Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/371

 

 

 

 

 

 

 

  

     2021            06           30                                      2021/ШЦТ/371                                 

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А овогт Х-ын А-д холбогдох эрүүгийн 21100 0000 0497 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Нямдэлэг, шүүгдэгч Х.А нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ачаа тээвэр хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт нарын хамт амьдрах, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, А овогт Х-ын А /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.А нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Иргэний Нисэхийн Ерөнхий газрын хойд талд байрлах Шатахуун түгээх станцын хойно Б.Оыг зодож зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал үүссэн, үүдэн нэг шүд булгарсан, нэг шүд сэлтэрч хугарсан гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Х.Аий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хохиролд 200.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 21100 0000 0497 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Оын хохирогчоор өгсөн:

“...2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр намайг гадуур ажилтай явж байхад Зундуйсүрэн гэх миний багын найз залгаад “ажил тарж байна, чи хүрээд ир, хамт пиво уух уу” гэхээр нь би түүний ажил болох Гурвалжингийн гүүрний баруун талд байх Абетиймаа гэх газар явж очиход Зундуйсүрэн машин дотроо пиво уучихсан сууж байсан бөгөөд “Нисэхийн ойролцоо манай найз машин янзалж байна, нэг виски авчихсан хүлээж байна гэнэ, хоёулаа явж уух уу” гэхээр нь би зөвшөөрсөн.

...Очиход тэнд 1 жижиг тэрэг болон том оврын шаланз машин байсан ба Зоригоо, А, Жагаа гэх хүмүүс нилээн согтуу байсан. ...А гэнэт ардаас миний цамцны юүдэнгээс татаад гараа зангидаж байгаад нүүр лүү нилээн олон удаа цохиод байхаар нь аргагүй эрхэнд цамцаа тайлаад машинаас буугаад “Чи яаж байна” гэтэл тэр “Манай найз Зундуйг яагаад дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлээд над руу дайрахаар нь би нүүрээ хамгаалаад доошоо тонгойтол барьж авч дээш нь харуулж унагаагаад, миний дээр гараад гараа зангидаж байгаад нүүр нүдгүй цохиод байсан.

Мөн миний толгойн зүүн талын чихний дээд хэсгээс хазаад тавихгүй болохоор нь би түүнийг тавиулах гэж үснээс нь зулгааж нүүрнээс нь татаж байтал тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. ...Одоо надад гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х, 10х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Тэмүүжингийн гэрчээр өгсөн: 

“...Би 2021 оны 5 дугаар сарын 13-ны шөнийн 22 цагийн үед багын найз Одбаяр над руу залгаад “Би Пирамид хотхоны урд жаахан уучихлаа, согтуу машин барьж болохгүй байна, чи миний машиныг энд нь үлдээгээд намайг өөрийнхөө машинтай гэр лүү хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би 22 цаг 30 минутын үед найзыгаа авахаар очтол Одбаяр газар хэвтчихсэн, хар бараан хувцастай залуу дээр нь гарчихсан зодож байхыг хараад шууд цагдаа дуудсан.

...Тухайн үед Одбаярын толгой бага зэрэг цус болчихсон, зүүн хөл нь доголчихсон, баруун нүдний дээд доод зовхи болон нүд нь улайчихсан байсан. Гэмтлийн эмч хэлэхдээ нарийн шинжилгээ өг гэсэн боловч Одбаярт мөнгө байгаагүй тул бид хоёр гэртээ харьсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Зундуйсүрэнгийн гэрчээр өгсөн:

“...Одбаяр, Отгоо, Зоригтбаатар, Жаргалсайхан, Амараа бид бүгд суугаад 1 литрийн Жак нэртэй виски, 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 2 ширхгийг хувааж ууцгаасан. Би согтоод тасарсан тул юу болсныг санахгүй, нэг мэдсэн чинь бид гадаа машины хажууд зогсож байсан бөгөөд Одбаяр машиныхаа арын суудал дээр “Амараа толгой хазчихлаа” гээд толгойгоо бариад сууж байхаар нь Амарааг хайхад Амараа өөрийн ажлын том оврын автомашин дотроо Жаргалсайхантай сууж байсан. Юу болсон талаар асуухад “найз нь чамайг өмөөрөөд танай найз Одбаяртай зодолдчихлоо, Одбаярын найз нь цагдаа дуудчихсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 4286 дугаартай:

1. Б.Оын биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал үүссэн, үүдэн нэг шүд булгарсан, нэг шүд сэлтэрч хугарсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна” гэсэн дүгнэлт /хэргийн 19-21х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Аий яллагдагчаар өгсөн:

“...Одбаяр, Зундуйсүрэнг дарамтлаад “чамайг ална, дээрээс хойш их томроод байгаа шүү” гээд байхаар нь би Одбаярт “чи болиоч ээ, ямар том пизда вэ” гэж хэлсэн чинь надтай хэрэлдээд над руу дайраад байхаар нь би дургүй хүрээд Одбаярын нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд бид хоёр машинаасаа буугаад заамдалцаад дээр доороо гараад зодолдсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 35х/, гэрлэлтийн лавлагаа /хэргийн 36х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 38х/, шүүгдэгчийн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт /хэргийн 54х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Х.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 54х/ 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 124 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар прокуророос Х.Ад холбогдох 21100 0000 0497 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Аий гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Х.А нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Иргэний Нисэхийн Ерөнхий газрын хойд талд байрлах Шатахуун түгээх станцын хойно Б.Оыг зодож эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, үүдэн нэг шүд булгарсан, нэг шүд сэлтэрч хугарсан гэмтэл” учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Б.Оын мэдүүлэг /хэргийн 08-09х/, гэрч С.Тэмүүжин /хэргийн 13х/, гэрч Б.Зундуйсүрэн /хэргийн 15х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 4286 дугаартай:

“1. Б.Оын биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал үүссэн, үүдэн нэг шүд булгарсан, нэг шүд сэлтэрч хугарсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна” гэсэн дүгнэлт /хэргийн 19-21х/, мөн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хэргийн 34х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хэргийн хохирогч Б.Оын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал үүссэн, үүдэн нэг шүд булгарсан, нэг шүд сэлтэрч хугарсан гэмтэл” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Х.Аий түүний нүүрэн тус газарт цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Аий дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

Хэргийн шүүгдэгч Х.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Б.Оын биед учирсан “...зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал үүссэн, үүдэн нэг шүд булгарсан, нэг шүд сэлтэрч хугарсан гэмтэл” бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

Энэ хэргийн хохирогч Б.О нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлж, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохиролд тооцож 200.000 төгрөгийг шүүгдэгч Х.А хохирогч Б.От нөхөн төлсөн үйл баримттай байна. Иймд шүүгдэгч Х.Агээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Х.Ад нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч Х.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

   ТОГТООХ нь:

 

1. А овогт Х-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Ад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Энэ хэрэгт Х.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД