Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2017/00887

 

2017 оны 04 сарын 19 өдөр

         Дугаар 183/ШШ2017/00887

                    Улаанбаатар хот

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

  татгалзсаныг баталж, хэргийг

  хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Кино үйлдвэрийн гудамж 78, Боловсрол суваг телевизийн өөрийн байранд байрлах “Медиа боловсрол суваг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 2015/2 Монос хүнс ХХК-ийн байр “Монос хүнс” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 34 207 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Монос групп” ХХК-тай 2015 оны 01-р сарын 05-ны өдөр 03/01-08 /Монос 01 15-03/ тоот, мөн 2016 оны 01-р сарын 28-ны өдөр 03/01-04 тоот тус тус нэг жилийн хугацаатайгаар “Монос групп” ХХК болон түүний охин компаниудын реклам зар сурталчилгааг өөрийн телевизээр цацахаар харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2015 оны 03/01-08 тоот гэрээний дагуу НӨАТ ороогүй дүнгээр кино контент дундуур нэг секундийг 2 500 төгрөгөөр, задгай блок дундуур нэг секундийг 2000 төгрөгөөр, бусад цагт нэг секундийг 500 төгрөгөөр тооцож реклам зар сурталчилгаа цацахаар харилцан тохирсны дагуу 2015 оны 11-12, 2016 оны 1-р саруудад нийт секундийн 5380 секундийн нийт 13 703 800 төгрөгийн реклам, 2016 оны 03/01-04 тоот гэрээгээр үнэндээ өөрчлөлт оруулж, НӨАТ орсон дүнгээр оргил цаг буюу 17.00 цагаас 00.00 цагийн хооронд нэг секундийг 3300 төгрөгөөр, 00.00 цагаас 17.00 цаг хүртэл хугацаанд нэг секундийг 550 төгрөгөөр тооцож реклам зар сурталчилгаа цацахаар тохирсны дагуу 2016 оны 2-р сард 2758 секундийн нийт 9 101 400 төгрөгийн реклам цацах ажил гүйцэтгэсэн. Ингээд 2015, 2016 оны 2 гэрээний дагуу нийт 8138 секундийн 22 805 200 төгрөгийн реклам цацалтын ажлын төлбөрийг манай компанид төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 343.1 дэх заалтад “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс үүргийг тус тус хүлээнэ.”, 2015 оны 03/01-08, 2016 оны 03/01-04 тоот гэрээнүүдийн 1.3 дахь энэхүү гэрээнд “Захиалагч түүний харьяа компаниуд   ...”Монос хүнс” ХХК .... гэх мэт бусад

 

захиалагч компаниуд хамаарна. Энэхүү заалтад заасан компаниуд нь бие даасан хуулийн этгээд тул тухайн компанитай байгуулсан гэрээнд заасан үйл ажиллагаа, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг тухайн компани хариуцна”. Мөн 2015 оны 03/01-08 тоот гэрээний 3.3 дах "Телевиз нь гүйцэтгэлийг үндэслэн сар бүрийн 5-ны өдөр нэхэмжлэх хүргүүлэх бөгөөд компани нь хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор “Медиа боловсрол суваг” ХХК-ийн Хас банкин дахь төгрөгийн 5001194655 тоот дансанд шилжүүлнэ.” Мөн 2015 оны 03/01-08 тоот гэрээний 3.5 дахь хэсэгт “Компани нь гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө” гэж тус тус заасныг үндэслэн 2 гэрээний үлдэгдэл төлбөр болох 22 805 200 төгрөгийг, хугацаандаа төлбөрөө төлөөгүйн алданги болох 11 402 600 төгрөгийг нийт 34 207 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “Медиа боловсрол суваг” ХХК-аас “Монос хүнс” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлт болох 22 805 200 төгрөгийг үүргийг цаг хугацаандаа биелүүлээгүйн алданги болох 11 402 600 төгрөгийн хамт нийт 34 207 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “Монос хүнс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч талууд тооцоо нийлсний үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж, “Монос Хүнс” ХХК нь гэрээний үүргийн биелэлт болох 16 805 200 төгрөгийг бүрэн төлж барагдуулах, “Медиа боловсрол суваг” ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8 сая төгрөг болон алдангиас бүрэн татгалзахаар харилцан тохиролцсон. Ингээд “Монос Хүнс” ХХК нь 2017 оны 4-р сарын 6-ны өдөр 8 371 468 төгрөг, 2017 оны 4-р сарын 11-ний өдөр 8 762 721 төгрөгийг нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 328 989 төгрөгийн хамтаар бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байгааг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК нь хариуцагч “Монос Хүнс” ХХК-д гэрээний үүрэгт 34 207 800 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Монос Хүнс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрэн хэлэлцэж, “Монос Хүнс” ХХК нь гэрээний үүргийн биелэлт болох 16 805 200 төгрөгийг бүрэн төлж барагдуулах, “Медиа боловсрол суваг” ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8 сая төгрөг болон алдангиас бүрэн татгалзахаар харилцан тохиролцож “Монос Хүнс” ХХК нь 2017 оны 4-р сарын 6-ны өдөр 8 371 468 төгрөг, 2017 оны 4-р сарын 11-ний өдөр 8 762 721 төгрөгийг нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 328 989 төгрөгийн хамтаар бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК нь хариуцагч “Монос Хүнс” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 34 207 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 328 989 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 164 494.5 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК-долгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.                                    

                                             

ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ