| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0265/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/336 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/336
2021 06 21 2021/ШЦТ/336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Б-ын Ч-т холбогдох эрүүгийн 2010 02037 0023 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Ганчимэг, шүүгдэгч Б.Ч, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбат, гэрч Г.Дорждагва, шинжээч Л.Эрдэнэбат /онлайн/ нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитектор мэргэжилтэй, “Эй Би Өү Марон Тиссенкрупп” ХХК-д хөдөлмөр хамгааллын ажилтан ажилтай, хххх тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Б-ын Ч- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Бөх бат” ХХК-ийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Эй Би Өү марон Тиссенкрупп” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөлгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлж, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн ахлах механик Э.Б нь цахилгаан шат угсрах ажил гүйцэтгэж байгаад шатны хонгилд унаж, эрүүл мэндэд нь “хэвлийн битүү гэмтэл, зүүн бөөрний задрал, цус хуралт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн шуу ясны хугарал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духны баруун дээд хэсэг, зүүн өвдөгний дээд хэсгүүдэд шарх” гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Чаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Намайг Б.Ч гэдэг. “Эй Би Өү марон тиссенкрупп” компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн хариуцсан ажилтнаар ажилладаг. Тухайн үед нийт 6 төсөл хариуцан аюулгүй ажиллагааг нь хянаж ажиллаж байсан. Өдөр тутмын зааварчилгааг зөвхөн ахлах ажилтнуудад 15 хоногт 1 удаа өгдөг. 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зааварчилгааг өгсөн ба тухайн зааварчилгааг давтан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин өгөх байсан. Тэр хугацаанд н.Б-д зааварчилгаа өгсөн гэж бодож байна.
Зааварчилгааг стандартын дагуу буюу MNS49692000 гэсэн зааварчилгааг өгдөг. Ямар зааварчилгааг, хэн өгөх ёстой вэ гэхээр урьдчилсан зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан өгөх ёстой байдаг. Анх ажилд ороход нь Монгол Улсын Хөдөлмөр аюулгүй байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод дүрэм, журам заавар, зааварчилгааны дагуу урьдчилсан зааварчилгаа өгөх ёстой.
Эдгээр зааварчилгааг Б.Ч миний бие Б-д өгсөн. Анхан шатны зааварчилгааг инженер техникийн хариуцсан дарга нар нь өгдөг. Өдөр тутмын зааварчилгааг өдөр тутамдаа хариуцдаг ахлах ажилтан өөрөө өгдөг. Ахлах ажилтан өөрөө өгч, аюулгүй ажиллагааны нарийн зааврын дагуу “өнөөдөр ийм ажил гүйцэтгэнэ, түүндээ таарсан аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллах ёстой” гэсэн заавар өгч, гарын үсэг зуруулдаг.
Э.Б нь өөрөө ээлжийн ахлах механик, бригад хариуцан ажилладаг ажилтан байгаа юм. Э.Б нь тус компанид 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тус гэрээнд “ахлах механик” гэж тодорхойлж заасан.
Хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлд ажилтны эрх, үүрэг тусгагдсан байдаг. 4.3-т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлагыг чанд сахиж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, учирч болох саадыг арилгах гэсэн заалт байдаг. Мөн 4.7-т ажилтан байгууллагын дотоод журам, хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сахин биелүүлэх үүрэгтэй гэж, 4.11-т гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас ажил олгогч болон бусад эд хөрөнгөд хохирол учруулбал хохирлыг Э.Б өөрөө бүрэн хариуцна гэж хөлсөөр ажиллах гэрээнд нь заасан.
2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Эрдэнэцогт овогтой Б-тай Хөдөлмөр аюулгүй ажиллагааны гэрээ байгуулсан. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтан хоёрын хооронд гэрээ байгуулсан. Гэрээнд ажилтны эрх үүрэг, хариуцлагын талаар мөн зохицуулагдсан байгаа.
Хэрэг болсон өдөр би өөр төсөл дээр хяналт тавьж байсан. Тухайн өдөр шинээр ажилд орсон ажилчдын анкет болон Хөдөлмөр аюулгүй ажиллагааны тусгай хэрэгслийн үнийн судалгаа хийж, 2, 3 төсөл дээр давхар шалгалт хийж байсан юм.
Үнийн судалгаа хийж байхад 16 цагийн орчим ахлах ажилтан Гунаа над руу “ийм осол гарлаа, хонгил руу Б- бид 2 уначихлаа, би 5 давхраас дүүжлэгдсэн, Б- доошоо унасан” гэж хэлсэн.
“Яагаад өндрийн бүс хамгаалах хэрэгслийг зүүгээгүй юм, лифт угсрах аюулгүй ажиллагааны зааварчилгаанд байгаа, тавцангаа яагаад тавиагүй юм, тавцан тавьсан байх ёстой” гэхэд “тавцан тээглээд байсан болохоор авсан байсан, хоол идчихээд гарахдаа өндрийн бүсийг тайлсан байсан, ганц тайл авахын хооронд өндрийн бүсээр яах вэ гээд шууд өндийн бүс зүүхгүйгээр орсон, тавцан тээглээд байхаар нь тавцанг аваад нэг банзан дээр гишгэсэн байсан, бид 2 тавцан дээр гишгээд тайлаа доошоо буулгаж байхад банз нь дийлэхгүй доош унасан” гэж хэлсэн.
Тухайн үед нь би “та хоёр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар дүрэм, журмыг яагаад биелүүлээгүй юм бэ, уг журмыг сахин биелүүлэх үүрэгтэй, өөрсдөө хяналт тавих үүрэгтэй хүмүүс байж яагаад ийм байдлаар ажил хийсэн бэ” гэхэд “бид нар ганц юм авах байсан болохоор банз тавьсан, өндрийн бүсийг тайлсан байсан” л гэж хэлсэн. Тэгээд “ийм асуудал боллоо” гэхэд нь би очсон. Намайг очиход Э.Быг эмнэлэгт аваад явсан. Гунаа нь зөөлөн эдийн гэмтэлтэй байсан тул гэмтлийн эмнэлэг дээр хамт очоод, Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт ирж байцаалт өгсөн.” гэсэн мэдүүлэг,
Шинжээч Л.Эрдэнэбатаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Хан-Уул дүүргийн Цагдаагийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Банзрагчаас ирүүлсэн тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дүгнэлтийг гаргасан. Туслан гүйцэтгэгч “Эй Би Өү” ХХК-ийн ажилтан Э.Б унаж бэртэж, энэ гэмтэлд шинжээчээр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Гантөмөр, Эрдэнэбат, Аюуш нартай хамтран дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийн гол санаа нь ямар шалтгааны улмаас Э.Б гэмтсэн, гол шалтгаан нь юу юм бэ гэдэгт зөвлөлдөж шинжээчийн дүгнэлтийг гаргасан.
Аюул эрсдэл, үр дагавар гэж юу юм, аюул гэдэг нь юу вэ гэдэг талаар дүгнэлт гаргасан. Аюул нь өндөр, эрсдэл нь унах, үр дагавар нь бэртэж гэмтэх байгаа юм. Өндөрт ажиллаж байгаа ажилчдын хувьд аюулыг арилгах байдлаар ажилладаг. Хэргийн нөхцөл байдлын хувьд аюулыг арилгах боломжгүй, харин аюулыг бууруулах арга хэмжээ авдаг. Аюулыг бууруулах арга хэмжээ авахад хаалт хамгаалалт хийх буюу хувийн хамгаалах хэрэгслээр аюулыг бууруулдаг.
Аюулыг бууруулах гол хэрэгсэл нь ажилтанд өндрийн бүс хамгаалах хэрэгслийг олгох юм. 1.5 метрээс дээш ажиллаж байгаа ажилтанд өндрийн бүсийг заавал олгох үүрэгтэй байдаг. Аж ахуй нэгжийн зүгээс ажилтанд өндрийн бүсийг олгосон байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй гэж заасан тул аж ахуйн нэгж үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.
Урьдчилсан зааварчилгаа ажилтанд өгөгдсөн байсан, мөн өндрийн бүсийг өгсөн байсан.
ХАБЭА-н ажилтны зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласан. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөг боловсруулан шаардлагатай дүрэм журам, “Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны заавар журам”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрээ, Барилга төслийн талбайн үйл ажиллагааны ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг боловсруулан батлуулан мөрдүүлсэн байна.
Ажилтан өөрийн хайхрамжгүй байдлаас буюу хөнгөмсгөөр найдаж, өндрийн бүсийг хэрэглэхгүйгээр, цайны цагийн дараа тайлыг аваад, өөр газар шилжүүлж ажиллах ажлын төлөвлөгөөтэй байсан байна. Цайны цагаар тухайн тайлыг аваад өөр газар ажиллах төлөвлөгөөтэй байснаар өндрийн бүсийг өөрөө хийхгүйгээр өндөрт ажилласан байна. Осол гарсан шалтгаан бол ердөө л энэ байна гэж үзэж байна.
Тухайн осолдогч нь өндрийн бүсийг хийж ажлаа хийсэн бол осол гарах нөхцөл бүрдэхгүй, өөрөөр хэлбэл аюулыг бууруулах боломжтой байсан байна. ХАБЭА-н ажилтан барилгын талбай дээр байнгын байж байх харуул биш. Энэ талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-27.3-6-д заасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх гэж заасан. Энэ нь бичиг цаасны ажлыг боловсруулж, батлуулж гаргана гэсэн үг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2 дахь хэсэгт.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих гэж заасан байна. Мөн хуулийн 27.3.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах гэж заасан.
ХАБЭА ажилтан байнгын харуул шиг байх юм шиг санадаг боловч тэрээр ажилтан тодорхой дүрэм журмыг сахиулна, бусад дүрэм журмыг батлуулна. Мөн мөнгө санхүүг батлуулдаг, бичиг цаасны ажил хийдэг ажилтан байгаа юм. Түнээс байнгын зам талбай дээр манаач мэт зогсох үүрэгтэй ажилтан биш гэв.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Дорждагвын өгсөн:
Намайг Гармаагийн Дорждагва гэдэг. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус компанид борлуулалтын маркетингийн даргаар ажилд орсон. 2020 оны 7 дугаар сард гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон. Манай компани цахилгаан шатны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компанийн төслийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж хэд хэдэн төсөлд зэрэг ажил хийдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр аюулгүй байдалтай холбоотой алба хэлтэс ажиллуулна гэсний дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан ажиллаж хариуцдаг.
Ахлах ажилтан нь тухайн төсөл дээр өдөр тутмын зааварчилгааг өгч хариуцан ажилладаг. Сургалт судалгаатай холбоотой ажлыг компанид шинээр ажилтан ороход анхан шатны зааварчилгааг хүний нөөцийн менежер болон ХАБЭА-ын ажилтнаас дамжуулж бүх ажилтнуудад олгодог. Олгож гарын үсэг зурсны дараа тухайн ажилтан ажлын байранд ажил үүргийг гүйцэтгэдэг. Мөн төлөвлөгөөт болон хөндлөнгийн байгууллага, гуравдагч этгээдийн хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтны сургалтыг жилд 2 удаа авдаг байгаа.
Хохирогч Э.Бтай 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан. Тухайн өдөр амжаагүй бол дараагийн өдрөөс ажлын байранд гарсан байх ёстой. Хохирогч “ахлах орон тоон дээр ажиллаж чадна, урд нь “Хан Баян” ХХК-д 5 жил ажилласан, Солонгос Улсад цахилгааны шатны чиглэлээр сургалтад хамрагдсан, өөрийн бригадтай ирж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, ахлахын орон тоон дээр ажиллаж чадна, өмнөх ажлын байран дээрээ ахлахын орон тоон дээр ажиллаж байсан боловч цалин тохиролцоогүй тул ажлаас гарсан” гэж хэлж танилцуулсан.
Тэгээд боломжтой хүн гэж үзээд, мөн хэд хэдэн төсөлд ажил гүйцэтгэж байсан тул ажиллуулахаар болж, компанитай 2020 оны 9 дүгээр сарын 09-нд хөлсөөр ажиллах гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан юм.
Хохирогчид анхан шатны зааварчилгаа нь анх хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, бичиг бүрдүүлж байхад олдохгүй байж байгаад хэргийг Прокурорт шилжүүлэхийн өмнө Б.Чт байсныг мэдсэн. Холбогдох материал нь хэрэгт хавсаргагдсан гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 2010 02037 0023 дугаартай хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт баримтууд /хэргийн 7-9х, 10-12х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Бы хохирогчоор өгсөн:
“...Би Марон Тессо ХХК-нд 2020 оны 9 сарын 09-ний өдөр гэрээ байгуулан 2020 оны 9 сарын 12-ны өдрөөс ахлах механик албан тушаалтай ажил гүйцэтгэж эхэлсэн. Манай компани нь цахилгаан шат угсралтын компани байгаа юм. Ажилд ороод Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүннү моллын замын урд байх худалдааны төвийн цахилгаан шат угсралтын ажил хийж эхэлсэн. Гурван хүн нийлээд нэг бригад болно,гурван хүний нэг нь ахлах механик, нэг туслах механик, туслах гэсэн албан тушаалтай, би хоёр хүн ахлан ажиллаж байсан.
Осол болдог өдөр хоёр бригад нийлээд, нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Нийлэх болсон шалтгаан нь дундаа нэг гинжин тайлтай байсан юм. Тухайн өдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-нд өдрийн цайндаа ороод, цахилгаан шатны хонгилд байсан гинжин тайлыг Гүнаа бид хоёр тайлж авах гээд, 5 давхарт хонгилд ороод гинжин тайлыг би мулталж аваад Гүнаатай хамт барьж байсан чинь бид хоёрын гишгэж байсан банз хугараад би доошоо унаад цахилгаан шатны хонгилд сэрсэн.
Ухаан орж гараад байсан бөгөөд хүмүүс өргөж гаргаад эмнэлгийн машинд оруулж байсан. Гэмтлийн эмнэлэгт очоод оношлуулан эмчлүүлж, бөөрний хагалгаанд орсон. Мөн хэд хоногийн дараа зүүн гарын шууны яс хугарсан байсныг хадуулах хагалгаанд орсон. Би 2020 оны 10 сарын 22-ны өдөр эмнэлгээс гарч, гадуур эмчилгээ хийлгэж байгаа. Бөөрний хагалгаанд орох болсон шалтгаан нь зүүн бөөрний талыг авсан гэж эмч хэлсэн. Би хөдөлмөр хамгааллын сургалтад хамрагдаагүй, гэрээ байгуулаад 3 хоногийн дараа ахлах механик албан тушаалтай болсон. Хэн нэгэн хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгч байгаагүй. Компаниас өндрийн бүс олгосон байсан бөгөөд осол болоход би зүүгээгүй байсан.
Манай компаниас эмчилгээний зардал мөнгө өгсөн байгаа. Би компаниас цаашид эмчлүүлэх зардлаа авах, үүнтэй холбоотой хохирол барагдуулан авах хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 16-17х/,
Мөн хохирогчийн дахин өгсөн:
“...Би хохирогчийн эрх үүрэгтэй танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй. Миний хувьд гомдол санал байхгүй. Энэ талаар бичиг хийж нотариатаар баталгаажуулсан байгаа. Учир нь миний бие өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж гэмтсэн болно. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй, нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 20х/,
2. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №ХАБ-42/20 дугаартай хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөр, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэбат, Ю.Аюуш нарын бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчдийн дүгнэлтэд:
Асуулт-1. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Бөх бат” ХХК-ийн барилга дээрээс Эрдэнэцогтын Б- унаж гэмтсэн нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх:,
- Эрдэнэцогт овогтой Б- нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бөх бат” ХХК-ийн барилгын 5 давхрын цахилгаан шатны хонгилд бэхэлж ашиглаж байсан /гар тайл/ гинжин тайлыг буулган авах үйл ажиллагааны явцад унаж гэмтсэн ослыг “Эй Би Өү” ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс судлан Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт /ажлын байрандаа үүргээ гүйцэтгэж байх үед/-нд хамааруулан үйлдвэрлэлийн ослын акт тогтоосныг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4 дэх заалтын дагуу хянан баталгаажуулсан байгаа тул үйлдвэрлэлийн осол мөн болно.
Асуулт-2. Эрдэнэцогтын Б- унаж гэмтсэн нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдсөн эсэх:,
- Э.Б нь барилгын 5 давхрын шатны хонгилд байсан гинжин тайлыг мулталж авахдаа өндрийн бүсийг хэрэглээгүйн улмаас унаж гэмтсэн үйлдэлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5 /ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/, 18.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, мөн “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД12-03-04-ийн 5.14 /ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд, хортой, аюултай бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. Барилгын талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажилд гарахыг хориглоно/ гэж заасныг зөрчиж, өндрийн хамгаалалтын бүсийг зориулалтын дагуу ажлын байранд хэрэглээгүйгээс өндрөөс унаж осолдсон байна.
Мөн БНбД 12-03-04 тоот “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, зохион байгуулалт”-ын 5.3 дахь заалт / Ажилтан нь ажил олгогчийн баталсан байгууллагын хөдөлмөрийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг заавал биелүүлэн ажиллана./-ыг зөрчсөн, “Эй Би Өү Марон Тиссенкрупп” ХХК-ийн захирлын баталсан “Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны заавар журам” 1-т заасан “Өндөрт хийгдэх ажлуудыг зөөврийн төмөр шат буюу найдвартай байрлуулсан тавцан дээрээс гүйцэтгэх хэрэгтэй/, 2. 1м-ээс 5 м хүртэл өндөрт шал, хашлагатай талбай дээр ажил гүйцэтгэх үед хамгаалах бүс хэрэглэнэ. Хамгаалах бүсийн түгжээг хаана бэхлэхийг Ахлах механик болон ХАБЭА-н ажилтан зааж өгөх ёстой. 11-т заасан /Барилгын лифтний хонгилд, хонгилдоо мотортой лифтийг угсрахдаа АШПА-шат засахдаа амь олс унжуулж, өндрийн бүсийг амь олсноос болон дээд бэхэлгээний турбанаас бэхэлж доод сууринаас 1.5 метрт өндөрт гарсны дараа давхар болгонд тавцан засаж, тавцанг хөдөлгөөнгүй бэхлэж ашиглах/, 12-т заасан /тавцанг 0.5 см зузаантай банзаар араам зангидаж, дээд тал нь давхар хавтан мод тавьж, хооронд нь хадаж бэхэлнэ. Тавцанг АШПА шатны хөндлөн бэхэлгээ турба болгонд тавьж ажил гүйцэтгэхийг анхаарах/ гэж заасан аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлагыг биелүүлээгүй байна.
Э.Б ажил олгогчтой “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан ахлах механикийн албан тушаалд ажиллахаар тохиролцсон бөгөөд уг гэрээний Дөрөв. Ажилтны эрх, үүрэг 4.3. /гэрээний хугацаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжууд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг чанд сахин үйл ажиллагаанд хэрэгжүүлж, учирч болзошгүй аюулаас сэргийлж ажиллах/, 4.7. /Ажилтан нь байгууллагын дотоодод болон ХАБЭА-н дүрэм журмуудыг биелүүлэх үүрэгтэй/, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрээ” 4.2.4 дэх заалт /ХАБЭА-н шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг мөрдөн ажиллах/, 4.2.8 /ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх ...байх/, 4.2.9 /Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх/ гэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, дагаж мөрдөөгүй байна.
....Хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлэг үзэхэд Э.Б нь хууль тогтоомж, дүрэм, журам, заавар “Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны заавар журам” мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрээ”-г зөрчсөн байна гэж үзлээ.
Асуулт-3. Уг дүрэм журмыг хэн хариуцан хангуулах үүрэгтэй вэ?
- “Эй Би Өү” ХХК-ийн захирал Б.Энхцэцэг нь ажилтан Б.Чтай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер албан тушаалд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөг боловсруулан, шаардлагатай дүрэм, журмыг сахин хангуулах, хариуцах үүрэг хүлээсэн байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтад хамаарах чиг үүргийг буюу байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөг боловсруулан, шаардлагатай дүрэм, журам “Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны заавар журам”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрээ”, “Барилга төслийн талбайн үйл ажиллагааны ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага”-г боловсруулан батлуулж мөрддөг,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт /ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ -ын дагуу мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд /С.Б-д 2020 оны 09 сарын 17-нд хувцас хүлээлцсэн актаар зуны өмд цамц, каск, өндрийн бүс ... гэх мэт хувцас, хамгаалах хэрэгсэл/ олгосон, хүлээн авсан гарын үсэгтэй баримт байна.
Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалт /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрдлийн үнэлгээ хийх”-ын дагуу Эрсдэлийн үнэлгээг хийж хуульд заасан чиг үүргээ биелүүлсэн байна.
Асуулт-4. Эрдэнэцогтын Б- нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч ажиллаж байсан эсэх:,
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандарт болон “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 5.11.3 /Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны давтан зааварчилгааг 3 сард нэгээс доошгүй удаа бүх ажилтнуудад өгч байвал зохино. Өөр байгууллагын газар нутаг дээр ажил гүйцэтгэж байх үед зааварчилгааг тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан албан тушаалтныг байлцуулан өгөх хэрэгтэй/ заалт / Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./-ын дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгааг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр авсан байна.
Харин хэрэг учрал гарсан 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр осолдогч Э.Б нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг ямар хэлбэрээр авсан эсэх нь тодорхойгүй, авсан гэх баримт хэргийн материалд авагдаагүй байна.
Асуулт-5. Эрдэнэцогтын Б- унаж гэмтэхэд юу нөлөөлсөн бэ? Осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох:,
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.5 /ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, 18.2.8 /ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах/ гэсэн заалтуудыг зөрчиж өндрийн хамгаалалтын бүс хэрэглээгүй.
“Эй Би Өү Марон Тиссенкрупп” ХХК-ийн захирлын баталсан “Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны заавар журам” 1-т заасан /Өндөрт хийгдэх ажлуудыг зөөврийн төмөр шат буюу найдвартай байрлуулсан тавцан дээрээс гүйцэтгэх хэрэгтэй/, 2. 1м-ээс 5 м хүртэл өндөрт шал, хашлагатай талбай дээр ажил гүйцэтгэх үед хамгаалах бүс хэрэглэнэ. Хамгаалах бүсийн түгжээг хаана бэхлэхийг Ахлах механик болон ХАБЭА-н ажилтан зааж өгөх ёстой. 11-т заасан /Барилгын лифтний хонгилд, хонгилдоо мотортой лифтийг угсрахдаа АШПА-шат засахдаа амь олс унжуулж, өндрийн бүсийг амь олсноос болон дээд бэхэлгээний турбанаас бэхэлж доод сууринаас 1.5 метрт өндөрт гарсны дараа давхар болгонд тавцан засаж, тавцанг хөдөлгөөнгүй бэхэлж ашиглах/, 12-т заасан /тавцанг 0.5 см зузаантай банзаар араам зангидаж, дээд тал нь давхар хавтан мод тавьж, хооронд нь хадаж бэхэлнэ. Тавцанг АШПА шатны хөндлөн бэхэлгээ турба болгонд тавьж ажил гүйцэтгэхийг анхаарах/ гэж заасан аюулгүй ажиллагааны шаардлагыг ажлын байранд хэрэгжүүлээгүй, ажлын тавцан бэлтгээгүй /банз дэвсэж зогсож ажилласан/, өндрийн хамгаалах бүс хэрэглээгүй нь өндрөөс унаж осолдох шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байна.
...Хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд хохирогч Э.Б нь ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл /хамгаалах бүс/ олгогдсон боловч хэрэглээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Асуулт-6. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хууль, дүрэм, стандартыг ажил олгогч болон гүйцэтгэгч нар нь зохих журмын дагуу хэрэгжүүлсэн эсэх, хэрэв хэрэгжүүлээгүй бол хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын талаар хэн ямар дүрэм, журам, стандартыг зөрчсөн бэ?
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна./, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 тоот “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан авч ажиллуулах норматив батлах тухай” тушаалын 1.б /Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна./-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг авч ажиллуулан хуульд заасан чиг үүргээ биелүүлсэн байна.
“Эй Би Өү” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь хариуцах үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтад хамаарах чиг үүргийг буюу байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөг боловсруулан, шаардлагатай дүрэм, журмыг захирлаар батлуулж, “Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны заавар журам”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрээ”, “Барилгын төслийн талбайн үйл ажиллагааны ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага”-г боловсруулан батлуулсан.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт /ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ -ын дагуу мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгосон, мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалт /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрдлийн үнэлгээ хийх”-ын дагуу Эрсдэлийн үнэлгээг хийж хуульд заасан чиг үүргээ биелүүлсэн байна.
“Эй Би Өү” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17.2.3 дахь заалтад хамаарах /Эрсдэлтэй ажлын байранд ажлын байранд ажиллаж байгаа ажилтны сургалт/, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-ыг зөрчсөн байна.
Асуулт-7. Цахилгаан шат угсрах /лифт/ үеийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн эсэх
- Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан ”Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 1.1 /Бүх төрлийн 100 кг ба түүнээс дээш даацтай лифтийг үйлдвэрлэх, угсрах, хийцийн өөрчлөлт хийх болон ашиглах үеийн аюулгүй байдлыг хангах шаардлагыг энэхүү дүрмээр зохицуулна./ гэж заасан байх тул энэ хэрэг учрал болсон тохиолдол нь цахилгаан шат /лифт/ угсралт, аюулгүй ашиглахыг өмнөх ажлын байрны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаатай холбоотой байх тул энэхүү дүрэм зөрчигдсөн гэж үзэхгүй байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Ажил олгогч дараах үүрэгтэй байна: 28.1.6 /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх:, гэж заасны дагуу “Эй Би Өү Марон Тиссенкрупп” ХХК-ийн захирал “Лифт угсрах үеийн аюулгүй ажиллагааны заавар, дүрэм”-ийг баталж мөрдүүлсэн байх бөгөөд уг дүрмийн 2. АШВА шат засах /техникийн өрөөгүй лифтэнд/ гэх хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасныг тус тус зөрчсөн байна.
Асуулт-8. Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдолтой зүйл тогтоогдвол энэ талаар дүгнэлтэд тусгах
- Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдолтой зүйл тогтоогдоогүй болно. гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 71-76х/,
3. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /хэргийн 1-р хавтас 108х/,
4. “Эй Би Өү марон Тиссенкрупп” ХХК-ийн захирлын баталсан “Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны заавар журам”, “Лифт угсрах үеийн аюулгүй ажиллагааны заавар дүрэм”, “Барилга төслийн талбайн үйл ажиллагааны ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага” /хэргийн 1-р хавтас 92-97, 98-105х, 112-117х/,
5. Хохирогч “Эрдэнэцогтын Б-ыг 2020 оны 09 сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар ахлах механикийн ажилд томилсон” 2020 оны 09 сарын 14-ны өдрийн Б02/46 дугаартай “Эй Би Өү марон Тиссенкрупп” ХХК-ийн захирлын “Туршилтын хугацаагаар ажилд томилох тухай” тушаал баримт, сургалт төгссөн гэрчилгээ, сертификат /хэргийн 1-р хавтас 118х, 119-122х/,
6. “Эй Би Өү марон Тиссенкрупп” ХХК болон шүүгдэгч Б.Ч нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №090 тоот хөдөлмөрийн гэрээ, тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн ажлын байрны тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 123-127х, 128-129х/,
7. “Эй Би Өү марон Тиссенкрупп” ХХК болон хохирогч Э.Б /ахлах механик/ нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан №ХА02/10 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ, ахлах механикийн ажлын байрны тодорхойлолт баримт /хэргийн 1-р хавтас 140-143х ,144-146х/,
8. “Эй Би Өү марон Тиссенкрупп” ХХК болон хохирогч Э.Б /ахлах механик/ нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрээ” баримт /хэргийн 1-р хавтас 137-139х/,
9. “Бөхбат” ХХК болон “Эй Би Өү марон Тиссенкрупп” ХХК нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 19/0418/011-2 дугаартай “Цахилгаан шат угсралтын ажил ажлыг гүйцэтгэх гэрээ” /хэргийн 1 дүгээр хавтас 131-136х/,
10. Ажил олгогчоос Э.Бд ажлын хувцас, эд материал, хамгаалах хэрэгсэл хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаарх акт баримтууд /хэргийн 1-р хавтас 90-91х/,
11. ШШҮХ-ийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1384 дугаартай:
1. Э.Бы биед хэвлийн битүү гэмтэл, зүүн бөөрний задрал, цус хуралт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн шуу ясны хугарал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духны баруун дээд хэсэг, зүүн өвдөгний дээд хэсгүүдэд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүдийн хэвлийн битүү гэмтэл, зүүн бөөрний задрал, цус хуралт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духны баруун дээд хэсэг, зүүн өвдөгний дээд хэсгүүдэд шарх гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 63-66х/,
12. Мөрдөн шалгах ажиллагааны Б.Энхцэцэгийн гэрчээр өгсөн:
“...Би “Эй Би Өү марон Тиссенкрупп” ХХК-д дэд захирлаар 2016 онд үүсгэн байгуулагдсан үеэс нь одоог хүртэл ажиллаж байна. Манай компани нь 2018 онд “Бөхбат” ХХК-тай Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа үйлчилгээний төвийн барилгад лифт угсрах гэрээ байгуулсан. Лифт угсрах ажил 2019 оны эхээр эхэлсэн ба нийт 9 ширхэг лифт угсарч байгаа юм. Мөн компаниа төлөөлж хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хариуцуулахаар Б.Чтай 2019 оны 10 сарын 01-ний гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээг дахин сунгаж 2022 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл 2 жилийн хугацаагаар сунгасан байгаа. Уг гэрээний дагуу аливаа нэгэн хөдөлмөр хамгааллын зөрчил гарсан тохиолдолд гэрээний дагуу хариуцлагыг Б.Ч хариуцахаар байгаа юм. Гэхдээ Б.Чтай гэрээ байгуулахдаа хөдөлмөр хамгааллын ажилтан 14 хоног тутамд ахлах механик, бригад ахалж байгаа хүнд зааварчилгааг өгч байх талаар гэрээнд тусгагдсан байгаа.
Тус лифт угсрах ажил гүйцэтгэж байх хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр осол болсон байсан бөгөөд ахлах механик Б-д 5.750.633 төгрөг эмчилгээний зардал болон цалин хөлсөнд олгосон байна. /баримт нь байгаа, хэрэгт хавсаргуулъя/ Манай компанийн зүгээс осолд орсон ажилтан Б-д бүх талаар дэмжиж тусалж байгаа. Компанийн зүгээс ослын акт, холбогдох материалыг бүрдүүлэн даатгалаас мөнгөн төлбөрийг гаргаж өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 31-32х/,
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Гүнаагийн гэрчээр өгсөн:
“...Би “Эй Би Өү марон Тиссенкрупп” ХХК-д ахлах механикаар 2017 оноос хойш ажиллаж байна. Манай компани нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүннү молл худалдааны төвийн замын эсрэг талд зам дагуу “Бөхбат” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгын лифтийг 2020 оны 9 дүгээр сараас эхлэн угсарч байгаа юм. Өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 15 цагийн орчимд Б-, Балдандорж нарын хамтаар 5 давхарт лифтний хонгилын таазнаас дүүжилсэн байсан тайлыг тайлж авах зорилгоор Б- бид хоёр хонгил дотор ороод, Балдандорж хонгилын гаднаас тосож авахаар байсан. Гэтэл бид хоёрын хонгил дамнуулж тавьсан байсан банз хугарч Б- бид хоёр доош унасан. Би 5 давхрын хаалганы босго хавьцаа трубо дээр тайлны гинж орооцолдож, би тэр гинжнээс татаж үлдсэн. Б- доош унасан. Намайг тэнд ажиллаж байсан хүмүүс татаж гаргасан.
Тэгээд би доошоо Б- луу буугаад очиход “миний гар эвгүй болчихлоо” гээд зүүн гараа дарчихсан хэвтэж байсан. Бид нар бэртсэн байх хөдөлгөж болохгүй гээд яаралтай дүргэн тусламж дуудаж, эмч нар ирсний дараа хонгилын доороос Б-ыг гаргаж аваад, бид хоёр гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Б- хэвтэн эмчлүүлэх болж, би цээжний болон хөлийн рентген зураг авхуулахад эмч “ямар нэг хугарал гэмтэл байхгүй байна, хөлийн зөөлөн эд гэмтсэн байна” гэж хэлсэн. Би нарийн мэргэжлийн эмнэлэгт компьютер томографын зураг авхуулсан, хариу гараагүй хүлээж байна. Одоогоор миний биед баруун хөлийн өвдөг хэсгээр алхах гишгэхэд зовуурьтай, эмч хөдөлгөөн хязгаарла гэж хэлснээс өөрөөр ямар нэг гэмтэл шарх байхгүй байна. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй.
Манай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар Б.Ч гэдэг ах байдаг бөгөөд өнөөдөр бусад төслүүдээр яваад ирж амжаагүй байхад нь ийм осол болсон. Ер нь бригад ахалж байгаа хүмүүс бусад хүмүүстээ аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан хяналт тавьдаг юм.
Би энэ бригадыг удирдан ажиллаж байгаа бөгөөд өглөө ажилдаа гарахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаас өгсөн зааварчилгаа болон тухай өдрийн ямар ажил хийх вэ гэдгийг уялдуулан зааварчилгаа өгдөг.
Өнөөдрийн хувьд хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг бүрэн өмсөх, гэмтэлтэй цахилгаан багаж ашиглахгүй байх, хамгаалах бүсээ хэрэглэх гэсэн зааварчилгаа өгсөн. 14 цаг өнгөрч байхад өдрийн хоолондоо ороод хамгаалах бүсээ тайлаад тавьсан юм. Тэгээд тайл тайлж авах гээд гарахдаа бид гурав хамгаалах бүсээ бүслээгүй байсан учир тайлаа тайлж аваад хажуу хонгил руу орохдоо бүсээ бүсэлье гэж бодоод тухайн хонгил руу орсон чинь ийм осол гарчихсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,
14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Дорждавгын гэрчээр өгсөн:
“...Би “Эй Би Өү марон Тиссенкрупп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2020 оны 7 дугаар сарын 06-аас томилогдон ажиллаж байна. Манай компани Хан-Уул дүүргийн 4-р хороонд баригдаж байгаа худалдааны үйлчилгээний барилга дээр лифт, урсдаг шат нийлүүлж угсрах ажлын гэрээг 2019 онд байгуулсан байсан. Гэрээний дагуу лифт, урсдаг шатны ажил 2020 оны 4 дүгээр сараас эхлэн хийгдэж байгаа юм.
2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед ХАБЭА-н ажилтан Б.Ч утсаар яриад “ахлах ажилтан Гүнаа, Б- нар лифтний хонгилд унасан байна, 103 дуудсан, гэмтлийн эмнэлэг рүү авч явах гэж байна” гэхээр нь би шууд Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Очиход Гүнаа, Б- нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байсан ба эмнэлгийн гадаа би Б.Ч, Гүнаа хоёртой таараад “юу болсон” талаар нь Гүнаагаас асуухад “бид нар өдрийн хоолоо идчихээд, бусад ажилчдын багаж хэрэгслээ хураагаад нөгөө лифт угсрах газар руугаа зөөж бай, Б- бид хоёр хонгилоос тайл /өргөх жижиг төхөөрөмж/ аваад яваад очъё гэсэн, тэгээд Б- бид тухайн үед өндрийн хамгаалах бүсээ зүүгээгүй байсан, тэгээд өргөх төхөөрөмжөө авах гээд зассан тавцанг аваад, 3 ширхэг банз тавиад, нэг банзан дээр бид хоёр хамт гишгэсэн байсан, тэгсэн тайлаа авсан чинь банз хугараад бид хоёр доошоо унасан” гэж хэлсэн. Тухайн үед Б.Ч инженер барилга дээр байгаагүй, ажилчдын өвлийн гутал авахаар явж байсан.
Шинээр ажилд орсон хүнд болон бусад ажилчдад ХАБЭА сургалт ордог. бөгөөд давтан сургалтыг хөндлөнгийн буюу гуравдагч байгууллагаас сургалт жилд нэг удаа оруулдаг байгаа. Давтан сургалт нь 2020 оны 4 дүгээр сард болсон бөгөөд Гүнаа бол энэ сургалтад хамрагдсан. Б- нь шинэ ажилтны сургалтад хамрагдсан байсан. Мөн өдөр болгон аюулгүй ажиллагааны зааварчилгаа ахлах механик өгдөг, ХАБЭА инженер зааварчилгааг тухай бүрд нь өгч байсан. Манай компани нийт 6 барилга дээр зэрэг лифт угсралтын ажил хийж байгаа, угсралтын ажилчдад хяналт тавих үүрэг чиглэлийг би Б.Чт өгсөн. Манай компани нь лифт угсралтын чиглэлээр ажилладаг 20-оод ажилтантай, ХАБЭА инженер нэг байдаг нь Б.Ч юм.
...”Бөх бат” ХХК-д гүйцэтгэлийн ажлын хувьд техникийн өрөөгүй лифт учир лифтний хонгилд труба төмрөөр ашпа засаж, брусс болон банзаар суурь тавиад, дээр нь фанорь тавьж тавцан бэлддэг. Тэгээд хонгилд орж амь бүс болон хамгаалах хэрэгслээ зүүгээд тухайн тавцан дээр ажиллах ёстой байдаг юм.
Тухайн ослын үед Б-, Гүнаа хоёр /ахлах механик/ нь хамгаалах бүсгүйгээр, дээрээс нь засан тавцанг тайл авахад тээглээд байсан учир зассан тавцанг аваад банзан дээр гишгэж осол гарсан байсан.
Тавцанг авах ёсгүй, мөн амь бүс, хамгаалах хэрэгсэлгүй орсон байгаа юм. Манай компанийн зүгээс бүх хэрэгсэл, хамгаалах хэрэгслээр хангасан бөгөөд зориулалтын дагуу зөв хэрэглээгүй байсан. Ахлах механикууд өөрсдөө бүх ажиллагаагаа хийж ташаа засдаг байгаа. Ажилчдад хөдөлмөр хамгааллын сургалтыг гэрээний дагуу ХАБЭА Б.Ч хариуцан хийхээр байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 28-30х/,
15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Балдандоржийн гэрчээр өгсөн:
“...Би “Эй Би Өү марон Тиссенкрупп” ХХК-нд 2019 ноос хойш 8 дахь сардаа ажиллаж байна. Манайх Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүннү молл худалдааны төвийн замын эсрэг талд зам дагуу “Бөхбат” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгын лифтийг 2020 оны 09 дүгээр сараас эхлэн угсарч байгаа юм. Өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн орчимд ахлах механик Гүнаа, Б- бид 3 өдрийн хоолондоо орчихоод 5 давхарт лифтний хонгилын таазнаас дүүжилсэн байсан тайлыг авах тайлах гэж дээшээ гараад Гүнаа, Б- хоёр хонгил дотор орж надад тайлаа өгөх гэсэн, би хонгилын хаалга хэсэгт дээр зогсож байсан. Тэр хоёр тайлаа тайлж дуусаад доошоо унжуулж өгөх гэж байхад нь тэр хоёрын зогсож байсан банз хугарч доошоо унасан.
Гэхдээ Гүнаа хонгил трубод тайлны гинжтэй орооцолдож доош уналгүй үлдсэн. Тухайн үед 5 давхарт ажиллаж байсан хүмүүс Гүнааг татаж гаргасан. Би шууд доошоо бууж Б- дээр очиход зүүн гараа дараад толгой хэсгээс нь цус гарч гарсан байдалтай, ёолж, би босмоор байна гэхэд нь би хэрэггүй ээ түр хэвтэж бай гээд хэлээд байж байсан. Удалгүй түргэн тусламж ирээд Гүнаа, Б- хоёрыг аваад явсан.
Манай хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтнаар Б.Ч ажилладаг, өдөр болгон зааварчилгаа өгдөг, мөн ахлах механик ажилд гарах үеэр хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг бүрэн өмсөх, гэмтэлтэй цахилгаан багаж ашиглахгүй байх, хамгаалах бүсээ хэрэглэх зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулдаг. Өнөөдрийн хувьд ахлах механик Гүнаа хамгаалах хувцас бүрэн өмсөх, эвдрэлтэй багаж ашиглахгүй байх гэсэн зааварчилгаа өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 25х/,
16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Л.Эрдэнэбатын өгсөн:
“...Уг барилгын гүйцэтгэгч болох “Эй Би Өү марон Тиссенкрупп” компанийн захирал Б.Энхцэцэг нь хөдөлмөр хамгааллын ажилтан Б.Чтай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний дагуу Б.Ч нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сахиулах үүрэгтэй байна. Б.Энхцэцэг, Б.Ч нарын хооронд байгуулсан ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженер Б.Ч нь ахлах механикууддаа 15 хоног тутамд зааварчилгаа өгч ажилласан байна.
Осол болсон шалтгаан нь ажилтанд олгож өгсөн өндрийн бүсийг зориулалтын дагуу хэрэглээгүйн улмаас өндрөөс унаж гэмтсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.1 дэх заалтыг /технологийн горим/ зөрчиж зориулалтын бус банз дэвсэн ажил үүрэг гүйцэтгэж байгаад осол гарсан байна.
Ахлах механик зааварчилгаа өгөх эрхтэй, MNS 49692000 стандартын 4.9 дэх заалтын дагуу ахлах механик нь анхан шатны зааварчилгааг өгөх эрхтэй. Б.Ч нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр осолдогчид ажлын ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу зааварчилгаа өгсөн байна. Осол 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болсон гэхээр зааварчилгаа өгөөд 13 хоног болсон байна.
Б.Ч нь осолдогчдод хөдөлмөр хамгааллын сургалт орж байсан эсэх талаар хэргийн материалд сургалт орсон зүйл авагдаагүй байсан. Сургалтыг Б.Ч хариуцах үүрэгтэй. Нийт 6 барилга дээр дунд нэг хөдөлмөр хамгааллын ажилтан байгаа боловч ажил гүйцэтгэж байгаа газар болгон дээр ахлах механикууд ажиллаж байсан бөгөөд хөдөлмөр хамгааллын ажилтан 15 хоног тутамд зааварчилгаагаа өгч ажиллаж байсан байна.
...Э.Быг ...ажилд томилсон тушаал нь осол гарахад ямар нэгэн шалтгаан холбоо байхгүй. Учир нь ажилд томилсон хүн нь өөрт олгогдсон эрхийн дагуу ажилтныг авсан байна. Харин уг ажилтныг сургалтад хамруулах үүрэг нь дээр дурдсан хуулийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан ажилтны үүрэг байна.
Мөн гаргасан дүгнэлтийн 5 дахь болон 7 дахь хариултын талаар хэлэхэд тухайн байгууллагаас лифт угсрах үеийн аюулгүй ажиллагааны заавар, журам, дүрмийг баталж өгсөөр байтал ажилтан өөрөө даган мөрдөөгүйгээс уг осол гарсан нь осолдогчийн буруу болно. Шууд хэлэхэд тавцанг авч банзан дээр гишгэснээс уг осол гарсан. Мөн өндрийн бүсийг үл хөдлөх цэгээс буюу холбосон трубанаас бэхлэх байсныг осолдогч өндрийн бүсгүй ажил үүрэг гүйцэтгэснээс осол гарсан болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 79-80х, 2-р хавтас 24-25х/,
17. “Эй Би Өү марон Тиссенкрупп” компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр /хэргийн 1-р хавтас 199-211х, хэргийн 2-р хавтас 32-35х/,
18.Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Чын яллагдагчаар өгсөн:
“...Миний бие прокурорын тогтоолтой танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд зааснаар би ахлах механик нарт анхан шатны зааварчилгаа өгсөн байсан, зааварчилгаа өгснөөс хойш 13 дахь хоног дээр уг осол гарсан байсан. Би өөрийгөө зааварчилгаа өгөөгүй гэх үндэслэл байхгүй. Мөн Хөдөлмөр Нийгэм хамгааллын яамны MNS 49692000 урьдчилсан зааварчилгааг ажилд орох үед нэг удаа хөдөлмөр хамгааллын ажилтан өгнө гэсний дагуу би өгсөн. Өдөр тутмын зааварчилгааны талаар тухайн стандарт дээр ахлах механик, төслийн менежер, шугаман удирдлага зааварчилгааг биечлэн өгөх ёстой гэж заасан байсан. Тэгэхээр миний хувьд ямар нэг буруу байхгүй.
Б-ыг анх ажил томилогдоход нь урьдчилсан зааварчилгааг би өгсөн бөгөөд уг зааварчилгаанд хөдөлмөрийн тухай хууль, эрүүл ахуйн тухай хууль, Монгол улсын стандарт, аюулгүй ажиллагааны журам, дүрэм, хувийн хамгаалах хэрэгсэл тэдгээртэй холбоотой урьдчилсан зааварчилгааг өгсөн юм. Баримт нь байгаа. Ослын акт тогтооход уг баримтуудыг өгсөн, мөн мэргэжлийн дүгнэлтэд ч дурдагдсан байна. Эдгээртэй холбоотой баримтуудыг гаргаж өгье. Үүнд 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Э.Бд урьдчилсан болон өдөр тутмын зааварчилгаа өгсөн 4 хуудас баримт, мөн Э.Б мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, өөрийнх нь буруу, гомдол санал байхгүй хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгч байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд ажил олгогчийн эрх, үүрэг 28.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч дараах үүрэгтэй гэсний 28.18-т заасан аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэгийг жил бүр шалгах, зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэсэн заалттай байдаг. Уг хуулийн дагуу 28.1,14 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах төсөв хөрөнгө, төлөвлөгөөг хамтын гэрээнд тусгаж зарцуулах ёстой. Ерөнхийд нь төсвийг баталсны дараа, гадны байгууллагаар жилд хоёроос доошгүй удаа сургалт зохион байгуулж, шалгалт авах эрхтэй байдаг гэсний дагуу ажил олгогч хариуцна. Тухайн осол гарахад ажилтан Э.Б нь аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг дагаж мөрдөөгүйгээс осол болсон гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 17-18х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 2-р хавтас03х/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт баримт /хэргийн 2-р хавтас 4х, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 2-р хавтас 5х/, “Эй Би Өү марон Тиссенкрупп” ХХК ажил олгогчийн тодорхойлолт баримт /хэргийн 2-р хавтас 2х/, Б.Ч нь “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт”-нд суралцаж төгссөн талаарх сертификат баримт /хэргийн 1-р хавтас 167х/, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч-менежер мэргэшлийн диплом, хавсралт /хэргийн 1-р хавтас 168-171х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан байх ба тусгай мэдлэгийн хүрээнд Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдсөн эсэх талаарх Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчдийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий этгээд тус тус гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын хэргийг хэлэлцэн, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Бөх бат” ХХК-ийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Эй Би Өү марон Тиссенкрупп” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөлгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлж, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн ахлах механик Э.Б нь цахилгаан шат угсрах ажил гүйцэтгэж байгаад шатны хонгилд унаж, эрүүл мэндэд нь “хэвлийн битүү гэмтэл, зүүн бөөрний задрал, цус хуралт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн шуу ясны хугарал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духны баруун дээд хэсэг, зүүн өвдөгний дээд хэсгүүдэд шарх” гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг тус шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд:
“Бөх бат” ХХК болон “Эй Би Өү Тиссенкрупп” ХХК нарын хооронд 2019 оны 04 сарын 18-ны өдөр байгуулсан “Цахилгаан шат угсрах ажлыг гүйцэтгэх” 19/0418/011-1 дугаартай гэрээний дагуу “Бөхбат” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүүшийн аманд байршилтай худалдааны төв, үйлчилгээний зориулалттай барилгын цахилгаан шат, урсдаг зам болон нэмэлт тоноглолуудыг угсрах ажлыг хийж гүйцэтгэх явцад 2020 оны 09 сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд “Эй Би Өү Тиссенкрупп” ХХК-ийн ахлах механик ажилтай Э.Б, Д.Гүнаа нар нь “...5 давхарт лифтний хонгилын таазнаас дүүжилсэн байсан тайлыг /өргөх төхөөрөмж/ тайлж авах үед тэдний зогсож байсан хонгилд зассан /хонгил дамнуулж тавьсан/ байсан банз хугарч тэдгээр нь доош унасан, энэ үед Д.Гүнаа нь хонгил трубод тайлны гинжтэй орооцолдож доош уналгүй үлдсэн ба Э.Б нь хонгилд унасан үйл баримт тогтоогджээ.
Тухайн ослын улмаас ахлах механик Э.Бы биед “хэвлийн битүү гэмтэл, зүүн бөөрний задрал, цус хуралт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн шуу ясны хугарал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духны баруун дээд хэсэг, зүүн өвдөгний дээд хэсгүүдэд шарх гэмтэл” бүхий хүнд хохирол учирсан нь хэрэгт авагдсан ШШҮХ-ийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1384 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 63-66х/, Э.Бы ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх баримт /хэргийн 1-р хавтас 46-62х/ зэрэг бусад баримтуудаар нотлогдсон байна.
Осолдогч буюу хохирогч Э.Б нь “Эй Би Өү Тиссенкрупп” ХХК-н захирлын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б02/46 дугаартай тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 14-өөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 3 сарын хугацаатай ахлах механикийн ажилд томилогдон ажиллаж байсан ба Солонгос улсад цахилгаан шат суурилуулалт, засвар үйлчилгээний сургалтад суралцаж төгссөн сертификаттай, ажил олгогчоос түүнтэй 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээг байгуулан, байгууллагын хүний нөөцийн ажилтан 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ахлах механикчийн ажлын байрны тодорхойлолтыг танилцуулснаар /гарын үсэг зурсан/ ахлах механикчийн ажлын байранд сарын 1.0 сая төгрөгийн цалинтай ажил үүрэг гүйцэтгэж байжээ. /хэргийн 1-р хавтас 118х, 119-121х, 140-143х, 145-146х/
Мөн ажил олгогч “Эй Би Өү Тиссенкрупп” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Б.Ч нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ахлах механик Э.Бд ажлын байранд аюулгүй ажиллах урьдчилсан зааварчилгааг өгч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрээг бичгээр байгуулан, ажилтанд мөн өдрийн хувцас хүлээлцсэн актаар зуны өмд, цамц, каск, өндрийн бүс, бээлий, нүдний шил, гагнуурын баг, гагнуурын бээлийн гэх зэрэг хувцас, хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өгсөн баримттай байна. /хэргийн 1-р хавтас 90-91х, 137-139х, хэргийн 2 дугаар хавтас 32-35х/
Тухайн хэргийн нөхцөлд ажил олгогч “Эй Би Өү Тиссенкрупп” ХХК нь болон тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Б.Ч нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан “ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах, ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрдлийн үнэлгээ хийх, байгууллагын дотоодод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлыг сахин хангуулах чиг үүргийн хүрээнд байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөг боловсруулан, шаардлагатай дүрэм, журам “Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны заавар журам”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрээ”, “Барилга төслийн талбайн үйл ажиллагааны ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага”-г боловсруулан баталж мөрдүүлэх, шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө ....урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй” гэх зэрэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм Ерөнхий шаардлага: БНбД12-03-04-ийн 5.11.4 заалт болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм MNS 4669:2000 стандарт 4669:2000 стандарт зэрэг хууль, тогтоомж, дүрмээр хүлээсэн ажил олгогчийн үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Осол гарах үед гүйцэтгэх ажлын хүрээнд Б.Гүнаа, Э.Б нар нь “5 давхарт лифтний хонгилын таазнаас дүүжилсэн байсан тайлыг /өргөх төхөөрөмж/ тайлж авах үедээ технологийн горимыг чанд мөрдөн ажиллах, өндрийн хамгаалалтын бүсийг заавал хэрэглэх, өндөрт хийгдэх ажлуудыг зөөврийн төмөр шат буюу найдвартай байрлуулсан тавцан дээрээс гүйцэтгэх гэснийг хэрэгжүүлээгүй зөрчиж, тухайн ажлыг гүйцэтгэхдээ ажлын тавцан бэлтгээгүй буюу зассан тавцанг тайл авахад тээглээд байсан гэх шалтгаанаар авч, банз дэвсэж зогсож ажилласан, мөн өндрийн хамгаалах бүс хэрэглээгүй ажил үүрэг гүйцэтгэсэн нь өндрөөс унаж осолдох шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь хэрэгт гэрчээр асуугдсан Д.Гүнаа, Н.Балдандорж, Г.Дорждагва нарын мэдүүлэг, хэрэгт шинжээчээр ажилласан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөр, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэбат, Ю.Аюуш нарын бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчдийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн №ХАБ-42/20 дугаартай дүгнэлт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /хэргийн 1-р хавтас 108-109х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Улсын яллагчаас: шүүгдэгч Б.Чыг “Эй Би Өү марон Тиссенкрупп” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөлгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлж, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн ахлах механик Э.Б нь цахилгаан шат угсрах ажил гүйцэтгэж байгаад шатны хонгилд унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэж буруутган яллаж буй боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
Тодруулбал: шүүгдэгч нь ажилтан Э.Бд 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ахлах механик Э.Бд ажлын байранд аюулгүй ажиллах урьдчилсан зааварчилгааг өгч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрээг бичгээр байгуулан, ажилтанд мөн өдрийн хувцас хүлээлцсэн актаар зуны өмд, цамц, каск, өндрийн бүс, бээлий, нүдний шил, гагнуурын баг, гагнуурын бээлийн гэх зэрэг хувцас, хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өгсөн,
Нөгөө талаар хэргийн хохирогч Э.Б нь байгууллагын “Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны заавар журам”, ажил олгогчтой байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрээ”-ний 4.2.1 заалт “ажилтан ажилд гарахаас өмнө ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг өмсөж, ажлын явцад тогтмол хэрэглэх”, 4.2.4 заалт “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг мөрдөж ажиллах”, 4.2.7 заалт “ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх” гэснийг тус тус зөрчиж, аюулгүй ажиллагааны шаардлагыг ажлын байранд хэрэгжүүлээгүй, ажлын тавцан бэлтгээгүй /банз дэвсэж зогсож ажилласан/, өндрийн хамгаалах бүс хэрэглээгүйгээс өндрөөс унаж осолдон, унахдаа биедээ хүнд гэмтэл авсан шалтгаан нөхцөл тогтоогдсон байна.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б.Ч нь “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Чыг цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хохирогчоос гаргасан дүрс оношилгооны CD-г /уншигдахгүй байсан гэх/ Э.Бд буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.6 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокуророос Ч овогт Б-ын Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Чыг цагаатгасугай.
2. Б.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Энэ хэрэгт Б.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргасан хохирогч Э.Бы дүрс оношилгооны CD-г /уншигдахгүй байсан гэх/ түүнд буцаан олгосугай.
4. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд өөрөө гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
5. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Чт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С. БАЗАРХАНД