Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/0028/Э |
Дугаар | ШЦТ0027 |
Огноо | 2016-06-07 |
Зүйл хэсэг | 215.3., |
Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар ШЦТ0027
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Улсын яллагч Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч З.Бямбадорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд /Үнэмлэхний дугаар 0704/,
Хохирогч З.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваа овогтой Золбингийн Бямбадоржид холбогдох эрүүгийн 201615010038 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар баг, “Гэзэг Хонхор” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Даваа овогтой Золбингийн Бямбадорж /РД:ЙГ88020815/
Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч З.Бямбадорж нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Хөтлийн бууц” гэх газарт улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрэм 2 дугаар бүлгийн 2.1.а дахь заалт “...Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх” 2.3.а дахь заалт “...Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 2.3.в дэх заалт “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч Д.Цэндээхүүгийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Бямбадорж мэдүүлэхдээ:
2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ээжтэйгээ хамт сумын төвөөс буцаж явах замд мотоциклийн дугуй хагарч ээжийн амь эрсэдсэн. Гүн харамсалтай маш их гэмшиж байна. Би энэ хэргийг хийсэн нь 100 хувь миний буруу гэдгээ өөрөө ойлгож байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Мөнхтуяа мэдүүлэхдээ:
Би хотод байдаг болохоор 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой 17 цаг өнгөрч байхад надад мотоциклтой явж байгаад дугуй хагараад ээж минь мотоцикльноос унаад ухаангүй байна гэж хэлсэн. Бид нар ээжтэйгээ уулзаж амжаагүй. Нэгнийгээ байхгүй болгочихоод нэгнийгээ ял эдлүүлэх хэцүү байна гэв.
Гэрч З.Эрдэнээгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Миний төрсөн дүү З.Бямбадорж нь тус өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын төв орохоор талийгаачийн хамт өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикльтой явсан юм. Тухайн өдрийн үдээш хойш дүү Бямбадорж утсаар ярьж надад хэлэхдээ ээж бид 2 сумын төв ороод буцаж гэрлүүгээ явж байгаад “Хөтлийн бууц” гэх газар мотоциклийн дугуй хагарч онхолдож түүний улмаас ээж ухаан орохгүй байна та хүрээд ир гэж надад хэлсэн. ...Хэрэглээгүй байсан. Би Бямбадоржийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг талаар мэдэхгүй. ..Миний төрсөн дүү төлөв томоотой гэр бүлгүй талийгаач бид хоёртой цуг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутагт хөдөө мал маллаж амьдардаг. ...Бямбадорж нь зүүн гаргүй учир баруун гарт мотоциклийн урд талын тоормосыг авч конс болгож ашиглаж, гэрэл дохио байхгүй мотоцикль унаж байсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/
Гэрч Д.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Талийгаач Д.Цэндээхүү нь миний төрсөн дүү байгаа юм. ...Хүү З.Бямбадоржийн хамт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум орж эмчид үзүүлчихээд буцаж хөдөө гэртээ харих гэж явж байхдаа зам тээврийн осолд орж Цэндээхүү нь нас барсан. ...Бямбадорж нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон, З.Бямбадорж нь үйлдвэрт ажилладаг байхдаа зүүн гарын бугалга хэсгээр тайруулж тахир дутуу гартай болсон. Эдгээр зүйл осол гарахад нөлөөлсөн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/
Шинжээч Г.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...З.Бямбадоржийн жолоодож явсан Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль нь урд дугуй хагархай арын чийдэн шатсан, урд тоормос ажиллахгүй тольгүй зүүн талын суурь хагарсан, түлшний сав баруун талдаа хонхойж зэвэрсэн зэрэг эвдрэл гэмтэлтэй байсан. Осол гарахаас өмнө уг мотоциклийн урд дугуй нь тоормос ажиллахгүй байсан техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/
Шинжээч Э.Бямбацэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...техникийн аюулгүй байдлыг хангаагүй гэж үзсэн. ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн хувьд эмчийн үзлэгээр орж тэнцсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг эрх бүхий байгууллагаас олгоно гэж заасан байгаа ...Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж тооцогдоно...” гэх мэдүүлэг /хх-ийн 97 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 07 тоот актын:
“... 1.Талийгаач Д.Цэндээхүүгийн биед, суурь ясны урд хонхорын цөмөрсөн хугарал, турк эмээлийн хугарал, дагз яс суурийн ар хонхорыг хамарсан шугаман хугарал, их, бага, тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалтууд, хатуу хальсан доорхи тархмал цус хуралт, дагз хэсэгийн хуйхны цус хуралт, 2 нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогджээ.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрхи гавал тархины хүнд гэмтлүүд нь талийгаачийг нас бархад нөлөөлжээ.
5. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ ...” гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2214 тоот шинжээчийн дүгнэлтийн:
“... 1. З.Бямбадоржийн жолоодож явсан гэх Mustang-5 маркийн улаан өнгийн мотоцикль нь урд дугуй хагархай, арын чийдэн шатсан, урд тоормос ажиллахгүй, тольгүй, зүүн толины суурь хагарсан, түлшний сав баруун талдаа хонройж, зэвэрсэн зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
2. Осол гарахаас өмнө уг мотоциклийн урд дугуйн тоормос ажиллахгүй байсан байна.
3. Осол гарахаас өмнө Mustang-5 маркийн мотоциклийн арын чийдэн шатсан, урд дугуйн тоормос ажиллахгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.
4. Мотоциклийн урд дугуйн хий сул явсан тул хошуу хий эргэж хагарсан байна.
5. Урд дугуй хагархад тогтворжилт алдаж урд дугуйнд шарвалт үүсэж болно. Энэ үед жолооч шарвалтыг тогтворжуулж хурдыг хасах үйлдэл хийдэг.
6. Осол хэргийн материал ирүүлээгүй тул осол гарахад хүргэсэн шалтгаан нөхцлийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 76-80 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2553 тоот шинжээчийн дүгнэлтийн:
1.Зам тээврийн осол гаргахад зам дугуйн барьцалт буурсан нь осол нөлөөлөх нөхцөл болно.
2. Урд дугуй хагарсан үед жолоодлого хүндэрч, урд дугуйд шарвалт үүснээр тогтворжилт алдаж баруун хажуугаар хажуулдан унаж зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.
3. Илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар хуудас/
Техникийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 06 тоот дүгнэлтийн:
1. З.Бямбадорж нь мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа ЗХДүрэм зөрчсөн байна.
2. ЗХД-ийн 2 дугаар бүлгийн 2-1А дахь заалт “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх” 2-3А “хөдөлгөөнд оролцохийн өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” 2-3В “мотоцикль жолодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9-2 дах заалт “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3. Замын цагдаагийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ослын акт үндэслэлтэй байна...”гэх дүгнэлт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 дүгээр хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар хуудас/
Зам тээврийн ослын газар тогтоосон акт /хх-ийн 16-17 дугаар хуудас/
Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зуургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-24 дүгээр хуудас/
Шүүгдэгч З.Бямбадоржийн тахир дутуугийн тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-ийн 112-113 дугаар хуудас/
Шүүгдэгч З.Бямбадоржийн өвчтөний картын хуулбар /хх-ийн 44-58 дугаар хуудас/
Хохирогчийн болон талийгаачийн ар гэрийнхний гомдол саналгүй гэсэн хүсэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/
Шүүгдэгч З.Бямбадоржийн ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114-115 дугаар хуудас/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч З.Бямбадорж нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Хөтлийн бууц” гэх газарт улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрэм 2 дугаар бүлгийн 2.1.а дахь заалт “...Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх” 2.3.а дахь заалт “...Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 2.3.в дэх заалт “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч Д.Цэндээхүүгийн амь насыг хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч З.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/, гэрч Т.Нэргүй, З.Эрдэнэ нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 64, 65, 66 дугаар хуудас/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 07 тоот актын “...1.Талийгаач Д.Цэндээхүүгийн биед, суурь ясны урд хонхорын цөмөрсөн хугарал, турк эмээлийн хугарал, дагз яс суурийн ар хонхорыг хамарсан шугаман хугарал, их, бага, тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалтууд, хатуу хальсан доорхи тархмал цус хуралт, дагз хэсэгийн хуйхны цус хуралт, 2 нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогджээ. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрхи гавал тархины хүнд гэмтлүүд нь талийгаачийг нас барахад нөлөөлжээ. 5.Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2214 тоот шинжээчийн дүгнэлтийн: “...1.З.Бямбадоржийн жолоодож явсан гэх Mustang-5 маркийн улаан өнгийн мотоцикль нь урд дугуй хагархай, арын чийдэн шатсан, урд тоормос ажиллахгүй, тольгүй, зүүн толины суурь хагарсан, түлшний сав баруун талдаа хонхойж, зэвэрсэн зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. 2.Осол гарахаас өмнө уг мотоциклийн урд дугуйн тоормос ажиллахгүй байсан байна. 3.Осол гарахаас өмнө Mustang-5 маркийн мотоциклийн арын чийдэн шатсан, урд дугуйн тоормос ажиллахгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 4.Мотоциклийн урд дугуйн хий сул явсан тул хошуу хий эргэж хагарсан байна. 5.Урд дугуй хагархад тогтворжилт алдаж урд дугуйнд шарвалт үүсэж болно. Энэ үед жолооч шарвалтыг тогтворжуулж хурдыг хасах үйлдэл хийдэг. 6.Осол хэргийн материал ирүүлээгүй тул осол гарахад хүргэсэн шалтгаан нөхцлийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 76-80 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх дээр шинжлэн судалсан баримтуудыг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй гарсан, шүүгдэгч З.Бямбадорж нь гэм буруутай, Хархорин сум дахь прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Иймд Даваа овогтой Золбингийн Бямбадорж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:
Хохирогч З.Мөнхтуяа нь “...нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн тул шүүгдэгч З.Бямбадоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч З.Бямбадоржид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч З.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр З.Бямбадоржийн эзэмшлээс 200 000 төгрөгийн үнэлгээ “мустанг-5” маркийн улаан өнгийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Даваа овогтой Золбингийн Бямбадоржийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар З.Бямбадоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар З.Бямбадоржид оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар З.Бямбадоржид оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Цагдаагийн тасагт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар З.Бямбадоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар З.Бямбадоржийн эзэмшлээс хураан авсан 200 000 төгрөгний үнэлгээ бүхий “мустанг-5” маркийн улаан өнгийн мотоцикль битүүмжилсэн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгосугай.
7. З.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, З.Бямбадоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассантай холбогдуулан шүүхийн шийтгэх тогтоолын хувийг Замын цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Лхагвасүрэнд даалгасугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж З.Бямбадоржид тогтоол биелүүлэх хүртэл урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА