Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/369

 

 

 

 

 

 

 

  

     2021            06           30                                      2021/ШЦТ/369                                 

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Г-ын Б-т холбогдох эрүүгийн 21100 0000 0521 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зүүнмод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн редактор мэргэжилтэй, Тоёота авто суудлын бүрээс оёдог, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г-ын Б- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 5 дугаар сарын 18-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт Ухаа 2 автобусны буудлын дэргэдэх хүнсний мухлагийн үүдэнд үл ялих зүйлээс болж Ж.Б-той маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас нүүрэн тус газарт нь толгойгоороо нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                             

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 21100 0000 0521 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Б-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2021 оны 5 дугаар сарын 18-ны 23 цаг болж байхад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороолол буюу Төв аймаг явах замын баруун талд байдаг хүнсний мухлаг онгорхой байхаар нь орсон. Гэтэл миний хажуугаар 30 орчим насны 168 орчим өндөртэй махлаг шар залуу дайраад байсан. Би уг залууд хандаж “чи бага юм авах гэж байгаа бол түрүүлээд ав, би их юм авна” гэж хэлээд хүнсний дэлгүүрийн үүдэнд зогссон. Тэр залуу удалгүй 1 ундаа аваад гарахдаа намайг мөрлөсөн. “Чи зүгээр байгаач, би чамайг урдуураа оруулсан биз дээ” гэхэд уг залуу миний гадуур хувцасны захнаас хоёр гараараа зуураад намайг боохоор нь би өөдөөс нь хариу үйлдэл үзүүлж чадаагүй. Энэ хугацаанд надтай хамт явж байсан Энхбат, Ээгий хоёр салгасан гэтэл гэнэт уг залуу намайг 1 удаа мөргөчихөөд 1184 УНК улсын дугаартай автомашинд суугаад явчихсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 06х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Энхбатын гэрчээр өгсөн:

“...Танихгүй залуу манай найз Батболдыг өмсөж явсан гадуур хувцаснаас нь заамдаад хүнсний мухлагаас гараад ирэхээр нь би өөрийнхөө машинаас бууж тэр хоёрыг салгаж амжаагүй байхад мөргөөд машиндаа суугаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Насанжаргалын гэрчээр өгсөн:

“...2021 оны 5 дугаар сарын 18-ны 23 цаг болж байхад би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороолол орох гэж байгаад замдаа автобусны буудал дээр байдаг хүнсний мухлаг онгорхой байхаар нь Батболдын хамт уг хүнсний мухлагаас юм авах гээд орох гэтэл миний хажуугаар 30 орчим насны 170 орчим өндөртэй махлаг шар залуу дайрахад нь Батболд “би их юм авах гэж байгаа, чи бага юм авах гэж байгаа бол түрүүлээд юмаа ав” гэж хэлээд хойшоо зай тавьж өгсөн. Гэтэл нөгөө залуу 1 ундаа хөргөгчөөс аваад “чи юу гэнээ гөлөг минь, намайг ядуу гэж бодоо юу” гэж хэлээд муухай хараад дэлгүүрээс гарахдаа үглээд байхаар нь Батболд “юу гэнээ, би чамайг урдуураа оруулаа биз дээ” гэж хэлэхэд нөгөө залуу нь буцаж хүнсний мухлаг руу ороод Батболдыг заамдаж аваад мухлагаас гаргаад хашаа руу түлхээд дахин барьж аваад нүүрэн тус газарт нь нэг цохиод, дахин духаараа мөргөхөд Батболд залууд хандан “чи шүд унагаачихлаа” гэж хэлэхэд “хохино” гэж хэлээд 1184 УНК улсын дугаартай саарал өнгийн дөрвөлжин загварын автомашинд суугаад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Чимэдцэрэнгийн гэрчээр өгсөн:

“...Тухайн өдөр би хүнсний мухлагаа хаачихаад гэртээ ирсэн боловч ус буцлагч халуун сав авах шаардлагатай болоод 22 цаг 30 минутын үед хүнсний мухлагаа онгойлгоод ороход миний араас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүүхэн, залуу хоёр орж ирээд “юм авна” гээд авах юмаа хэлээгүй гараад явсан. Гэтэл араас нь нэг залуу орж ирээд бэлнээр мөнгөө өгөөд +С нэртэй ундаа авах гэж байхад нь түрүүлж орж ирээд гарсан согтуу залуу ундаа авах гэж байсан залууд хандан “чи бага юм авах гэж байгаа юм байна, би их юм авах гэж байгаа” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Согтуу залуу ундаа авах гэж байсан залууг заамдаж аваад хүнсний мухлагаас гарсан тул би мухлагаа хаагаад явах гэтэл ундаа авах гэж байсан залуу “эгчээ би ундаагаа буцаагаад, мөнгөө авъя” гэж хэлээд мөнгөө аваад явсан. Гэтэл согтуу байсан залуу амнаас нь цус гарсан байдалтай шүд уначихлаа гээд зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4237 дугаартай:

1. Ж.Б-ын биед зүүн дээд 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад няцарсан шарх, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Зүүн 2-р шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 19-24х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн:

“...Би нэг ундаа аваад мөнгөө худалдагчид өгөөд хариулт авах гээд зогсож байхад гаднаас нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр орж ирсэн ба эрэгтэй нь надад хандаж “чи ганц ундаа авах гэж байсан юм уу, чамайг бодуул би зөндөө юм авна, чи хурдан юмаа аваад га”р гэж надад хэлэхээр нь би уг залууд хандан “миний юу авах нь чамд ямар хамаатай юм” гэсэн. Гэтэл нөгөө залуу “чи ер нь яах гээд байгаа юм” гэж хэлээд намайг заамдаж авахаар нь “чи эрүүл юм уу, согтуу юм уу, уусан идсэнээ шингээж чадахгүй” гэж хэлээд түлхсэн. ...Согтуу залуу миний араас гүйж ирээд намайг цохих гэж дахин загнахад нь хамт байсан залуу бид хоёрын дундуур орж ирээд салгахаар нь би машины жолооч найзад хандан “согтуу найзыгаа аваад яв” гэтэл дахин над руу дайраад, миний зүүн шанаанд гараар цохиход нь би бултаж зөрүүлээд баруун гарын алгаар буюу дотор талаар нүүрэнд түлхээд, мангасдаад нөгөө согтуу залуу явган суугаад үлдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 49х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 25-26х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 27х/, шүүгдэгчийн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт /хэргийн 44, 46х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 46х/ 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 133 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар прокуророос Г.Бт холбогдох 21100 0000 0521 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Бын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт Ухаа 2 автобусны буудлын дэргэдэх хүнсний мухлагийн үүдэнд үл ялих зүйлээс болж Ж.Б-той маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас нүүрэн тус газарт нь толгойгоороо нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь “зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад няцарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Ж.Б- /хэргийн 06х/, гэрч Э.Энхбат /хэргийн 13х/, гэрч П.Насанжаргал /хэргийн 15х/, гэрч Г.Чимэдцэрэн /хэргийн 17х/ нарын мэдүүлэг,  

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4237 дугаартай:

1. Ж.Б-ын биед зүүн дээд 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад няцарсан шарх, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Зүүн 2-р шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 19-24х/, мөн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хэргийн 49х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Ж.Б-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...зүүн дээд 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад няцарсан шарх...” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Бын түүний нүүрэн тус газарт цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Бын дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Ж.Б-ын биед учирсан “...зүүн дээд 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад няцарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Энэ хэргийн хохирогч Ж.Б- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлж, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

Иймд шүүгдэгч Г.Баас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Бт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

   ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Энэ хэрэгт Г.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД