| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2017/00937/И |
| Дугаар | 183/ШШ2017/00868 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2017/00868
| 2017 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2017/00868 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 89а байр 27 тоотод оршин суух Боржигон овогтой Баясгалангийн Азбаяр /РД:ЕС85031406/-ын хүсэлттэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Энх-Одыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Азбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2007 онд Г.Энх-одтой гэр бүл болж 2008 оны 5 дугаар сарын 7-ны өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2009 оны 1 сарын 24-ний өдөр хүү Марал-Од төрсөн. Бидний хувьд зан харилцааны хувьд таарамжгүй болсон тул 2014 оноос хойш тусдаа амьдрах болсон. Хүү маань одоо 7 настай миний асрамжид эрүүл саруул өсч байгаа бөгөөд ерөнхий боловсролын 18-р сургуулийн 2 д бүлэгт суралцаж байгаа. Бид хамтран амьдарч байх хугацаандаа Голомт банкны ипотекийн зээлээр Баянзүрх дүүргийн 8-р хороо Төмөр замын ус 15-н 2-р байрны 44 тоот хаягт байрлалтай 40 мк талбайтай 3-н өрөө орон сууцыг нийт 62.000.000 /жаран хоёр сая/ төгрөгийн зээлээр худалдан авсан.Уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь Энх-Одын нэр дээр гарсан байдаг юм. Орон сууцны зээлийн гэрээг байгуулсан цагаас эхлээд 2015 оны хүртэл Г.Энх-Од төлж байсан. Харин сүүлийн жил гаруй миний цалингаас суутгагдан төлөгдөж байна. Бидний хувьд тус тусдаа амьдралтай болсноос хойш 2 жилийн хугацаанд Г.Энх-Од амьдарч байгаа юм. Миний хувьд энэ байранд ногдох хэсгээс авахгүй бөгөөд хойшид энэ байрыг Г.Энх-Одод үлдээж намайг хамтран зээлдэгчийн үүргээс чөлөөлөгдөх саналтай бөгөөд гэр бүлээ цуцлуулж хүү Марал-Одыг эх Б.Азбаярын асрамжид үлдээх тухай нэхэмжлэлийг гаргасан боловч Г.Энх-одын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Азбаяр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр Г.Энх-Одыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Энх-Од нь хүсэлт гаргагч Б.Азбаяртэй гэр бүл бөгөөд гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.
Г.Энх-Од нь нэхэмжлэгчийн дурдсан Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, төмөр зам ус-15-ын 2 байрны 44 тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын17-ны өдрийн 181/ШЗ2017/03576 дугаар захирамж, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Азбаярын хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Энх-Одыг эрэн сурвалжлан, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Г.Энх-Од /РД:ЕЙ83122819/-ын оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал /одоо ашиглагдаж буй утасны дугаар:99008411/ Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, төмөр зам ус-15-ын 2 байрны 44 тоот хаягт оршин сууж байсан болно.
Хүсэлт гаргагч Б.Азбаяр нь Г.Энх-Одыг эрэн сурвалжлуулах тухай хэргийн шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Баяжих овогтой Гантулгын Энх-Од /РД:ЕЙ83122819/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.Энх-Одыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ