Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00014

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 О.К холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 142/2017/0413/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

Прокурор                                          Т.Ганзориг

               Шүүгдэгч                                           О.К

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Энхбаяр

               Хохирогч                                           Н.Х

               Нарийн бичгийн дарга                  Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолтой О-ын К холбогдох, 1725003100195 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, ХХ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн  ажилгүй, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр оршин суух, , Ж овгийн О-ын К.

 

Шүүгдэгч О.К нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багт байрлах “Чарминг фитнесс” төвийн багш нарын өрөөнд нэвтрэн орж “Huawai P9 lite” маркийн гар утас хулгайлан 700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ж б овгийн О-ын К-ийг хүний байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар шүүгдэгч О.К-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч О.К-ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч О.К урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нь давж заалдах гомдолдоо:

 

Шүүгдэгч О.К нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чармен фитнессийн төвийн багш нарын өрөөнөөс гар утас хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй. Харин шүүгдэгч О.К-ийн хулгайн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул зөвтгүүлэх байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцсон. Шүүгдэгч хэргийг үйлдэхдээ Чармен төвд хууль бусаар нэвтэрсэн асуудал огт байхгүй. Түүнийг хууль бусаар нэвтэрсэнийг нотолсон ямар ч баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байхад түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь  үндэслэлгүй байхад шүүх энэ зүйлчлэлийг зөв зүйтэй гэж дүгнэн уг зүйл ангиар ял шийтгэл ногдуулсан нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн алдаатай боллоо гэж үзэж байна.

 

Иймд шүүгдэгч О.К учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н.Х тайлбартаа: Хохирлоо бүрэн төлүүлсэн, гомдол санал байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй гарсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас О.Кийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээж авч О.Кийг орон байранд нэвтэрч хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар шүүгдэгч О.Кийг 1 жил хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасныг үндэслэн хэргийн хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл:

 

“Ж” овгийн О-ын К нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэртүйл ажиллагаа явуулдаг “Чарминг фитнесс” төвийн багш нарын өрөөнд нэвтрэн тус төвийн багш дасгалжуулагч Н.Хын “Huawai P9 lite” маркийн гар утсыг хулгайлж 700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ нь :

 

-Хохирогч Н.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Тэр өдөр манай ажлын байр болох “Чарминг” төв дээр нээлттэй хаалганы өдөр болсон юм. Би өөрийн “Хуавай П-9” загварын гар утсаа ажил дээр өрөөндөө цэнэглээд орчихсон байсан...,Тэгсэн манай ажлын гадна хаалгаар үл таних 3 хүн орж ирээд нэг нь үүдэн дээр үлдээд нөгөө 2 нь цаашаа фитнесс клуб руу орсон..., би  сэрэмжлээд араас нь яваад очсон чинь манай багш нарын өрөөний гадна талд 1 нь үлдчихсэн, нөгөөдөх нь өрөөний дотор тал руу ороод гарч байсан...,  би зөрж ороод утсаа үзтэл миний утас алга болсон байхаар нь би тэр хавийн ажлынхаа хүмүүсээс асуутал савхин хүрэмтэй сахалтай үл таних хүн танай өрөөнд орчихоод гарсан гэж надад хэлсэн..., Тэгээд араас нь гараад хайж байгаад хамт явж байсан 2 хүнийг олж асуутал Бакей гэдэг казак залуу чиний утсыг аваад бид хоёроос салаад явсан гэхээр нь би цагдаад мэдэгдсэн..., Надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй, би хохирлоо бүрэн барагдуулж авсан..., Шүүх хуралдаанд оролцохгүй... гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Ш.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

... К бид хоёр 2002 онд гэр бүл болоод 3 хүүхэд төрүүлсэн..., К зан байдлын хувьд түргэн ууртай хүн байгаа юм..., Бусдаар бол ажилсаг гэр бүлдээ хайртай сайн аав. Архи уучихсан согтуу байхдаа хүний гар утсыг авчихлаа гэж надад хэлж байсан..., Тэрнээс биш хулгай хийхээр хүн биш.., Хохирогч гэх залууд би хохирлын мөнгийг нь барагдуулж өгсөн... гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 

... 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би барилга дээр ажиллаж байгаад ажиллахгүй гэхээр нь архи уусан. Тэгээд “Чарминг фитнесс” төвийн тэнд хүн бужигнаад байхаар нь орсон. Гэтэл тэнд нээлттэй хаалганы өдөр болж байсан юм билээ. Тэгээд энд ер нь юу байдаг юм бол гэж бодоод Б-ын хамт дотогшоо ороод Б фитнесийн үүд хэсэгт үлдээд би дотогшоо ороод нэг онгорхой өрөө байхаар нь ороод ширээн дээр байсан гар утсыг аваад халаасандаа хийсэн. Тэгээд тэндээс гараад Б-д би явлаа гэж хэлээд салаад явсан. Ганцаараа наадмын талбайн тэнд ногоо зарж байсан хүмүүс дээр очоод 2 залуу байхаар нь 50.000 төгрөгөөр зарсан. Хамт явсан хүн маань миний хулгай хийснийг мэдээгүй... гэсэн мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт зэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж үнэлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн  хуулийн зүйл хэсэг зөв,  шүүгдэгчид оногдуулсан ялын хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэм нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

 

Шүүгдэгч нь “Чарминг фитнесс” төвийн багш нарын өрөөний хаалга онгорхой, багш дасгалжуулагч нар түр эзгүй байх үед үйл ажиллагаа явуулах зориулалттай өрөөнд нь нууцаар орж хохирогч Н.Хын цэнэглэж байсан гар утсыг хулгайлж авсан нь нотлогдож байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан  ... О.К нь тухайн өдөр байгууллагад хууль ёсны дагуу нэвтэрч орсны дараа тухайн хэргийг үйлдсэн байгаа..., Хаалгыг түгжээтэй байхад нь эсвэл ажиллаагүй, онгойгоогүй үед нь нэвтэрсэн асуудал огт байхгүй учраас хууль ёсны дагуу нэвтэрсэн гэж үзэж байна... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  .

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ТУЯА

                                                                                      

               ШҮҮГЧ                                                                С.ЦЭЦЭГМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР