаад 800.000 төгрөг авсан өөр мөнгө аваагүй тухайн мөнгийг өөрийнхөө байрны түрээс болон хоол унданд ашиглаад дуусгасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166/,
- Хохирогч Т.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед Булган аймаг явах гээд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шилэн” драгон төв дээр ирсэн юм. Тухайн үед бэлэн мөнгө байхгүй замын зардал өгөх хэрэгтэй болчихоод мөнгө авах санаатай шилэн драгон төвийн нэг давхарт байрлаж байсан хаан банкны АТМ мөнгө авах гэж очсон чинь нэг хүн мөнгө гэсэн чинь нөгөө АТМ мөнгө гарахгүй ажиллахгүй байсан тэгээд баруун талд байсан АТМ мөнгө авах гэсэн чинь нэг охин байж байсан тэгээд баруун талд байсан 50 орчим насны эрэгтэй хүний картыг аваад АТМ рүү хийгээд таны дансанд 108.000 төгрөг байна. Та хэдийг авах вэ? Гэсэн чинь 80.000 төгрөг авна гэсэн тэгээд 80.000 төгрөг авч өгсөн. Дараа нь намайг карт гээд гараа урдаас тоссон тэгэхээр нь би дотроо эмэгтэй хүүхэд байна гайгүй байлгүй гэж бодоод картаа өгсөн. Тэгээд би тухайн АТМ 50.000 төгрөг авсан. Миний дансанд 238.000 төгрөг үлдсэн байна гээд надад АТМ баримт авч карт, мөнгө, баримтийг зэрэг өгсөн. Тэгээд би мөнгөө аваад халаасандаа хийгээд баримт, карт хоёроо цүнхэнд хийсэн юм. Тэгээд би мөнгөө аваад халаасандаа хийгээд баримт карт хоёроо цүнхэнд хийсэн юм. Маргааш нь Булган аймгийн Хутаг- Өндөр суманд очиж гурил авах гээд дэлгүүр ороод картаа өгсөн чинь таны дансанд мөнгө байхгүй байна. Мөнгө хүрэлцэхгүй гээд байна гэсэн тэгээд би ямар сонин юм бэ? мөнгө байгаа гээд тэгсэн чинь энэ таны карт биш байна. Нэр чинь өөр байна гэсэн тэгээд харсан чинь Б гэсэн карт байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-178/,
- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 182-183/,
- Яллагдагч Т.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо Шилэн драгон дотор 13 цагийн үед явж байгаад Хаан банкны АТМ дээр очсон чинь 50 орчим насны эрэгтэй хүн мөнгө аваад өгөөч гэхээр нь тэр ахад тус болоод 80.000 төгрөг авч өгсөн чинь тэр ах яваад өгсөн тухайн үед хүмүүс их байсан учир карт солиогүй. Тухайн үед яг дараа нь 50 орчим насны эмэгтэй хүн надад хаан банкны ногоон өнгийн виза карт болон нууц үгээ хэлээд 50.000 төгрөг авахуулсан. Тэр ногоон өнгийн виза картыг тэр эмэгтэйд өгөөд харин тэр эмэгтэй хүнд 50.000 төгрөгийг нь өгөх үед надад байсан ногоон өнгийн виза картыг тэр эмэгтэйд өгөөд харин тэр эмэгтэйн виза картыг би авсан. Тухайн үед надаар 50.000 төгрөг авахуулсан эмэгтэй хүн их яаруу явж байсан. Тэгээд би 50.000 төгрөг надаар авахуулсан эмэгтэйн виза картыг ашиглаад эхлээд 30.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг авсан түүнийг өөрийн хэрэглээндээ хэрэглээд дуусгасан. Тэр эмэгтэйн виза картыг хаясан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-197/,
- Хохирогч З.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төв дотор байрлах АТМ-с мөнгө авах гэтэл чадахгүй байхаар нь миний зогсож байсан үл таних эмэгтэй хүнээс миний картаар мөнгө аваад өгөөч гэж гуйхад миний картаар АТМ-с 20.000 төгрөг авч өгөөд АТМ-н мөнгө дууссан байна, та гадна байрлах АТМ-с мөнгө авчих гэж хэлэхээр нь картаа аваад Call центрийн урд байрлах хаан банкны АТМ дээр очоод дахин хүнээс гуйж картнаасаа мөнгө авахуулах гэтэл нууц дугаар буруу байна гэсэн бичиг гараад болохгүй байсан. Тэгээд хаан банкны салбар руу ороод иргэний үнэмлэхээр данснаас мөнгө авах гэтэл таны карт биш байна гэж хэлсэн. Тэгээд банкны ажилтнаар өөрийн дансны үлдэгдлээ шалгуулахад миний дансанд байсан 200.000 төгрөг алдагдсан байна. Тэгээд би Драгон төв дээр дотор картнаасаа мөнгө авахуулахаар гуйсан үл таних эмэгтэй миний картыг сольж аваад миний данснаас 200.000 төгрөг авсан болохыг мэдээд цагдаагийн байгууллагад ирж мэдэгдэж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207/,
- Яллагдагч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон дотор явж байгаад хаан банкны АТМ дээр очоод мөнгө аваад зогсож байтад нэг ах ирээд надад хандаж ахын дүү 20.000 төгрөг аваад өгөөч гэж хэлээд надад хаан банкны виза картаа өгсөн юм. Тэгээд би өөрт байсан хүний виза картыг оруулаад дансыг шалгаад дансанд чинь мөнгө байхгүй байна гэж хэлсэн тэгээд би тэр картаа АТМ-с аваад тэр ахад өгөөд явуулсан дараа нь тэр ахын виза картнаас 200.000 төгрөг аваад явсан тухайн 200.000 төгрөгийг хоол хүнсэндээ хэрэглээд дууссан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 219-220/,
- Яллагдагч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Сансар 32 худалдааны төвөөр үйлчлүүлж байсан чинь нэг үл таних хөгшин эмээ ирээд энэ картнаас мөнгө аваад өгөөч гэхээр нь картыг нь аваад АТМ дээр очоод картыг чинь залигчихлаа гэж хэлээд картыг нь аваад явсаных нь дараа картнаас нь 30.000 төгрөг авсан би энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33-34/,
- Хохирогч Р.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 11 цаг 40 минутын орчим гэрээсээ ганцаараа гарч нарантуул захад орж юм авах гээд түрийвчээ замдаа харахад 20.000 төгрөг байхаар нь Нарантуул захын хойно байрлах хаан банкны АТМ дээр очиж мөнгө авах гээд очсон. Тэгээд АТМ рүү ороход нэг эмэгтэй байсан тэгэхээр нь би “миний охинд зав байна уу”, надад мөнгө аваад өгөөч гэсэн чинь нөгөө үл таних эмэгтэй эхлээд 780.000 төгрөгийг шууд гаргаад өгсөн. Тэгэхээр би бүгдийг нь авахгүй, 150.000 төгрөг л хэрэгтэй гэсэн чинь нөгөө эмэгтэй 780.000 төгрөгийг буцаагаад миний карт руу хийсэн. Тэгээд надад 150.000 төгрөг гаргаж, картын хамт баримтын хамт өгсөн. Тэгээд Нарантуулын өргөтгөл орж хүнсний зүйл авчихаад гэртээ очоод 16 цагийн орчим ач охин ирэхэд мөнгө гарсан байсныг мэдсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 69-71/,
- Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Нарантуул худалдааны төвд жинсэн өмд худалдан борлуулдаг бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн сүүлийн хэд хоногийн орлогын мөнгө болох 750.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баялаг ундраа худалдааны төвийн хаан банкны АТМ-г ашиглан өөрийн 5006327048 гэсэн дансруу хийх гэсэн чинь чадахгүй болохоор нь тэнд үйлчлүүлэх гээд зогсож байсан хар өнгийн бага зэргийн урт куртиктэй, түрийг нь эргүүлсэн цагаан шаргал өнгийн богино түрийтэй гутал өмссөн 20 гаруй насны шар царайтай, эмэгтэй хүн байхаар нь мөнгө хийж өгөхийг гуйхад зөвшөөрөөд өөрийн виза картаа өгч мөнгөө хийлгээд буцаагаад картаа авах үед тэр эмэгтэй надад өөр карт өгчих шиг болсон бөгөөд би өөрөө хараа муутай болохоор нэрийг нь харж чадахгүй байсан бөгөөд чи карт сольчихлоо гэхэд үзээд таныг хэн гэдэг юм гэхээр нь Б гээд нэрээ хэлэхэд мөн байна ш дээ гэж хэлээд яваад өгсөн бөгөөд би итгэхгүй тэнд явж байсан хүнийг гуйж дахин асуухад өөр хүний нэр хэлэхээр нь карт солигдсон байна гэж мэдээд хаан банк руу залгах гэсэн чинь холбогдож чадахгүй будилаад явж байх үед 400.000 төгрөгийн зарлага гарчихаар сандраад явж байсан чинь надад нэг залуу туслаад банкруугаа холбож өгөөд би өөрийн картаа хаалгасан. Тэгээд цагдаагийн байгуулагад хандсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 111-112/,
- Яллагдагч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “Би тухайн үед Нарантуул захын баруун талд байрлах Баялаг ундраа худалдааны Хаан банкны АТМ-ны хэсэгт Нарантуул захаас хүнс, ногоо авчихаад хаан банкны АТМ-с унааны мөнгө авах гээд зогсож байх үед нэг эгч ирээд дансанд мөнгө хийгээд өгөөч гээд надад 750.000 төгрөг өгсөн бөгөөд би уг мөнгийг өөрийнх нь дансанд хийж өгчихөөд тэр хүний картыг сольж өөрт байсан Содон хорооллын доод талд байрлах хаан банкны АТМ дээр зогсож байгаад нэг эмээгээс сольж авсан картыг тэр эгчид сольж өгөөд тэр эгчийг картны нууц дугаарыг мэдэж байсан учраас тэндээс яваад Сандей худалдааны төвийн Б1 давхарт байрлах хаан банкны АТМ-с 400.000 төгрөг уншуулан авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 115-116/,
- Хаан банкнаас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 50/1689 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн 3 кадр зураг бүхий 1 ширхэг сиди, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 126-128/
- Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16 цаг 43 минутанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Баялаг Ундраа худалдааны төвийн АТМ дээр өөрийн 5504003424 гэсэн данснаас мөнгө авах зорилгоор ороод өөрөө мөнгө авч чадахгүй байсан учраас тэнд зогсож байсан 20 орчим насны намхан бор царайтай, хүзүүний хэсгээрээ ороолт ороосон эмэгтэй хүүхдийг гуйгаад өөрийн данснаасаа 400.000 төгрөг авахуулсан бөгөөд уг залуу буцаад надап картыг минь өгөхдөө солиод өөр хаан банкны Дамдинжавын Бүрэнтэгш гэж хүний картыг сольж өгсөн байсан бөгөөд уг хүн миний картыг ашиглаад миний данснаас 16 цаг 46 минутанд 400.000 төгрөг, 18 цаг 50 минутад 15.000 төгрөг уншуулан авсан байсан тэрийг нь би өчигдөр орой мэдээд өнөөдөр цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргаж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 150/,
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 166-173/,
- Яллагдагч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би уг картанд 750.000 төгрөгийг хийж өгч тус болчихоод уг картыг өөрийн карттай сольж өгөөд тэр эмэгтэйгээс салж яваад уг картнаас нь 400.000 төгрөгийг Баялаг ундраа төвийн Б1 давхарт байрлах АТМ-с авсан. Мөн дараагаар 15.000 төгрөгийг дэлгүүрт уншуулсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 180/,
- Хохирогч Х.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өдрийн 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар худалдааны төвийн хаан банкны АТМ-ээр үйлчлүүлж байгаад мөнгөө авч чадахгүй болохоор миний урд талд мөнгө авах гэж байсан эмэгтэйг гуйгаад миний картнаас мөнгө аваад өгөөч гээд өөрийн хаан банкны виза картаа өгөөд нууц дугаарыг хэлж өгөхөд надад 20.000 төгрөг авч өгсөн. Тэгээд миний картыг надад өгөлгүй залгичихлаа гээд өөртөө авчих шиг болсон. Би тэгээд хаан банкны лавлах руу залгаж асуухад таны 5083204310 данснаас 30.000 төгрөгийн зарлага гарсан байна гэж хэлсэн. Тухайн эмэгтэй таны картыг залгичихлаа гээд байхаар нь би 17-ийн хаан банк руу очиж асуусан юм....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 207-209/,
- Яллагдагч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Сансар 32 худалдааны төвөөр үйлчлүүлж байсан чинь нэг үл таних хөгшин эмээ ирээд энэ картнаас 70.000 төгрөг аваад өгөөч гэхээр нь мөнгө авч өгөх гэж байгаад 70.000 биш 700.000 төгрөг авчихаар нь 700.000 төгрөгийг буцааж АТМ-д хийгээд дахин картыг нь хийгээд 170.000 төгрөг аваад 70.000 төгрөгийг эмээд өгөөд үлдсэн 100.000 төгрөгийг нь би өөрөө авсан уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 225-226/,
- Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хаан банкнаас тэтгэвэрийн зээл гэж 1.377.000 төгрөг авсан юм. Тухайн мөнгө нь миний хаан банкны 5009109242 дугаарын дансанд байсан бөгөөд би явж байгаад гэрийн хажуугийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Сансар 32 төв дотор байрлах хаан банкны АТМ рүү ороод мөнгө авах гэсэн боловч би чадахгүй байсан. Тухайн АТМ-д дараалал их байсан бөгөөд өөрийнхөө урд зогсож байсан 20 орчим насы эмэгтэй хүүхэд зогсож байхаар нь би түүнээс нь 75.000 төгрөг аваад өгөөч гэсэн боловч илүү их мөнгө гараад ирэхээр би тэр мөнгийг нь аваад үзэхэд 750.000 төгрөг байсан бөгөөд би түүнээс нь 75.000 төгрөг авч үлдээд буцаад 675.000 төгрөг тэр охинд өгч буцаагаад миний дансанд хийгээд өгөөч гэхэр тэр охин миний мөнгийг аваад цаашаа хараад АТМ рүү хийсэн юм. Тэгэхээр нь би дансны үлдэгдлээ шалгахад миний дансанд 100.000 төгрөг дутуу байсан. Тэгээд би энэ талаар банкны ажилтнаас тодруулахаар гарч хаан банкны 100 айл салбар руу явсан боловч хаасан байсан юм. Тэгээд би 32-ын тойрог дээр явж байтал нөгөө охин замын эсрэг талд зогсож байхаар нь би түүн рүү очоод уулзахад нэг эмэгтэй, яараад байна асуух зүйл гарвал миний 9974.... дугаар руу залгаарай. Намайг Н гэдэг гэж хэлээд яваад өгсөн бөгөөд би түүний дугаар руу залгасан боловч ашиглалтад байхгүй байна лээ. Иймээс тухайн хүний надаас авсан 100.000 төгрөгийг олж өгч хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 234-236/,
- Хохирогч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... хажуудаа зогсож байсан үл таних эмэгтэй хүнийг гуйж картнаасаа мөнгө авахуулахаар нууц дугаараа хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэй миний картыг бэлэн мөнгөний машин руу хийгээд миний картны нууц дугаар болох 1193 гэсэн кодыг хийж оруулаад надаас хэдэн төгрөг авах юм гэж асуусан. Тэгэхээр нь 500.000 төгрөг аваад өг гэсэн чинь нөгөө эмэгтэй картнаас 500.000 төгрөг гаргах боломжгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр би за тэгвэл 250.000 төгрөг аваад өг гэсэн чинь нөгөө эмэгтэй миний данснаас 10.000 төгрөг гаргаж өгөөд дахиад картнаас 200.000 төгрөг гаргаад надад 210.000 төгрөг өгсөн. Тэгээд би мөнгөө тоолоод зогсож байтал нөгөө эмэгтэй таны картыг залигчихаа одоо яанаа гэхээр нь би тэгээд одоо яаж наад картыг чинь авах юм гэсэн чинь нэг дэх өдөр банк онгойхоор аль ч салбар дээр очсон таны картыг гаргаад өгнө гэж хэлэхээр нь би заза гэж хэлээд банкнаас цуг гарч явсан. Тэгээд удалгүй 10-20 минутын дараа миний гар утсанд хаан банкны мэдээлэл 2 удаа ирэхээр нь гайхаад хартал эхлээд 200.000 төгрөг, дараа нь 50.000 төгрөг нийт 2 удаагийн гүйлгээгээр 250.000 төгрөгийн зарлага гарсан мэдээлэл ирсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 4-6/,
- Гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 11-13/,
- Яллагдагч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 100 айл барилгын материалын дэлгүүрээс бараа авах гээд 100 айлд байрлах хаан банкны бэлэн мөнгөний машин дээр очтол нэг хөгшин хүн надаас картнаас мөнгө аваад өг гэхээр нь би картнаас мөнгө авч өгчихөөд карт нь гарч ирэхгүй болохоор би таны картыг АТМ залгичихлаа гэсэн нөгөө хүн яваад өгсөн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19-20/,
- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 66-68/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.С нь үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэн З.Нн өмчлөлийн хаан банкны виза картыг өөр хүний нэр бүхий уг банкны виза картаар солин түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж З.Нн өмчлөлийн Хаан банкны данснаас 400.000 төгрөгийг уншуулан өөртөө авч бусдад 405.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бөгөөд залилах гэмт хэргийг үйлдсэн,
- Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Н-ын өмчлөлийн Хаан банкны виза картыг өөр хүний нэр бүхий уг банкны виза картаар солин түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Нын өмчлөлийн Хаан банкны данснаас 701.000 төгрөгийг уншуулан өөртөө авч бусдад 706.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн иргэн Б.Б-гийн өмчлөлийн Хаан банкны виза картыг өөр хүний нэр бүхий уг банкны виза картаар солин түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Бгийн өмчлөлийн Хаан банкны данснаас 800.000 төгрөгийг уншуулан өөртөө авч бусдад 805.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвд байрлах АТМ-с хохирогч З.М-д бэлэн мөнгө авч өгөхдөө түүний хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 200.000 төгрөгийг уншуулан өөртөө авч бусдад 205.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн 1 давхарт байрлах АТМ-с хохирогч Т.Л-д бэлэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж уншуулан өөртөө авч бусдад 235.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн зүүн хойно байрлах Хаан банкны АТМ-с хохирогч Р.П бэлэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж уншуулан өөртөө авч бусдад 615.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг ундраа” худалдааны төвд байрлах хаан банкны АТМ-с хохирогч Ж.Бод бэлэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж уншуулан өөртөө авч бусдад 405.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хаан банкны АТМ-с хохирогч С.Б-д бэлэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж уншуулан өөртөө авч бусдад 420.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар 32” худалдааны төвд байрлах хаан банкны АТМ-с хохирогч Х.Ат бэлэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж уншуулан өөртөө авч бусдад 35.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан,
- 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар 32” худалдааны төвд байрлах хаан банкны АТМ-с хохирогч Д.Гт бэлэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж уншуулан өөртөө авч бусдад 105.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан,
- 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хаан банкны АТМ-с хохирогч Ж.Н-д бэлэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж уншуулан өөртөө авч бусдад 255.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Т.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.
Т.С-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1-т заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Т.С нь 2020 оны 5 сарын 16-ны өдөр бусдыг залилах гэмт хэргийг эхлэн үйлдэж , 5 сарын 30-ны өдөр, 8 сард 1 удаа буюу 8 сарын 17-ны өдөр, 9 сард 3 удаа, 11 дүгээр сард 1 удаа, 2021 оны 1 сард 3 удаа үйлджээ.
Залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь энэ гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эх үүсвэр болгож, тогтвортой ашигласан байхыг ойлгоно.Т.Сгийн үйлдсэн гэмт хэргийн гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтлоо.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогч нарын хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах нь зүйтэй байна.
Т.С нь хохирогч З.Н-д 400.000 төгрөг, Б.Н-д 706.000 төгрөг, хохирогч Б.Б-д 805.000 төгрөг, З.М-д 205.000 төгрөг, хохирогч Т.Л-д 235.000 төгрөг, хохирогч Л.П-д 615.000 төгрөг, хохирогч Ж.Б-д 405.000 төгрөг, хохирогч С.Б-д 420.000 төгрөг, хохирогч Х.А-т 35.000 төгрөг, хохирогч Д.Г-т 105.000, Ж.Н-д 255.000 төгрөг нийт 11 хохирогчид 4.191.000 төгрөг төлөх төлбөртэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.Сд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Т.Сгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд хамаарч байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Т.С нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өмнөх Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамрагдаж байгаагүй байна. Т.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Иймд Т.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Сгийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 29 дугаар хорооноос явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 4 сар 12 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.14 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Т.Сд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Сд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар Т.Сд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Сг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 29 дугаар хорооноос явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-гийн цагдан хоригдсон 4 сар 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсүгай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Т.С-гаас хохирогч З.Н-д 400.000 төгрөг, А.Б-д 706.000 төгрөг, хохирогч П.Б-д 805.000 төгрөг, З.М-д 205.000 төгрөг, хохирогч Т.Л-д 235.000 төгрөг, хохирогч Р.П-д 615.000 төгрөг, хохирогч Ж.Б-д 405.000 төгрөг, хохирогч С.Б-д 420.000 төгрөг, хохирогч Х.А-т 35.000 төгрөг, хохирогч Д.Г-т 105.000 төгрөг, хохирогч Ж.Н-д 255.000 төгрөг, нийт 4.191.000 төгрөг гаргуулж тус тус олгосугай.
9.Т.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг банкны виз карт, 4 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ