Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/01081

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/01081

                Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 25 байр, 1-7 тоотод оршин суух Хан хөхий овогт Баярын Онон /РД:ХА85032361/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, өөрийн байранд байрлах “МИАТ”  ТӨХК-д холбогдох ажлаас хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Л.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэнсугар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт: Онон нь “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 5 сарын 11-ний өдрийн Б/331 тоот тушаалаар Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчээр томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж мөнгө санхүүтэй холбоотой ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд Монгол, Хятадын бүх нийтээр амрахамралтьн өдрүүдэд болон хагас сайн өдрүүдэд энгийн цагийн хуваарийн дагуу ямар нэг нэмэгдэлгүй болон илүү цаг ажилласан цалингүйгээр ачаалалтай ажилласан.

2016 оны 6 сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан боловч төвөөс ямар нэгэн шийдвэр гаргалгүй байж байгаад 2016 оны 8 сарын 1-ний өдөр МИАТ”  ТӨХК-ийн 2016/18 тоот дугаартай хөдөлмөрийн гэрээний хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон цуцлах тухай мэдэгдэх хуудас ирсэн. 2016 оны 8 сарын дундуур 2016 оны 6 сарын 22-ны өдрөөс эхлэн 2016 оны 9 сарын 1-ний өдрийг дуустал 2 сарын хугацаагаар сунгасан гэрээний сунгалт  хүлээн авсан. Бээжин хотод амьдрах орон байр түрээслэхэд 1 жилээс дээш хугацаагаар гэрээ хийгддэг тул 2016 оны 6 сараас хойш гэрээ сунгах үгүй нь тодорхойгүй байсан тул  амьдран суух байраа түрээслэх боломжгүй болж зочид буудалд амьдарч эхэлсэн. 9 сарын 1-ний өдрөөс хойш төвөөс шийд ирээгүй байсан ч төлөөлөгчийн газрын ерөнхий менежерийн хэлснээр ажлаа үргэлжлүүлэн хийж буудалдаа амьдарч байгаад 2016 оны 10 сард ээлжийн амралтаа авч амарсан. 12 сарын 1-ний өдөр “МИАТ” ТӨХК-ийн 2016/34 тоот дугаартай гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон дуусгаж байгаа тухай мэдэгдэх хуудас дахин хүлээж авсны дараа 12 сарын дундуур хөдөлмөрийн гэрээг сунгасан гэрээний сунгалтыг мөн хүлээн авсан. 2016 оны 6 сараас 12 сар хүртэлх хугацаанд зочид буудалд амьдарч бие сэтгэлийн хувьд тав тухгүй, эдийн засгийн хувьд хохиролтой ажиллаж амьдарч байсан.  2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/06 тоот тушаалын дагуу 2017 оны 1 сарын 16-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож байгаа тушаал хүлээн авч зохих журмын дагуу ажлаа хүлээлгэн өгч Монголдоо ирсэн. Энэ тушаалыг хүлээн авах үед миний бие 2 сартай бие давхар байсан бөгөөд Монголд ирээд ажилд томилогдоно гэж ойлгож ажлаа хүлээлцэж өгөөд ирэхэд хүний нөөцийн ахлах мэргэжилтэн тойрох хуудсаа зуруулсны дараа Хан-Уул дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст бүртгүүлэх зөвлөгөө өгсний дагуу 2017 оны 1 сарын 27-ний өдөр бүртгүүллээ. Мөн Бээжин хот дахь төлөөлөгчийн газар нь байнгийн ажиллагаатай байгаа бөгөөд байнгийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, мөн жирэмсэн эхийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд МИАТ”  ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч МИАТ”  ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

МИАТ хувьцаат компанийн БНХАУ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч билет бичигчээр хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байсан Б.Ононгийн ажилд эгуүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.

МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 11 сарын 24-ний өдрийн 1 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар гадаадын төлөөлөгчийн газруудыг шинэчлэн байгуулж, орон тоог баталсан ба БНХАУ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газрыг 5 орон тоотой байхаар баталсан. Мөн Бээжингийн чиглэлийн ачаа эргэлт, зорчигч урсгал буурсантай холбоотой зардал хэмнэх зорилгоор төлөөлөн удирдах зөвлөлийн 10 дугаар сарын 26-ны өдрийн 17/15 дугаар тогтоолоор аэропортын туслах ажилтан 1, суудал захиалагч-билет бичигч-1 орон тоог хассан. Зуны нислэгийн давтамж, ачаалал нэмэгдэж байгааг харгалзан гүйцэтгэх захирлын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/331 дүгээр тушаалаар Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчээр Б.Ононг томилж, хоёр тал харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл түүний орон тоо Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдсан үндсэн орон тоо биш, ажлын ачаалал, шаардлагаар томилж, түүнтэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа.Ононгийн хөдөлмөрийн гэрээний хугацааг түүний гаргасан хүсэлт болон ажлын ,ачаалал тус төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг өргөжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, компанийн зорилтот түвшинг биелүүлэх, төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хоёр тал харилцан тохиролцож сунгаж байсан. Хамгийн сүүлд ажлын ачаалал болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас шалгалт хийгдэж байсантай холбоотой 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дээрхи хугацаанд дуусгавар болсон. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн удирдамжийн дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 11 дүгээр 11-ний өдрийн 02/17 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталсан. Уг тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар гадаад улсын төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоог баталсан ба Бээжин хот дахь төлөөлөгчийн газрыг 3 орон тоотой байхаар баталсан. Улмаар гадаадын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан бүх хөлсөөр ажиллах гэрээтэй болон хөдөлмөрийн хугацаатай түр гэрээтэй ажиллаж байсан ажилтнуудын гэрээний  хугацааг дуусгавар болгосон.

Мөн зам тээвэр хөгжлийн яамны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 38-07, 09-01/07 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн шалгалтын тайлангийн 4.5.1-д “...Гадаад улс дахь төлөөлөгчийн 6 газарт батлагдсан орон тоогоор 20 хүн ажиллахаас 26 хүн ажиллаж байгаа нь Засгийн газрын 2015 оны 157 дугаар тогтоолын 3.3-д “... шинээр орон тоо  нэмэгдүүлэхгүй байх, ажлын ачааллыг нягтруулж орон тоог бууруулах сул чөлөөтэй...” гэж дүгнэсэн.

Нэгэнт компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс орон тоог баталсан, салбарын яам болон хувьцаа эзэмшигч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ажлын ачааллыг нягтруулах, орон тоо бууруулах чиглэл өгсөн тул Б.Ононд хөдөлмөрийн түр гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгох мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Б.Онон нь ажил олгогчтой харилцан тохиролцож хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, хуулийн дагуу дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг хамаарахгүй болно. Иймд Б.Ононгийн орон тоо нь үндсэн орон тоо биш ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийн дагуу дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                      

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Онон нь хариуцагч “МИАТ ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нь Б.Ононг “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын  2015 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн ажилд томилох тухай тушаалаар 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс “Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч билет бичигчээр томилогдож, 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... миний хувьд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч билет бичигчээр томилогдон ажилласан, ажиллах хугацаандаа өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлдэг байсан, 2016 оны 6 дугаар сарын 22-нд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан боловч төвөөс ямар нэгэн шийдвэр гаралгүй байж байгаад 2016.08.01-ний өдөр “МИАТ” ТӨХК хөдөлмөрийн гэрээний хугацааг 2016.09.01-ний өдрөөр тасалбар болгон цуцлах тухай мэдэгдэл ирсэн.Тэгээд төвөөс мэдэгдэл ирээгүй учир 10 сард ээлжийн амралтаа авч, 2016.12.01-нд хөдөлмөрийн гэрээг 2016.12.31-ээр дуусгавар болгох тухай албан бичиг хүлээн авсан. Ингээд 2017 оны 1 дүгээр сарын 2-нд “МИАТ” ТӨХК-ийн захирлын тушаал гарч ажлаа хүлээлгэн өгч Монголд ирсэн. Бээжин хот дахь төлөөлөгчийн газар нь байнгын ажиллагаатай байгаа бөгөөд ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, намайг жирэмсэн байхад ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн...” гэж, хариуцагчийн төлөөлөгч, Л.Ганчимэг “....нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй,  хоёр тал тохиролцож хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан, түүний орон тоо нь үндсэн орон тоо биш, ажлын ачаалал шаардлагаар томилсон, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж цаашид сунгахгүй болсон тул Хөдөлмөрийн хуулийн 100.1 дэх хэсэгт хамаарахгүй гэж...” гэж тус тус маргажээ.

 

Шүүх зохигчдын хооронд бий болсон үйл баримтыг бодитойгоор үнэлж, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон тэдний шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгт үндэслэж хэргийг тал бүрээс нь хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хариуцагч тал нэхэмжлэгч Б.Ононг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлан ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 37.1.3, 38.1.2, 43 дугаар зүйлд заасныг баримтлан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн заалтыг баримталжээ.

 

Ажилтныг ажлаас халах тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна ажилтныг чухам ямар үндэслэлээр ажлаас халсан, чөлөөлсөн болохыг тодорхой заасан байхыг шаарддаг бөгөөд тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халсан, чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх ёстой.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т ажил олгогч санаачилсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажилтныг ажлаас чөлөөлөх, халах үндэслэлийг тусгасан. Хуулийн 37 дүгээр зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11-т заасан...төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх, ...компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах...зэрэг хуулийн заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн  байна.

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгах мэдэгдэл, 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Онон хүлээн авсан, үүн дээр талууд маргаагүй бөгөөд хариуцагч талаас Б.Ононгийн ажиллаж байгаа орон тоо нь байнгын орон тоо биш гэж тайлбарласан нь 2012.11.24-ний өдрийн 20/12 тоот МИАТ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор ...Бээжин хот дахь төлөөлөгчийн газрыг 5 орон тоотой байхаар баталсан...мөн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “МИАТ” ХК гүйцэтгэх захирлын Б/03 тоот тушаалаар Гадаад улс дахь төлөөлөгчийн газрын бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар ...Бээжин дэх төлөөлөгчийн газрыг 3 орон тоотой байхаар баталж, суудал захиалагч билет бичигч 1 орон тоотой байхаар баталсан байна. Нэхэмжлэгч Б.Онон батлагдсан үндсэн орон тоо дээр ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Мөн хуулийн 100 дүгээр зүйлийн 100.1-д зааснаар  ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно...гэж заасан хуулийн заалтыг хариуцагч байгууллага зөрчиж тушаал гаргасан  гэж шүүх дүгнэлээ.

 

Нөгөө талаар хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэж заажээ.

 Хариуцагч нь хуулийн дээрх заалтыг зөрчиж Б.Ононтой хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулаагүй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан талаар тохиролцсон гэсэн нь баримтаар нотлогдохгүй, тодорхой бус байна.

 

Иймд шүүх нэхэмжлэлийг хангаж Б.Ононг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн дундаж цалинг 5 300 000 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 20 165 856 төгрөгийн хэмжээгээр хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч “МИАТ” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+258 779 төгрөг/ нийт  328 979 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Хан Хөхий овогт Баярын Ононг “БНХАУ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч билет бичигчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ононгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 20 165 856 төгрөгийг хариуцагч “МИАТ” ТӨХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.Ононд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. дахь хэсэгт зааснаар Б.Ононгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “МИАТ” ТӨХК-д даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч “МИАТ” ТӨХК-аас тэмдэгтийн хураамжид нийт 328 979 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.РЕНЧЕНХОРОЛ