Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 22

 

 

 

Б.Алимаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 383 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар  багт оршин суух, Монголмууд овогт Батжаргалын Алимаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Увс-Авто замын  засвар арчлалт” төрийн өмчит ХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Алимаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Би 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тус компанид нярваар ажилд орсон. 2016 оны 10 дугаар сарын 30-ны амралтын өдрийн орой 9 цагийн үед нягтлан бодогч Энхманлай надтай утсаар яриад чи дансаа өг, чиний данс руу байгууллагын данснаас 1.000.000 төгрөг шилжүүлж, картаар гаргаж авна гэхэд нь би тэгж болохгүй, дансаа өгөхгүй гээд утсаа тасалсан. Тэгээд маргааш нь ажилдаа очиход дарга хурал хийгээд чи удирдлагын өгсөн үүрэг, даалгавар биелүүлээгүй, чи мөнгө өгөх гүйлгээ хийгээгүй гээд шууд Хөдөлмөрийн хуулинд зааснаар сануулах арга хэмжээ авсан. Надад ямар ч хууль зүйн үндэслэлгүй арга хэмжээ авсан гэж үзэж байгаа. Мөн 2016 оны 12 дугаар сарын жил эцсийн тооллогоор таф-67 л, масло-17 л, арматур-0,18 кг, катанг-1000 кг дутагдуулсан гэж надад 1.140.350 төгрөгийн акт тавьсан. Тухайн үед таф нь олон жил хадгалагдсан, савандаа зузаан наалдаж өтгөрсөн, ажил авах үед литрлэх ямар ч боломжгүй, катинг овор ихтэй ороосон том хэмжээний төмөр байсан, арматурын урт 6 метрийн овор ихтэй килограммлах боломжгүй овор ихтэй төмөр байсан, ажил авсны дараа 200 литртэй гэх 1 пошки масло падаанаар хүлээн авсан байсан. Надад жил эцсийн тооллогоор дээрх эд хөрөнгө дутагдуулсан гэж 1.140.350 төгрөг дутагдуулснаар акт тогтоосныг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд актанд гарын үсэг зураагүй юм.. Байгууллагын дарга Ц.Цэдэнбал нь намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажлаас чөлөөлж буй нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд намайг ямар ч үндэслэлгүйгээр нярвын ажлаас чөлөөлсөн тул Увс-АЗЗА ТӨХК-ийн нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Нярав Б.Алимаа ерөнхий нягтлан бодогч О.Энхманлайгийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй урдаас нь хэрэлдэж маргадаг, анхан шатны баримт бурдүүлэлгүй хээрийн нэмэгдэл олгодог зөрчил гаргаад байна гэдгийг надад удаа дараа таницуулж арга хэмжээ авч өгөхийг хүсэж байсан. Нярав Б.Алимаа нь өөрөө ёс суртахуун, зан харьцааны соёлгүй, шаардлага тавихад байнга эсэргүүцдэг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, анхан шатны баримтгүй мөнгө гаргасан дутагдлыг нь удаа дараа сануулж хэлж байсан боловч алдаагаа засах талаар санаачилга гаргаагүй дээрх зөрчлүүд давтагдсан учраас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 42 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Миний бие ажлаа хүлээж аваад 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 65/а тушаалаар тус компанийн эд хөрөнгийн жил эцсийн тооллого явуулахаар шийдвэрлэсэн. Тус тооллогоор нярав Б.Алимаагийн хариуцаж байсан эд хөрөнгөнөөс 1.140.350 төгрөгийн арматур, масло, таф зэрэг бараа материал дутсан. Энэ талаар тооллогын комиссын акт тогтоож нярав Б.Алимаад танилцуулахад хүлээн зөвшөөрөөгүй, актад гарын үсэг зураагүй. Дээрхи зөрчлүүдийг үндэслээд Б.Алимааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлйин 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 14.г-д заасан үндэслэлээр 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21 тоот тушаалаар нярвын ажлаас чөлөөлсөн. Иймд нярав Б.Алимаагийн гаргасан зөрчил тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 383 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголмууд овогт Батжаргалын Алимааг Увс-Авто замын засвар арчлалт ТӨХК-ийн нярвын ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс-Авто замын засвар арчлалт ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх дүгнэлтэндээ нэхэмжпэгчийн зөрчил гаргасан хугацааг 2017 оны 12 дугаар  сарын 30-ны өдрийн акт тогтоосон өдрөөс эхлэн тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.Алимаа нь тус байгууллагад 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нярваар ажилласан бөгөөд 2014, 2015 оны хөрөнгө, бараа материалын тооллогоор дутагдал гаргаагүй гэх ба түүнийг ажиллах хугацаандаа хариуцсан эд хөрөнгөөс бараа материал дутагдуулсан зөрчил гаргасан эсэхийг тогтоох боломжгүй. Гагцхүү улирал, жил эцсийн тооллого болон мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын үндсэн дээр зөрчил гарсан эсэхийг тогтоох боломжтой байдаг. Тус компаний эд хөрөнгийн жилийн эцсийн тооллогоор Б.Алимаагийн эд хөрөнгө дутагдуулсан зөрчлийг илрүүлж, тооллогын комиссийн акт тогтоосон 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг зөрчил гаргасан өдөр гэж үзэж энэ үеэс хугацааг тоолж 6 сарын дотор ажлаас халах сахилгын шийдвэр гаргасан тул Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  05 дугаар сарын 09-ний өдрийн 383 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Алимаа нь “Увс авто  зам  засвар  арчлалт” төрийн өмчит ХК-ийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс авто замын засвар арчлалт төрийн өмчит ХК-д холбогдуулан гаргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж гомдлын үндэслэлээ “анхан шатны шүүх нэхэмжлэгчийн  зөрчил гаргасан хугацааг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн акт тогтоосон өдрөөс эхлэн тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.

Ажил олгогч нь ажилтан Б.Алимааг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 14.г дэх заалтыг үндэслэн “нярав Б.Алимаа нь хариуцаж буй эд хөрөнгийг дутагдуулж, байгууллагад хохирол учруулсан нь 2016 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллогоор тогтоогдсон.” гэж тайлбарлажээ. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар 2016 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллогоор нярав Б.Алимаа хариуцаж буй эд хөрөнгийг дутааж, байгууллагад хохирол учруулсныг тогтоосон гэх баримт[1]-ыг нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдсэн  талаар маргаагүй байна.

Ажил олгогч нь  нярав Б.Алимааг байгууллагын  эд хөрөнгийг дутагдуулсан талаар 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдэж, илрүүлсэн байх ба энэ түүнээс хойш 3 сар, 23 хоногийн дараа түүнд сахилгын хариуцлага ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн гэж анхан шатны шүүх  хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хариуцагчийн “2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг нярав Б.Алимаагийн зөрчил гаргасан өдөр гэж үзэж энэ өдрөөс хойш 6 сарын дотор ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.” гэх гомдол нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч Б.Алимаа нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хариуцсан бараа, материалаас 1.140.350 төгрөгийн  эд зүйлийг дутагдуулсан  үйлдлийг хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан  баримтаар тогтоогдоогүй, мөн өдөр дээрх бараа материал дутсан болохыг Увс авто замын засвар арчлалт төрийн өмчит ХК-ийн 2016 оны эд хөрөнгийн тооллогын комисс илрүүлж акт тогтоож, зохигчдод танилцуулсан нь тогтоогдож байна.  

Шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд  хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

                                   

ШҮҮГЧИД                                                                   Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН

 


[1] Хавтаст хэргийн 6, 29-30, 41 дүгээр хуудас.