Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0435

 

“И.Э..” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А

Нэхэмжлэгч: “И.Э..” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “С..” Сууц өмчлөгчдийн холбоо

Нэхэмжлэлийн шаардлага: “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 307 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Х, түүний өмгөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0704/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И.Э..” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 307 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 39.1.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “И.Э..” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс болох нийт 650,000 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцуулсан болохыг дурдаж...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Анхан шатны шүүхээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр сунгахаас татгалзсан хариуцагчийн үндэслэлийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагуудын шийдвэр нь хуульд нийцсэн, үндэслэлтэй байх шаардлагатай бөгөөд шүүх захиргааны байгууллага шийдвэр нь үндэслэлтэй, хуульд нийцсэн эсэхийг зайлшгүй тогтоох ёстой болохоос шийдвэр гаргах үндэслэлийг буруутгах боломжтой, боломжгүйг дүгнэх ёсгүй.

 

3.2. Өөрөөр хэлбэл шүүхээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас манай байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг эс зөвшөөрсөн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, бодит нөхцөл байдлыг тогтоосон эсэхийг тодруулж дүгнэлт хийх ёстой байтал дээрх асуудалд огт дүгнэлт хийгээгүй хэрнээ, хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны шийдвэрийн үндэслэлийг буруутгах боломжтой, боломжгүй гэж дүгнэн, хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. 

 

3.3. Анхан шатны шүүхээс “... “Н.к..” ХХК нь 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 376/2011 дугаар техникийн нөхцөлийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас олгосны дагуу Тарвилан хотхоны гадна цахилгаан хангамжийн зориулалт бүхий ХТП-3369 дэд өртөө баригдсан нь одоо “УБЦТС” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй бөгөөд автомашины зогсоол бүхий авто замтай нийлээд 1365.98 м.кв талбай нь нэхэмжлэгчийн ашиглалтын талбайтай давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон...” гэж нэхэмжлэгч “И.Э..” ХХК-ийн эзэмшил газрын 1365.98 м.кв талбайд зөвшөөрөлгүйгээр “Н.к..” ХХК-ийн авто зогсоол, авто зам, мөн тэдний хүсэлтээр цахилгаан хангамжийн өртөө баригдсан үйл баримтыг тогтоон дүгнэсэн хэрнээ нэхэмжлэгч нь дээрх асуудлаар шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж маргаагүй байх тул “Н.к..” ХХК-ийн хууль бус нөлөөллөөс газраа хүндэтгэн шалтгаанаар ашиглаж чадаагүй гэх үндэслэлгүй...” гэж бодит байдлыг зөрүүтэй дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

3.4. Учир нь бидний зүгээс “Н.к..” ХХК-ийн дээрх хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор 3 жилийн турш холбогдох байгууллагуудад гомдол гаргасан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас манай байгууллагын гаргасан гомдлыг шийдвэрлэж, “Н.к..” ХХК нь 133014/0073, 133014/0072 нэгж талбар бүхий эзэмшил газраа хэтрүүлэн барилга барьсан, нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан зөрчил гаргасан тул газар чөлөөлөх арга хэмжээ авхуулахаар 1808 дугаартай албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн байдаг.

 

3.5. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг .. бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн газраа ашиглаж чадаагүй нөхцөл байдал нь “Н.к..” ХХК-ийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой учир хүндэтгэн үзэх шалтгаан мөн юм.

 

3.6. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “И.Э..” ХХК нь эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байгаа шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эсэх нэг асуудлыг хоёрдмол агуулгатай, зөрүүтэй дүгнэж, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

3.7. ...анхан шатны шүүх хариуцагч нийслэлийн Засаг даргын үйлдэл, эс үйлдлийн аль алиныг гаргаагүй гэж эрх зүйн маргаанд ойлгомжгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчийг илтэд хохироосон. Энэхүү шүүхийн шийдвэрийг жишиг болговол цаашид Нийслэлийн Засаг дарга нь ямар ч асуудалд өөрийн биеэр хариулт өгөлгүйгээр бусад харьяа агентлагаар дамжуулж хариулт өгсөн тохиолдолд Нийслэлийн Засаг даргыг шүүх эрх Захиргааны шүүхэд байхгүй болохоор байна.

 

3.8. Нэхэмжлэгч “И.Э..” ХХК нь газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор орон сууцны Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулсан, орон сууцны суурь хийх зорилгоор газар шорооны ажил хийлгэсэн, манаачийн пүдэк барьж, хамгаалалтын хашаа хатгасан байдаг. Дээрх хийсэн ажлыг үнэлгээгээр тогтоолгоход газар шорооны ажлыг 22,000,000 төгрөг, манаачийн пүдэк, хашаа 19,200,000 төгрөгөөр үнэлсэн буюу нийтдээ 41,200,000 төгрөгийн бодит зардал гаргасныг тогтоосон. Гэвч эцэстээ гуравдагч этгээд буюу “Н.к..” ХХК-ийн хууль бус үйлдлээс болж нэхэмжлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон.

 

3.9. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч “И.Э..” ХХК-ийг иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, газраа идэвхтэй хамгаалаагүй гэж үзэж, эрхийг нь дордуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир эрх нь зөрчигдсөн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх нь түүний хуулиар олгогдсон эрх болохоос биш, үүрэг байж таарахгүй. Энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө нэхэмжлэгчийг буруутгавал бусдын хууль бус үйлдлийг зөвтгөж, завших бололцоо олгох, эрх нь зөрчигдсөн этгээдийг дахин хохироож, эрхийг нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүйн төлөө дордуулан шийдэж байгаатай адил.

 

3.10. Иймд нэхэмжлэгч “И.Э..” ХХК нь эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байгаа шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эсэх, хариуцагч захиргааны байгууллагын газар ашиглах эрхийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас гаргасан шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүйн алинд хамаарах талаар харилцан зөрчилдөөнтэй өөр өөр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0307 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч “И.Э..” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2. Анх Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 679 дүгээр захирамжаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3200 м.кв газрыг “орон сууцны” зориулалтаар “И.Э..” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд мөн даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/938 дугаар захирамжаар дээрх газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгажээ.

2.3. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 37.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно” гээд 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж хуульчилсан.

2.4. Харин энэ тохиолдолд нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасанд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03-06/1218 дугаар албан бичгээр “...хүндэтгэх шалтгаангүй газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн” гэж, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03-06/3049 дүгээр албан бичгээр “...Хот байгуулалт, хөгжлийн газар, тус албаны хамтарсан “Мэргэжлийн зөвлөл”-ийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэхэд эс зөвшөөрсөн тул эрхийн гэрчилгээ хүчингүй болсныг мэдэгдье” гэсэн хариуг тус тус хүргүүлжээ.

2.5. Уг мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бичгээр гомдол гаргасныг Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлснийг тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ш.Мандахзул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдийн газрын асуудлыг шийдвэрлэхдээ “Мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг. 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн газар ашиглах эрхийн хугацааг сунгах боломжгүй, эрхийг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бөгөөд удаа дараа газар ашиглах эрхийг хүчингүй болгож буйг мэдэгдсэн” хэмээн гомдлыг шийдвэрлэж хаасан болох нь өргөдөл, гомдлын М210603013 дугаар бүхий бүртгэл, хяналтын картаар тогтоогдож байна.

2.6. Дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...Мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд Эс зөвшөөрсөн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03-06/3049 дүгээр албан бичгээр сунгахаас татгалзсан хариу өгсөн байх тул захиргааны байгууллагыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

2.7. Тодруулбал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь нийслэлийн Засаг даргад харьяалагддаг, түүний тодорхой чиг үүргийг хэрэгжүүлдэг хэрэгжүүлэгч агентлаг болохын хувьд нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан шийдвэр гаргахад түүнд чиг үүргийн хүрээнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлдэг захиргааны байгууллага учир нэхэмжлэгчээс нэгэнт тус албанд хүсэлт гаргасан байгаа энэ тохиолдолд тухайн хүсэлттэй холбогдуулан хариу өгсөн нь зөв байна.

2.8. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх хүсэлтийн дагуу тухайн газартай холбоотой нөхцөл байдлыг тодруулж, нийслэлийн Засаг даргад танилцуулсны үндсэн дээр 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03-06/1218, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03-06/3049 дүгээр албан бичгүүдийг хүргүүлсэн учир тус байгууллагыг бие дааж хариу өгсөн гэж үзэхгүй бөгөөд нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуульд заасан эрхийн хүрээнд холбогдох хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаар дамжуулан хариу өгсөн гэж үзэхээр байна.

2.9. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэсэн хуулийн зохицуулалттай.

2.10. Харин нэхэмжлэгч компаниас газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэж нийслэлийн Засаг даргын холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэгч Газар зохион байгуулалтын албанаас зохих хариуг нэхэмжлэгчид өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Нийслэлийн Засаг даргыг өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2.11. Нөгөөтээгүүр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь 2011 онд маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авсан атлаа одоог хүртэл тус газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

2.12. Хэдийгээр нэхэмжлэгчээс бусад этгээд тухайн газар дээр авто машины зогсоол болон дэд станц барьсан учраас газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн эзэмшлийн газраас дээрх зүйлсийг албадан чөлөөлүүлэх талаар эрх бүхий этгээдэд хандаагүй, холбогдох арга хэмжээ аваагүй, үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул “...энэ хугацаанд газраа гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглаагүй, тухайн газрыг идэвхтэй ашиглаж, бусдын нөлөөллөөс хамгаалах, зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг чөлөөлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь хууль болон гэрээгээр нээлттэй олгогдсон байхад тэрхүү эрхүүдээ эдэлж хэрэгжүүлээгүй тохиолдолд ...Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр сунгахаас татгалзсан хариуцагчийн үндэслэлийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.13. Тодруулбал, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “...“Н.к..” ХХК нь...нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан байгаа бөгөөд чөлөөлөх шаардлагатай байгаа тул гарсан зөрчлийг харьяаллын дагуу арга хэмжээ авхуулахаар шилжүүлж байна” гэсэн “Хүсэлт шилжүүлэх тухай” 2/1303 дугаартай албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн байх ба хувийг мөн нэхэмжлэгч “И.Э..” ХХК-д хүргүүлсэн байхад үүний дагуу холбогдох арга хэмжээ авхуулахаар дээрх байгууллагад хандаагүй, хүсэлт гаргаагүй, түүнчлэн нэхэмжлэгч компани нь 2015 онд газрын гэрчилгээг сунгах хүсэлт гаргахдаа маргаан бүхий газарт “Н.к..” ХХК автомашины зогсоол болгохоор бетон цутгасан, цахилгааны дэд станц барьсан талаар дурдсан атлаа газрын гэрчилгээг сунгаснаас хойш өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглахаар тодорхой үйлдэл гаргаагүй байх тул “..хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа ашиглаж чадаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

2.14. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолоор тайлбарласан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж газар эзэмшигч буюу “И.Э..” ХХК-иас хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгохоос биш дээр дурдсан шиг нэхэмжлэгчээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар эрх бүхий этгээдэд хандах боломжтой байсан нөхцөл байдалд хамаарахгүй юм.

2.15. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх байдлаар үндэслэл бүхий дүгнэсэн байх боловч тогтоох хэсэгт нэхэмжлэгч “И.Э..” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой дурдаагүй байх тул энэ талаарх өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 307 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И.Э..” ХХК-иас гаргасан “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА