Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/600

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Н.Энхболд,

хохирогч Л.М түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,

шүүгдэгч Ш.М, түүний өмгөөлөгч А.Намдаг,

шинжээч Б.А, М.Э /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ш-ийн М-д холбогдох эрүүгийн *********** тоот дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ***********аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ************ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *********** дүүргийн 25 дугаар хороо, ************* байрны 1204 тоот оршин суух, урьд ял шийтгэлгүй, *********овогтой *********** М /РД: ********************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.М нь 2020 оны 08 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.М-ийн бие халдан зодож түүний эрүүл мэндэд нь зулайн ар дээд хэсгийн халцралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би тэр караокед үйлчлүүлж байсан. Караокены өрнөөсөө гараад 00-ын өрөө рүү орох гээд явж байтал текний хажууд зогсож байсан энгийн хувцастай залуу надад хандаж “чи наад 00-руу орж болохгүй” гэж хэлсэн тэгэхээр нь би юм дугаралгүй 00-ын өрөө орчхоод гарч ирээд тэр залууд хандаж “чи зүгээр биз дээ” гэхэд над руу духаараа мөргөөд байсан, тэгэхээр нь би юм ярилгүй караокены гадаа гараад хамт явсан хүмүүсээ хүлээсэн. Надтай хамт явж байсан хүмүүс гарч ирэхгүй байхаар нь буцаж орж ирэхэд нөгөө залуу миний явж байсан замыг хаагаад үгээр өдөөд байсан, тэгээд бид хоёр нэлээн маргалдаад зууралдаад байж байтал манай найз караокены өрөөнөөс гараад ирсэн. Тэгээд нөгөө залуу тайвшрахгүй байхаар нь өрөө рүүгээ дагуулж орж учраа олъё гэж бодоод өрөө рүү аваад ортол манай өрөөний ширээн дээрээс архины шил аваад бид нар руу дайрсан. Тэгээд тайвшруулаад буйдан дээр суулгаад тамхи татсан. Хэсэг хугацааны дараа тайвшрахаар нь уучлалт гуйгаад гараад явсан. Гурав хоногийн дараа надтай утсаар яриад очиж уулзсан. Уулзахад 2 шүд нь хугарсан эмчлүүлэхэд 4.000.000 төгрөгийн зардал гарна гэсэн. Тэгэхээр нь би шүдийг нь хугалчихсан юм байна гэж бодоод шүдийг нь үзэлгүй 3.000.000 төгрөгийг өгсөн. Тэгтэл дараа нь цагдаагаас дуудаад уулзтал шүд нь унаагүй хуучны хугарал байсан. Миний бие Л.М-ийн гэзгийг таслаагүй, түүний биед гэмтэл учруулаагүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.М мэдүүлэхдээ: “...Миний бие тухайн караокед харуул хамгаалалтын ажилтнаар ажилладаг юм. Тэр өдөр караоке дотор текний хажууд зогсож байтал 3 номерын өрөөнөөс энэ М гараад ажилчдын 00-ын өрөө рүү явж байхаар нь “Наадах чинь биш ээ 00-ын өрөө зүүн тийшээ” гэж хэлтэл тоохгүй яваад орсон. Тэгээд удалгүй гарч ирээд учир зүггүй “чи яасан том нөхөр вэ” гээд гэзгийг минь тасчаад нөгөө найзтайгаа нийлээд намайг өрөөнд чирч оруулаад зодсон. Тэр үед караокены өрөөнд тэр залуучууд 1 цаг орчим намайг нүдсэн. Намайг хүчээр тамхи татуулсан. Би тэр хүнийг архины шилээр цохиогүй өөрийгөө хамгаалах гэж хальт шүүрээд авсан нэг ч гар хүрээгүй. Өрөөнөөс гарах гэтэл М урдаас жийж унагаагаад суулгаад байсан. Тухайн үед болсон асуудлыг зөөгч бүгдийг нь харж байсан гэтэл мэдүүлэг нь худлаа байна. Намайг хамт зодсон тэр найз нь энд ирээгүй байна. Би энэ хүнээс болж бүтэн жил эмнэлгээр явлаа зүгээр байж байгаад ингэж хохирч байгаад гомдолтой байна. Намайг эрүүл саруул болгож өгөхийг хүсэж байна. Намайг хутга гаргасан гээд байгаа тэр нь хутга биш түлхүүрийн оосор байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Э мэдүүлэхдээ: “...Энэ өвчин нь гений гажгийн улмаас үүсдэг өвчин юм. Гэр бүлийн бүх гишүүнээс биш аль нэгд нь үүсэж болно. Марфаны  хам шинжийн өвчний үед илрэх гол шинж тэмдэг нь зүрх судасны систем үүнд гол судасны цүлхэн, хуулрал, нүдний салст өөрчлөлт орно, хүзүү тулгуурын эрхтнүүдэд өөрчлөлт орно. Энэ нь янз бүрийн байдлаар хавсарч илэрдэг. М нь зүрх судасны талаас гол судасны цүлхэнтэй байсан тэр нь хууларсан. Мөн 2015 онд нүдний торлог бүрхэвч хууларсан, болор мултарсан байсан. 2015 онд Марфаны хам шинж гэдгийг нүдний талаас оношилсон, зүрх судасны талаар баримт нь бидэнд ирээгүй байсан. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр оношлогдсон бичиг баримтууд нь ирсэн. Эмнэлгийн үзлэгээр 2 талын гүрээний артери руугаа хууларсан байсан. Тийм болохоор цээжинд цохисноос үүссэн гэж дүгнэх боломжгүй болж байгаа. Энэ нь биеийн ачааллаас шалтгаална. Мөн цүлхэн байгаа учраас өөрөө хөндийрдөг хуулардаг өвчин юм. Хууларсанаас болж судас хагарах цус алдах эрсдэл үүсдэг юм. Гол судасны хуулрал манай орны нөхцөлд эмчлэхэд хэцүү гэхдээ 3-р эмнэлгийн зүрх судасны тасагт эмчилж байгаа, бүрэн эмчилж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Энэ өвчин нь гэмтлийн улмаас үүсээгүй яагаад гэхээр энэ өвчин удамшлын улмаас архаг удаан явцтай байсан бөгөөд гол судас маань хууларсан байна гэдгийг дүгнэлт дээрээ тодорхой бичсэн. Гэмтлээс үүсээгүй өөрт нь байсан архаг өвчин юм. Гэмтлийн тухайд зулайн ар дээд хэсгийн үсийг зулгаасан, үсний угтай нь хамт угзраад авсан байна гэсэн үг тийм болохоор эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна гэдгээр хөнгөнд гэмтэлд хамаарна цаашдаа хөдөлмөрийн чадвар алдалтад нөөлөхгүй. Цаашид өөртөө таарсан ажил хөдөлмөрийг хийх боломжтой...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Л.М-ийн:

“...Тэгээд би караокены текний ард зогсоод Нтай юм яриад зогсож байхад 3 номерын өрөөнөөс намхан тод хөмсөгтэй, дээгүүрээ саарал билүү ногоон билүү хүрэмтэй залуу гарч ирээд текнээс баруун тийшээ явахаар нь түүнд хандан “нойл” бие засах газар наана чинь байдаггүй юм гэж хэлсэн. Тэгсэн чинь хариу хэлэхгүй яваад өгсөн. Тэгээд тэр залуу ажилчдын нойл руу дураараа яваад орчихсон. Удалгүй гарч ирсэн, тэр залуу гарч ирэнгүүтээ намайг “чи ямар том дуутай пизда вэ” гэж хэлээд баруун гараараа гэзэгнээс татаж толгой доошоо дарж байгаад шилэн хүзүүнээс чирээд өрөө рүүгээ авч орох гээд байсан. Тэр үед би түүнийг эсэргүүцэж гарыг түлхэж холдуулаад өндийж босоход тэр өтгөн хөмсөгтэй залуу баруун гараараа цээжин тус газар нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд зууралдаад байж байхад өрөөнөөс дахин нэг залуу гарч ирээд над руу бас дайрсан. Гэхдээ цохиогүй тэгээд ноцолдож байхад өтгөн хөмсөгтэй залуу нь намайг газар унагааж, тэгээд нэг нь хөлөөс бариад өрөө рүүгээ оруулах гээд шалаар чирсэн юм. Энэ үед сүүлд гарч ирсэн залуу миний нөгөө хөлөөс бариад тэр хоёр хамжиж байгаад намайг өрөө рүүгээ чирч оруулсан. Тэр хоёр намайг өрөөнд чирч оруулахад өрөөнд нүдний шилтэй костюм, пиджактай залуу сууж байсан. Тэгээд би өрөөнд оронгуутаа хөл гараараа тийчиж байгаад босоод ирэхэд намайг чирч оруулсан хоёр залуу над руу зэрэг дайраад зодсон. Тэр хоёрыг над руу дайрахад нь би хоёр гараараа толгойгоо бариад доошоо суусан. Энэ үед би доошоо харсан, нүдээ аньчихсан байсан учраас тэр хоёрын хэн нь хаашаа цохисон талаар хэлж чадахгүй байна. Ямар ч байсан баруун зүүн хавирга, нуруу, хэвлий, цээж, толгой, нүүрэнд хөлөөрөө нийлээд олон удаа өшиглөж цохисон, энэ үед бармен охин орж ирээд тэд нарыг надаас холдуулах гээд байх шиг байсан. Мөн өрөөнд сууж байсан нүдний шилтэй залуу нь нөгөө хоёрыгоо одоо боль гээд байсан. Тэгсэн нөгөө хоёр залуу намайг зодохоо болиод буйдан дээр суусан, өтгөн хөмсөгтэй буюу М нь тамхи асаагаад намайг тат гэж хэлсэн, би М-аас тамхийг нь аваад татсан, тэгээд би тамхийг аваад буйдан дээр М-ы хажууд суугаад тамхи татаж байхад М-тай хамт өрөөнд чирч оруулсан залуу босож ирээд хөлөөрөө баруун хавирга руу нэг удаа өшиглөсөн. Тэр үед би хавиргаа бариад ёолоод тонгойход гараараа дахин нэг удаа толгойн орой хэсэгт цохисон. Яг энэ үед М хажууд сууж байсан хэвээрээ миний зүүн чихнээс татаж өндийлгөж байгаад чихний ар хэсэгт, баруун гараараа нэг удаа, мөн зүүн гараараа цээж рүү савж 2-3 удаа цохисон. Энэ үед би нойл ормоор байна гээд хаалга чиглэж явсан боловч сүүлд гарч ирсэн залуу буюу Т М хоёр үүдэн дээр хааж зогсчхоод намайг гаргахгүй цээж орчим жийж өшиглөөд доошоо суу гээд босгохгүй байсан. Тэр хоёр намайг 3-4 удаа цээж рүү жийж унгаасан. Тэгээд би сүүлдээ больё гээд гуйхад нүдний шилтэй залуу нь тэр хоёрыг салгаж байсан. Тэгсэн чинь бармен охин М-д утас өгөөд нэг хүнтэй яриад байсан. Тэр үед нь би гарч зугтаад доошоо бууж шатны хонгилын зайнд очиж нуугдсан. М коридорт байх үед гэзэгнээс зулгааж гэзэг тастсан, мөн баруун гараараа цээж рүү нэг удаа цохисон. Нүдний шилтэй залуу намайг өрөөнд чирч оруулах үед ирээд нэг хоёр цохих шиг болсон өөрөөр цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 44-47/,

2. Гэрч Ц.Тийн:

“...Тэгээд М, Э бид 3 араас нь гарах гээд М түрүүлж гараад өрөөнд Э бид 2 сууж байгаад араас нь гарахад караокены текний хажууд М танихгүй 30 орчим насны халамцуу өндөр залуутай хоорондоо заамдалцаад зууралдаад зогсож байсан. Тэгээд бид нар тэр залуутай зууралдаад буцаад сууж байсан өрөөнд зууралдаад орцгоосон. Тэгээд уг залуутай М харилцан бие биенийгээ цохисон. Тэгээд уг залуу ширээн дээр байсан архины шил аваад цохих гээд далайгаад дайрахаар нь би уг залууг араас нь тэвэрч аваад арагшаа буйдан дээр өргөөд унагаасан. Тэгээд тэр залуу буйдан дээр тайвшраад суугаад намайг битгий нүд рүү цохиорой, би эндэхийн хамгаалагч нь юмаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь М бид 2 уг залууд удалгүй гарцгаасан. Тухайн үед уг залуу М-тай харилцан цохилцоод салсан. Уг зодоон удаагүй хурдан болоод өнгөрсөн байгаа. Эрдэнэбулган тухайн үед салгаад явж байсан. Би тухайн үед бужигнаж байхад нь уг залуугийн толгой руу нь 1-2 удаа цохисон. Өөр дахиж гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 52-54/,

3. Гэрч Л.Э-ы:

“...Тэгээд хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь сэртэл манай өрөөнд танихгүй залуу орж ирээд М, Т хоёрын аль нэгтэй нь зууралдаад чанга чанга орилоод маргалдаад байсан. Нөгөө 2 эмэгтэй байхгүй байсан. Тэгээд би дундуур нь орж салгасан. Тэгэхэд тэр залуу ширээн дээр байсан архины шил аваад далайхаар нь би уг залуугаас шилийг нь булааж авсан. Дахиад тэд нар хэсэг зууралдаж байгаад салаад буйдан дээр сууцгаасан. Би М, Т нарыг аваад өрөөнөөс гараад явцгаасан...” гэсэн мэдүүлэг /1 хх 55-56/,

4. Насанд хүрээгүй гэрч Ч.З-ын:

“...М ах текин дээр зогсчихсон, 3 номерын өрөөнд үйлчлүүлж байсан 1 ах өрөөнөөсөө гараад ирчихсэн байсан бөгөөд М ах тэр эрэгтэйн араас “00 наана чинь биш” гэж орилж байсан. Гэтэл нөгөө үйлчлүүлж байсан жижигхэн биетэй ах М ахыг харчхаад “зүгээр биз дээ” гэсэн чинь М ах тэр эрэгтэй рүү тулж очоод “чи өөрөө зүгээр биз дээ” гэсэн чинь тэр намхан биетэй эрэгтэй ах надад хандаж “чи намайг гаргаад өг” гэхээр нь би тэр ахыг бүүр гадаа гаргаж өгсөн. Гаргаж өгөх замд тэр ах надаас “энэ ямар учиртай хүн юм бэ, согтуу хүн орж ирчхээд та нар руу дайраад байгаа юм биш биз дээ” гэхээр нь би “үгүй ээ ахаа, манай доод талын пабын ажилчин байгаа юм” гэж хэлсэн. Би тэр ахыг гаргаж өгчхөөд буцаад орж ирэхэд М ах бармен Н-тай юм яриад зогсож байхаар нь би М ахад “та энэ хүмүүстэй битгий муухай харьцаарай” гэсэн чинь М ах “би ийм хүмүүсээс айхгүй шүү дээ” гэсэн. Би 00 орох гээд явж байсан чинь миний гаргаж өгсөн ах буцаад ороод ирсэн бөгөөд өрөө рүүгээ орох гээд явж байтал М ах нөгөө эрэгтэйн араас “чи яасан зүгээр биз дээ” гэсэн чинь тэр эрэгтэй “би чиний дүү биш, яаж харьцаад байгаа юм” гээд тэр 2 барьцалдаж авсан. Тэгээд бие биенээ хананд шахаад чанга чанга дуугаар хэрэлдэж байсан чинь 3 номерын өрөөнд байсан, нөгөө намхан биетэй эрэгтэйтэй хамт явсан 2 эрэгтэй нь гарч ирэхээр нь би Н-тай нийлж байгаад тэр 2 эрэгтэйг буцаагаад өрөөнд нь оруулсан бөгөөд намхан биетэй эрэгтэй М ахыг 2-3 удаа цохиж байсан. Тэгээд Н бид 2 нөгөө эрэгтэйг өрөө рүү оруулж байх хооронд М ахыг нөгөө намхан биетэй эрэгтэй өрөөндөө дагуулж ороод хаалгаа түгжчихсэн бөгөөд би ганцаараа гадаа нь үлдчихсэн. Караокены өрөөнд Н болон нөгөө үйлчлүүлж байсан хүмүүс бүгд орчихсон. 3-5 орчим минутын дараа хаалгаа онгойлгосон бөгөөд хаалга онгойход М ах ширээн дээр байсан пивоны шилээр нүдний шилтэй хослол өмссөн ахыг цохиж харагдсан. Би ороод салгах гэсэн чинь тэр өрөөнд байсан ах нар намайг гар гэж орилоод надад дийлдэхгүй байсан тул би гадаа байсан. Караокены эзэн Ш ах руу залгаж зодоон болоод байгааг хэлсэн чинь Ш ах “үйлчлүүлж байсан 3 эрэгтэйтэй намайг яриул” гэхээр нь би хаалгыг нь онгойлгоод орсон чинь зодолдохоо больчихсон буйдан дээр суугаад тамхи татаад юм яриад сууж байсан. М ах 00 орно гэсэн чинь “байж бай, яриагаа дуусга л даа” гэсэн бөгөөд хоорондоо юм ярьж байгаад анх М ахтай маргалдсан жижиг биетэй ах “бид нар арай түрэмгийлчихлээ” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд удалгүй тарцгаасан бөгөөд М ах араас нь хутга барьж гарах гээд байхаар нь би болиулж цэвэрлэгээгээ хийсэн. М ах тэр өдөр ажилтай байсан болохоор маргааш цагдаад өргөдөлдөө өгнө гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 57-58/,

5. Гэрч Б.Н-ын:

“...3 дугаартай өрөөнд байсан С ах, Т ах, танихгүй ах нар гарахаар болоод хамгийн түрүүнд С ах ганцаараа гарч ирээд манай караокены ажилчдын ариун цэврийн өрөө орох гэж байхад нь М ах, С ахад “хөөе ариун цэврийн өрөө тийшээ” гэж хэлсэн чинь С ах М ах руу бага зэрэг муухай хараад ажилчдын ариун цэврийн өрөө орсон. Тэгээд удалгүй С ах ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд М ах руу хандан “чи зүгээр биз” гэсэн чинь М ах өөдөөс нь “зүгээр яасан” гэж хариулсан. Тэр үед С ах ямар хариу хэлэлгүй манай караокены гараад явах шиг болсон. Тэр үед би ариун цэврийн өрөө ороод удаагүй байтал Т хүрч ирээд ариун цэврийн өрөөний хаалга аймаар нүдээд байхаар нь би тайлаад “яасан бэ” гэсэн чинь Т надад “С ах, М ах хоёр зодолдоод байна аниа хурдлаарай” гэхээр нь ариун цэврийн өрөөнөөс гартал текний орчим ямар нэгэн хүн байхгүй, харин текин дээр М ахын гэзэг нь тасарчихсан байсан. Тэгсэн чинь С ах, Т ах, нөгөө танихгүй ах гурав М ахыг анх орсон 3 дугаарын өрөөнд оруулчихсан байхаар нь би очоод хартал өрөөний хаалгаар оронгуут өөдөөс харсан буйдан дээр М ахын доод уруулын дотор хэсэгт цус болсон байдалтай хоёр гараараа элгээ тэврээд сууж байсан. Харин С ах М ахын зүүн гар талын буйдан дээр буюу миний хаалгаар орсон талаас бол миний баруун гар талын буйдан дээр гартаа нэг тамхи асаагаад М ахад өгөх гэж байсан. Тэр тамхийг нь М ах авахгүй байсан. Тэр дунд Т ах караокены өрөөний ширээн дээр хоёр хөлөө газар байрлуулсан, сандал дээр сууж байгаа юм шиг суугаад тамхи татаж байсан. Харин нөгөө танихгүй ах М ахын баруун гар талд сууж байсан. Тэгээд би тэр өрөөнд ороод шууд “яаж байгаа юм бэ” гэж хэлээд М ахыг аваад гарах гэсэн чинь М ах өөрөө сууж байсан газраасаа зүгээр босч ирээд гэнэт хажуудаа сууж байсан танихгүй ахын толгой орчим хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй нэг пивоны шилээр нэг удаа цохисон. Тэрнээс болж маргаан болж тэнд байсан хүмүүс М ахтай бүгд зодолдсон. Тэр үед би маргааныг салгах гэж зөндөө оролдсон боловч тэр ах нар надад болон Т бид хоёрт дийлдээгүй. Тэгээд би тэр хүмүүсийн зодооныг салгах гэж маш их зууралдсан боловч дийлдэхгүй байхаар нь би караокены өрөөнөөс гараад захирал Ш-ын *********** дугаарын гар утас руу залгаад захирлаа энэ С ах, М ах нар чинь хоорондоо зодолдоод байна. Та хэлэлдээ гэж хэлээд гар утсаа барьсан чигээрээ С ах дээр очин гар утсаа өгсөн чинь С ах миний гар утсаар захиралтай яриад “за, за” гээд Т ах болон нөгөө танихгүй ах хоёрыг аваад гарсан. Тэр үед бол М ах тэр гуравтай хамт гарсан бөгөөд М ах тэр гурвыг зүгээр л “за баяртай ах нар” гэж хэлээд гаргаж байсан. Тэгээд би Т-гийн хамтаар С ах Т ах, танихгүй ах нарыг Ц төвийн байрнаас гаргаад явуулсан. Тэд нарыг Ц төвийн байрнаас гараад машиндаа суухаар нь Т бид хоёр бага зэрэг тайвшраад буцаад ажил руугаа орж байтал М ах зүв зүгээр караокед тэд нарыг “за баяртай ах нар” гэж хэлээд үлдсэн хүн Ц төвийн подвалд байдаг авто машин угаалгын газраас явган шатаар дээш нэг давхар луу гартаа жижигхэн хутга барьчихсан гараад ирсэн. Тэгээд М ах нөгөө гурван хүнтэй “одоо уулзъя, одоо уулзчихъя” гээд байхаар нь Т бид хоёр тайвшруулаад “ахаа тэр хүмүүс явчихсан” гэж байгаад нэг давхарт үлдээгээд дээшээ караоке руугаа орсон. Миний харснаар бол С ах М ахын нүүрэн хэсэгт гараараа цохиод байсан. Ихэвчлэн гараараа цохисон. Тэгж цохихдоо дандаа толгой нүүр орчим нь цохиод байсан. Миний хамгийн сайн харсан зүйл бол Т ах өвдгөөрөө М ахын шанаанд маш хүчтэй нэг удаа өшиглөсөн. Тэгээд бусад үед нь би салгах гээд явж байсан учраас толгой руу нь гараараа цохиод байх шиг байсан. М ахын амнаас цус гарсан байсан. Тэр цус М ахын доод уруулын дотор талд болсон байсан. Өөр гэмтэл шарх гэх юм харагдаагүй. М ах миний хамгийн сайн харснаар танихгүй ахын толгой руу пивоны шилээр цохисон...” гэсэн мэдүүлэг /1 хх 66-69/,

6. Гэрч Н.Отгонцэцэгийн:

“...Тэгээд тэр өдөр М ах гэр луүгээ явж хувцсаа солиод буцаж ирээд орой 21 цагийн үед “Ц” пабын вип өрөөнд М ах бид 2 нөгөө зодсон гэх Т, М нартай уулзсан. Тухайн үед М, Т нар уучлаарай бид 2 бараг тасарсан юугаа ч санахгүй байна ийм асуудал болно гэж бодоогүй гэж хэлж байсан. Тэгээд тэр хүмүүст М ахын чихний ард талын хөхөрсөн, 1 шүд унасан, 1 шүд гэмтсэн, цээж хэсгээр нь хөндүүрлэж өвдөж байгаа цээжний зураг авахуулна, мөн гэзэг нь тасарсан гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс М ахын хохирлыг барагдуулна хэдэн төгрөг болох вэ гэхэд би эхний ээлжинд шүдний эмчилгээнд 4.000.000 төгрөг болно гэхэд “тэгий, тэгий” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй тэндээсээ бид нар салаад явцгаасан. Тухайн үед М ахын зүүн чихний ард талд хөхөрсөн, зүүн нуруу хэсэг улайж хөхөрсөн, гэзэг хуйхаараа тасарсан, баруун шанаа хөндүүрлэсэн, цээж хөндүүртэй гэж хэлж байсан. Тухайн үед М ах цээжинд хүрэхээр усны долгион шиг мэдрэгдээд хөндүүрлээд байна гэсэн. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр М ахтай бид 2 “**********” эмнэлэгт нүдийг нь үзүүлж, дараа нь ***********1 давхарт байдаг хувийн шүдний эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд дараа нь М ах ганцаараа цээжний зурагаа авахуулсан гэж хэлсэн. Урьд нь М ах 2 удаа нүдний хагалгаанд орж байсан гэсэн. Өөр эмнэлгийн хяналтад байдаг болон архаг хууч өвчний талаар мэдэхгүй байна. М ахын өөрийнх нь данс руу 2020 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 01-нд 1.000.000 төгрөг шилжүүлээд над руу Т залгаад мөнгө шилжүүлсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 98-99/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаартай:

“...Урьд гаргасан шинжээч эмч ********** 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10139 дугаартай дүгнэлт, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1125 дугаартай нэмэлт дүгнэлтэд Л.М-ийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй гэснээс бусад нь үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1270 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2020 оны 12 дугаар сарын 25-ны 19 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

Л.М-ийн биед зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт, зулайн ар дээд хэсгийн үсний халцралт, хуйхны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд учирсан нь тогтоогдсон байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эдгээр гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх 2020 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө үүсгэгдсэн байх боломжтой. Л.М-ийн биед учирсан дээрх зүүн чихний ар хэсэг дэх цус хуралт, зүүн гарын алган дахь зулгаралт, зулайн ар дээд хэсгийн үсний халцралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Л.М-ийн биед учирсан зүүн чихний ар хэсэг дэх цус хуралт, зүүн гарын алган дахь зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар дээрх гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоохгүй. Зулайн ар дээд хэсгийн үсний халцралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Гол судасны хуулрал нь судасны бүтцийн өөрчлөлтөд хүргэдэг цусны даралт ихсэлт, судасны хатуурал, гол судасны цүлхэн зэрэг өвчнүүд, удамшлын шалтгаант өвчнүүд, судасны халдвар, үрэвсэл, судасны багажийн шинжилгээ, мэс засал, гэмтэл зэрэг олон шалтгааны улмаас үүсдэг ба Л.М нь удамшлын шалтгаант Марфани хам шинжтэй байна. Марфаны хам шинж нь фибриллиний генийн гажгийн улмаас зүрх-судас, хөдөлгөөн-тулгуурын эрхтнүүд, нүд зэрэг олон эрхтнүүдэд гарах өөрчлөлт үүсгэдэг холбогч эдийн удамшдаг өвчин бөгөөд эрхтнүүдэд гарах өөрчлөлт, хүндрэлүүд нь янз бүрээр илэрдэг. Марфаны хам шинжийн үед нүдний талаас хүнд хэлбэрийн холын хараагүйдэлт, болорын мултралт, торлогын хуулралт, нүдний даралт ихсэх, болор цайх зүрх судасны талаас хавхлагын зузаарал, дутагдал, гол судасны цүлхэн, хуулрал зэрэг өөрчлөлт, хүндрэлүүдээр илэрнэ. Л.М-т нүдэнд гарсан өөрчлөлт нь болорын мултрал, судаслаг бүрхүүлийн хууралтаар зүрх судасны эрхтэн системд гарсан өөрчлөлт нь болорын мултрал, судаслаг бүрхүүлийн хууралтаар, зүрх судасны эрхтэн системд гарсан өөрчлөлт нь гол судасны өгсөх хэсгийн цүлхэн, цүлхэнгийн хуулралтаар илэрсэн байна. Хавтас хэрэгт авагдсан Л.М-ийн хяналтын картнаас /зөвлөх поликпиникийн/ үзэхэд уг өвчний хамгийн түгээмэл хүндрэл болох нүдний торлог бүрхэвчийн хуулрал, болорын мултрал 2015 оноос оношлогдож, эмчлэгдэж байсан байх ба ШУГТЭ-ийн зүрхний мэс заслын тасгийн 14324 дугаартай өвчний түүхээс үзэхэд энэ өвчний үед илэрдэг түгээмэл хүндрэл болох гол судасны цүлхэнгийн хуулрал нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр оношлогдож, “Дельфин-Эйч” эмнэлэгт хийлгэсэн зүрхний эхо, “Мед травма” эмнэлэгт хийлгэсэн цээжний хөндийн тодосгогчтой КТГ-н шинжилгээ зэргээр баталгаажсан байна. Гол судасны цүлхэн нь аажим, архаг удаан даамжрах явцтай байдаг бөгөөд өвчний түүхэнд зүрх судасны мэс заслын эмч нарын хамтарсан үзлэгээр тавигдсан оношид гол судасны хавхлагын 3-р зэргийн дутагдал, зүрхний хоёр хавтаст хавхлагын 1-р зэргийн дутагдал гэж дурдагдсан, мөн жижүүр эмч болон эмчлэгч эмчийн үзлэгийн тэмдэглэлд чагналтаар зүрхний агших үеийн шуугианыг буюу гол судасны өгсөх хэсгийн тэлэгдлийн үр дагавар болох гол судасны болон хоёр хавтаст хавхлагын дутагдлыг илрүүлсэн нь гол судасны өгсөх хэсгийн цүлхэн нь олон жилийн өмнө үүссэн, архаг удаан даамжрах явцтай байсныг гэрчилж байна. Харин гол судасны өгсөх хэсгийн цүлхэнгийн хуулрал үүсэхэд биеийн ачаалал, доргилт зэрэг нь нөлөөлж болох боловч хэрэг болсон гэх 2020 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө цээжин хэсэгт цохисон, өшиглөсөн нь нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй болно. Иймд гэмтлийн зэрэг тогтоохгүй. Л.М нь 2015 оны 11 дүгээр сарын 05-нд уурган бүрхүүлийг бүслүүрдэх мэс засал хийлгэсэн байх ба энэ үед зүрх судасны талаас гарсан өөрчлөлтүүд нь оношлогдоогүй байх бөгөөд энэ нь 2020 оны 09 дүгээр сарын 02-нд оношлогдсон байна...” гэсэн шинжээч нарын дүгнэлт /2 хх 64-74/,

 

8. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1270 дугаартай:

“...Л.М-ийн биед зүүн чихний ард цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт, зулайн ар дээд хэсэгт 3х2см талбайд үс зулгаагдаж унасан, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Л.М нь Марфаны хам шинж буюу нүд, тулгуур хөдөлгөөн зүрх судасны эрхтэн системийн эмгэг үүсгэдэг удамшлын холбогч эдийн өвтэй байна. Уг өвчний хамгийн түгээмэл хүндрэл нь нүдний торлог бүрхэвчийн хуулрал юм. Л.М-ийн гол судасны өгсөх хэсгийн цүлхэнгийн хуурал нь дээрх өвчний хүндрэлийн улмаас үүссэн байх боломжтой. Л.М нь урьд гол судасны өгсөх хэсгийн цүлхэнтэй байсан ба гол судасны өгсөх хэсгийн цүлхэнгийн хуулрал нь яг хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /1 хх 145-150/,

9. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээч нарын:

“...Л.Мийн биед зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт, зулайн ар дээд хэсэгт хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцарч унасан гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бур нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, зулайн ар дээд хэсэгт хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцарч унасан гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. Марфан хам шинжийн “гол судасны өгсөх хэсгийн цүлхэн хуулрал” нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. Марфан хам шинжийн үед үүсдэг “Гол судасны өгсөх хэсгийн цүлхэн хуулрал” нь удамшлын шалтгаантай төрөлхийн өвчин болно. Өвчний түүхээс үзэхэд гол судасны цүлхэнгийн хуулрал нь 2020 оны 09 дүгээр сарын 02-нд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1 хх 162-165/,

10. Шастины нэрэмжит улсын гурав дугаар төв эмнэлгийн шинжээчийн:

“...Гол судасны цүлхэн дараах шалтгаантай: Дегенератив өөрчлөлт- Судас хатууруулах хүчин зүйлстэй хамааралтай, өндөр настанд илүүтэй тохиолдоно. Удамшлын өвчин-Марфаны хам шинж, Элерс-Данлосын хам шинж, Тернерийн хам шинж зэрэг өвчний үед тохиолдож болно. Цээжний хөндийн битүү гэмтэл, Халдварын ба үрэвслийн шалтгаант гол судасны үрэвсэл гэх зэргээс шалтгаантай.

Гол судасны хуулрал дараах шалтгаантай: Гол судасны хатуурал дегератив өөрчлөлт, гол судасны цүлхэн, гол судасны халдвар, гол судасны төрөлхийн гажиг, удамшлын өвчин, артерийн даралтын хэлбэлзэл, хавдрын үсэрхийлэл, мэс засал, цээжний хөндийн битүү гэмтлээс шалтгаантай...” гэсэн дүгнэлт /2 хх 78-81/,

11. Жижүүр эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 192/, “Сүн Чон Хян Сөүл” эмнэлгийн хариу бичиг /1 хх 209-211/, Эмнэлгээс гарах үеийн дүгнэлт /1 хх 225-226/,

12. Шүүгдэгч Ш.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /2 хх 248/, хохирлын мөнгө төлсөн баримт /2 хх 173, 246/, Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1 хх 9/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10-14/,

13. Зүрхний эмчийн үзлэг /1 хх 15-20/, Л.Мийн мэдүүлэг /1 хх 28-29, 43-47/, гэрч Ж.Эрдэнэсүрэнгийн мэдүүлэг /1 хх 33-34/, гэрч Ц.Зоригдаваагийн мэдүүлэг /1 хх 35-37/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ш.М-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Ш.М нь хохирогч Л.Мийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 8.690.450 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс 3.000.000 төгрөг нь өмгөөлөгчийн хөлс, үлдсэн 5.690.450 төгрөг нь хохирогч Л.Мийн ажилгүй байсан 1 жилийн хугацааны цалин түүнтэй адилтгах орлого” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Энэ гэмт хэргийг шүүгдэгч Ш.М үйлдсэн гэдэг нь хангалттай тогтоогдоогүй. Хохирогчийн гэзэг тасарснаас болж яг ямар эмчилгээ хийлгэсэн юм бэ? нэхэмжлээд байгаа хохирол нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Ш.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Мы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ш.М нь: 2020 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.М-ийг зодож биед нь халдаж түүний эрүүл мэндэд нь зулайн ар дээд хэсгийн халцралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Л.М-ийн “...3 номерын өрөөнөөс намхан тод хөмсөгтэй, дээгүүрээ саарал билүү ногоон билүү хүрэмтэй залуу гарч ирээд текнээс баруун тийшээ явахаар нь түүнд хандан “нойл” бие засах газар наана чинь байдаггүй юм гэж хэлсэн. Тэгсэн чинь хариу хэлэхгүй яваад өгсөн. Тэр залуу ажилчдын нойл руу дураараа яваад орчихсон. Удалгүй гарч ирсэн, тэр залуу гарч ирэнгүүтээ намайг “чи ямар том дуутай пизда вэ” гэж хэлээд баруун гараараа гэзэгнээс татаж толгой доошоо дарж байгаад шилэн хүзүүнээс чирээд өрөө рүүгээ авч орох гээд байсан. Тэр үед би түүнийг эсэргүүцэж гарыг түлхэж холдуулаад өндийж босоход тэр өтгөн хөмсөгтэй залуу баруун гараараа цээжин тус газар нэг удаа хүчтэй цохисон.

Намайг өрөөнд чирч оруулаад зодсон. ...ямар ч байсан баруун зүүн хавирга, нуруу, хэвлий, цээж, толгой, нүүрэнд хөлөөрөө нийлээд олон удаа өшиглөж цохисон, энэ үед бармен охин ирээд тэднийг надаас холдуулах гээд байсан. ...М хажууд сууж байсан хэвээрээ миний зүүн чихнээс татаж өндийлгөж байгаад чихний ар хэсэгт, баруун гараараа нэг удаа, мөн зүүн гараараа цээж рүү савж 2-3 удаа цохисон. ...М коридорт байх үед гэзэгнээс зулгааж гэзэг тасалсан, баруун гараараа цээж рүү нэг удаа цохисон. Нүдний шилтэй залуу намайг өрөөнд чирч оруулах үед ирээд нэг хоёр цохих шиг болсон, өөрөөр цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 44-47/,

- Гэрч Ц.Т-ийн “...М түрүүлж гараад өрөөнд Э бид 2 сууж байгаад араас нь гарахад караокены текний хажууд М танихгүй 30 орчим насны халамцуу өндөр залуутай хоорондоо заамдалцаад зууралдаад зогсож байсан. Бид тэр залуутай зууралдаад буцаад сууж байсан өрөөнд орсон. Уг залуутай М харилцан бие биенийгээ цохисон. Уг залуу ширээн дээр байсан архины шил аваад цохих гээд далайгаад дайрахаар нь би тэр залууг араас нь тэвэрч аваад буйдан дээр өргөж унагаасан. ...Би тухайн үед бужигнаж байхад нь уг залуугийн толгой руу нь 1-2 удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 52-54/,

- Гэрч Л.Э-ы “...Хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь сэртэл манай өрөөнд танихгүй залуу орж ирээд М, Т хоёрын аль нэгтэй зууралдаад чанга, чанга орилоод маргалдсан. ...Тэр залуу ширээн дээр байсан архины шил аваад далайхаар нь би уг залуугаас шилийг нь булааж авсан. Дахиад тэд нар хэсэг зууралдаж байгаад салаад буйдан дээр сууцгаасан...” гэсэн мэдүүлэг /1 хх 55-56/,

- Насанд хүрээгүй гэрч Ч.З-ын “...М ах текин дээр зогсчихсон, 3 номерын өрөөнд үйлчлүүлж байсан нэг ах өрөөнөөсөө гараад ирчихсэн байсан. М ах тэр эрэгтэйн араас “00 наана чинь биш” гэж орилж байсан. Нөгөө үйлчлүүлж байсан жижигхэн биетэй ах М ахыг харчхаад “зүгээр биз дээ” гэсэн чинь М ах тэр эрэгтэй рүү тулж очоод “чи өөрөө зүгээр биз дээ” гэсэн. Тэр намхан биетэй эрэгтэй ах надад хандаж “чи намайг гаргаад өг” гэхээр нь би тэр ахыг гадаа гаргаж өгсөн. Гаргаж өгөх замд тэр ах надаас “энэ ямар учиртай хүн юм бэ, согтуу хүн орж ирчхээд та нар руу дайраад байгаа юм биш биз дээ” гэхээр нь би “үгүй ээ ахаа, манай доод талын пабын ажилчин байгаа юм” гэж хэлсэн. Би тэр ахыг гаргаж өгчхөөд буцаад орж ирэхэд М ах бармен Н-тай юм яриад зогсож байхаар нь би М ахад “та энэ хүмүүстэй битгий муухай харьцаарай” гэсэн чинь М ах “би ийм хүмүүсээс айхгүй шүү дээ” гэсэн. Би 00 орох гээд явж байсан чинь миний гаргаж өгсөн ах буцаад ороод ирсэн бөгөөд өрөө рүүгээ орох гээд явж байтал М ах нөгөө эрэгтэйн араас “чи яасан зүгээр биз дээ” гэсэн чинь тэр эрэгтэй “би чиний дүү биш, яаж харьцаад байгаа юм” гээд тэр 2 барьцалдаж авсан. Тэгээд бие биенээ хананд шахаад чанга чанга дуугаар хэрэлдэж байсан чинь 3 номерын өрөөнд байсан, нөгөө намхан биетэй эрэгтэйтэй хамт явсан 2 эрэгтэй нь гарч ирэхээр нь ...буцаагаад өрөөнд нь оруулсан бөгөөд намхан биетэй эрэгтэй М ахыг 2-3 удаа цохиж байсан. ...Тэгээд удалгүй тарцгаасан бөгөөд М ах араас нь хутга барьж гарах гээд байхаар нь би болиулж цэвэрлэгээгээ хийсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 57-58/,

- Гэрч Б.Н-ын: “...С ах ганцаараа гарч ирээд манай караокены ажилчдын ариун цэврийн өрөө орох гэж байхад нь М ах, С ахад хөөе ариун цэврийн өрөө тийшээ гэж хэлсэн чинь С ах М ах руу бага зэрэг муухай хараад ажилчдын ариун цэврийн өрөө орсон. Тэгээд удалгүй С ах ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд М ах руу хандан “чи зүгээр биз” гэсэн чинь М ах өөдөөс нь “зүгээр яасан” гэж хариулсан. Тэр үед С ах ямар хариу хэлэлгүй манай караокены гараад явах шиг болсон. Тэр үед би ариун цэврийн өрөө ороод удаагүй байтал Т хүрч ирээд ариун цэврийн өрөөний хаалга аймаар нүдээд байхаар нь би тайлаад “яасан бэ” гэсэн чинь Т надад “С ах, М ах хоёр зодолдоод байна аниа хурдлаарай” гэхээр нь ариун цэврийн өрөөнөөс гартал текний орчим ямар нэгэн хүн байхгүй, харин текин дээр М ахын гэзэг нь тасарчихсан байсан.

 Тэгсэн чинь С ах, Т ах, нөгөө танихгүй ах гурав М ахыг анх орсон 3 дугаарын өрөөнд оруулчихсан байхаар нь би очоод хартал “өрөөний хаалгаар оронгуут өөдөөс харсан буйдан дээр М ахын доод уруулын дотор хэсэгт цус болсон байдалтай хоёр гараараа элгээ тэврээд сууж байсан.

М ахыг аваад гарах гэсэн чинь М ах өөрөө сууж байсан газраасаа зүгээр босч ирээд гэнэт хажуудаа сууж байсан танихгүй ахын толгой орчим хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй нэг пивоны шилээр нэг удаа цохисон. ...М ах зүв зүгээр караокед тэд нарыг “за баяртай ах нар” гэж хэлээд үлдсэн хүн Ц төвийн подвалд байдаг авто машин угаалгын газраас явган шатаар дээш нэг давхар луу гартаа жижигхэн хутга барьчихсан гараад ирсэн. Тэгээд М ах нөгөө гурван хүнтэй “одоо уулзъя, одоо уулзчихъя” гээд байхаар нь Т бид хоёр тайвшруулаад “ахаа тэр хүмүүс явчихсан” гэж байгаад нэг давхарт үлдээгээд дээшээ караоке руугаа орсон. Миний харснаар бол С ах М ахын нүүрэн хэсэгт гараараа цохиод байсан. Ихэвчлэн гараараа цохисон.

М ахын амнаас цус гарсан байсан. Тэр цус М ахын доод уруулын дотор талд болсон байсан. Өөр гэмтэл шарх гэх юм харагдаагүй. М ах миний хамгийн сайн харснаар танихгүй ахын толгой руу пивоны шилээр цохисон...” гэсэн мэдүүлэг /1 хх 66-69/,

- Гэрч Н.Отгонцэцэгийн: “...Тухайн үед М, Т нар уучлаарай бид 2 бараг тасарсан юугаа ч санахгүй байна ийм асуудал болно гэж бодоогүй гэж хэлж байсан. Тэгээд тэр хүмүүст М ахын чихний ард талын хөхөрсөн, 1 шүд унасан, 1 шүд гэмтсэн, цээж хэсгээр нь хөндүүрлэж өвдөж байгаа цээжний зураг авахуулна, мөн гэзэг нь тасарсан гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс М ахын хохирлыг барагдуулна хэдэн төгрөг болох вэ гэхэд би эхний ээлжинд шүдний эмчилгээнд 4.000.000 төгрөг болно гэхэд “тэгий, тэгий” гэж хэлж байсан. ...М ахын өөрийнх нь данс руу 2020 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 01-нд 1.000.000 төгрөг шилжүүлээд над руу Т залгаад мөнгө шилжүүлсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 98-99/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 362 дугаартай: “...Урьд гаргасан шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10139 дугаартай дүгнэлт, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1125 дугаартай нэмэлт дүгнэлтэд “Л.Мийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй гэснээс бусад нь үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1270 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2020 оны 12 дугаар сарын 25-ны 19 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

Л.Мийн биед зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт, зулайн ар дээд хэсгийн үсний халцралт, хуйхны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд учирсан нь тогтоогдсон байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эдгээр гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх 2020 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө үүсгэгдсэн байх боломжтой. Л.Мийн биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Л.Мийн биед учирсан зүүн чихний ар хэсэг дэх цус хуралт, зүүн гарын алган дахь зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар дээрх гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоохгүй. Зулайн ар дээд хэсгийн үсний халцралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Гол судасны хуулрал нь судасны бүтцийн өөрчлөлтөд хүргэдэг цусны даралт ихсэлт, судасны хатуурал, гол судасны цүлхэн зэрэг өвчнүүд, удамшлын шалтгаант өвчнүүд, судасны халдвар, үрэвсэл, судасны багажийн шинжилгээ, мэс засал, гэмтэл зэрэг олон шалтгааны улмаас үүсдэг ба Л.М нь удамшлын шалтгаант Марфани хам шинжтэй байна. Марфаны хам шинж нь фибриллиний генийн гажгийн улмаас зүрх-судас, хөдөлгөөн-тулгуурын эрхтнүүд, нүд зэрэг олон эрхтнүүдэд гарах өөрчлөлт үүсгэдэг холбогч эдийн удамшдаг өвчин бөгөөд эрхтнүүдэд гарах өөрчлөлт, хүндрэлүүд нь янз бүрээр илэрдэг. Марфаны хам шинжийн үед нүдний талаас хүнд хэлбэрийн холын хараагүйдэлт, болорын мултралт, торлогын хуулралт, нүдний даралт ихсэх, болор цайх зүрх судасны талаас хавхлагын зузаарал, дутагдал, гол судасны цүлхэн, хуулрал зэрэг өөрчлөлт, хүндрэлүүдээр илэрнэ. Л.М-т нүдэнд гарсан өөрчлөлт нь болорын мултрал, судаслаг бүрхүүлийн хууралтаар зүрх судасны эрхтэн системд гарсан өөрчлөлт нь гол судасны өгсөх хэсгийн цүлхэн, цүлхэнгийн хуулралтаар илэрсэн байна. Хавтас хэрэгт авагдсан Л.М-ийн хяналтын картнаас /зөвлөх поликпиникийн/ үзэхэд уг өвчний хамгийн түгээмэл хүндрэл болох нүдний торлог бүрхэвчийн хуулрал, болорын мултрал 2015 оноос оношлогдож, эмчлэгдэж байсан байх ба ШУГТЭ-ийн зүрхний мэс заслын тасгийн 14324 дугаартай өвчний түүхээс үзэхэд энэ өвчний үед илэрдэг түгээмэл хүндрэл болох гол судасны цүлхэнгийн хуулрал нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр оношлогдож “Дельфин-Эйч” эмнэлэгт хийлгэсэн зүрхний эхо, “Мед травма” эмнэлэгт хийлгэсэн цээжний хөндийн тодосгогчтой КТГ-н шинжилгээ зэргээр баталгаажсан байна. Гол судасны цүлхэн нь аажим, архаг удаан даамжрах явцтай байдаг бөгөөд өвчний түүхэнд зүрх судасны мэс заслын эмч нарын хамтарсан үзлэгээр тавигдсан оношид гол судасны хавхлагын 3-р зэргийн дутагдал, зүрхний хоёр хавтаст хавхлагын 1-р зэргийн дутагдал гэж дурдагдсан, мөн жижүүр эмч болон эмчлэгч эмчийн үзлэгийн тэмдэглэлд чагналтаар зүрхний агших үеийн шуугианыг буюу гол судасны өгсөх хэсгийн тэлэгдлийн үр дагавар болох гол судасны болон хоёр хавтаст хавхлагын дутагдлыг илрүүлсэн нь гол судасны өгсөх хэсгийн цүлхэн нь олон жилийн өмнө үүссэн, архаг удаан даамжрах явцтай байсныг гэрчилж байна. Харин гол судасны өгсөх хэсгийн цүлхэнгийн хуулрал үүсэхэд биеийн ачаалал, доргилт зэрэг нь нөлөөлж болох боловч хэрэг болсон гэх 2020 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө цээжин хэсэгт цохисон, өшиглөсөн нь нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй. Иймд гэмтлийн зэрэг тогтоохгүй. Л.М нь 2015 оны 11 дүгээр сарын 05-нд уурган бүрхүүлийг бүслүүрдэх мэс засал хийлгэсэн байх ба энэ үед зүрх судасны талаас гарсан өөрчлөлтүүд нь оношлогдоогүй байх бөгөөд энэ нь 2020 оны 09 дүгээр сарын 02-нд оношлогдсон байна...” гэсэн шинжээч нарын дүгнэлт /2 хх 64-74/,

- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1270 дугаартай: “...Л.М-ийн биед зүүн чихний ард цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт, зулайн ар дээд хэсэгт 3х2см талбайд үс зулгаагдаж унасан, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Л.М нь Марфаны хам шинж буюу нүд, тулгуур хөдөлгөөн зүрх судасны эрхтэн системийн эмгэг үүсгэдэг удамшлын холбогч эдийн өвчтэй байна. Уг өвчний хамгийн түгээмэл хүндрэл нь нүдний торлог бүрхэвчийн хуулрал юм. Л.Мийн гол судасны өгсөх хэсгийн цүлхэнгийн хуурал нь дээрх өвчний хүндрэлийн улмаас үүссэн байх боломжтой. Л.М нь урьд гол судасны өгсөх хэсгийн цүлхэнтэй байсан, гол судасны өгсөх хэсгийн цүлхэнгийн хуулрал нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. ...” гэсэн дүгнэлт /1 хх 145-150/,

- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээч нарын: “...Л.М-ийн биед зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт, зулайн ар дээд хэсэгт хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцарч унасан гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, зулайн ар дээд хэсэгт хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцарч унасан гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. Марфан хам шинжийн “гол судасны өгсөх хэсгийн цүлхэн хуулрал” нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. Марфан хам шинжийн үед үүсдэг “Гол судасны өгсөх хэсгийн цүлхэн хуулрал” нь удамшлын шалтгаантай төрөлхийн өвчин болно. Өвчний түүхээс үзэхэд гол судасны цүлхэнгийн хуулрал нь 2020 оны 09 дүгээр сарын 02-нд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1 хх 162-165/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Ш.М нь “би хохирогчийн гэзгийг таслаагүй, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулаагүй” гэж гэм буруугийн талаар маргасныг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ш.М хохирогч Л.М нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, шүүгдэгч Ш.М хохирогчийг үг хэлээр доромжлон түүний биед цохих, караокены өрөө рүү авч орох гэж ноцолдох, гэзэгнээс зулгааж таслах зэргээр халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт байх бөгөөд хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь хэргийн газарт байсан гэрчүүдийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлтүүд зэргээр давхар тогтоогдсон, эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Иймд хохирогч Л.М-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ш.М-ы үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хохирогчид гэмтэл учруулаагүй гэх мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтаар үгүйсгэгдсэн тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн хохирогч Л.М нь “шүүгдэгч Ш.М түүний найз Ц.Т нарт зодуулж гэмтэл авсны улмаас бүтэн жил эмнэлгээр явж байна, намайг эрүүл саруул болгож өгнө үү” гэж маргах боловч шинжээчдийн удаа дараагийн дүгнэлтээр шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд 2020 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө зүүн чихний ар хэсэг дэх цус хуралт, зүүн гарын алган дахь зулгаралт, зулайн ар дээд хэсгийн үсний халцралт, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн.

Харин шинжээчдийн дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дурдсан хохирогчид тогтоогдсон Марфан хам шинжийн “гол судасны өгсөх хэсгийн цүлхэн хуулрал” нь удамшлын шалтгаантай төрөлхийн өвчин байх ба, өвчний түүхээс нь үзэхэд уг өвчин нь 2020 оны 09 дүгээр сарын 02-нд үүссэн байх боломжтой байх тул уг өвчнийг шүүгдэгчийн үйлдэлтэй хамааруулан үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Нөгөө талаас шинжээчид нь “гол судасны өгсөх хэсгийн цүлхэнгийн хуулрал” үүсэхэд биеийн ачаалал, доргилт зэрэг нь нөлөөлж болох боловч хэрэг болсон гэх 2020 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө цээжин хэсэгт цохисон, өшиглөсөн нь нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн тул энэ талаар гаргасан хохирогчийн санал, гомдлыг үндэслэлгүй гэж үзэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл юм.

Шүүгдэгч Ш.М нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

Харин хохирогч Л.М нь “шүүгдэгч Ш.М найзтайгаа нийлж намайг зодсон” гэж мэдүүлдэг боловч хохирогчид халдсан Ц.Т-ийн үйлдлээс гэмтэл учраагүй байх тул түүнд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байгааг дурдав.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.М-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг, хохирогч Л.М-ийн ажилгүй байсан 1 жилийн хугацааны цалин түүнтэй адилтгах орлого болох 5.690.450 төгрөг, нийт 8.690.450 төгрөгийг нэхэмжилсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед
нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх тул х
охирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлсөнд 3.000.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Түүнчлэн хохирогчийн гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн тухайд хохирогч нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /цаашид “өмгөөллийн хөлс” гэх/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 3.000.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос 867.080 төгрөгийн эмчилгээний төлбөрт зарцуулсан баримтыг гаргаж хэрэгт хавсаргасан бөгөөд шүүгдэгч Ш.М нь 3.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Л.М нь ажилгүй байсан 1 жилийн хугацааны цалин түүнтэй адилтгах орлогыг нэхэмжилсэн бөгөөд түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэлтэй шууд холбоотой гэх баримт хангалттай биш байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.690.450 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Ш.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчин өмгөөлөгч “Шүүгдэгч Ш.М-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар түүнд оногдуулах ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ш.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ш.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Ш.М-ы хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч Ш.М-ыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу түүнд оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005026810464 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 см урт, 0.5 см өргөнөөс нарийсаж сүлжсэн гэзэг үс 1 ширхгийг зохих журмын дагуу устгах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Ш-ийн М-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-ыг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.Мийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үлдэх 5.690.450 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 25 см урт, 0.5 см өргөнөөс нарийсаж сүлжсэн гэзэг үс 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.