Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 18

 

 

 

   

А.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 398 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 04 дүгээр  багт оршин  суух, Хиад боржигон овогт Агваансүрэнгийн Ариунтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Ариунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 3.902.418 төгрөг  гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Агваансүрэнгийн Ариунтуяа нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгосон. Хариуцагч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх бүрэлдэхүүн хянаад 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0787 дугаар бүхий магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажилд томилох тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал гарсан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны /ажлын 78 өдрийн/ цалин, нэмэгдлүүдтэй тэнцэх олговор 3.902.418 төгрөгийг гаргуулахаар тогтоож өгнө үү. Засаг даргын тамгын газраас 2017 оны 02 дугаар сараас хойших нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтрүүдэд зохих бичилт хийж өгөхгүй байна. Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хууль, холбогдох журамд зааснаар даатгалын санд төлүүлж, дэвтрийн бичилт хийхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч А.Ариунтуяаг ажилд эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 32 тоот шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 787 тоот магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэсэн ба талууд тухайн шийдвэр, магадлалд гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр нэхэмжлэгч өөрийн цалин, мөнгөө нэхэмжлэх эрх үүссэн буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд хандах боломжтой байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 3 сарыг тооцон үзэхэд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дээрх хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, мөн өнөөдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа гаргаж байгаа нь үндэслэлгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 398 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 3.665.100 /гурван сая зургаан зуун жаран таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ариунтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 273.318 /хоёр зуун далан гурван мянга гурван зуун арван найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч А.Ариунтуяагийн ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийндаатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газарт даалгасугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцоолохдоо нэхэмжлэгчийг "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гардаж авсан хэмээн үзэж, магадлалыг гардан авснаас хойш талууд магадлалд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй байсан, мөн үеэс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийи 129.1-д заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг тоолно" гэж үзэж нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан гэж үзсэн байна. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болох журмыг зохицуулсан байхад иргэний хэргийн анхан шатны шүүх уг зохицуулалтыг анхаарч үзээгүй байна. Түүнчлэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бичгээр үйлдэж шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах ёстой 14 хоног, гардан авснаас хойш хяналтын журмаар гомдол гаргах 14 хоногуудыг бүгдийг нь нэмж хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг тооцоолж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь дээрх хугацаанууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь процессын хугацаа болохоос магадлал хуулийн хүчин төгөлдөр болохыг тооцоолдог хугацаа биш юм. Хэрэгт давж заалдах шүүхийн магадлал хэзээ, хэдэн сарын хэдний өдөр бичгийн хэлбэрт орж албажсан, нэхэмжлэгч магадлалыг хэзээ гардаж авсан зэрэг баримтууд авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийн шаардлагад нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуусан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч А.Ариунтуяа ажилгүй байсан хугацаа болох 78 хоногийн цалин, нэмэгдлүүдтэй тэнцэх олговор 3.902.418 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр “шүүхэд нэхэмжлэл  гаргах  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхэд хандсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг хэрэглэх боломжтой гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг, мөн нэхэмжлэгчийн А 0160331 улсын дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 555 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэн А.Ариунтуяагийн ажилгүй байсан хугацааны ажлын 75 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 3.665.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, илүү нэхэмжилсэн 271.318 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульзүйн үндэслэлтэй гэж үзлээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт “ажил олгогч  хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйийн 6.2 дахь хэсгийн “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.” гэсэн хуулийн заалтыг шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ.    

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК 

                                   

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН