Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/0027/Э |
Дугаар | ШЦТ0028 |
Огноо | 2016-06-07 |
Зүйл хэсэг | 216.2., |
Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар ШЦТ0028
Өвөрхангай аймгийн Х сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Улсын яллагч Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч Д.Т
Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Х сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Д.Тд холбогдох эрүүгийн 201515010104 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 39 настай, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Э” продакшиний захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Улаанбатар хот, Б дүүрэг, ... дугаар хороо .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Д.Т /РД:.../
Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч Д.Т нь 2015 оны 07 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Х сумын Г багийн нутагт ...... улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.5.а, 2.5.б, 2.5.в, 2.7.а, 2.7.е, мөн замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч явган хүний зам дээр явсан хохирогч М.У, насанд хүрээгүй хохирогч М.Х нарыг мөргөж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ:
Би 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Х суманд ирсэн. Орой найзтайгаа уулзаад пиво уусан байсан. Орой 23 цагийн үед гэрлүүгээ явж байсан. Надад 1 хүүхэд л харагдсан. Зүгээр үү гэсэн чинь зүгээр гээд би цааш явсан. Миний буруу болсон байна. У- мэдүүлэгт байгаа байх. Би санаатай зугтаагаагүй. Тухайн үед У-с асуугаад гайгүй юу гэхэд зүгээр гэсэн. Би тухайн үед 10 настай хүүхэд олж хараагүй. Жолоочийн курст сурсан. Дүрмээ мэдэж байгаа. Иргэний үүргээ ч мэдэж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч М.У-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2015 оны 07 дугаар сарын 12-ны орой 23:00 цагийн үед төрсөн дүү М.Х-тэй цуг “Баялаг” дэлгүүрийн урд машинд мөргүүлж шидэгдсэн. Тэр үед ухаан санаа орж гараад хэсэг зуур балмагдаад нилээн удсан. Ухаан ороход манай дүү харагдахгүй болохоор дүүгээ хайж яваад засмал замын урд талд байдаг хашааны хажууд ухаангүй хэвтэж байхад нь олсон. Би яахаа мэдэхгүй тусламж гуйн “Баялаг” дэлгүүр орж худалдагч залууд машинд дайруулсан талаараа хэлж тэндээс нэг залууг дагуулж гараад дүүгээ тэврүүлж эмнэлэгт хүргүүлсэн тухайн үед сандраад хаашаа ярихаа мэдэхгүй хүнээс утас гуйж аав руу залгасан. ...Баялаг дэлгүүрийн урд талын явган хүний замаар явж байгаад мөргүүлсэн. ...Би замын баруун талаар Хүслэн зүүн талд зэрэгцээд алхаж байсан. ...Машины дуу гарахаар нь эргэж харахад тод гэрэлтэй машины урд тал нь цагаан өнгөтэй жийп машин Хүслэн бид хоёрыг дайрсан. Өөр содон шинж тэмдэгийг нь харж чадаагүй. ...Эмчилгээний зардал нөхөн төлсөн. Гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/
Хохирогч М.У-н мөрдөн байцаалтын шатанд 2 дах удаагаа мэдүүлсэн:
“...намайг автомашинд дайруулаад босож ирэхэд 2-3 хүн ирээд зүгээр үү гээд байсан. Тэгээд дүү бид хоёрыг эмнэлэг хүргэж өгсөн. Х бид хоёрыг мөргөсөн цагаан өнгийн автомашин байхгүй байсан. ...Эмчилгээний зардал нөхөн төлсөн. Гомдол санал, нэхэмжлэл байхгүй. Шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 172 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...1 500 000 төгрөг бид нараас гарсан цаашид эмчилгээ хийлгэхэд мөнгө хэрэгтэй байна. ...Анх осолд орсоны дараа биеийн байдал нь хүнд байсан эмчилгээ хийлгээд сайжирч байгаач цаашид хэрхэн яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. ...ГССҮТ-д толгойндоо эмчилгээ хийлгэсэн Эх нялхаст хамрын хугарлыг нь янзлуулсан. ...Тухайн бүрт нь эмчилгээ хийлгэх толгойн зураг авахуулсан мөнгийг нөгөө талаас гаргаж өгч байсан. Бусад хэрэглээний мөнгийг гаргаж өгөөгүй. Түүнийг баримтаар гаргаж өгнө хүүхдээ сахиад нэг сарын хугацаанд ажил хийгээгүй энэ хугацаанд ажилгүй байсны цалин хөлсөө баримтаар гаргаж өгнө. ...Цаашид хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож байна. Өнөөдөр гайгүй байгаач маргааш яахыг мэдэхгүй учраас гомдолтой байна. Мөн М.Х-н гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна эмч нар үзээд хүндэвтэр байна гэж байхад шинжээч эмч хөнгөн зэргийн гэмтэл гэж бичсэн байна. Үүнийг дахин гэмтлийн зэрэг тогтоолгох хүсэлт гаргаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/
Гэрч О.Г-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2015 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Х сумын Г багийн нутагт байрлах “Баялаг” хүнсний дэлгүүрийн үүдэнд байж байхад баруунаас зүүн чигт явж байсан автомашин явган хүний зам дээр явж байсан эрэгтэй хүүхдийг дайраад зугтаасан. ...Цагаан өнгийн жийп маркийн автомашин байсан. ...их хурдтай явж байсан. ...замын баруун талд замаас зайтай шидэгдсэн. Хашааны хажууд доошоо харсан байдалтай толгойноос нь цус гарсан ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би машинд мөргүүлсэн хүүхдийг өөрийнхөө машинд суулгаж эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/
Гэрч Г.Д-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2015 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн оройн 23 цаг өнгөрч байхад “Баялаг” дэлгүүрт аав, ээжид туслаад худалдагч хийгээд түр зогсож байхад нэг охин сандарсан байдалтай орж ирээд надад туслаач манай дүүг эмнэлэгт хүргээд өгөөч танай хойд талын зам дээр машинд мөргүүлсэн гэсэн би дэлгүүрээ хааж байсан болохоор цуг байсан найз Энхбатыг чи эмнэлэг хүргээд өгчих би дэлгүүрээ хараад байж байя гээд тэр охины хамт найзыгаа явуулсан. Манай найз 10 гаруй минутын дараа эргэж ирсэн. Тэр хүүхдийг ухаангүй ямар ч байсан амьд байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/
Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2015 оны 07 дугаар сарын 12-ны орой Х сум Г багийн нутагт Баялаг дэлгүүрийн урд хүүхэд машинд дайруулсан байна гэх дуудлага ирсэн. Би шуурхай томилгоотой байсан. 24 цагаас хойш Х сумын төв болон гэр хорооллоор эргүүл хийж тээврийн хэрэгсэл шалгаж эхэлсэн. Хэргийн газраас куперийн хагархай хэсэг олдсон гэсний дагуу цагаан өнгийн машиныг шалгаж байгаад 2015.07.13-ны өдрийн 14 цагт Х сум Шунхлай шатхуун түгээх станцын урд засмал дээр цагаан өнгийн Ланд-200 маркийн машин явж байхаар нь зогсоож шалгахад Д.Т эхнэр хүүхдийнхээ хамт явж байсан ба машины жолооч талын урд купер доод хэсгээрээ хагарсан байсан. Ингээд өөрөөс нь асууж хэргийн газраас олдсон цагаан өнгийн хагархай хэсгийг машины куперийн хагархайд нааж үзхэд таарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/
Шинжээч М.О-ыг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...М.Х-н биед учирсан гэмтэл хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хүнд зэргийн гэмтэл тогтоох шалгуур болох Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т амь насанд аюултай гэмтэл 2.2.2 амь тэнссэн байдал, 2.2.3 гэмтлээс үүссэн үлдэц уршиг 2.2.4 ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100/ хувь тогтонги алдагдсан шинжүүд илэрсэн зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 221 дүгээр хуудас/
Шинжээч М.Э-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Үзүүлэгч М.Х-н биед амь тэнссэн байдал тогтоогдсон зүйлгүй. Амь тэнссэн гэдэг нь ердийн байдал хугацаагаар үхэлд хүргэх шинжийг хэлж байгаа юм. М.Хүслэнгийн биед учирсан гэмтэл нь ердийн хугацаагаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтэл, тус гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Иймд тархинд зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт үүссэн үед шууд хүнд зэрэгт орно гэж ойлгож болохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 224 дүгээр хуудас/
Шинжээч Ш.З-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл. Үүнд: тархины хүнд зэргийн цус харвалт, тархины эсийн уралт, сэртэнгийн гэмтэл, хатуу хальсны дээрхи, доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл хүнд зэрэгт ордог. Амь тэнссэн гэдэг нь ердийн хугацаагаар үхэлд хүргэхийг хэлж байгаа юм. Хүслэнд амь тэнссэн байдал илэрсэн зүйл байхгүй. Ердийн хугацаагаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлүүд тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлтээ гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 226-227 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №10366 тоот актын:
“... 1. Уянгын биед тархи доргилт, баруун зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 74-78 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №974 тоот шинжээчийн дүгнэлтийн:
“... 1. Уянгын биед тархи доргилт, баруун зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, өшиглөгдөх, мөргөгдөх үед үүсгэгдэх боломжтой .
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
5. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын үзлэгийн №10366 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 114-115 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №10365 тоот шинжээчийн дүгнэлтийн:
“... 1. Хү-н биед тархи доргилт, хатуу бүрхүүлийн доор цус, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, хамар ясны хугарал, хуйханд шарх, 2 зовхинд цус хуралт, зүүн зовхи, хацар, дух, чамархай, хамар, уруулын дээр, нуруу, 2 өвдөг, зүүн сарвуунд зулгаралт, зүүн тохойд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 82 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №3338 тоот шинжээчийн дүгнэлтийн:
“... 1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн будагтай замаск мэт зүйл нь Land 200 маркийн .... маркийн автомашины урд бамбайн баруун булан хэсгийн хагархайтай хэсгээс хагарч унасан эд зүйл мөн байна ...” гэх дүгнэлт, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 98-101 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №975 тоот шинжээчийн дүгнэлтийн:
“... 1. Хүслэнгийн биед тархи доргилт, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу бүрхүүлийн доорх баг хэмжээний цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, хамар ясны хугарал, хуйханд шарх, 2 нүдний зовхинд цус хуралт, зүүн зовхи, хацар, дух чамархай, хамар, уруул, нуруу, 2 нүдний зовхинд цус хуралт, зүүн зовхи, хацар, дух, чамархай, хамар, уруул, нуруу, 2 өвдөг, зүүн сарвуунд зулгаралт, зүүн тохойд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Урьд гаргасан шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10365 тоот дүгнэлтийн 4-р заалтаас бусад нь үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 107-108 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
Цагдаагийн ахлагч Ж.Цэрэнбаатар, ахлах ахлагч Ж.Мягмарсүрэн, ахлах ахлагч И.Бадрахзул, Ц.Атарчулуун, ахлах ахлагч Р.Батжаргал, ахлах ахлагч А.Бямбадорж, ахлах ахлагч Т.Болдхуяг нарын илтгэх хуудас /хх-ийн 13-19 дүгээр хуудас/
Зам тээврийн ослын газар тогтоосон акт /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
Машинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-31 дүгээр хуудас/
Ослын дүгнэлт гаргуулах тухай тогтоол /хх-ийн 173 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол /хх-ийн 48-49 дүгээр хуудас/
Үнэлгээ танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол /хх-ийн 62 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл/хх-ийн 79 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.Тийн оршин суугаа газрын талаархи Баянгол дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 146 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Тийн ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 230 дугаар хуудас/
Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 54-58 дугаар хуудас/
Мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 159-160 дугаар хуудас/
Эвлэрсэн тухай хэлцэл /хх-ийн 161 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Д.Т нь 2015 оны 07 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Х сумын Г багийн нутагт ....... улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.5.а, 2.5.б, 2.5.в, 2.7.а, 2.7.е, мөн замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч явган хүний зам дээр явсан хохирогч М.У, насанд хүрээгүй хохирогч М.Х нарыг мөргөж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч М.У, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 63, 172, 52 дугаар хуудас/, гэрч О.Г, Г.Д, Л.Б нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67, 68, 72 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №10366 тоот актын: 1. Уянгын биед тархи доргилт, баруун зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 74-78 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №3338 тоот шинжээчийн дүгнэлтийн: 1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн будагтай замаск мэт зүйл нь Land 200 маркийн ....... маркийн автомашины урд бамбайн баруун булан хэсгийн хагархайтай хэсгээс хагарч унасан эд зүйл мөн байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 98 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №10365 тоот шинжээчийн дүгнэлтийн: 1. Хүслэнгийн биед тархи доргилт, хатуу бүрхүүлийн доор цус, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, хамар ясны хугарал, хуйханд шарх, 2 зовхинд цус хуралт, зүүн зовхи, хацар, дух, чамархай, хамар, уруулын дээр, нуруу, 2 өвдөг, зүүн сарвуунд зулгаралт, зүүн тохойд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 82 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №974 тоот шинжээчийн дүгнэлтийн: 1. Уянгын биед тархи доргилт, баруун зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, өшиглөгдөх, мөргөгдөх үед үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын үзлэгийн №10366 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 114-115 дугаар хуудас/, Зам тээврийн ослын газар тогтоосон акт /хх-ийн 21-23 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би ослын газрыг санаатай орхиж зугтаагаагүй, хохирогч Уянгаагаас зүгээр үү гэж асуухад зүгээр гэсэн тэгэхээр нь явсан. Холбогдох байгууллагад мэдэгдээгүй нь миний буруу. Иймд хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 болгон хөнгөрүүлж, шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн боловч гэрч О.Г"-н “...2015 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Х сумын Ганган-Орхон багийн нутагт байрлах “Баялаг” хүнсний дэлгүүрийн үүдэнд байж байхад баруунаас зүүн чигт явж байсан автомашин явган хүний зам дээр явж байсан эрэгтэй хүүхдийг дайраад зугтаасан...”, хохирогч М.У-н “...Намайг сэрэхэд хажууд хүн байгаагүй..”, “...мөргөсөн жолооч миний биеийг асуусан талаар мэдэхгүй...”, “...Дайруулаад босоод ирэхэд 2-3 хүн ирээд зүгээр үү гээд байсан. ...Х бид хоёрыг мөргөсөн шар цагаан өнгийн туяатай гэрэлтэй машин байгаагүй...” гэсэн мэдүүлгүүд болон осол гаргасан авто машиныг эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн цагдаагийн илтгэх хуудсууд зэргээс үзэхэд зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэг хөнгөн гэмт хэрэг биш бөгөөд хүндэвтэр гэмт хэрэг учир хуульд зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрэх боломжгүй юм.
Шүүх дээр шинжлэн судалсан баримтуудыг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, шинжээчийн дүгнэлтүүд нь үндэслэлтэй гарсан, шүүгдэгч Д.Т нь гэм буруутай, Х сум дахь прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Иймд Б овогтой Д.Тийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хохирогч М.У, насанд хүрээгүй хохирогч М.Х нарыг мөргөж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:
Хохирогч М.У, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С нь “...Д.Т нь бид нарт учруулсан гэмт хэргийн хохирлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн тул шүүгдэгч Д.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Тд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний зардлыг сайн дураараа төлсөн нөхцөл байдал нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Хохирогч М.У, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн тул шүүх хуралд суухгүй оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул хохирогч М.У, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Снарыг байхгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэгтэй CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, цагаан шохойтой цагаан өнгийн машины гуперийн хагархай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Д.Тийн “В” ангилалын 221603 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгчид буцаан өгөхийг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогтой Д.Т-ийг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Д.Тийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Тд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж, цагаан шохойтой цагаан өнгийн машины гуперийн хагархай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Д.Тийн “В” ангилалын 221603 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Тд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээри зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Д.Тд оногдуулсан 1 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Тд тогтоол биелүүлэх хүртэл урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА