| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0023/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/22 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/22
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ын ******* Хохирогч *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******т холбогдох 2123000000031 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овогт *******ын *******, /регистрийн дугаар: *********/
Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Л.*******ын хүргэнийд түүний толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******ын ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр согтуурсан үедээ Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Л.*******ын хүргэнийд түүний толгойн тус газар буюу баруун хөмсөг рүү архины шилээр цохисон хэргийн үйл баримт нь Г.*******т зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Л.*******ын “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр... бид нар голоос мөс ачихаар яваад гол дээр нэг шил архи хувааж уучихаад сумын төв рүү орж би нэг шил архи аваад бид нар манай хүргэнийд очоод хувааж уусан. Архиа ууж дуусаад Г.*******, Б., С. нар гараад явсан. Удалгүй ойролцоогоор цаг гарангын дараа би унтах гээд хүргэнийдээ хэвтэж байтал Г.*******, Б., С. нар дахиад ороод ирсэн. Г.******* нэг шил архи гаргаж ирээд задлаад тойруулсан. ...С. утсаар яриад гараад явсан үлдсэн архийг нь Г.******* бид хоёр хувааж уугаад ...Г.******* уусан архины шилийг ширээн доогуур шидсэн тэгтэл уурлаад чи яагаад айлын ширээн доогуур архины шил шидээд байгаа юм ямар хог руу хаяж байгаа биш гэсэн чинь Г.******* чи муу юу гээд байгаа хар янхан бэ? Та хоёрыг би суулгахгүй гээд хэрүүл маргаан үүсгэж байгаад миний толгой руу архины шилээр нэг цохисон...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч О.гийн “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...үлдсэн архийг нь Г.*******, Л.******* хоёр хувааж ууж дуусгаад Г.******* уусан архины шилийг ширээн доогуур шидэхээр нь би уурлаад “чи яагаад айлын ширээн доогуур архины шил шидээд байгаа юм ямар хог руу хаяж байгаа биш” гэсэн чинь Г.******* “чи муу юу гээд байгаа юм хаанаас ирсэн хар янхан бэ? Л.******* та хоёрыг би суулгахгүй” гээд хэрүүл маргаан үүсгэж байгаад Г.******* Л.*******ын толгой руу архины шилээр нэг цохисон тэгээд хамт явж байсан залуучууд нь боль гээд Г.*******ыг аваад явсан. Тухайн үед Г.******* нь Л.*******ын толгой руу архины шилээр цохисноос болж Л.*******ын духнаас нь цус гараад тэгээд сумын эмнэлэг орж духны хэсэгт нь 3 оёо тавиулсан...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ы “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...С.тай таараад бид гурав Л.*******ын араас нь очтол Л.******* хүргэнийдээ нилээн халамцуу байсан. Л.*******, Г.******* хоёр нэг шил архи хувааж уусан. ...Л.*******, Г.******* хоёр адуу мал ярьж байснаа муудалцаад барьцалдаж автал Л.*******ын эхнэр бид хоёр салгаж байх зуур Г.******* ах ууж байсан архиныхаа шилээр Л.*******ын толгой руу нэг цохисон тэгээд би Г.******* ахыг салгаж аваад гэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Г.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би тэр өдөр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Л.*******т учруулсан хохирлоо барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Г.*******ын үйлдлийн улмаас хохирогч Л.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 000000052 дугаартай “...1.Иргэн Л.*******ын биед баруун хөмсөг бохир шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүснэ. 2.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд уг гэмтлийг авсан байх боломжтой. 3.Тухайн гэмтэл нь гадны цохилтын улмаас үүссэн байх боломжтой. 4.Иргэн Л.*******ын биед баруун хөмсөг бохир шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд түүний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Г.*******ын үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Г.******* нь Л.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч шүүгдэгчээс 300000 төгрөгийн хохирол авсан гэж мэдүүлдэг бөгөөд ******* сумаас ирж буцсан зардал болон шинжилгээ, томографын зураг авхуулах шаардлагатай байна. 100000 төгрөг нэхэмжилж байгаа ч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хохирогч эмчилгээ сувилгаатай цаашид гарах зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.*******т нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 166.666 /нэг зуун жаран зургаан мянга/ төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Г.*******т 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч Л.******* нь эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардал болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Г.*******т нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА