| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2021/0057/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2021-09-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
нарийн бичгийн дарга М.Э,
улсын яллагч Б.Д,
шүүгдэгч Г.З, өмгөөлөгч С.Э,
шүүгдэгч М.Э, өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г.З,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт М.Э нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Х аймгийн А суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, өрөмчин мэргэжилтэй, Ц ХХК-нд ажилтай, ам бүл 2, аавын хамт Дорноговь аймгийн Замын-үүд сум 5-р багт оршин суух, урд ял шийтгэлгүй, Х овогт Г.З,
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Д аймгийн З суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизм мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-үүд сум Борхойн багт оршин суух, урд ял шийтгэлгүй, Н овогт М.Э,
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.З нь өсвөр насны шүүгдэгч М.Э-г гэмт хэрэг үйлдэхийг удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан, түүнтэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж иргэн Ж.А-н эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, 2021 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Хан Шонхор буудлын ард байрлах ... дүгээр байрны гадна талд байрлуулсан хохирогч Х.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 660,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч М.Э нь шүүгдэгч Г.З-н зохион байгуулснаар түүнтэй гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж иргэн Ж.А-н эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, 2021 оны 03-р сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Хан Шонхор буудлын ард байрлах ... дүгээр байрны гадна талд байрлуулсан хохирогч Х.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч. бусдад нийт 660,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.З мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хулгай хийх учир нь надад мөнгөний хэрэг гараад байсан тэгээд хамгийн амар аргаар мөнгө олох гэж тухайн өдөр хулгай хийсэн. Би М.Э-г уруу татаад мөнгө өгнө гэж тохироод шөнө бид 2 гарч хулгай хийсэн. М.Э-н хамт Замын-Үүд сумын 1-р багт байрлах ... байрны зүүн талд тавьсан байсан Приус-30 маркийн суудлын машины 4-н ширхэг дугуйг 2021 оны 03 сарын 26-27-нд шилжих шөнийн 03 цагт хулгай хийж авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хулгайлж авсан 4-н ширхэг дугуйгаа буцаан өгсөн хохирогчид одоо ямар нэгэн төлөх төлбөргүй болсон...” гэсэн мэдүүлэг,
- Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд Замын-Үүд сум 1 дүгээр баг 40-р байрны ... тоотод түгээлтээр ус оруулж өгчхөөд машинтайгаа хөдлөх гэж байхад хамт түгээлтээр явдаг Г.З тухайн байрны гадна талын зогсоол дээр зогсож байсан цэнхэр өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг харчхаад орой ирж хамт хулгайлж аваад зарж борлуулаад мөнгө өгье гэж ярьсан. Тэгээд Г.З бид хоёр ажил тараад Г.З-н найз охин Н-н гэрт ирсэн. Н-н гэрт хоол цай идэж байхдаа би ээжийн гар утас руу залгаад Г.З гэртээ ганцаараа байгаа би энд хамт хонолоо гэж хэлсэн. Г.З бид хоёр гар утсаар тоглож байгаад би шөнө 02 цагийн орчимд унтсан. Намайг унтаж байхад 03 дугаар сарын 27-ны шөнө буюу 03 цагийн орчимд Г.З намайг сэрээгээд нөгөөдөх рүүгээ явах уу гэхээр нь за гээд Г.З машинаа унаад бид хажуу талд нь суугаад Н-н хашаанаас гараад ... дүгээр байрны гадаа ирэхэд цэнхэр өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь бид хоёр буцаж яваад усны гудамжинд байсан блокыг машиндаа ачаад ... дүгээр байрны гадаа ирээд нөгөө цэнхэр өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг би данхраадаад ачиж ирсэн блокуудыг доогуур нь ивсэн. Харин Г.З тээврийн хэрэгслийн зүүн талын урд талын дугуйнаас нь тайлаад машиндаа ачаад яваад байсан. Тэгээд бид хоёр дуусаад тэндээс хөдөлж яваад Г.З-н найз охин Нямцэцэгийн хашаанд байрлах ногоон өнгийн амбаарт 4 ширхэг дугуйг буулгаад хийсэн. Тэгээд Н-н гэрт орж амарсан. Тэгээд бид хоёр өглөө ажилдаа яваад орой 21 цагийн орчимд тарж ирээд нөгөө Н-н хашаанд байх амбаарт нуусан 4 ширхэг дугуйгаа ачаад Г.З-н Соёмбын гудамжинд байдаг эзэнгүй гэрт нь 4 ширхэг дугуйгаа оруулж тавьсан. Тухайн үед Г.З энэ дугуйнуудыг сар гаран энд нууж байгаад Замын-Үүд сум руу Сайншанд сум оруулж зарж борлуулах талаар ярьж байсан. Надад 50,000 төгрөг өгнө гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг,
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрт “иргэн Х.Б ... дугаарын утсаар 2021 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Шонхор зочид буудлын арын талын зогсоол дээр байсан машины 4 дугуй хулгайд алдагдсан байна гэх” гэмт хэргийн талаарх амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
- Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2021 оны 03 сарын 27-ны өглөөний 10 цагийн үед Замын-Үүд сумын 1-р баг ...-р байр ... тоотод байрлах гэрээсээ гарахад 40 дүгээр байрны хажуу талд байрлуулан тавьсан байсан ... улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, 20 ширхэг боолт алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би 2021 оны 03 сарын 26-ны өдөр 18 цагт ажлаа тараад байрныхаа зүүн талд байрлуулан тавьсан. 15-тай хайлсан обудтай, 5 салаатай, салааны гадна ирмэгтээ ховилтой 195/65/15 гэсэн размертай өвлийн дугуй байсан. Би хулгайд алдсан 4 ширхэг обудтай дугуй, 20 ширхэг боолтын хамт 900,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хх 35-36/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/,
- Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би аавын гэрээс усны сав авахаар 2021 оны 03 сарын 28-ны өдөр 17 цагийн үед Замын-Үүд сумын 5 дугаар баг Үүдийн ... тоотод байдаг дүү Г.З-н найз охин Н-н гэрт очиж аавын гэрийн түлхүүрийг авсан. Соёмбын ... тоотод аавын гэрт очиход 4 ширхэг машины обудтай дугуй байхаар нь Г.З-н ажлын машины дугуйнууд юм байх гэж бодсон... 5 салаа обудтай дугуй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/,
- Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай найз залуу Г.З нь Замын-Үүд сумын “Ц” нэртэй цэвэр усны газар ажилладаг юм. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 20 цаг өнгөрөөд хамт ажилладаг залуу М.Э-н хамтаар гэртээ ирсэн. Тэгээд Г.З, М.Э 2 хоол хийж идчихээд байж байгаад би ороо засаад түрүүлээд унтаад өгсөн. Би унтаж байгаад шөнийн 03 цаг өнгөрөөд сэрэхэд Г.З, М.Э хоёр байхгүй байхаар нь хайчихсан юм бол доо гэж бодчихоод буцаад унтаад өгсөн. 2021 оны 03 дугаар 27-ны өдөр 13 цагийн үед Г.З, М.Э-н хамтаар гэртээ ирэхэд нь би Г.З-с чи өчигдөр шөнө хаашаа явсан бэ гэж асуухад Г.З би М.Э-тэй хамт өчигдөр шөнө приус-30 маркийн машины дугуй хулгайлж авсан юм гэсэн. Тэгэхээр нь Г.З-г би яах гэж тийм үйлдэл гаргаж байгаа юм бэ гээд өнгөрсөн. Тэр өдрийн 18 цаг өнгөрч байхад Г.З, М.Э-н хамтаар гэрт ирээд манай гэрийн байшингийн хажуу талд байдаг ногоон өнгийн жижиг амбаараас машины дугуй зөөгөөд байхаар нь очоод харсан чинь 4 ширхэг машины дугуй байсан. Тэгээд Г.З, М.Э хоёр нөгөө 4 ширхэг дугуйг цагаан өнгийн пробокс маркийн ус зөөдөг машиндаа ачаад хөдлөх гэж байхаар нь би Г.З-с хаашаа явах гэж байгаа юм гэж асуухад Г.З хойд гэр лүү очиж 4 ширхэг дугуйгаа аваачиж тавьчихаад ирнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,
- Иргэний нэхэмжлэгч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай цэвэр усны газар нь үндсэн 3 ажилтантай. Г.З нь манай үндсэн ажилтан. Г.З нь 2018 оноос хойш манай цэвэр усны газар жолоочоор тогтвортой ажиллаж байна. Харин М.Э гэж ажилтан байхгүй. Г.З-г ажлаа хийж явахад нь тусалдаг залуу юм шиг байгаа. Г.З надад өөрөө хэлэхдээ манай дүү байгаа юм гэж хэлж байсан. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай цэвэр усны газрын ус түгээх зорилгоор ашигладаг тээврийн хэрэгсэл юм. Уг тээврийн хэрэгслийг Б.М, Г.З нар хариуцан унаж түгээлтээ хийдэг. Манай түгээлтийн машинуудыг жолооч нар нь ажил тарсны дараа өвлийн цагт бол Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... дугаар байрны доод талын грашт байрлуулан тавьдаг. Дулааны улиралд бол түгээлт дуусаад жолооч нар нь манай Замын-Үүд суманд ирэхлээрээ амьдардаг гэр болох Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... дүгээр байрны гадна зогсоолд машинаа байршуулаад надад тухайн өдрийн орлого болон машины түлхүүрээ үлдээгээд ажлаасаа тардаг. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан болохоор миний оронд Б.М хариуцан ажиллаж байсан. 2021 оны 03 сарын 25-ны өдөр Б.М гэр бүлийн хамтаар хөдөө Дорноговь аймгийн Хөвсгөл сум руу явж ямаа самнах ажилтай болоод ... улсын дугаартай тоёота пробокс маркийн тээврийн хэрэгслийг Г.З-т хариуцуулан хүлээлгэн өгөөд явсан байсан. 2021 оны 03 сарын 26, 27-ны өдрүүдэд түгээлтийн машиныг Г.З хариуцан түгээлтэд яван унаж эдэлж байсан... 2017 онд 10,100,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдаж авсан. Одоогийн зах зээлийн үнэлгээгээр элэгдэл, хорогдол хуучирсан байдлыг нь харгалзаж 3,500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хх 40-41, 193/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-46/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-53, 55-57/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 54/,
- “А” ХХК-ны үнэлгээний тайлан /хх 65-72, 78-80/,
- “Х” ХХК-ний үнэлгээний тайлан /хх-ийн 195-197/,
- Прокурорын 2021 оны 04 сарын 25-ны өдрийн 5/03 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 124-125/,
- Шүүгдэгч Г.З-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102-107/,
- Шүүгдэгч М.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн ажлын албаны 2021 оны 190 дугаартай албан тоот, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 115-120, 187/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.З, М.Э нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.З нь насанд хүрээгүй шүүгдэгч М.Э-г гэмт хэрэг үйлдэхийг удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан, түүнтэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, иргэн Ж.А-н эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, 2021 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Хан шонхор буудлын ард байрлах ... дүгээр байрны гадна талд байрлуулсан хохирогч Х.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээвийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
Шүүгдэгч М.Э нь шүүгдэгч Г.З-н зохион байгуулснаар түүнтэй гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж иргэн Ж.А-н эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, 2021 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Хан шонхор буудлын ард байрлах ... дүгээр байрны гадна талд байрлуулсан хохирогч Х.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээвийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэл гэм буруугийн талаар тус тус маргаагүй.
Шүүгдэгч Г.З нь Ц ХХК-нд Ж.А-н эзэмшлийн Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслээр ус зөөж түгээдэг, ус түгээгч ажилтай бөгөөд насанд хүрээгүй М.Э-г өөрийнхөө ажилд туслуулдаг байсан ба 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын ... дүгээр байранд айлд ус түгээхдээ ... дүгээр байрны гадна байрлуулсан байсан хохирогч Г.Б-н эзэмшлийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хараад шөнө дугуйг нь ирж авах тухай М.Э-д ярьж 50,000 төгрөг өгөхөөр тохирч шөнө 03 цагийн үед ус түгээдэг Ж.А-н эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж хохирогч Г.Б-н эзэмшлийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуйг авч найз охин Б.Н-н байшингийн хажууд байрлах амбаарт нь тавьсан, маргааш нь өөрийнхөө аавынд аваачиж тавьсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Г.З, М.Э нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Б “...Би 2021 оны 03 сарын 27-ны өглөөний 10 цагийн үед Замын-Үүд сумын 1-р баг ...-р байр ... тоотод байрлах гэрээсээ гарахад ... дүгээр байрны хажуу талд байрлуулан тавьсан байсан ... улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, 20 ширхэг боолт алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн, гэрч Г.Д “... Соёмбын ... тоотод аавын гэрт очиход 4 ширхэг машины обудтай дугуй байхаар нь Г.З-н ажлын машины дугуйнууд юм байх гэж бодсон... 5 салаа обудтай дугуй байсан...” гэсэн, гэрч Б.Н “...Манай найз залуу Г.З нь Замын-Үүд сумын “Ц” нэртэй цэвэр усны газар ажилладаг юм. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 20 цаг өнгөрөөд хамт ажилладаг залуу М.Э-н хамтаар гэртээ ирсэн. Тэгээд Г.З, М.Э бид хоол хийж идчихээд байж байгаад би ороо засаад түрүүлээд унтаад өгсөн. Би унтаж байгаад шөнийн 03 цаг өнгөрөөд сэрэхэд Г.З, М.Э хоёр байхгүй байхаар нь хайчихсан юм бол доо гэж бодчихоод буцаад унтаад өгсөн... би Г.З-с чи өчигдөр шөнө хаашаа явсан бэ гэж асуухад Г.З би М.Э-тэй хамт өчигдөр шөнө приус-30 маркийн машины дугуй хулгайлж авсан юм гэсэн... манай гэрийн байшингийн хажуу талд байдаг ногоон өнгийн жижиг амбаараас машины дугуй зөөгөөд байхаар нь очоод харсан чинь 4 ширхэг машины дугуй байсан...” гэсэн, иргэний нэхэмжлэгч Ж.А “...2021 оны 03 сарын 25-ны өдөр Б.М гэр бүлийн хамтаар хөдөө Дорноговь аймгийн Хөвсгөл сум руу явж ямаа самнах ажилтай болоод ... улсын дугаартай тоёота пробокс маркийн тээврийн хэрэгслийг Г.З-т хариуцуулан хүлээлгэн өгөөд явсан байсан. 2021 оны 03 сарын 26, 27-ны өдрүүдэд түгээлтийн машиныг Г.З хариуцан түгээлтэд яван унаж эдэлж байсан...” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.З, М.Э нарын дээрх үйлдэл нь хүний эд хөрөнгөнд халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь хохирогч Х.Б-т хохирол учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, амар хялбар аргаар хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Г.З, М.Э нар нь хохирогч Х.Б-н тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг Ж.А-н эзэмшлийн Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарт дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.З, М.Э нар нь Х.Б-с хулгайлж авсан 4 ширхэг дугуйг буцааж өгсөн, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч нар нь анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, тэдний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.З-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Э-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, тэдэнд тус бүр оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх...” гэсэн,
Шүүгдэгч Г.З-н өмгөөлөгч С.Э-с “...Г.З-н хувьд тохиолдлын шинжтэй, нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирол төлбөр бүрэн төлөгдсөн. Г.З хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь анхнаасаа үнэн зөв мэдүүлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулж өгнө үү. Мөн уг зүйл анги нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан өршөөлд хамрагдаж байгаа. Иймд 1 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн,
Шүүгдэгч М.Э-н өмгөөлөгч Д.Э-с “...Тухайн үед М.Э 17 настай, насанд хүрээгүй бүрэн гүйцэт төлөвшөөгүй мөн хууль эрх зүйн мэдлэг дутмаг. 50,000 төгрөг авснаараа би ямар үр дагаварт хүрэх вэ? ард нь гарах хариуцлагыг ямар вэ гэдгийг ухамсарлах хэмжээнд хүрээгүй байсан. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн үед үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, шинж чанар, нөхцөл байдал, учруулсан хохирол, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг баримтлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хорих ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Э-д хүлээлгэж, мөн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 3 сарын хорих ял оногдуулж,
шүүгдэгч М.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болон гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 8 сар 17 хоногтой байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл шаардлагад нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Г.З, М.Э нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн данхраад, дроцов зэрэг нь иргэний нэхэмжлэгч Ж.А-н Тоёота Пробокс маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн багаж хэрэгсэл тул түүнд буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.З, М.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Пробокс маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ж.А-н өмчлөлийнх, Ц ХХК нь ус түгээхдээ ашигладаг болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ж.А-т олгож, тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөгийг шүүгдэгч Г.З-с гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүх “А” ХХК, “Х” ХХК-иуд нь Тоёота Пробокс маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлэхдээ 2 өөр үнээр үнэлсэн байдал, Дэлхий нийтэд ковид-19 цар тахал үүссэнтэй холбоотой Монгол Улсад бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийн үнэ хит их өссөн байдал, тээврийн хэрэгслийг 2017 онд худалдаж авсан, Ц ХХК нь ус түгээхдээ ашигладаг зэргийг харгалзан иргэний нэхэмжлэгч Ж.А өөрийнхөө тээврийн хэрэгслийг “зах зээлийн үнийг 3,500,000 төгрөг” гэж үнэлсэн тул 3,500,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн.
Мөн шүүгдэгч Г.З-т тээврийн хэрэгслийг хариуцуулан өгсөн, Г.З нь тухайн үед тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж явсан, гэмт хэрэг үйлдэхийг төлөвлөж, санаачилсан тул шүүгдэгч Г.З-с тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн болно.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т “яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна” гэж заасны дагуу мөн хуулийн 7 дугаар сарын 7.2-т зааснаар шүүгдэгч Г.З-т оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг түүний оршин суух Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас өөр орон нутаг руу явахыг хориглож, 1 /нэг/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,
Мөн 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүгдэгч М.Э-д 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хасаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г.З, Н овогт М.Э нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.З-г 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Э-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Э-д оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-т оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Э-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.З, М.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дроцов 1 ширхэг, данхраад 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Ж.А-т буцаан олгосугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Прокурорын 2021 оны 04 сарын 25-ны өдрийн 5/03 дугаар тогтоолоор иргэний нэхэмжлэгч Ж.А-н өмчлөлийн Пробокс маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ж.А-т олгож, тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөгийг шүүгдэгч Г.З-с гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар сарын 7.2-т зааснаар шүүгдэгч Г.З-т оногдуулсан 1 /нэг/ жил 3/гурван/ сарын хугацаагаар хорих ялыг түүний оршин суух Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас өөр орон нутаг руу явахыг хориглож, 1 /нэг жил, 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
9. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З нь 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
10. 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүгдэгч М.Э-д 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас 1 /нэг/ жилийг хассугай.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н