Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/00850

 

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/00850

            Улаанбаатар хот

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 тоотод байрлах “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж, Монфреш цогцолбор, “Монфреш шүүс” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 742 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Худалдан авагч  “Монфреш шүүс” ХХК нь манай компанитай 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ХАГ-0235/14 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 240 000 төгрөгийн үнэ бүхий  NP10 төхөөрөмж 6 ширхэг, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ХАГ-0236/14 тоот нэмэлт гэрээгээр 60 000 төгрөгийн үнэ бүхий С1100 маркийн гар утас 2 ширхэг, 260 000 төгрөгийн үнэ бүхий U2S маркийн гар утас 4 ширхэг нийт 2 600 000 төгрөгийн бараа материалыг зээлээр авсан. “Монфреш шүүс” ХХК нь ХАГ-0226/14 тоот нэмэлт гэрээний 2.2.1-т зааснаар эргэн төлөлтийн сүүлийн хугацаа нь 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэгтэй. Энэхүү хугацаанд гэрээний үүргээс 2 105 000 төгрөгийг төлж барагдуулсан ба одоогийн байдлаар  495 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа уг төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд “Монфреш шүүс” ХХК-аас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 495 000 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу алданги 247 500 төгрөг, нийт 742 500 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Жи мобайл” ХХК нь хариуцагч “Монфреш шүүс” ХХК-аас төхөөрөмжийн үнэ 742 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “Монфреш шүүс” ХХК нь 495 000 төгрөгийн төлж барагдуулсан тул алданги 247 500 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч “Монфреш шүүс” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 742 500 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Монфреш шүүс” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 742 500 төгрөгөөс үндсэн зээлийн төлбөр 495 000 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 247 500 төгрөгийн шаардлагаасаа  татгалзсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Монфреш шүүс” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 742 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 22 370 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 11 185 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.                                     

                          

                   

ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ