Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 146/ШШ2017/00145

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, Сайр дэнж 6-11 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, Хөмчит овгийн Галсанбямбын Нэргүй /РД:ЙС77021524/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг Өл 5-7 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, Боржигин овгийн Намсрайн Лхагвасүрэн /РД:ЙР78032915/-д холбогдох

“Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Нэргүй, хариуцагч Н.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Нэргүй миний бие 2011 онд танилцан улмаар гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Энэ хооронд 2011 онд охин Пүрэвдулам төрсөн. Хамт амьдрах хугацаанд Н.Лхагвасүрэн нь архи ууж агсан тавьж удаа дараа зодож нүддэг болсон. Тодорхой ажил төрөл хийхгүй, үр хүүхдээ хайхрахаа больсон. Одоо тусдаа амьдраад хоёр сар гаруй болж байна. Удаа дараа зодож доромжилж байсан болохоор эвлэрэх боломжгүй. Би хариуцагчтай амьдрах гэж их зүтгэсэн. Зодуулж нүдүүлсэн ч гэсэн уучилж удаан хугацаанд хамт амьдарсан. Саяхан 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг Лхагвасүрэн зодоод гадаа хонуулсан. Тэгээд би Лхагвасүрэнг цагдаад өгсөн. Би зодуулаад Өвөрхангай аймаг явж шинжилгээнд орсон. Би цагдаагаас гомдолгүй гэж хэлээд Лхагвасүрэнг аваад гарсан. Лхагвасүрэнгийн ар гэрийхэн нь намайг зодуулсан байхад яав ийв гэж хэн нь ч ирээгүй. Тийм учраас салъя гэж шийдсэн. Би том хүүтэй болохоор Лхагвасүрэнтэй таардаггүй. Хүүгээ юманд орчих байх гэж бодоод Лхагвасүрэнгээс салж байгаа. Хүү маань аав бид хоёр дээр өссөн. Би аав дээрээ том хүүгээ өсгөсөн. Өөрөө цаашид өсгөнө. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Пүрэвдуламд тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Н.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Боржигин овгийн Намсрайн Лхагвасүрэн миний бие Галсанбямба овогтой Нэргүйтэй танилцаад улмаар 2011 онд охин Пүрэвдулам гарсан. 2010 онд танилцсанаас 2016 он дуустал хамт амьдарсан. Энэ хугацаанд хамт архи уудаг байсан. Миний хувьд архи уудаг нь үнэн боловч хүүхдээ хайхрахгүй байсан удаагүй. Мөн хүүхдийн тэтгэвэр төлөх чадваргүй. Би өөрөө нэг хүүхэдтэй, ажил төрөлгүй. Одоогоор биеийн байдал тааруу хот явж эмчлүүл гэсэн. Санхүүгийн боломж муутайгаас явж чадаагүй байгаа. Иймд хүүхдийн тэтгэврээс чөлөөлж өгөөч. Тиймээс би салах бодолгүй байна. Нэргүй бид хоёр хоёулаа архи уудаг. Би цагдаа дээр 3 удаа ирсэн нь үнэн. Эхний 2 удаа Нэргүй намайг хүүтэйгээ нийлж зодоод би 14 хоног баривчилгаа авч байсан. Сүүлд нь би юм уусан байсан. Би Нэргүйг зурагтаа унтраачих гэснээс болоод бид хоёр маргалдаад би Нэргүйг алгадчихсан. Тэгээд цагдаа дуудаад прокурор дээрээс хэргээ хаалгаад салсан. Гэрлэлтээ цуцлуулмааргүй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Нэргүй нь “Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Г.Нэргүй, Н.Лхагвасүрэн нар нь 2012 онд гэр бүл болсон, 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр охин Л.Пүрэвдуламыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, ¹0000591468 дугаартай төрсний гэрчилгээ, №0145974 дугаартай гэрлэлтийн баталгаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч цаашид хамт амьдрах боломжгүй, эвлэрэх хугацаа авалгүйгээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, хариуцагч гэрлэлт цуцлахыг зөвшөөрөхгүй гэх боловч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан нөхцөл байдал үүсч байсан, цаашдаа үүсч болзошгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв. “Хамт амьдрах хугацаандаа байнга зодож, сэтгэл санааны хувьд дарамтад оруулдаг байсан” талаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул шүүх дээрх дүгнэлтийг хийсэн болно.

Нэхэмжлэгч хүүхдээ өөрийн асрамжид үлдээхийг хүссэн ба хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн зэргийг харгалзан 2011 онд төрсөн охин Л.Пүрэвдуламыг эх Г.Нэргүйн асрамжид үлдээж, эцэг Н.Лхагвасүрэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч нь “гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдийн тэтгэлэг төлөх чадваргүй” гэж шүүх хуралдаанд тайлбарладаг бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар “эцэг, эх үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх” хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул эцэг Н.Лхагвасүрэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ гэрлэлт цуцалснаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг эцэг Н.Лхагвасүрэнд, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх Г.Нэргүйд тус тус даалгаж, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Хариуцагч Н.Лхагвасүрэнгээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Лхагвасүрэнгээс 23.526 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.,  116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Хөмчит овгийн Галсанбямбын Нэргүй, Боржигин овгийн Намсрайн Лхагвасүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Л.Пүрэвдуламыг эх Г.Нэргүйн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт   зааснаар 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Л.Пүрэвдуламыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр  сар бүр  тэтгэлэг  гаргуулан эцэг Н.Лхагвасүрэнгээр тэжээн тэтгүүлсүгэй.  

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ гэрлэлт цуцалснаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг эцэг Н.Лхагвасүрэнд, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх Г.Нэргүй нарт тус тус даалгасугай.

6. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Лхагвасүрэнгээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Лхагвасүрэнгээс 23.527 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд оруулсугай. 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ж.Мөнхтуяад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноос хүчинтэй болох бөгөөд 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН