| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00339/И |
| Дугаар | 00535 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 00535
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Эрдэнэт хивс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг ДЦС-43 тоотод оршин суух, Дайртан овогт Самбуугийн Цэрэнсономд /Регистрийн дугаар: ФМ69051398/ холбогдох
76,923,174 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагч С.Цэрэнсоном, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Эрдэнэт хивс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: С.Цэрэнсономоос “Бүтээгдэхүүн захиалгаар бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу 51,282,116,53 / тавин нэгэн сая хоёр зуун наян хоёр мянга нэг зуун арван зургаан/ төгрөг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги 25.641,058 / хорин таван сая зургаан зуун дөчин нэгэн мянга тавин найман/ төгрөг нийт 76,923,174 төгрөг гаргуулж өгнө үү. Манай “Эрдэнэт хивс” ХХК нь гэрээт борлуулагч С.Цэрэнсономтой үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалт, зах зээл дээрх нэр хүнд шинэ төрлийн бүтээгдэхүүний /эрэглээг өсгөх захиалагчийн захиалсан хивсийг нийлүүлэх зорилгоор Монгол улсын иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь заалтуудыг үндэслэн 2015 оны 01-р сарын С2-ний өдөр “Бараа бүтээгдэхүүн захиалгаар бэлтгэн нийлүүлэх гэрээг” байгуулсан.
Дээрх гэрээгээр нийлүүлэгч тал болох манай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл дээр худалдахад нь зориулж нийлүүлэх захиалагч тал болох С Цэрэнсоном нь захиалсан бүтээгдэхүүнийг хүлээн авах, худалдан борлуулах, түүний үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэвч С.Цэрэнсоном захиалан авсан бүтээгдэхүүнээ худалдсан боловч түүний үнийг төлөх үүргээ өдий хүртэл гүйцэтгээгүй байна. Захиалагч тал нь гэрээний 4.2, 3.6-д заасны дагуу төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүй бөгөөд 2015 оны 1 сараас 11 сарын хугацаанд дээрх гэрээний дагуу хивсэн бүтээгдэхүүн худалдан авч 2015 оны 12-р сарын 09-ны байдлаар манай байгууллагад 51 282 116,53 төгрөгний өртэй байгаа болно гэжээ.
Хариуцагч С.Цэрэнсоном шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Самбуу овогтой Цэрэнсоном нь Эрдэнэт хивсний гэрээт борлуулагчаар 1994 оноос 2014 он хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаандаа өөрийн бэлэн мөнгөөр хивсээ худалдан авч борлуулдаг байсан. 2013-2015 онд өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж хивс борлуулж байх хугацаандаа 51,000,000 сая төгрөгийн өртэй болсон нь үнэн. Үүнийгээ төлөх бололцоогүй болсон тул өөрийн амьдарч буй ус дулаан, бохирын шугаманд холбогдсон 6 өрөө доороо подвольтой, дулаан гражтай эзэмшил газартай хувийн орон сууцаа өгч өрөө дарж зөрүү мөнгө авах бодолтой байна. “Эрдэнэт хивс” ХХК нь 26,000,000 төгрөгний алданги тооцсон байгаа тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. “Эрдэнэт хивс” ХХК-д 1994-2015 он хүртэл ажиллаж тухайн компанид оруулсан ашгийг тооцож үзэж боломжтой талаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Эрдэнэт хивс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг би нэхэмжлэлийн шаардлагаа болох 76,923,174 төгрөгийг 6,900,000 төгрөгөөр бууруулж 70,023,174 төгрөг болгон, үүнийг хариуцагч С.Цэрэнсоном би хүлээн зөвшөөрч байна. Энэхүү гэрээний 1-д заасан 70,023,174 төгрөгийг төлөх хугацаа болон нөхцөл дээр хариуцагчийн боломжоос хамааруулан харилцан тохиролцож шийдвэрлэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эрдэнэт хивс” ХХК нь хариуцагч С.Цэрэнсономд холбогдуулан 76,923,174 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагч С.Цэрэнсоном нар нэхэмжлэлийн шаардлага болох 76,923,174 төгрөгнөөс 70,023,174 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Талуудын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 542,570 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Цэрэнсономоос 254,033 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Эрдэнэт хивс” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Цэрэнсономд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 70,023,174 төгрөгийн хэмжээнд бууруулж, хариуцагч нэхэмжлэгчид 70,023,174 төгрөг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542,570 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 254,033 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэт хивс” ХХК-д олгосугай.
3.Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг заасугай.
4.Энэхүү захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН