Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00705

 

МУЭИС-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02336 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 169 дугаар магадлалтай, 

МУЭИС-ийн нэхэмжлэлтэй

ПИ- ХХК, УБДС- ТӨХК-д тус тус холбогдох, 

УБДС- ТӨХК болон ПИ- ХХК-иудын 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан №2012/03 тоот Дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, дулааны шугам сүлжээгээр зохих журмын дагуу хангахыг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- болон өмгөөлөгч Н.Э- нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, Н.Э-, хариуцагч ПИ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...МУЭИС-ь анх 2004-2015 онуудад Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн бүрэлдэхүүн сургууль байсан бөгөөд 2016 оноос Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар бие даасан их сургууль болсон. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хичээлийн байр нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах А, Б гэсэн хоёр блокоос бүтдэг ба Эрдмийн Их Сургууль бие даан байгуулагдах үед Б блокийн байр нь тус сургуулийн хөрөнгө болж балансад бүртгэгдсэн. Ингээд тус сургуулийн Б блокийн байрыг 2016 онд барьж дуусгаад ашиглалтанд оруулах үед дулааны холболтын шугамыг тухайн нутаг дэвсгэрт ганцхан байрлаж байгаа Дулаан хангамжийн Unit-385 төв болон 4 дүгээр магистралын ТК 415 шугамаас холбуулахгүй гэх маргаан үүссэн. Тодруулбал, маргаан бүхий дулааны шугам нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар хотын төв цэгт байрлах бөгөөд дулаан хангамжийн Unit-385 төв болон 4 дүгээр магистралын ТК 415 шугамаас өөр дулааны шугам байхгүй. Тиймээс ч сургуулийн барилгын дулааны шугамын техникийн нөхцлийг төрийн эрх бүхий байгууллагууд уг шугамаас татаж авахаар зөвшөөрөл олгож барилгын ажлыг эхлүүлсэн. Гэтэл барилга угсралтын ажил эхлэхээс өмнө болон дууссаны дараа барилгын шугам сүлжээний холболтын ажлын үед Төрийн эрх бүхий байгууллагаас олгосон 2012 оны 41/2012 тоот техникийн нөхцөл, 2014 оны 17/2014 тоот техникийн нөхцөл, 2016 оны №21/2016 тоот техникийн нөхцөл, түүнчлэн УБДС- ТӨХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/1565 албан тоот, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18/1640 албан тоотоор тус тус холболт хийхийг зөвшөөрсөн боловч гагцхүү Unit-385 төв болон 4 дүгээр магистралын ТК 415 шугамын өмчлөгч гэх ПИ- ХХК нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж, нийтийн хэрэгцээ шаардлага бүхий дулааны шугамыг хувийн өмч тул хэн ч халдаж чадахгүй гэх байдлаар асуудалд хандаж, хэрэглэгчдэд тэгш бус хандаж, компанийн балансад 685.747.210 төгрөгийн үнэ бүхий хөрөнгөөр бүртгэгдсэн гэх зэргээр үндэслэлгүй зүйлсээр дулаан хэрэглэгчийн дулааны шугамын хэвийг үйл ажиллагаа явуулахад удаа дараагийн хууль бус үйлдлээрээ саад болж байна. Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.11-т заасан зохицуулалтыг зөрчиж байна. Улмаар Unit-385 төв болон 4 дүгээр магистралын ТК 415 шугамын өмчлөгч гэх баримтыг авч үзвэл 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдөр УБДС ТӨХК болон ПИ- ХХК-ийн хооронд байгуулагдсан №2012/03 дугаар Дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах гэрээгээр худалдан авч өмчлөгч болсон гэх тайлбарын хэлдэг. Гэтэл Unit-385 төв болон 4 дүгээр магистралын ТК 415 шугам, дулааны цогц тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэн хотын төвд нийтийн зориулалтаар ашиглахаар шинээр бий болгосон байтал ПИ- ХХК нь төрийн байгууллагатай хуйвалдан хууль бусаар төр буюу нийтийн зориулалттай өмчийг худалдан авах нэрийдлээр хувийн компанийн мэдэлд авчээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, мөн Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг тус тус илт зөрчиж байна. Иймд 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдөр УБДС- ТӨХК болон ПИ- ХХК-ийн хооронд байгуулагдсан №2012/03 дугаар гэрээ нь холбогдох хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, зохих журмын дагуу дулааны шугам сүлжээгээр хангахыг даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч УБДС- ТӨХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Монгол Улсын Сангийн сайд 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр баталсан 128 дугаартай Сангийн яам, УБДС- ТӨХК-ийн хооронд 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 1548-MON(SF) тоот дамжуулан зээлдүүлэх гэрээний хавсралтад өөрчлөлт оруулах гэрээний дагуу Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 тоот тогтоолд төрийн өмчийн бус хуулийн этгээдэд 5.346.138.477 төгрөгийн балансын үнэ бүхий хөрөнгийг шилжүүлж, холбогдох зээлийн төлбөрийг худалдан авсан этгээдээс гаргуулан авахыг заасан. Ингээд дулааны эрчим хүч хэрэглэх гэрээтэй төрийн болон хувийн хэвшлийн нийт 312 газарт Халаалтын цогц төхөөрөмжийг /XЦТ/ хүлээлгэж өгөх, үндсэн төлбөр болон зээл, зээлийн хүүг Сангийн яаманд төлүүлэх ажлыг манай компани хариуцан гүйцэтгэсэн болно. Дээрх төслөөр суурилагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдагдсан 415-ын салааны хуучин уурын зууханд тавигдсан халаалтын цогц төхөөрөмж /ХЦТ/ нь 2012 онд хариуцах эзэнгүй тоногдсон байдалтай цаашид ажиллуулахад хүндрэлтэй байсан тул тухай үед уг төхөөрөмжөөс төвлөрсөн дулаанд холбогдсон Сентоза фоод ХХК, Улсын төв архив, Ус сувгийн ариутгах станц, Хурай ХХК, Кредит банк, Пума ХХК, Хүмүүнлэгийн их сургууль, Тунгалаг Эрдэнэ ХХК-иудад манай компанийн дэд захирлаар ажиллаж байсан Р.Хайдав өөрийн биеэр очиж уулзаж 85.000.000 төгрөгийн үнэтэй ХЦТ-ийг худалдан авч, зээлийн хүүг төлж, барилгадаа зай гаргаж байрлуулахыг санал болгосон боловч бүгд татгалзсан хариу өгсөн байдаг. Гэвч дараа нь ПИ- ХХК-иас хэрвээ ХЦТ-ийг худалдан авбал шинээр барих 15 давхар зочид буудлын барилгадаа техникийн нөхцөлийг танай байгууллагаас олго гэсэн хариу шаардлагыг тус компанид тавьсан байдаг. Бид хүсэлтийг даруй зөвшөөрч 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2012/03 тоот дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах гэрээг ПИ- ХХК-тай байгуулан ХЦТ-ийн үндсэн төлбөр болон зээл, зээлийн хүү нийт 62.912.297 төгрөгийг Сангийн яам руу тушаалгасан болно. Нэхэмжлэгч Эрдмийн их сургууль яг энэ үед буюу 2012 онд албан ёсоор бие даасан сургууль болоогүй байсан бөгөөд нэхэмжлэлдээ Хүмүүнлэгийн ухааны сургуулийн харьяанд байсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ПИ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...УБДС- ТӨХК-тай 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан дулаан хангамжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах №2012/03 гэрээгээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулаан хангамжийн Unit-385 төв болон 4 дүгээр магистралийн ТК 415 шугамыг 85,5 сая төгрөгөөр худалдан авч үнийг нь Сангийн яамны дансанд бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Эрчим хүчний газраас Пума ХХК-д №41/2012 тоот дулааны техникийн нөхцөлийг 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгосон. 2013 оны 3 дугаар сард Гандирс-Од ХХК-иар гадна дулааны ажлын зураг хийлгүүлж мөн оны 5 дугаар сарын 20-ны өдөр УБДС- ТӨХК-иар хянуулж батлуулсан. Мөн Пума ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Нишин илч ХХК-тай 13/0328 тоот Халаатын цогц төхөөрөмж угсрах ажлын гэрээг байгуулж, 340.000.000 төгрөгийн өртгөөр Кибер захын байранд тоногдож хуучирсан дулаан хангамжийн Unit-385 төвийг Пума имперал зочид буудлын зоорийн давхарт нүүлгэн шилжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шинээр худалдан авч шинэчлэн өргөтгөсөн. Дулаан хангамжийн Unit-385 төв болон найдвартай ажиллагааг хангах зорилгоор цахилгаан эрчим хүчийг сэлгэн залгах шинэ шугамыг өөрийн барьсан дэд өртөөнд холбосон ба өнөөдрийн байдлаар засвар, арчилгаа үйлчилгээний зардалд нийт 700.000.000 төгрөгийн зардал гарсан байдаг. Пума ХХК Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 14200, Сүхбаатарын талбай 20/2 хаягт орших 4667 мкв талбай бүхий сургалт, үйлчилгээний зориулалттай 17 давхар барилгыг 2012 оны 7 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сард барьж дуусгасан ашиглалтад оруулсан. Дулаан хангамжийн төв болон шугамд өргөтгөл шинэчлэлийн ажлыг иргэн Н.Нацагдорж Пума ХХК-ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ба 685.700.000 төгрөгийн үндсэн хөрөнгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр блансаас хасч ПИ- ХХК-ийн үндсэн хөрөнгөнд шилжүүлсэн. ПИ- ХХК болон УБДС- ТӨХК-ийн хооронд байгуулсан дулаан хангамжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах №2012/03 гэрээ нэхэмжлэгчийн ямар хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж буй нь тодорхойгүй бөгөөд Эрдмийн их сургууль нь нэхэмжлэгч биш гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02336 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар УБДС- ТӨХК болон ПИ- ХХК-ийн хооронд 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №2012/03 тоот Дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас МУЭИС-ийг дулааны шугам сүлжээгээр зохих журмын дагуу хангахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ПИ- ХХК болон УБДС- ТӨХК-иас 472.511 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 169 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02336 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөг, хариуцагч УБДС- ТӨХК-ийн төлсөн 70.200 төгрөг, хариуцагч ПИ- ХХК-ийн төлсөн 70.200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- болон өмгөөлөгч Н.Э- нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж илт үндэслэл муутай шийдвэр гаргасан. Магадлалд “анхан шатны шүүх уг асуудлыг тодруулаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна” гэж дүгнэсэн боловч ямар хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар огт дурдаагүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулж байна. Түүнчлэн “МУЭИС-ь нь уг харилцаанд сонирхогч этгээд байх боломжтой эсэхийг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх боломжтой юм” гэжээ. Аливаа хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, улмаар уг хэлцлийн үр дагаварыг арилгуулахыг шаардах эрхийг сонирхогч этгээдэд олгосон хуулийн зохицуулалтын мөн чанар нь нэгдүгээрт, хэлцэл хийсэн талууд хоёрдугаарт, уг хэлцэл хүчин төгөлдөр гэж итгэснээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж, хөндөгдсөн гуравдагч этгээд уул эрхээ хамгаалуулах боломжийг олгож байгаа болно. Тиймээс нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, хөндөгдөж байгаа эсэхийг тодотгон, тайлбарлах шаардлага зүй ёсоор үүснэ. Нэхэмжлэгч нь маргаан бүхий дулааны шугамын хууль ёсны өмчлөгч нь ПИ- ХХК гэж бүрэн итгэсэн бөгөөд шүүх ч мөн итгэсэн байдаг. Тухайлбал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00672 дугаар тогтоолд “Нэхэмжлэгч ПИ- ХХК нь УБДС ТӨХК-тай 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Дулаан хангамжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах 2012/03 тоот гэрээ байгуулж СБД, 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дулаан хангамжийн Unit-385 төв болон 4-р магистралын ТК415 шугамыг 85.500.000 төгрөгөөр худалдан авч өмчлөгч болсон” гэж дүгнэсэн байдаг. Улмаар   дээрх дулааны шугамаар бусад байгууллага дулаанаар хангагдах эсэх зөвшөөрлийг тухайн обьектын өмчлөгч өгөх учиртай хэмээн дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, СБД-ийн 8-р хороонд байрлах МУЭИС-ийн /Хуучнаар Хүмүүнлэгийн Их Сургуулийн өргөтгөлийн Б блок/ барилгын ойролцоо “ПИ-” ХХК-ийн өмчлөлд байгаа ТК415 шугамнаас өөр ямар нэгэн дулааны шугам байхгүй бөгөөд тус барилга дулаанаар хангагдахын тулд гагцхүү ПИ- ХХК-аас зөвшөөрөл зайлшгүй авах нөхцөл байдалтай байгаа болно. Ийнхүү нэхэмжлэгч нь Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 001/ХТ2018/00672 дугаар тогтоолын дагуу 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 1/275 албан тоот, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1/286 албан тоот, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1/298 албан тоотыг тус тус ПИ- ХХК-д хүргүүлж зөвшөөрөл авах, улмаар дулаанаар хангагдахын тулд хэдэн төгрөгийн төлбөр шаардлагатай байгаа талаар санал, зөвшөөрлийг нь авахаар удаа дараа хүргүүлэхэд ямар ч хариу өгөөгүй бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч нар уулзаж ямар байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар хэлэлцэхэд ПИ- ХХК-ийн өмгөөлөгч Б.Баяржаргал дулааны шугамын үнэлгээг гаргая гэсэн боловч мөн л ямар нэгэн арга хэмжээг аваагүй ба ийнхүү асуудлыг шийдвэрлэх ямар ч сонирхолгүй цаг хугацаа авч энэ нь хэрээр нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд зогсохгүй боловсролын байгууллага болохын хувьд манай сургуулийн оюутан залуусын сурч боловсрох эрх, сургалтын хэвийн үйл ажиллагааг үргэлж алдагдуулж ирсэн. Гэвч бодит байдал дээр ПИ- ХХК-ийн ТК415 дулааны шугамыг өмчлөх эрх нь хууль ёсоор үүсээгүй болох нь төрийн эрх бүхий байгууллагуудын одоо ч хүчин төгөлдөр байгаа шийдвэрүүдээр хангалттай нотлогддог бөгөөд хариуцагч нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр, өмчлөх эрх нь хууль ёсоор үүссэн гэж итгэж байсан нэхэмжлэгчийн дулаанаар хангагдах эрхийг хясан боогдуулж байгаа хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардах эрхтэй юм. Иймд МУЭИС-ь нь Иргэний хуульд заасан сонирхогч этгээд төдийгүй шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй байхад шүүх тус сургуулийг сонирхогч этгээд байх боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасан ажиллагааг хийгээгүй гэжээ. Үүнийхээ үндэслэлийг тайлбарлахдаа “Улсын дээд шүүхийн 2018 оны 001/ХТ2018/00672 дугаар тогтоолд гуравдагч этгээд МУЭИС-ь нэхэмжлэгч Пума ХХК-тай зөвшилцөж, дулааны шугамд холбогдох талаар харилцан тохиролцоход энэ хэргийн шийдвэрлэлт саад болохгүй гэж заасан байна” гэжээ. Дээрх тогтоол гарснаас хойшхи хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс ПИ- ХХК-тай эвлэрэн хэлэлцэх бүхий л боломжийг ашигласан бөгөөд эвлэрэн хэлэлцэх тухай саналаа удаа дараа албан бичгээр хүргүүлж байсан. Харин тус компаниас нэхэмжлэгчид огт хариу ирүүлээгүй бөгөөд эвлэрэн хэлэлцэхээс шууд татгалзсаар ирсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр эвлэрэн хэлэлцэх боломжгүй талаар талууд тайлбар гаргасны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн төдийгүй хариуцагч ПИ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа ч мөн адил эвлэрэх боломжгүй гэдгээ мэдүүлсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Дулаанаар зохих журмын дагуу хангахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд УБДС ТӨХК, ПИ- ХХК-ийн аль нь хариуцах ёстой этгээд болохыг тодорхойлох шаардлагатай” гэж дүгнэсэн. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д зааснаар “эрчим хүчээр хангагч’’ гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг ойлгох бөгөөд хариуцагч УБДС- ТӨХК нь дулааны эрчим хүчээр хангах эрх бүхий байгууллагын хувьд дулаанаар хангахыг даалгах шаардлага нь уг компанид шууд хамаарна. Түүнчлэн өмчлөх эрх үүссэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсоноор ПИ- ХХК нь ТК415 шугамын өмчлөгч гэж тооцогдохгүй ч тухайн шугам нь тус компанийн шууд эзэмшилд байгаа учир хууль бус эзэмшигч байна. Тиймээс Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т “түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах" үүрэгтэй гэж заасны дагуу өөрийн эзэмшлийн шугам сүлжээнд шинэ хэрэглэгчийг холбуулж дулаанаар хангагдах эрхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй тул дулаанаар хангахыг даалгах тухай шаардлага нь тус компанид мөн адил хамаарна. Тодруулбал, тус сургууль маргаан бүхий дулааны шугамыг бид өмчлөх эрхтэй гэж маргаагүй бөгөөд гагцхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулж дулаанаар хангагдах зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Харин ТК415 шугамыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх талаар ямарваа нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд энэ нь өмчлөх эрх бүхий этгээдийн эрхэд хамаарна. Дээрхээс үзэхэд хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой, маргааны үйл баримтыг хангалттай нотлох баримт цугларсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж бодит болон хууль зүйн үндэслэлгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэх үүргээсээ зайлсхийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ПИ- ХХК, УБДС- ТӨХК-д холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, дулааны шугам сүлжээгээр зохих журмын дагуу хангахыг даалгах МУЭИС-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Магадлалд, “...хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2012/03 тоот “дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгч гаргах сонирхогч этгээд байх боломжтой эсэхийг шүүх тодруулаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг зохих ёсоор хийсэн эсэх нь тодорхойгүй, ...дулаанаар хангахыг даалгах шаардлагыг хоёр хариуцагчийн аль нь хариуцах этгээд болохыг тодорхойлоогүй...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлийг бүрэн тодруулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасантай нийцсэн байна.

Харин талуудыг эвлэрүүлэн зуучлагчид хандан эвлэрэх боломжоор хангаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай, уг дүгнэлт шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00672 дугаар Пума ХХК-ийн нэхэмжлэлтэй Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-д холбогдох хэргийн талаарх тогтоолд “МУЭИС-ь нь Пума ХХК-тай зөвшилцөж, дулааны шугамд холбогдох талаар харилцан тохиролцоход энэ тогтоол саад болохгүй” гэснийг дурдсан байна.

МУЭИС-ь ПИ- ХХК-ийн өмчлөлийн дулаан хангамжийн Юнит-385 төв болон 4 дүгээр магистралын ТК 415 шугамд холболт хийлгүүлж, дулаанаар хангагдаж байгааг зохигч хэн аль нь үгүйсгээгүй байна. Гэвч ПИ- ХХК нь МУЭИС-ийг дулааны магистраль шугамд холбохыг зөвшөөрөхдөө тухайн объектыг худалдан авсан, өргөтгөхдөө гаргасан зардлын зохих хувийг нэхэмжлэх эрхтэй, энэ талаар зохигч зөвшилцөх боломжтой ч хэдий хэмжээний зардлыг шаардсан нь тодорхой бус, талуудын хооронд төлөх төлбөрийн хэмжээнд маргаан үүссэн, шүүхэд нэхэмжлэл гарсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс зохигчийн эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай гэсэн нь буруу болжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т зааснаар ПИ- ХХК нь өөрийн эзэмшлийн шугамнаас нэхэмжлэгчийн дулааныг холбуулах үүрэгтэй бөгөөд холбогдох зардлаа шаардах нь зохигчийн хооронд хамааралтай юм.

МУЭИС-ийн хоёрдох шаардлага буюу дулааны шугам сүлжээгээр зохих журмын дагуу хангахыг даалгахыг шаардсан нь хуулиар тогтоосон үүргийг хариуцагчаас шаардаж байгаа агуулгатай байх ба шүүх хэрэглэх  ёстой хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийг талаар дүгнэлт өгөх учиртай. Харин ПИ- ХХК нь тодорхой зардал шаардаагүй байхад маргааны зүйлд хамаарахгүй асуудлаар шүүх дүгнэлт хийхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай гэж үзсэн магадлалд заасан үндэслэлийг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 169 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ