Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/373

 

 

 

 

 

 

 

  

     2021            06           30                                 2021/ШЦТ/373                                

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И овогт И-ын С-т холбогдох эрүүгийн 21100 0000 0499 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч И.С нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин инженер мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК-ийн зүүн түгээх төвд угсралт засвар үйлчилгээний хэсгийн ахлах ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, И овогт И-ын С-т /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч И.С нь 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нью Гарден хотхон, 1413-9 тоот гэртээ эхнэр Г.Л-тэй маргалдан улмаар түүний нүүр рүү гараараа цохин биед нь баруун хөмсөгний дээд шарх, баруун нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, баруун зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч И.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч И.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...5 дугаар сарын 26-ны өдөр амралтын өдөр байсан. Өглөө 8 цагт унтаж байхад манай гэрийн хүн боссон, намайг “суудлын бүрээс аваад ир, юу хийж хэвтээд байгаа юм” гэж хэлсэн. Би “амармаар байна, чи гараад авчих” гэж хэлээд маргасан. Хойноос гүйж очоод санаандгүй цохиход нүдэн дээр нь цохиж, цус гарсан. Хохирогчоос уучлалт гуйсан, миний буруу, гэм буруугаа ойлгож байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 21100 0000 0499 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Л-гийн хохирогчоор өгсөн:

“...Би нөхөрт хандан “чи гараад машиныхаа суудлын бүрээсийг аваад ирээч, угаачихъя” гэж хэлсэн чинь “чадахгүй, би амарч байна” гэсэн. Тэгэхээр нь би “чи юун сүртэй юм, босоод аваад ирээч” гэсэн чинь нөхөр “пизда минь, би ганц өдөр амармаар байна” гэхээр нь би “чи юу гээд байгаа юм, босоод аваад ирээч” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Нөхөр баруун гараараа нэг удаа миний баруун нүд рүү цохисон бөгөөд миний нүд хавдаж хөхөрч хөмсөгний дээд хэсэгт бага зэрэг язарсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан.

Би эмнэлэгт үзүүлэхэд миний баруун нүдний доод ухархай хугарсан бөгөөд заавал хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Мөн баруун нүдний дээд хэсэгт 5 оёдол тавиулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл бол байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х/,

 

2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 4501 дугаартай:

1. Г.Л-гийн биед “баруун хөмсөгний дээд шарх, баруун нүдний ухархайн доод, дотор хананы хугарал, баруун зовхины цус хуралт” бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 16-17х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч И.Сын яллагдагчаар өгсөн:

“...Эхнэр Л “хурдан босоод машины бүрээс аваад ир” гэж хэлэхээр нь би “өнөөдөр амралтын өдөр учир амармаар байна” гэсэн. Эхнэр “ямар залхуу новш вэ, бос л доо” гэхээр нь уурлаад, “чи гараад ав, би унтлаа” гэсэн чинь ,Ичинноровын шээс, гэхээр нь би уурлаад босож очоод нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа л цохисон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-60х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ажлын газрын тодорхойлолт /хэргийн 30х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 33х/, үл эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 34х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хэргийн 35-36х/, гэрлэлтийн лавлагаа /хэргийн 37х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 38х/, шүүгдэгчийн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт /хэргийн 65, 68х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч И.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 68х/ 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 129 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар прокуророос И.Ст холбогдох 21100 0000 0499 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч И.Сын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч И.С нь 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нью Гарден хотхон, 1413-9 тоот гэртээ эхнэр Г.Л-тэй маргалдан, улмаар түүний нүүр рүү гараараа цохин биед нь “баруун хөмсөгний дээд шарх, баруун нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, баруун зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Г.Л-гийн мэдүүлэг /хэргийн 07-08х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 4501 дугаартай:

1. Г.Л-гийн биед баруун хөмсөгний дээр шарх, баруун нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, баруун зовхины цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан цаг хугацаанд  үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 16-17х/, мөн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хэргийн 59-60х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Г.Л-гийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...баруун хөмсөгний дээд шарх, баруун нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, баруун зовхины цус хуралт гэмтэл...” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч И.Сын түүний нүүрэн тус газарт цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч И.Сын дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч И.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч И.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Г.Л-гийн биед учирсан “...баруун хөмсөгний дээд шарх, баруун нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, баруун зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Энэ хэргийн хохирогч Г.Л- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр “гомдол санал, нэхэмжлэх зүйлгү”й гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлж, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

Иймд шүүгдэгч И.Саас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч И.Ст нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч И.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

   ТОГТООХ нь:

 

1. И овогт И-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Ст 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Энэ хэрэгт И.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Л- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан И.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД