Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00319

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 156/ШШ2017/00426 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 226/МА2018/00012 дугаар магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.С-д холбогдох,

38.765.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянга, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/157, А/153 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг татан буулгаж, эрх хүлээн авагчийг томилж, банк болон банкны системийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, Хадгаламж банкны ажилтны эрх ашгийг хамгаалах зорилгоор Хадгаламж банкны зарим эрх, үүргийг Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас “Т” ХХК-д шилжүүлсэн. “Хадгаламж банк” дахь Банкны эрх хүлээн авагч болон “Т” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдор 155/003/2013 БЭХА дугаартай гэрээ байгуулж “Хадгаламж банк” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүрэг “Т” ХХК-д шилжсэн. Энэхүү гэрээний дагуу “Т” ХХК нь “Хадгаламж банк” ХХК-д салбарын захирлаар ажиллаж байсан Г.С-г Тны Хэнтий салбарын захирлын ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулахаар харилцан тохиролцож, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Т21-001 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. “Хадгаламж банк”-ны Хэнтий салбарын захирал Г.С-гийн нэр дээр бүртгэлтэй орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38.765.500 төгрөгийн авлага шилжиж ирсэн бөгөөд “Хадгаламж банк” ХХК-иас Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө 51/А дугаар байрны 11 тоот хаягт байрлалтай, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажилтан Г.С-гийн нэр дээр гарган өгч орон сууцны үнийг авлагад бүртгэсэн байсныг дээрх гэрээний дагуу “Т” ХХК-д шилжүүлсэн. “Т” ХХК нь 2013 оны 10 дугаар сараас эхлэн орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг Г.С-гаас шаардаж ажилтны орон сууцны хөнгөлөлттэй зээлийн нөхцөл рүү төлбөрийг шилжүүлэн төлүүлэх саналыг удаа дараа тавьж байсан. Ажилтны зүгээс дээрх байдлаар “Хадгаламж банк” ХХК-иас шилжин ирсэн өр төлбөрийг төлөхөөс зайлсхийж байгаа учир “Т” ХХК нь “Хадгаламж банк” дахь Банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэн авсан шаардах эрхийнхээ хүрээнд ажилтан Г.С-гаас орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38.765.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Г.С- шүүхэд гаргасан тайлбартаа: Би ХААН банкинд ажиллаж байх үед 2010 оны 06 дугаар сард тухайн үеийн Хадгаламж банкны орлогч захирлаар ажиллаж байсан Сүхболд Хэнтий аймаг дахь салбарын захирлаар ирж ажиллах саналыг тавьсан. Уг саналын дагуу Хадгаламж банкны гүйцэтгэх захирал, орлогч захирал нартай уулзахад одоо авч байгаа цалинг нэмэгдүүлэх, 2 өрөө орон сууц олгох талаар санал тавьсан. Энэ үед миний бие улсын банк болон ХААН банкинд 24 жил ажилласан багагүй туршлагатай болсон гэж өөрийгөө дүгнэж, 14 хоногийн дараа Хэнтий салбарын захирлаар ажиллах шийдвэрийг гаргасан. Хадгаламж банкны удирдлагын тавьсан миний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн саналыг тусгасан тусгай хөдөлмөрийн гэрээг байгуулж 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий салбарын захирлаар томилогдон ажилласан. 2010 оны 07 дугаар сард 2 өрөө байраа хүлээн авч байсан. 2013 оны 06 дугаар сарын 20-нд орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. 2013 оны 07 дугаар сарын 23-нд Хадгаламж банк татан буугдаж, Т ХХК-тай нэгдсэн. 2013 оны 10 дугаар сард нутгийн салбаруудын сургалт төв банкин дээр болсон. Энэ сургалтын үеэр таны нэр дээр орон сууцны үнийн авлага бүртгэлтэй байна гэдгийг сонссон. Хадгаламж банк ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр надад 2 өрөө байр өгсөн. Хадгаламж банк болон Ттай орон сууцны төлбөр төлөх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ттай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ үед авлагын талаар удирдлагын зүгээс огт мэдэгдээгүй. Иймд Тнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 156/ШШ2017/00426 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-т зааснаар “Т” ХХК-ийн хариуцагч Г.С-гаас “орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38.765.500 (гучин найман сая долоон зуун жаран таван мянга) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 351.778 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 226/МА2018/00012 дугаар магадлалаар: Нэхэмжлэгч Тны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүилиин 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351.778 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саранчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Г.С-гийн өмчлөлд шилжээд байгаа орон сууцны төлбөрийг “Хадгаламж банк” ХХК-иас “Жастгрупп” ХХК-д шилжүүлсэн. “Хадгаламж банк” ХХК, Г.С- нарын хооронд үүссэн харилцааны хувьд орон сууц эзэмшүүлэхээр харилцан тохиролцсон байдаг боловч тэрхүү тохиролцоог дараачийн байгуулсан гэрээгээрээ хүчингүйд тооцсон. Г.С-гийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх зөвшөөрлийг “Хадгаламж банк” ХХК-аас “Жастгрупп” ХХК болон Г.С- нарт олгоогүй байхад 2013 оны 06 дугаар сард “Хадгаламж банк” ХХК-нд мэдэгдэлгүйгээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримт болон өнгөрсөн үйл явдлаас тодорхой байгаа зүйл нь Хадгаламж банкнаас үнийг нь төлсөн орон сууцыг Г.С- зөвшөөрөлгүй өмчлөн авч хөрөнгөжсөн үйл баримт юм. Т ХХК нь хууль ёсоор шилжиж ирсэн шаардах эрхийнхээ хүрээнд 38,765,500 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргаж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлсэн өгсөн.

Иймд Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 156/ШШ2017/00618 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 226/МА2018/00012 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Т ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Г.С-гаас 38,765,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Т ХХК-ийн “...38.765.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.С- эс зөвшөөрч,  маргажээ.

Хадгаламж банк нь Г.С-г 2010 оны 7 дугаар сарын 5-ний өдөр Хэнтий салбарын захирлын ажилд томилж, хөдөлмөрийн гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулсан ба уг гэрээний 5.1.4.-т “ажилтанд 2 өрөө байр эзэмшүүлж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссаны дараа өмчлүүлнэ, энэ нь тусдаа гэрээгээр шийдэгдэнэ” гэжээ.

Хадгаламж банкны ТУЗ-ийн дарга, Жаст групп компанийн ерөнхий захирал Ш.Батхүү нь Г.С-тай 2010 оны 7 дугаар сарын 6-ний өдөр Орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулан Жаст групп ХХК-ийн дэд захирал Ш.Батсайханы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 51А байрны 11 тоотын 57.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг эзэмшүүлэхээр тохирсон  ба 2013 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээгээр уг орон сууц Г.С-гийн өмчлөлд,  2013 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Б.Энхсайхан, Б.Баярчимэг нарын өмчлөлд тус тус шилжсэн нь тогтоогджээ /хэргийн 1 дүгээр хавтас 35-44, 2 дугаар хавтас 71-75 дугаар тал/.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн А/157, А/153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-ийг татан буулгаж, эрх хүлээн авагчийг томилж, улмаар тус банкны ажилтнуудыг Т ХХК-д шилжүүлж, өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөл болох цалин хөлс болон бусад нөхцөл, үүрэг хариуцлага нь хэвээр хадгалагдах болохыг тодорхойлжээ.

Тус банкны тайлан тэнцэлд Г.С-тай холбоотой аливаа зээл, авлага бүртгэгдээгүй болох талаар Хадгаламж банк дах банкны эрх хүлээн авагчийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн албан бичигт дурджээ /хэргийн 98 дугаар тал/.

Мөн Г.С- нь уг орон сууцыг Хадгаламж банкнаас худалдан авсан, зээл төлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...Хадгаламж  банкнаас үнийг нь төлсөн орон сууцыг хариуцагч зөвшөөрөлгүй авч өмчлөн хөрөнгөжсөн” гэж тодорхойлжээ.

Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх, тухайлбал хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байх шаардлагатай.

Г.С-тай байгуулсан орон сууц эзэмшүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус болсон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул  шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 156/ШШ2017/00426 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 226/МА2018/00012 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саранчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 351.780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ