| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 142/2017/0191/э |
| Дугаар | 00008 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 00008
Х.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Идэрмөнх
Шүүгдэгч Х.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал
Нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолтой, Х-ийн Д-д холбогдох, 20171ХХ00136 дугаартай, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Булган аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эх, хүүхэд дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум-д оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогтой Х-ийн Д.
Шүүгдэгч Х.Д нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Гэр хорооллын 5-р гудамжны ХХ тоотод оршин суух П.Э гэрт хамтран амьдрагч Э.Цтай маргалдсаны улмаас цээжин тус газарт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б овгийн Х-ийн Д-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Х.Д-г 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 8 /найм/ жил хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар Х.Дгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Х.Д-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ,
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар Х.Д-гийн цагдан хоригдсон 153 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар харьцуулах шинжилгээнд дээж болгон авсан үс, хумсны дээжүүд, жорлонгоос хураан авсан гэрээслэл гэх бичигтэй 1 хуудас дэвтрийн цаас, П.Э гэрчийн мэдүүлэг өгөх үеийн бичлэг хийсэн СД 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, саарал өнгийн шалны алчуур 1 ширхэг, гурвалжин захтай бугын зураг бүхий ногоон өнгийн ноосон цамц, хөндлөн судалтай саарал өнгийн дотуур өмд, хөх өнгийн жинсэн өмд, “Calvin Кlein” гэсэн бичигтэй дотоож, хөх цэнхэр өнгийн ноосон оймс 1 хос, хагас түрийтэй, үдээстэй хүрэн өнгийн гутал 1 хос, “Адидас” гэсэн бичигтэй саарал өнгийн ноосон өмд, цагаан өнгийн маралын хэсэг, хар өнгийн ноосон өмд, хөндлөн хөх, хар, цагаан өнгийн судалтай ноосон цамц, түрийтэй хар өнгийн гутал, ягаан цоохор өнгийн ноосон оймс нэг хос зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж,
Шүүгдэгч Х.Д-гийн асрамжинд байсан 2008 оны 9 дүгээр сарын 06-нд төрсөн 10 настай Д.А-д асран хамгаалагч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал давж заалдах гомдолдоо:
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв дүгнэлт хийлгүй яллах талыг хэт их барьж хууль зүйн үндэслэл муутай шийтгэх тогтоол гаргалаа гэж үзэж байна. Х.Д тус хэрэгт холбогдолгүй болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч М.О “...очиход бүх зүйлийг цэвэрлэсэн байсан, Х.Д-гаас юу болсон талаар асуухад тэрээр “ бид хоёр маргалдсан хутга аваад өөрийгөө шаачихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Гэрч П.Э “би Х.Д-г яг талийгаачийг хутгалж байхыг нь хараагүй” Гэрч О.А /Говил багийн цагдаагийн үүрэг гүйцэтгэгч/ хэргийн газар очиход Х.Д нь надтай маргалдаж байгаад талийгаач өөрийгөө хутгалсан гэсэн.П.Э нь болохоор наад хоёр чинь маргалдаж байгаад талийгаач өөрийгөө хутгалсан”, .Гэрч н.Х-гийн талийгаач миний охиныг сална гэхээр амиа хорлоно гэж дарамталдаг байсан.
Яллагдагч П.Э “би анх мэдүүлэг өгөх үедээ хараагүй болохоор Х.Д Э.Цийг хутгалсан байх гэж бодоод тэгж хэлсэн юм.” Талийгаачийн бичсэн гэрээслэл гэх хуудас, Шинжээчийн 2017 оны 05 сарын 01-ны өдрийн 62 тоот дүгнэлтээр дээрхи гэрээслэл гэх бичвэр нь Х.Д-гийн бичгийн хэвтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт, 2606 тоот шинжээчийн дүгнэлт шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн алчуур дээр цус илэрсэн хутга, цаас, Х.Д-гийн үс хумснаас цус илрээгүй гэх дүгнэлт, П.Э 2017 оны 07 сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцож мэдүүлэхдээ “Х.Д нь талийгаачийн амь насыг хохироогоогүй, талийгаач өөрийнхөө амь насыг сүйтгэсэн” гэдгийг өөрийн биеэр гэрчилсэн мэдүүлэг мөн мөрдөн байцаалтын явцад талийгаач Э.Ц нь П.Э хажууд хар иштэй хутга зүрхэн тушаа барьж өөрийгөө ална гэж байсныг удаа дараа мэдүүлж байсан мэдүүлэг болон бусад дээрхи гэрчийн мэдүүлгүүдээр Х.Д-г гэм буруутай гэж үзэх үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь үйл баримтыг тогтоох боломжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.2.т “... ашигтайгаар шийдвэрлэж болох” талаар заасанчлан Х.Д-д хэрэгт авагдсан нотлох баримтуудыг түүнд ашигтай талаар эрх зүйн байдлыг дээрдүүлж хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.
Тухайн хэргийг гэрчилдэг цорын ганц гэрч болох П.Э мэдүүлгүүд нь бүгд зөрүүтэй нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, дээрхи мэдүүлгүүдээр Х.Д-г гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл хангалттай бус байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 361 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Х.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:
Хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан.., шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нотлогдож тогтоогдсон. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан саналдаа :
Давж заалдах гомдлоо дэмжиж байна...,шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Орхон аймгийн Прокурорын газраас Х-ийн Дг 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Гэр хорооллын 5-р гудамжны ХХ тоотод оршин суух П.Э гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ хамтран амьдрагч Э.Цтай маргалдсаны улмаас цээжин тус газарт хутгалж санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх Х.Д-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 8 /найм/ жил хорих ялаар шийтгэж, ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал ...шүүгдэгч Х.Д дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдохгүй байгаа ...,шүүхийн гол нотлох баримт гэж үзэж байгаа гэрч П.Э мэдүүлэг зөрүүтэй ... иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалж үзвэл:
Шүүгдэгч Х.Д энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь :
Шүүгдэгч Х.Д хохирогч Э.Ц нар нь 2015 онд танилцаж гэр бүл болоод албан ёсны баталгаагүй хамтран амьдарч байсан бөгөөд 2017 оны 02 сарын 27-ны шөнийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн гэр хорооллын 5-ХХ тоотод оршин суух шүүгдэгчийн нагац ах П.Э гэрт очсон.., тухайн үед тэд хоёулаа архи уусан, хоорондоо хэрэлдэж маргалдан орж ирээд ноцолдсон...,
... Энэ үед гэрийн эзэн П.Э орондоо унтахаар хэвтэж байсан..., Улмаар Х.Д нь хоолны шүүгээнээс шар иштэй хутга авч Э.Цын цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалахад тэрээр доош өвдөглөж унасан..., Х.Д хутгаа хоолны шүүгээнд буцаан хийгээд хөнжил нөмөрч хэвтсэн ба Э.Ц чимээгүй болмогц очиж дээш нь харуулахад ухаангүй байдалтай цамц болон өмд нь цус болсон байсан тул цамцыг нь тайлж улмаар үүрийн 03-04 цагийн орчим эмнэлэг дуудна гэж гараад өөрийн гэртээ очиж ээж, ах нартаа “Ц өөрийгөө хутгалчихлаа” гэж хэлж талийгаачийн эцэг эхийг хамт дагуулан буцаж очсон...,
Очиход нь Э.Ц нас барсан байсан. Гэрт үлдсэн П.Э Э.Цийн өвдөглөж унасан газар тунарсан байсан цусыг шалны алчуураар арчиж цэвэрлэсэн байсан...., Э.Ц Х.Дтай маргалдаж байхдаа гэрийн унинд байсан дэвтэр бал авч бичиг бичиж Д-д өгсөнийг хашааны бие засах газарт хаясан байсан.... үйл баримт болжээ.
Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :
Хохирогч М.Оийн мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 02 сарын 27-ны шинийн нэгний өглөө хүү маань ирж золгоогүй..., Гэтэл үүрээр буюу 05 цагийн үед хадам ээж, хадам ах хоёр нь манайд орж ирснээ ... босоорой болохоо байчих шиг боллоо..., Ц үхчихлээ гэнэ Д ирж хэлсэн... гэж хэлэхээр нь сандраад шууд босч нөхрийн хамтаар тэдэнтэй хамт хүүгийнхээ гэр рүү нь яваад очтол Д надад нэг цаас үзүүлэхээр нь ямар учиртай юм би үзэхгүй байна чи уншаад өгөөч гэхэд уншиж өгөлгүйгээр халаасандаа хийчихсэн...., Намайг гэр рүү нь явж орох үед талийгаач хүү маань гэрийн зүүн талын орны дэргэд газар хэвтчихсэн дээгүүр нь хөнжил бүтээчихсэн байсан..., Би ч тухайн үед айгаад ойртож хараагүй. ..,Тэгээд би Д-гаас юу болсон талаар асуухад “бид хоёр хоорондоо маргалдсан гэтэл хутга аваад өөрийгөө шаачихсан” гэж хэлсэн.
...Тэр үед Д согтолт гайгүй байсан ч архи уусан шинжтэй байсан..,. Биднийг гаднаас гэрт нь яваад ороход Д-гаас гадна Э гэж хадам ах нь байсан... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15-р хуудас /
Хохирогч М.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
2017 оны 2 дугаар сарын 28-ны өглөө 05 цагийн орчим Д-гийн ах ээж 2 ирж хэлэхээр нь очиход бүх зүйлийг цэвэрлэсэн байсан..., нэхэмжлэх зүйлгүй... гэсэн мэдүүлэг,
-Гэрч П.Э мөрдөн байцаалтад өгсөн:
...2017 оны 02 сарын 27-ны өдрийн орой би гэртээ унтаж байхад манай гэрийн хаалгыг хүн тогшсон... Хаалга онгойлгож өгөхөд Д, Ц хоёр хэрүүл маргаан хийсэн байдалтай орж ирсэн..., Хэрүүл маргаан хийж байгаад Ц гал тогооны шүүгээнээс хар өнгийн бариултай хутга гаргаж ирээд зүрхэн тушаанаа барьчихаад би шаана би зайлаад өгье гээд байсан..., Д наадахыг чинь харахгүй гээд тамхи асаагаад гараад явсан..., Тэгсэн чинь Ц хутгаа гал тогооны шүүгээн дээр тавиад чи хаашаа явах гэж байгаа юм бэ гээд гарсан...., Би тэр хоёрыг гараад явсан хойгуур нь би хар өнгийн иштэй хутгыг шургуулганд хийсэн..., Удалгүй 30 орчим минутын дараа бас хэрүүл хийсээр орж ирсэн ...Тэгээд би хэвтэж байсан чинь Д намайг дуудсан...,
Өндийгөөд босоод ирсэн чинь Д “би шар өнгийн иштэй хутга аваад хатгачихсан шүү хүнд битгий хэлээрэй би айгаад байна, яах вэ яах вэ гээд байсан”..., Д цагдаа, түргэн дуудна гээд гараад явсан. Би яадаг билээ гэж бодож байгаад гэр орноо яаж цустай байлгах вэ гээд цусыг нь алчуураар арчаад баруун талын хаяанд аваачиж тавьсан..., Удаагүй Д ээжийнхээ утаснаас залгаад “юу болж байна, наадхи чинь гайгүй юу, би очихоос айгаад байна” гээд байсан..., Д намайг дуудаад босоход талийгаач гэрийн зүүн талд 2 хөл нь нугарсан байдалтай хэвтэж байсан..., Талийгаач дээгүүрээ нүцгэн ноосон цамцыг нь тайлаад хажууд нь тавьсан байсан.., гэрийн зүүн талд зуухны урд нөжирхүү юм асгарсан байсан... би шалны алчуураар арчсан..., Талийгаач юм хэлж чадахгүй айхавтар орилсон..., Ай гээд орилсон..., Тэр дуу гарах үед Д талийгаачийн хажууд нь байсан .... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18-19 хуудас /
Гэрч П.Э яллагдагчаар татагдах үед өгсөн байцаалтандаа
...Би сүүлдээ залхаад унтах маягтай болоод үүрэглээд хэвтэж байсан..., Гэтэл Д гэнэт “ахаа сэрээч амьсгал хураачих шиг боллоо” гэж хэлээд намайг дуудсан..., Тэгэхээр нь би сэрээд өндийгөөд харсан чинь талийгаач миний унтаж байсан гэрийн зүүн талын орны урд толгой нь хойд зүг рүү, нүүр нь зүүн зүгт хараад цээжин дороо цамцаа бариад тонгойгоод хэвтэж байсан..., Тэгэхээр нь боссон чинь талийгаачийн өвдөгний орчим шалан дээр цус урссан байсан..., Тэгэхээр нь тэр цусыг нь шалны алчуураар арчаад алчуураа эргүүлээд гэрийн баруун хэсэгт тавьсан..., Д талийгаачийг өргөөд хөнжлөөр ороосон чинь талийгаачийн цустай цамц хэвтэж байсан..., Тэр цамцыг нь аваад гэрийн баруун талд хувцасны шүүгээний хажууд тавьсан..., Тэр үед Д эмнэлэг цагдаа дуудна гээд гараад явсан... гэсэн мэдүүлэг /хх.ийн 197-198-р хуудас/
-Гэрч Т.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Эыг гэрт ороход талийгаач хүү цээж нүцгэн зүрхэн тушаанаа шархтай дээшээ хараад гэрийн зүүн талын орны урд хэвтэж байсан..., Би ороод хүүгээ үнсэх гэсэн чинь хамаг бие нь хүйтэн байсан..., Нэг мэдсэн эмнэлэг цагдаа ирсэн байсан ...гэсэн мэдүүлэг ,/хх.ийн 125-126-р хуудас/
Гэрч А.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Би эхнэр хүүхдийнхээ хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн Дэнжийн 8-ХХ тоотод оршин суудаг бөгөөд 2017оны 2 сарын 27-ны орой 00-01 цагийн үед манайд Д, Ц хоёр манайд ирээд 0.75 граммын Ерөөл архийг хувааж уугаад гараад явсан..., Явахдаа Д явахгүй гээд байсан чинь манай эхнэр унтаж амрах хэрэгтэй байна гэж хэлээд бараг хөөх шахуу юм болж байж явуулсан..., Э.Ц даруухан даа, харин Д архи уугаад Цтай маргалдсан үедээ өөрийнхөө гарыг хутгаар зүсээд байдаг..., Архи уусан үедээ Д жоохон ширүүн болчихдог... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32-р хуудас/
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай:
....Талийгаачийн биед цээжний зүүн талд цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний оройд баруун ховдлын урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын үзүүр, баруун хацар, баруун чихний омог, баруун чихний дор зөөлөн эдэд 10 тооны цус хуралт, хүзүү, цээжинд 7 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо..,
.
Хатгагдаж зүсэгдсэн шарх болон шалбархай нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 7 удаагийн хатгах, хатгагдах, зүсэх, зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ, зөөлөн эдэд цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ..., Шинэ гэмтлүүд байна. ....Талийгаачийн үхлийн шалтгаан нь цээжний зүүн талд цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний оройд баруун ховдлын урд ханыг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий дэх цус, зүрх чихэлдэлт цээжний зүүн хөндий дэх цус болно..., үхэлд хүргэх архаг хууч өвчингүй.., цогцосноос авсан цусанд этилийн спирт 3.0 промиль байна.., гэсэн дүгнэлт, /хх-ийн 50-51-р хуудас/, болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгч Х.Д нь намайг унтаж байхад Э ах дуудаж сэрээсэн...., Талийгаач газар унасан цус гарсан байсан...., Би тэвэрч авахад гарт нь хутга байсан...., хутгыг авч шидээд цамцыг нь тайлхад цус гарсан байсан..., Э ах бүх зүйлийг цэвэрлэсэн байсан... би нөхрөө алаагүй ..., гэж мэдүүлж байгаа боловч тухайн үед болсон дээрх үйл баримт, гэмт хэрэг гарсан цаг хугацаа, гэмт хэрэг гарсан газар, орчин зэргээс үзэхэд шүүгдэгч Х.Д хохирогчийг алаагүй гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүйгээс гадна шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн дүгнэлтийг няцааж, үгүйсгэсэн үндэслэлээ зааж чадахгүй байна.
Гэрч П.Э мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй боловч энэ мэдүүлэгүүд нь хэргийг бүгдийг үгүйсгэсэн мэдүүлэг биш бөгөөд шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдсон..., энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Х.Дд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
Ц.ТУЯА