Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/18

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******ийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******т холбогдох 2123000000025 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, ээж, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. ******* овогт *******ийн *******, РД:ИК*******

Г.******* нь Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2020 оны 11 дүгээр сарын 25, 26, 27, 30, 2020 оны 12 дугаар сарын 03, 15, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд мэдээллийн технологи болох олон нийтийн Фейсбүүк сүлжээнд ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь Улаанбаатар хотод болон Завхан аймгийн суманд байх өөрийн гэртээ 2020 оны 11 дүгээр сарын 25, 26, 27, 30, 2020 оны 12 дугаар сарын 03, 15, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд цахим орчинг ашиглан “Техас” нэртэй покер тоглоомыг зохион байгуулсан нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Шүүгдэгч Г.*******ын үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг “...Би 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ... “Техас” нэртэй покер тоглоом ...зохион байгуулахад 6 хүн орж ирсэн санагдаж байна... энэ тоглолтоос би өөртөө 100.000 төгрөгийн ашиг олсон юм. Би гэртээ байж байхдаа тусгай дугаарласан ширээ бэлдээд дугаарласан ширээгээ харуулсан лайвыг фейсбүүкээр олон мянган хүний дагагчтай фейсбүүк групп дээр хийдэг, миний хийсэн лайвыг харсан хүмүүс миний бэлдэж дугаарласан ширээг лайваар хараад суудлаа сонгодог юм. Хүмүүс суудлаа сонгож дуусаад ширээ дүүрсэн үед би дугаарласан ширээн дээрээ хөзрөө тараагаад тоглоомоо эхэлдэг юм. Тоглоом явуулж байгаа ширээнийхээ голдоо дансны дугаараа томоор бичиж тавиад суудал сонгоод тоглох гэж байгаа хүн тэр данс руу тоглох мөнгөө хийдэг юм. Нэг хүн 5000 төгрөг миний ширээн дээр тавьсан данс руу хийж 4 удаа тоглодог юм. 4 удаа тоглохдоо нэг хожвол 5000 төгрөг, 2 хожвол 10000 төгрөг авах журмаар нэг хүн 4 удаа тоглоно, 5 хүн тоглосноос нэг хүнийх тоглох гэж хийсэн мөнгө надад үлддэг юм. Хожсон хүн надад дансны дугаараа өгөөд би тэр данс руу хожсоных нь мөнгийг шилжүүлдэг юм. Хэдэн удаа тоглолт зохион байгуулагдахыг би урьдчилж мэдэхгүй хүн бүрдсэн үед тоглоом эхэлнэ... би “” гэж ... фейсбүүк хаягаар орж мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан юм. ... хамгийн сүүлд 2021 оны 01 сарын 20- ны өдөр 10000 төгрөгөөр нэг хүн элсүүлж 8 удаа тоглуулсан санагдаж байна, нийт 180.000 төгрөгийн ашиг олсон. Заримдаа хүмүүс миний данс руу мөнгөө хийж бүртгүүлчхээд хүн бүрдэхгүй ч юм уу тоглохоо болих тохиолдол маш их гардаг юм, тэр болгонд нь би мөнгийг нь буцааж шилжүүлдэг байсан, энэ тохиолдол маш их гардаг тул дансны хуулган дээр олон гүйлгээ харагддаг байх.. Хаан банкны миний өөрийн дугаартай данс байсан, ...Лайв хийж тоглуулж байхад тоглож байгаа хүмүүс болон би бусдад царайгаа харуулдаггүй, зөвхөн хөзрөө харуулж, ярьдаг байсан болохоор нэгнийгээ танихгүй, ямар фэйсбүүк хаягаар хэдэн хүн тоглосныг би мэдэхгүй байна... 2021 оны 01 сарын 20-ны өдөр тоглуулж дууссаны дараа хөдөө явах гээд энэ хаягийг устгачихсан юм, одоо энэ хаяг байхгүй байгаа...” гэсэн мэдүүлгээр, Г.******* олон нийтийн сүлжээ ашиглан тоглоом тоглуулж байсныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Э.гийн “...Манай нөхөр Г.******* цахим орчинд нийт гурван удаа мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Эхнийх нь буюу Улаанбаатар хот 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дараа нь мөн Улаанбаатар хотод 2021 оны 01 сарын 07-ны өдөр, сүүлийнх нь Завхан аймгийн ******* суманд ирсэн хойноо 2021 оны 01 сарын 20-ны өдөр зохион байгуулсан. Би эхний болон сүүлийн цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахад хажууд нь байсан. Харин 2021 оны 01 сарын 07-ны өдөр зохион байгуулахад нь би байгаагүй... 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахдаа мөрийтэй тоглоомоор 100.000 төгрөг авч байсан. Дараа 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахдаа 80.000 төгрөг нийт хоёр удаагийн үйлдлээр 180.000 төгрөгийн ашиг олсон...Өөрөө гэртээ байж байгаад тоглуулах ширээгээ урьдчилж бэлдчихээд ширээгээ цаасан дээр тоо бичиж, дугаарлаж номерлоод голд нь өөрийн дансны дугаарыг бичиж тавьчхаад фейсбүүкээр олон хүнтэй фейсбүүк групп хаяг руу лайв хийж ямар тоглоом яаж тоглуулах гэж байгаа тайлбарлахад тоглох хүмүүс нь лайвыг үзээд номерлосон суудлаа сонгоод ширээн дээр тавьсан данс руу мөнгө шилжүүлээд тоглох эрхээ авдаг юм байна лээ. Тэгээд номерлосон суудал дүүрэхээр лайваар тоглоом эхэлдэг, тоглоомыг Г.******* өөрөө удирдаад хөзрөөр явуулдаг юм байна лээ.” гэсэн мэдүүлгээр болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн ХААН банкны дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гүйлгээний талаарх дансны хуулгаар тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Мөрийтэй тоглоом гэдэг нь хоёр буюу түүнээс дээш тооны хүний ашиг олох зорилгоор нэгдэж мөнгө, үнэт, зүйл, эд материалаар дэнчин тавьж тоглоом зохион байгуулагчаас тогтоосон журмын дагуу түүнтэй байгуулсан эрсдэлд үндэслэсэн хонжворын тухай хэлэлцээр бөгөөд нийтэд зөвшөөрөгдсөн журмаас гадуур тоглож буй хууль бус үйлдэл юм. Г.*******ын мэдээллийн технологи буюу олон нийтийн цахим сүлжээ фейсбүүкийг ашиглан иргэдээс дэнчингийн 5000 төгрөгийг өөрийн ХААН банкны дугаар дансанд төвлөрүүлэн 1 удаа хожвол 5000 төгрөг, 2 удаа хожвол 10000 төгрөг өгнө гэж амлан хөзрөөр тоглоом тоглуулж хожсон хүнд нь мөнгийг шилжүүлж өөртөө тодорхой хэмжээний төгрөгийг авч үлдэх байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь ашиг зорилгоор үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзэх үндэстэй байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхолд халдсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгчийн удаа дараа мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй байна. Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Дээрх гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний үнэмлэх хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан үр дүнг нь урьдчилан тооцох боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Г.*******т 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Г.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ