| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/01519/И |
| Дугаар | 181/ШШ2017/01679 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2017/01679
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, сөүлийн гудамж, 10 тоотод байрлах Ц ХХК /РД: ........../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдох
Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 2.400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 8005/0050 дугаар бүхий 600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 7.792.400.000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төслийн лэндс” ХХК-ийн гүйцэтгэсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт хийсэн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай №31753 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”, №ЗБ/'53 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, №ЗБ/53/02 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, №БГ/53 тоот “Баталгааны гэрээ”, 2015.05.20 өдрийн №ЗГ/53-01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн нэмэлт гэрээнүүдийг тус тус Худалдаа Хөгжлийн Банктай байгуулж үл хөдлөх хөрөнгө шинэчлэх засварлах зорилгоор жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 84 сарын хугацаатайгаар 2.016.400.000.00 төгрөгийг зээлэн авсан. Улмаар эдийн засгийн тогтворгүй байдал улс орны эдийн засагт нөлөөлж зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх явцад хүндрэл гарч 2-3 удаа төлбөрийг хугацаанд нь төлж чадалгүй төлбөрийг удаашруулсан.
Худалдаа хөгжлийн банкинд удаа дараа нөхцөл байдал учирлан хэлэхэд бидний тайлбарыг үл тоон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй ноцтой зөрчиж байна хэмээн зээлийн гэрээг цуцлаж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Тус банкны гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №11 тоот шүүгчийн захирамжаар нийт 2.160.834.461.78 төгрөгийг Худалдаа Хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн.
Улмаар 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №11 тоот шүүхийн шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудастайгаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах болсон.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 10 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн ...................... дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 2.400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 8005/0050 дугаар бүхий 600 м.кв талбайтай эзэмших эрхтэй обьектийг төлбөр төлөгч талаас 18 тэрбум төгрөгөөр үнэлсэн байхад хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгийн үнэлгээ төслийн лэндс” ХХК-ийн шинжээчээр үнэлүүлж тус объектийг газрын хамт нийт 7.792.400.000 төгрөгөөр үнэлсэн нь манай компанийн өмчийг хэт үнэгүйдүүлж зах зээлийн ханшийг бариагүй бодит бус үнэлгээ болсон байна.
Нөгөө талаар үнэлгээ гаргасан шинжээч нар нь манай объектийг нэг бүрчлэн үзээгүй, бодит хэмжилт хийлгүйгээр зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэн м.кв-ыг тооцож байгаа нь үндэслэлгүй болжээ. Үүнд:
1. Шинжээч 2001-2017 оны хооронд хэрэглэх үнийн өсөлтийн индексийг бодож гаргажээ. Үнийн өсөлтийн индекс зөвхөн нэг шинжээчийн дүгнэлтээр гардаг зүйл биш бөгөөд нь 1.99 хувийн индекс гэдэг зах зээлийн ханшнаас хэт доогуур индексээр тооцон гаргасан байна.
2. 0бъектийн бодит үнэ цэнэ өртөгийг 6.644.885.479, 68 төгрөгөөр бодсон нь хэт үнэгүйдүүлж үнэ цэнэгүй болгох гэсэн дүгнэлт харагдаж байна. Учир зах зээлийн өртөгийн үнэд ашиглалтанд орсон он, барилгын бүтэц хийц. ашигтай байрлал, хотын зэрэглэлийн бүс, дуу чимээ агаарын бохирдолын хэмжээ зэрэг бусад хүчин зүйлийг огт тооцоолж бодсонгүй.
З. Барилгын орлогын хандлагын талаар үнэлгээг тооцохдоо хотын бүсийн зэрэглэл, чанар үйлчилгээ, ойр орчмын үйлчилгээний төвийн үнэ цэнэ, олны хөлийн төв цэгт байршилтай, дэлхийн эдийн засаг болон монгол улсын эдийн засаг долларын ханш эдийн засгийн өсөлт зэргийг тооцоолон гаргаагүй.
Мөн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарсан гэдгийг мэдсэн атлаа 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Цүки ХХК-ийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгийн ...................... лэндс” ХХК-ийн үнэлгээ болон тус албаны 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хийсэн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Сөүлийн гудамж 10 тоот үйлчилгээний зориулалттай 2.400 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг, нэгж талбарын 8005/0050 дугаар бүхий 600 мкв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт төлбөр төлөгч манай компаний зүгээс 18 тэрбум төгрөгөөр үнэлсэн байхад хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК- ийн шинжээчээр үнэлүүлж тус объектыг 7.792.400.000 төгрөгөөр үнэлсэн нь манай компаний өмчийг хэт үнэгүйдүүлж зах зээлийн ханшийг бариагүй бодит бус үнэлгээ болсон байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дүгаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр захирамжаар “Ц” ХХК-иас 2.166.315.522 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч “Ц” ХХК-ийн захирал Ч. С-т шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн боловч төлөөгүй, мөн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр захирамжид дурьдснаар сар болгон төлбөр төлөх графикаа зөрчиж байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч “Цүки” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Сөүлийн гудамж 10 тоот үйлчилгээний зориулалттай 2.400 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг, нэгж талбарын 8005/0050 дугаар бүхий 600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2016/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/18 дугаартай тогтоолоор хураасан.
Төлбөр төлөгч, төлбөр авагч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон.
Хөндлөнгийн шинжээч 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Сөүлийн гудамж 10 тоот үйлчилгээний зориулалттай 2.400 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг, нэгж талбарын 8005/0050 дугаар бүхий 600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 7.792.400.000 төгрөгөөр үнэлсэн.
Дээрх барыдаа хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцтгэх албанаас зохион байгуулсан Анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувь буюу 5.454.680.000 төгрөгөөр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг гарсан гэдгийг манай албанд мэдэгдээгүй учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, дуудлага худалдааг зохион байгуулсан. Шүүхээс дээрх захирамжийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоогоогүй бөгөөд эд хөрөнгийн үнэлгээнд үндэслэлгүйгээр гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн...................дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 2.400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 8005/0050 дугаар бүхий 600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 7.792.400.000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төслийн лэндс” ХХК-ийн гүйцэтгэсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт хийсэн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж болгож шийдвэрлэв.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр захирамжаар хариуцагч Ц ХХК-иас 2.160.834.461 төгрөг 78 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банкинд олгож шийдвэрлэсэн ба уг захирамжийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 305 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2016/01 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ................................ дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 2.400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 8005/0050 дугаар бүхий 600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг битүүмжлэн, тэмдэглэл үйлдсэн байна.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “эд хөрөнгө хураах” тухай 04/18 тоот тогтоолоор битүүмжилсэн хөрөнгүүдийг хураан авсан ба уг ажиллагаанд төлбөр төлөгч Ц ХХК-ийн захирал Ч.С биечлэн оролцсон, тэмдэглэл үйлдсэн нь хууль зөрчөөгүй ба нэхэмжлэгч нь битүүмжлэх болон хураан авах ажиллагаанд гомдол гаргаагүй.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно“ гэж заажээ.
Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн....................дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 2.400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 8005/0050 дугаар бүхий 600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 18.000.000.000 төгрөгөөр үнийн саналыг өгсөн байна.
Төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь төлбөр төлөгчийн үнэлгээг эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар санал болгох үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 234 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр “Л“ ХХК-ийг томилсон байна.
Шинжээч “Л“ ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 17/01 тоот дүгнэлтээр Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ...................... дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 2.400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 8005/0050 дугаар бүхий 600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 7.792.400.000 төгрөг байна гэж зах зээлийн үнэлгээг гаргажээ.
“Лэндс“ ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа хууль, дүрэм, журамд заасны дагуу гаргасан байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн................... дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 2.400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 8005/0050 дугаар бүхий 600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 7.792.400.000 төгрөгийн 70 хувиар тооцон 5.454.680.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгчид 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гардуулжээ.
Нэхэмжлэгч нь үнэлгээг бага тогтоосон гэх боловч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн .......................... дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 2.400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 8005/0050 дугаар бүхий 600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт хийсэн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолоор Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ..................... дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 2.400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 8005/0050 дугаар бүхий 600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт зохион байгуулжээ.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3173 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр захирамжийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж хүчин төгөлдөр болсон байна.
Уг захирамж 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдсэн боловч хариуцагчийн төлөөлөгч 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн хувийг гардаж авсан ба нэхэмжлэлийн хувийг гардаж авахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж хавтаст хэрэгт үдэгдсэн байсан болох нь 4834 дугаартай хавтаст хэргийг дугаарласан байдлаас тогтоогдож байна.
Шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт хийсэн албадан дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөн байх тул 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт хийсэн албадан дуудлага худалдааг хүчингүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт явагдсан Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ............................дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 2.400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 8005/0050 дугаар бүхий 600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг анхны албадан дуудлага худалдаа явуулсан ажиллааг хүчингүй болгосугай.
2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн .........................дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 2.400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 8005/0050 дугаар бүхий 600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 7.792.400.000 төгрөгөөр үнэлсэн “Лэндс” ХХК-ийн гүйцэтгэсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Цүки ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Цүки ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Цүки ХХК-иас 70.200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Цүки ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР