Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 20

 

 

 

 

Ж.Алтангүлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 384 дүгээр шийдвэртэй, Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор багт оршин суух, Секел Кешубай овогт Жанимханы Алтангүлийн нэхэмжлэлтэй, хариуцагч: Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор багт оршин суух, Найман Саржомарт овогт Бапайн Алтанбек, Найман овогт Бапайн Загила, Найман овогт Бапайн Көк, Хурамханы Алтангүл нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төрөө сэргээлгэж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйлган, сэтгэл санаа, нэр төрд учирсан эдийн бус хохирол  10.509.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Ж.Алтангүл би 2010 оны 01 дүгээр сард Найман Саржомарт овогт Бапайн Мансавтай гэр бүл болж, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин М.Инжу төрсөн. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нөхөр Б.Мансав орой нь эрүүл саруул унтсан боловч өглөө орондоо нас барсан байсныг мэдсэн. Талийгаачийн 7 хоног, хойтох ажлыг нь өнгөрүүлсний дараа талийгаач нөхрийн маань төрсөн дүү Б.Алтанбек, Б.Загила, Б.Көк болон бэр Х.Алтангүл нар охин М.Инжу бид хоёрыг гэр орноос минь хөөж явуулсан. Ингэхдээ Хотгор багийн олон иргэд болон бусад газар нутгаас талийгаачийн ажилд ирсэн 100-150 гаруй хүмүүсийн өмнө “Чи ах Б.Мансавыг алсан, чи алуурчин, ахыг минь чи алж амь насыг нь хохироосон, хор өгсөн, битүүгээр аллага хийсэн, бид сайн мэдэж байгаа бөгөөд нотлох баримттай, чамайг алуурчин гэж цагдаад шалгуулна, чамайг энэ Хотгорын газарт, ахын гэр оронд байлгахгүй” гэж гүтгэн заналхийлж, гэр орноос минь бэлэвсэрч үлдсэн намайг болон өнчирсөн охин М.Инжу бид хоёрыг олны өмнө чирч гадаа гаргаж хувцас эд зүйлсийн заримыг гадаа гаргаж хаяж хөөж явуулсан билээ. Энэ байдлыг Хотгор багт амьдардаг бүх хүмүүс үзэж, харж, сонссон юм. Энэ хооронд хадмын талын дээрх 4 хүн хаана явсан газартаа, уулзсан хүмүүстээ утсаар ярилцахдаа “Б.Мансавын авгай Ж.Алтангүл нь нөхрөө хордуулж, хутгалж алсан байна.” гэх зэргээр янз бүрийн байдлаар гүтгэж, нэр төрийг минь гутаан доромжилж байсан тул би талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоолгож өгөхийг хүсч Увс аймгийн Цагдаагийн газарт хандаж, цогцост /экскомация/ үзлэг хийлгэхэд гадны нөлөөгүй нас барсан гэсэн  дүгэнлт гарсан. Иймд Б.Алтанбек, Б.Загила, Х.Алтангүл, Б.Көк нарын үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төр алдар хүндийг минь гутаасан, мэдээ тараасан тул нэр төрийг минь сэргээж, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр надаас уучлалт гуйгуулж сэтгэл санаа, нэр төрд минь учирсан эдийн бус хохирол болох 10.509.000 төгрөгийг дээрх хариуцагч нараас гаргуулна уу.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний ах Б.Мансав нь ямар нэгэн хууч өвчингүй, эрүүл саруул хүн байсан. Сүүлийн үед юунаас болсныг мэдэхгүй ах Б.Мансав, эгч Ж.Алтангүл нарын гэр бүлийн харилцаа хөндийрч, байнга хэрүүл маргаантай байдаг болсон. Хамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тэр хоёр муудалцаж хэрүүл маргаан үүсгэн зодолдож, улмаар манай ахын нүүр ам нь шалбарч гэмтсэн байсан. Ахын нүүрэнд үүссэн шалбархай нь тэр хоёрын хэрүүл зодооноос болсон гэдгийг тухайн үед би ах Б.Мансаваас 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр сонсож мэдсэн боловч ах дүү нартаа асуудал болгож хэлээгүй юм. Бэр Ж.Алтангүлийг бид Б.Мансав ахын гэрээс хөөж явуулаагүй. Б.Мансав ахыг оршуулсны дараа бид казак үндэсний ёс заншлын дагуу 7 хоногийн уй гашуудал илэрхийлэн ахьн гэрт ах дүү төрөл төрөгсөд цугларч нас барагчийн хойдохыг өглөөнөөс орой хүртэл нэг бүтэн өдөр уншуулсан ба энэ үйл ажиллагаанд зөвхөн манай ах дүү нар болох 16-21 орчим хүн оролцсон бөгөөд ном уншуулж дуусаад хүмүүс тарж, гэрээс гарч явсны дараа ахын гэрт нэг эцгээс төрсөн ах дүү 8 хүн үлдсэн бөгөөд миний төрсөн эгч Б.Загила, бэр болох нэхэмжлэгч Ж.Алтангүлээс Ах Б.Мансавыг нас барахаас өмнө түүний бие ямар байсан, бие нь муудах шинж тэмдэг илэрсэн үү, эмч дуудаж үзүүлэх, эм өгөх боломж байгаагүй юу, та хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болсон уу гэж лавлаж асуухад бэр Ж.Алтангүл нь уурлаж, урдаас нь эсэргүүцэж, хэлэх хэлэхгүйгээр хэлсэн. Ж.Алтангүл нь манай ах Б.Мансавыг нас бараад 7 хонож амжаагүй байхад Б.Загила эгчийн асуусан асуултад хариулахгүй уурлаж, хадмуудыгаа дайрч доромжлон ахын гэр орныг нь эзэнгүй орхиж явчихаад эцэст нь хэл ам хийж, биднийг шүүхийн хаалга татуулж байгаад үнэхээр гомдолтой байна. Мөн бидний хэн нь ч хүсээгүй,зөвшөөрөөгүй, мэдээгүй байхад төрсөн ахын минь ясыг хөндөж задлан шинжилгээ хийлгэсэнд туйлын гомдолтой байна. Хэрэв бид үнэхээр ахыг маань Ж.Алтангүл алсан гэж үзсэн бол оршуулахгүйгээр холбогдох газарт нь хандаж шалгуулах боломж байсан, бид тэгж үзээгүй тул ахыгаа ёс журмаар нь хөдөөлүүлсэн билээ. Ж.Алтангүл нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэр бүхий хүмүүсийн тодорхойлолт хавсаргаж өгсөн. Гэтэл Ж.Алтангүлийн гэрч гэх Багийн Нийтийн Хурлын дарга Т.Сарымсах нь тухайн үед Баян-Өлгий аймагт ажлаар явж байсан. Багийн дарга X.Берикбол нь Ховд сумын Ачит багийн 50 жилийн ойн баярт оролцож байсан байна. А.Тогтамурат гэгчийн түүнд өгсөн тодорхойлолтыг би нэхэмжлэл гардаж авах үед хуулбарлаж авсан ба уг тодорхойлолтыг Тогтамурат өөрөө бичээгүй байна. Учир нь А.Тогтамурат оөрөө бичиг үсэг мэддэггүй хүн юм. А.Тогтамурат 7 хоногийн ажилд оролцсон бөгөөд яг маргаан болж байх үед байгаагүй гэх тодорхойлолтыг эхнэрээр нь бичүүлж гарын үсэг зуруулж хавсаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Алтанбек, Б.Загила, Б.Көк, Х.Алтангүл нарт холбогдох үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон мэдээ тарааж, гэр орноос минь хөөж нэр хүндэд халдсан тул нэр төрийг сэргээж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйлган, сэтгэл санаа, нэр төрд учирсан эдийн бус хохирол болох 10.509.000 /арван сая таван зуун есөн мянга/ төгрөг гаргуулах тухай Ж.Алтангүлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Алтангүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.200 /хоёр зуун тавин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй”. гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Ж.Алтангүл би нэхэмжлэлд болсон байдлын талаар тодорхой дурдаж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгч гэрчүүдийг шүүх хуралд оруулж мэдүүлгийг нь өгүүлсэн нь хэрэгт авагдсан байгаа. Хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбараа худлаа гаргажээ Талийгаач Б.Мансал бид хоёрыг байнга хэрэлддэг зодолддог, таардаггүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар батлагдаагүй. Оршуулгын дараах 7 хоногийн ажилд хамгийн багадаа 200-аас доошгүй хүн цугларсныг гэрчүүд гэрчилсэн байгаа. Б.Загила нь 7 хоногийн ажлын үед Ж.Алтынгүлээс "...та хоёрын дунд хооронд ямар нэгэн хэрүүл маргаан гарсан уу? гэж асуусан тухайгаа хариуцагч нар тайлбартаа бичсэн нь талийгаачийг намайг алсан гэж хардсан, сэрдсэн өдөөн хатгасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Мөн хэрэг өдөөж хөөснөө нотолж байна. Анхан шатны шүүх нь 7 хоногийн ажилд цугларсан хүмүүсийн өмнө "алуурчин”-аар дуудагдан нэхэмжлэгч миний эрх зөрчигдөж, нэр төр алдар хүнд нь гутаагдан доромжлогдсон нь тогтоогдохгүй байна гэж хэрэгт авагдсан нотлох баримтууд гэрчүүдийн мэдүүлгүүдийг илтэд нотлох баримтаар үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг минь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд миний нэхэмжлэлийг хангаж анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 384 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд үүссэн эрхзүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ эрхзүйн харилцааны төрлийг үндэслэлтэй тодорхойлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Ж.Алтангүл “миний нэр төр, алдар хүндийг үндэслэлгүйгээр гүтгэн доромжилж, гэрээс минь хөөж нэр хүндэд халдсан Б.Алтанбек, Б.Загила, Б. Көк, Х.Алтангүл нараас нэр төрийг минь сэргээж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйлгаж, сэтгэл санаа, нэр төрд учирсан эдийн бус хохиролд 10.509.000 төгрөг гаргуулахыг хүссэн” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар “Ж.Алтангүлийг доромжлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Уг маргаан нь талийгаач Б.Мансавын буяны үйлд зориулсан ёс заншил болох “хоног тавих” ёслолын үеэр хадам болон нэхэмжлэгчийн нарын хоорондын үл ойлголцлоос үүдэн гарсан маргаан болохыг Х.Алтангүл, М.Мурат, А.Тохтамурат, Ж.Айгүл, М.Нурбек, / хх 22-32 дугаар тал/ Б.Загила, /хх 134-136 дугаар тал/ Б.Алтынбек, /хх 138-140 дүгээр тал/ нарын Цагдаагийн газрын хэсгийн байцаагчид өгсөн тайлбарт тусгагджээ.  

Хариуцагч нар бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүндийг гутаасныг, мөн нэхэмжлэгчийн сэтгэл санаанд ямар хэмжээний эдийн бус хохирол учирсныг тус тус нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул эдийн бус хохирлыг мөнгөн болон бусад хэлбэрээр тооцох боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсноос сэтгэл санааны болон бусад гэм хор учруулсан үйлдэл нь тогтоогдоогүйгээс хичнээн хэмжээний  эдийн бус хохирол учирсан нь тодорхойгүй тул түүнд мөнгөн хэлбэрээр эдийн бус хохирлыг тооцон гаргаж олгох хуульзүйн үндэслэлгүй болно.

Нэр төр гутаасан арга хэлбэр нь тодорхойгүй ба хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндийг хариуцагч нар гутаасан баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн “орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хариуцагч нараас уучлалт гуйлгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэлтэй зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 254.200 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 384 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Алтангүлийн төлсөн 254.200 төгрөгийг төрийн сангийн дансанд  үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК 

                                   

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН