| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2019/0030/З |
| Дугаар | 01 |
| Огноо | 2019-12-23 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Д.Э-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Тус аймгийн *******т холбогдох Улсын бүртгэлийн хэлтсийн иргэн Н.Д-гийн нэр дээр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* дугаар бүртгэлийг, ******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хамт хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний өмчлөлийн 399 м2 талбай бүхий 8 өрөө барилга нь тус аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Жавхлант хороололд байрлалтай. Анх 1954 онд ашиглалтанд орсон түүхий тоосгон барилга. Гэтэл тус барилгын хойд талын хананд иргэн Н.Д нь нийтийн эзэмшлийн зам талбайд орц гарц, ус зайлуулах газрыг хааж 2 хана өрж гутал засварын ажил эрхлэснээс болж бороо цасны ус гадагшлах боломжгүй болж усны тогтоол үүсч улмаар миний барилгын коридор, хана усанд нэвчин идэгдэж урд талын хаш үйлчилгээний төвтэй залгаа хэсгээрээ нурах эрэсдэлтэй болсон. Хэрэв уг барилга нурсан тохиолдолд хажуу талын залгаа барилгад нөлөөлж бусдын эд хөрөнгийг гэмтээх, нураах эрсдэл бий болохоор байсан тул түрээслэгчдийг 2 жилийн өмнө гаргаж, 2018 оны 09 дүгээр сард хуучин барилгаа буулгаж, энэ талаар хууль дүрмийн дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж, зохих зөвшөөрлүүдийг авсан. Гэтэл барилгын хойд хэсгээ нураах гэтэл иргэн Н.Д нь ямар нэгэн шалтгаангүйгээр манай барилгын ханыг буулгуулахаас татгалзсан бөгөөд миний зүгээс насыг нь бодож удаа дараа эвийн журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт тавьж сарын хугацаанд буулгаад буцаагаад бариад өгье гэсэн боловч хүлээж аваагүй. Аргагүйн эрхэнд Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан Н.Д-гийн барилгыг албадан чөлөөлүүлэхээр хүсэлт гаргахад 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 390 дугаар тоотоор Н-ийн Д нь 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байна. Иймд уг газрыг албадан чөлөөлөх боломжгүй бөгөөд холбогдох бусад байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирүүлсэн. Уг бичгийн дагуу *******т хүчингүй болгуулахаар хандсан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Би Н.Д-г хоёр барилгын дунд зөвшөөрөлгүй, бусдын ханыг ашиглан, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барьсан барилга дээрээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсаныг огт мэдээгүй бөгөөд түүнийг мэдэх боломжгүй байсан. Харин хуучин барилгаа буулгаж шинээр Алтай хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, орчин үеийн шинэ барилга барихаар төлөвлөж холбогдох газраас бүхий л зөвшөөрлөө авч техникийн нөхцөлөө бүрдүүлээд ажлаа эхлэх гэтэл ийм эсэргүүцэлтэй тулгарч байна. Гэтэл Н.Д тухайн барилгаа бариагүй байхдаа 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* дугаар гэрчилгээг, өмчлөх эрхийн Ү-0518000371 дугаарт бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан болохыг холбогдох байгууллагад хандаж байж мэдлээ. Барилгын суурь цутгах гээд өрөмдөх багаж ажиллуулахад тухайн хана нурж унах эрсдэлтэй. Хэрэв нурвал би хүний эд хөрөнгө эвдэж, сүйтгэсэн хэрэгт орох болчхоод байна. Барилгын өрлөг хийж болохгүй байна. Хүний эд хөрөнгийн хаагуур нь барих вэ? Зайлшгүй буулгахаас нааш барих боломжгүй байна. Би өөрийнхөө ханыг буулгаад Н.Д-ийн барилгад тусад нь улаан тоосгоор хана барьж өгсөн. Хавтаст хэргийн материалд авагдсан гэрэл зурагт тодорхой харагдаж байгаа. Эсвэл байшин барилгаа барьчхаад тусад нь өрөө гаргаад өгье эсвэл барилгын сууриа цутгачхаад эргүүлээд бариад өгье гэж санал тавьж байсан боловч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Газрын гэрчилгээ байхгүй байхад яагаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байгааг ойлгохгүй байна. Барилга нурж байсан учраас түрээслэгч нараа жилийн өмнө гаргаад жил гаран цоожтой байсан. Нөгөө талын телевизийн байрнаас манай байшингаас 5 метр хол барь гэх мэтээр хэл ам гарч байгаа. Барилгын ажлыг эхлүүлж чадахгүй 2 жил болж байна. Эдгээр хүмүүс Мэргэжлийн хяналтын хэлтэс, Барилга, хот байгуулалтын газар, Говь-Алтай аймгийн Засаг дарга нарт байнга өргөдөл, гомдол, албан бичгүүдийг өгч барилгын ажлыг хийлгэхгүй байгаа. Бэлэглэлийн гэрээ хийж байгаа он бол 2003. Тэрнээс өмнө 2000 онд авсан. Шилжүүлэлгүй явж байгаад надад байшингаа өгснийхөө дараа Ц.Р хоёр хана ашиглаж гутал засварын газрыг барьсан. “Бумбат” цайны газар буюу Н.Д-гийн цайны газрын дараа н.С гэдэг хүн авч байсан. н.С гуай нас барж Н.Д-хийг буулгуулна гэж явж байгаад чимээгүй болсон. Н.Д-гийн нөгөө талын хана нь уг цайны газрын эзэмшлийн хана. Уг обьект буюу хана хэний эзэмшил болох юм бэ? гэдэг нь асуудалтай болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэмж тодруулахад маргаан бүхий Н.Д-гийн нэр дээр бүртгэлтэй 15 м2 үл хөдлөх эд хөрөнгө буюу гутал засвар, үйлчилгээний газрын урд талын хана нь Э-ийн өмчлөлийн хана. Маргаагүй байгаа хойд талын хана нь нөгөө талын объектийн хана юм. Д.Э нь өөрийн өмчлөлөө хэрэгжүүлэхийн тулд уг ханыг нураагаад даацын хана барих гэтэл давхардуулж гэрчилгээ олгосны улмаас ханаа нурааж чадахгүй, боломжгүй болчхоод байна. Тухайн ханыг нурааж чанартай бетонон цутгамал бүхий хана барьж үйл ажиллагаа явуулна. Хэрэв тухайн ханыг нураалгүйгээр барилга барих юм бол барилга нурах эрсдэлтэй. Бид ханыг нураахад өмчлөх эрхийн гэрчилгээтэй бусдын өмчлөх эрхэд халдах үндэслэл болж байна. Ийнхүү өөрийн ханыг нураахгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон учраас Н.Д-гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Маргаад байгаа асуудал бол ямар нэгэн газартай холбоотой зүйл байхгүй. 414 метр квадрат газар гэж хаана ч байхгүй. Үл хөдлөх хөрөнгийн асуудал яригдаж байна. Хариуцагч талын тайлбартай холбогдуулаад 2003 онд Улсын Их Хурлаас батлагдаж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу өмчлөх эрхийг хэрэгжүүлсэн гэсэн тайлбарыг өгч байна. Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Бүртгэл үнэн зөв байх” гэж заасан үндсэн зарчим байгаа. Мөн мэдүүлэгт ямар ямар зүйл хавсаргах ёстой талаар тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасны дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосон байна гэж тодорхой заасан. 13 дугаар зүйлийн 13.5.1 дэх хэсгээс 13.5.8 дахь хэсгүүдэд заасан тодорхой зүйлүүдийг заавал хавсаргана гэж заасан. Үүнээс шаардлагатай зүйлүүдийг дурдвал: 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 13.5-т тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ, 13.5.4-т газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар, 13.5.5-т барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зургийг заавал хавсаргах талаар заасан. Гэтэл энэ талаар архивын баримтад болон хавтаст хэргийн материалд ямар ч баримт байхгүй. Тухайн улсын бүртгэлийн гэрчилгээг авахдаа эдгээр баримтыг заавал хавсаргаж өгөх ёстой байтал байхгүй байна. Үүнийг шалгаад үзэхээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдэж байгаа юм. Уг мэдүүлгийг тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө: 14.1.-т энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” гэж заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан үндэслэлээ тайлбарлаж өгөхөөр заасан байна. Мэдүүлгийг татгалзах үндэслэл байсаар байхад тухайн үеийн улсын бүртгэгч татгалзах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр хууль зөрчиж бүртгэл хийгдсэн байна. Мөн тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна.” гэж заажээ. Уг заалтад заасан зүйлүүдийг зөрчсөн байхад гэрчилгээ олгож байгаа нь уг хуулийг хэрэгжүүлэхгүйгээр уг иргэнд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна гэж үзэж байна. Мөн тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Энэ хуулийн 13.3-т зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх тус бүрийг эрхийн улсын бүртгэлд тусад нь бүртгэж хувийн хэрэг нээх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана: 17.1.8-т газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дугаар, хугацаа” гэж заасныг зөрчсөн. Иргэн үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхдээ тухайн газрыг өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн эсвэл эзэмшил, ашиглалтад байгаа хүнээс зөвшөөрөл авсан байхыг заавал шаардаж байгаа юм. Гэтэл үүнийг нягтлан шалгаж, хянан үзэлгүйгээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна гэж нэхэмжлэгч талын зүгээс үзэж байна. Өнөөдөр Ц.Р эсвэл Н.Д байх эсэх нь хамаагүй. Хаалган тал болон ар талын хоёр талын ханыг өрсөн байдагт маргахгүй. Тэр бол Н.Д-ийн хана. Гэвч тухайн обьектийг хойд талын “Бумбат” цайны газрын хана болон Д.Э-ийн барилгын ханыг ашиглаж, хоёр талын обьектын ханыг оролцуулж барьсан байдаг. Үл хөдлөх хөрөнгө өмчлөх гэж байгаа хүн тухайн обьектыг 4 талаас нь харуулсан гэрэл зургийг хавсаргах ёстой буюу 4 талын ханыг тухайн иргэн өөрөө барьсан байх ёстой. Эсвэл эрх бүхий байгууллага болон хүнээр бариулаад албан ёсны зөвшөөрөл авсан байх ёстой. Гэтэл улсын бүртгэлийг хоёрхон ханан дээр бусдын өмчлөлд байгаа ханан дээр давхардуулж гэрчилгээ олгосон байна. Иргэн Д.Э өөрийн өмчлөлийн ханаа буулгаад өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэхэд тухайн ханан дээр Н.Д-д гэрчилгээ гарсан байгаа юм. Хэрэв уг ханыг нураах юм бол Н.Д-ийн обьектийг ашиглах боломжгүй болно. Иймд Д.Э өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргаж байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар хийхэд Д.Э анх 2000 онд хэлцэл хийгдсэн гэж хэлж байна. Үүний дараа объектоо бариад 2003 онд бэлэглэлийн гэрээ хийж, 2004 онд гэрчилгээгээ авсан ийм нөхцөл байдал ажиглагдаж байна. Н.Д-ийн нэр дээр улсын бүртгэл хийгдсэн эсэх, гэрчилгээ гаргуулж авсан эсэхийг нэхэмжлэгч Д.Э өнөөдрийг хүртэл мэдэхгүй байсан. Шинээр барилга байгууламж барих гээд үйл ажиллагаа явуулах гэтэл Н.Д манайх уг гутал засварын газарт өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэсэн бөгөөд эрх бүхий байгууллагад хандсаны үндсэнд Н.Д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй гэдгийг мэдсэн. Тухайн үед бүгд нэг хоршооны, нэг комиссын шийдвэрээр тухайн үл хөдлөх хөрөнгийг авсан байдаг.
Нэхэмжлэгч Д.Э нь Н.Д-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байгаа гэдгийг эрх бүхий байгууллагын албан бичгээс мэдсэн. Мөн гуравдагч этгээд Н.Д нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, газрын даамал, газрын алба, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч зэрэг эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй. Хариуцагч байгууллага нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14, 15, 17 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж, хууль бусаар гэрчилгээ олгосон болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хууль зөрчиж хийсэн бүртгэлийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Д.Э өөрийн өмчлөлийн барилгаа нурааж Барилгын тухай хуульд заасны дагуу шинээр барилга барих үйл ажиллагаа явуулж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэн өөрийн байшингийн ханаа нураах үйл ажиллагаа хийхэд саад бэрхшээл учирч байгаа учраас Ү-0518000371 дугаартай улсын бүртгэлийг болон ******* гэрчилгээний хамт хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анх 2000 онд тухайн хоёр обьектыг хоёуланг нь эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Ийнхүү анх удаа бүртгүүлэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулинд заасан нотлох баримтуудыг бүрдүүлэн нэг өмчлөгч бүртгүүлсэн байдаг. Тэр үед бүртгүүлэхдээ газар эзэмших, ашиглах гэрээ байгуулсан байсан. Улсын бүртгэлийн хэлтсийн архивт газар эзэмших, ашиглах нэг гэрээ байгаа. Тухайн хоёр хөрөнгө нэг хүний өмч буюу Ц.Р гэдэг хүний өмч байсан. 2003 онд Ц.Р-аас Д.Э 399 м2, Н.Д 15 м2 гутал засвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эрх шилжүүлэх гэрээгээр авсан байдаг. Иймд өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тус тусдаа хоёулаа улсын бүртгэлийн хувийн хэрэгтэй, хоёуланд нь Өмч хувьчлалын комиссын шийдвэрийг хавсаргасан байгаа. Тухайн үед газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ дээр үндэслэж бүртгэл хийгдсэн. Нотлох баримтууд хангалттай бүрдсэн байхад бүртгэл хийгдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ямар ч нотлох баримт байхгүй байхад бүртгэл хийгдсэн гэж байна. Гэрэл зураг, план зураг байсан. Энэ нь Ц.Р гэдэг нэг хүний өмч байсан. Өмч хувьчлалын комиссын шийдвэр байгаа. Энэ хөрөнгө анх удаа бүртгэл хийгдэхдээ нэг хүний өмч, нэг газар дээр, нэг онд бүртгэгдсэн байдаг. Д.Э-ийн хөрөнгө ч гэсэн анхны бүртгэл нь нэг хуулийн этгээдийн өмч байсан учраас нэг ижил нотлох баримтуудыг бүрдүүлээд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Өмчлөх эрх шилжсэн он нь хоёулаа адилхан 2003 онд байгаа. Нэг хүний өмч байж байгаад нотариатын гэрчилсэн өмчлөх эрх шилжих гэрээгээр Д.Э, Н.Д гэх хоёр хүний өмчлөлд шилжсэн. Нотариатын гэрчилсэн өмчлөх эрхийн гэрчилгээн дээр үндэслээд эрх шилжүүлэх гэрээ хийгдээд ирсэн. Дахин бүрдүүлэх шаардлага байхгүй. Анхны бүртгэл хийгдсэн байсан буюу өмнө нь өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байсан бөгөөд тухайн гэрчилгээн дээр үндэслээд эрх шилжүүлэх гэрээ хийгдээд улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирсэн учраас 2004 онд гэрээгээ шалгаад эрхийг нь шилжүүлээд бүртгэсэн гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Д.Э-гийн нураасан байшин нь 187 м2 хэмжээтэй байр байсан. Манай үл хөдлөх хөрөнгө Ц.Р гэдэг хүнд огт хамааралгүй. н.М, н.Ү, н.З гэх хүмүүсээс Н.Д авч байсан. Д.Э нь 399 м2 үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Манай тэнд 399 м2 үл хөдлөх хөрөнгө хаана ч багтахгүй. “Мон-Алтай” төв 5 давхар 300 метр квадрат газартай байхад Д.Э 399 метр квадрат үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн хуурамч бичиг баримттай байна. Мөн 414 метр квадрат газартай гэсэн зүйл ярьж байгаа нь бичиг баримт болон бодит байдалтай зөрж байна. Д.Э-ийн гаргаж өгсөн баримтад газар эзэмших гэрээнд Н.Д-гийн цайны газрын хажуу талд 414 метр квадрат газар гэж байна. 187 метр квадрат үл хөдлөх хөрөнгө байснаа хойшоо урагшаа газар томроод би барилга барих гэж байна гэж дайраад байдаг юм бэ? “Хаш” үйлчилгээний төвийн кадастрын зураг хүртэл байж байна. н.Д-ийн цайны газар “Чандмань уул” гэсэн нэртэй бүр хол замын доод талд зураг нь байж байна. Би энэ өрөөндөө суугаад үйлдвэр, үйлчилгээ явуулсан. Н.Д бид хоёр уг үл хөдлөх эд хөрөнгийг бариагүй. Зах ойрхон байсан учраас хоёр барилгын хоорондох зайнд хүмүүс орж бие засаад байна гэж хэлээд Д.Э-т үл хөдлөх хөрөнгө зараад явсан Ц.Р гэх хүн тухайн зайг ашиглаад манай өмчлөлийн барилгыг барьсан. Би худалдааны байгууллагад ажиллаж байгаад өөрөө бие дааж гуталчин болж, гутал засварын газар ажиллуулж эхэлсэн. Тухайн үед бичиг баримтаа хөөцөлдөх гэж байгаад багшаасаа юм сурах гээд бас манай ээжийн бие өвдөөд наана, цаана гээд явж байх хооронд ийм зүйл болсон байсан. Ц.Р гэх хүн манай үл хөдлөх хөрөнгө дээр цайны газар ажиллуулдаг байсан. Хэдэн дэлгүүр ажиллуулдаг байсан хүмүүсийг бүгдийг нь хөөгөөд гаргасан байсан. 399 метр квадрат газар байхгүй гэж үзэж байна гэв. Хоёр талын хана ашиглаж барьсан нь үнэн. Д.Э барилгаа буулгачаад орж ирээд гуйгаад байхад нь чи тохиролцоно гэж байгаа бол 10 өрөө барьсан барилгынхаа хэдэн метр газрыг өгөөд тохиролцъё. Энэ барилгын урагшаа хойшоо ч газар байна, чи газартай бол би ч газартай гэж хэлж байсан. Би тэр өрөөндөө суугаад сая төгрөгөөс илүү орлого олдог гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хавтас хэргийн материалд авагдсан нотлох баримтаар маргаан бүхий Н.Д-ийн гутал засварын зориулалттай 15 м2 1 өрөө байрыг 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ц.Р нь “..оноосон нэр “*******”, бүртгүүлэх үндэслэл Үл хөдлөх эд хөрөнгө баталгаажуулах, хэмжээ 15 м2 тайлбайтай 1 өрөө, үнэ 600000 төгрөг, зориулалт гутал засвар, мэдүүлэгт хавсаргах бичиг баримт өргөдөл, паспорт хуулбар, гэрчилгээ, барилгын зураг, газрын гэрээ, өмч хувьчлалын бичиг, барилгын схем хавсарган, хамтран өмчлөгч Ц.Н, Ц.Р, А.Н, үйлчилгээний хөлс 6900 төгрөг, тэмдэгтийн хураамж 60 төгрөг” гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг хөтлөн баримтыг хавсарган Есөнбулаг сум Алтай хороонд байршилтай, гутал засварын зориулалтай 15 м2 1 өрөө 600000 мянган төгрөгний үнэ бүхий 1 давхар барилгыг улсын бүртгэлийн 0518000371 дугаарт бүртгэж “*******” хоршоо 3 хүний өмч 0013630 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2000 оны 12 дугаар сарын 21 өдөр олгосон байна.
2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ц-ны Н-ийг Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл хийж, ******* хоршооны эзэн Ц.Р Говь-Алтай аймгийн Үл хөдлөх хөрөнгийн товчоонд өргөдөл гаргаж Есөнбулаг сум Алтай хороонд байршилтай, гутал засварын зориулалтай 15 м2 1 өрөө 600000 мянган төгрөгний үнэ бүхий 1 давхар барилгыг “Жинст Цахир” хоршоо 2 хүний өмчөөр улсын бүртгэлийн 0518000371 дугаарт бүртгэж 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 0013875 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон байна.
2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ц.Р, хамтран өмчлөгч А.Н нар Алтайн хороо төв гудамж хаягт орших 0013875 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар 0518000371 дугаар бүхий 15 м2 1 өрөө 600000 төгрөг үнэ бүхий “гутлын цех” хариу төлбөргүй иргэн Нямхүү овогтой Довчинд бэлэглэж, бэлэглэлийн гэрээ байгуулсан байна. Н.Д 2004 оны 02 дугаар сарын 11-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргасныг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны хуучин/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0518000371 дугаарт бүртгэж, ******* дугаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны хуучин/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно” хуулийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж зааснаар иргэн Н.Д-д 2004 оны 02 дугаар сарын 11-ны өдөр ******* дугаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон хувийн хэрэгт Бэлэглэлийн гэрээ, 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын иргэний газар эзэмших гэрээ, 0013875 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, ******* хоршооны барилгын байршил схем план зураг /8 өрөө, иргэн Р-ийн гутал завсарын барьсан байр/, тухайн барилгын гадаах фото зураг, үйлчилгээний хөлс төлсөн баримт, өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэрэг баримтууд байхад улсын бүртгэлийн 0518000371 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч Д.Э-гийн “...Н.Д хоёр барилгын дунд зөвшөөрөлгүй, бусдын ханыг ашиглан, нийтийн эдэмшлийн зам талбайг хааж барьсан барилга дээрээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан ... бусдын эд хөрөнгийг хууль бусаар ашиглан улсын бүртгэлд бүртгүүлсэн...” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.
2000 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн 0013629 дугаартай “*******” хоршоо 3 хүний өмч, Алтайн хороонд байршилтай, худалдаа-үйлчилгээний зориулалттай 399 м2 8 өрөө 2500000 төгрөгний үнэ бүхий 1 давхар барилгыг 2003 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Ц.Р, хамтран өмчлөгчид А.Н, Ц.Н нар Бэлэглэлийн гэрээ байгуулан Д.Э-т бэлэглэснийг нэхэмжлэгч Д.Э 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаснаар 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 000103031 өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны хуучин/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ийн Говь-алтай аймгийн *******т холбогдох иргэн Н.Д-ийн нэр дээр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* дугаар бүртгэл, ******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хамт хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ