Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/623

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдаан нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

хохирогч Б.А түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, 

шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Д-ын Т-д холбогдох эрүүгийн *******************дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******************* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, **************** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт **********************тоот оршин суух бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хот, ************ дүүргийн ********************* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ************** овогт *******************, /РД: ***************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: \яллах дүгнэлтэд бичигдсэнээр\

Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо, *************** давхарт байрлуулсан ************ УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн  баруун талын хойд цонхыг хагалан нэвтэрч бомбер 25 ширхэг, куртик 45 ширгэх, элгэн цув 25 ширхэг, юбка 7 ширхэг, даашинз 150 ширхэг, цамц 2 ширхэг, цамц 6 ширхэг, хантааз 10 ширхэг, майк 5 ширхэг, фудволк 4 ширхэг, сорочик 18 ширхэг, футболк 20 ширхэг, юбка 20 ширхэг, юбка 11 ширхэг, өмд 35 ширхэг, фудволк 47 ширхэг, юбка 15 ширхэг, зуны хүрэм 50 ширхэг, юбка өмд 60 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, ************** УНЯ улсын дугаартай *************** маркийн машин механизм ашиглан авч хохирогчид нийт 21.430.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т: “...Миний бие хохирогчийн барааг хулгайлж авсан нь үнэн. Хэдэн төгрөгийн бараа байсныг мэдэхгүй зарж үрсэн зүйл байхгүй бөгөөд бүгдийг буцааж өгсөн. Маш их гэмшиж байна...” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А: “...Би нийт 21.430.200 төгрөгийн барааг алдсан. Үүнээс дутуу буцааж өгсөн барааны үнэ болох 13.050.700 төгрөгийг нэхэмжилж байна. Авсан бараанууд маань миний дансны хуулгаар тогтоогдож байгаа. Иймд хохирлоо хурдан барагдуулж авмаар байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.А-гийн:

“...манай хүргэн ах С-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ тээврийн хэрэгслээс алдагдсан байгаа бүх бараа миний эзэмшлийн Бээжингээс 2020 оны 11 дүгээр сард авч ирсэн 4 улирлын бараа байсан юм. Энэ бараануудаа 2020 оны 08 дугаар сарын сүүлээр хүргэн Б-ээр зөөлгөж ******** дугаартай тээврийн хэрэгсэлд хийлгэсэн. Мөн 2020 оны 11 дүгээр сард мөн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү хүргэн Б-ээр дахин зөөлгөсөн. Учир нь дэлгүүр хаагдсан бөгөөд бараа хийх газар олдохгүй байхаар нь ахынхаа явдаггүй, зогсоолдоо зогсож байсан ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийлгэсэн. ... нийт 34.730.000 төгрөгийн бараагаа алдсан...” гэсэн мэдүүлэг /хх 39-41/,

2. Гэрч Г.Н-ийн:

“...би хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн А гэх хүний эмэгтэй бэлэн хувцасны барааны лангуун дээр худалдагчийн ажил хийгээд одоо 6 дахь жил ажиллаж байна. 2020 оны 10 дугаар сард манай дэлгүүрийн бараанууд улирлын чанартай өөрчлөгдөж зарим бараануудаа хольж цааш нь хийсэн юм. Сар болгон 2-3 удаа Бээжингээс бараа ирж агуулах сав байхгүй болж А, А бид гурав Аийн байрны доор байх том жийп машинд дүүрэн бараа зөөн оруулж хадгалсан юм. Тэгтэл 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр уг машинд хулгай орж машин дотор байсан бараа бүтээгдэхүүн алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 44-45/,

3. Гэрч Б-ийн:

“...манай эхнэрийн төрсөн эгч А эмэгтэй бэлэн хувцас зардаг. Тэгээд манай байрны доор байх Өнөр хорооллын ******** давхарт байх зогсоол дээр А өөрийн ******** улсын дугаартай лексус 470 авто машиныг эвдрэхээр нь жилийн өмнө байршуулаад зун, хавар, намрын эмэгтэй хувцас, өвлийн куртикнуудыг хадгалж байсан, би хэр хэмжээний бараа байсныг мэдэхгүй байсан. Би өөрөө хадгалдаг Лексус 470 машинаас компрессор авах гээд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчим машин дээр ирэхэд дотор байгаа бараа бүгд байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед ирээд компрессор хийх гэхэд дотор байсан бараа байхгүй байсан болохоор цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх 47-48/,

4. Гэрч М.Г-ын:

“...39-р байрны доор байх граж руу ороход Т-ын найз гэх эрэгтэй \уг эрэгтэй нь манай гражид байнга өөрийн автомашиныг тавьдаг юм\ нартай таараад бид гурав хамт 39-р байрны 4-р орц 12 давхарт унтаж байсан бөбөг орцноос хөөж гаргаад бид 3 хамт граж руу буухад Т-тай хамт явсан эрэгтэй би машинаа гаднаас оруулаад ирье гэхэд Т тэг тэг гэхэд нөгөө залуу гаднаас оруулж ирдэг байсан жижиг цэнхэр өнгийн автомашиныг оруулж ирээд ******** улсын дугаартай автомашины дэргэд байрлуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 50/,

5. Гэрч О.Т-ын:

“...бид гурав тухайн үед архи уусан орцонд байгаа хүмүүсийг хөөх гэж явсан. Тэгээд би нөгөө харуул болох Г-той хүмүүсийг хөөсөн, нөгөө хүн 8 давхраас тэр хүмүүсийг 8 давхарт босголцоод тэндээ үлдсэн. Бид хоёр тухайн архи уусан байсан хүмүүсийг доош 1 давхар хүртэл шатаар буулгасан...” гэсэн мэдүүлэг /хх 53-54/,

6. Гэрч Б.Э-гийн:

“...энэ хувцаснууд манай найз Т-ын хувцаснууд байгаа юм. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн үед тухайн хувцаснуудыг манай машинд ирж хийсэн, хүнээс өрөндөө авсан гэж хэлсэн. Гэрт оруулах гэхээр нь би овор ихтэй гэрт багтахгүй гээд оруулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 56/,

7. Гэрч Б.А-ийн:

“...найз Ш-ийн хүргэнийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр анх удаа харж байсан. Тухайн өдөр над руу ************* дугаараас залгаад та хаана байна вэ, би хүнээс авлагатай байсан юм, тэр хүн маань өрнийхөө оронд зуны хувцас өгсөн, та түр хадгалж байгаач, би гэр бүлээ аваад хөдөө яваад 02 дугаар сарын 23-ны өдөр ирнэ, тэгээд танаас авна гэж хэлээд надад ууттай хувцаснууд өгсөн. Би тэр хувцаснуудыг одоо түр оршин суух гэртээ авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 58-59/,

8. 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/,

9. 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-13/,

10. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-20/,

11. “Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн БГ2-20-238 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 84-86/,

12. “Дамно” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн БГ2-21-355 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 109/, шүүгдэгч Д.Т-гийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцэхгүй байх, нотлох баримтаас хасуулах нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулж, тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Т-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Т нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогч Б.Агийн нэхэмжилсэн 13.050.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгох” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Хохирогч Б.А-гийн нэхэмжилсэн 13.050.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирлын асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Тд холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Т нь: 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо, ******* давхарт байрлуулсан ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн  баруун талын хойд цонхыг хагалан нэвтэрч бомбер 25 ширхэг, куртик 45 ширгэх, элгэн цув 25 ширхэг, юбка 7 ширхэг, даашинз 150 ширхэг, цамц 2 ширхэг, цамц 6 ширхэг, хантааз 10 ширхэг, майк 5 ширхэг, фудволк 4 ширхэг, сорочик 18 ширхэг, футболк 20 ширхэг, юбка 20 ширхэг, юбка 11 ширхэг, өмд 35 ширхэг, фудволк 47 ширхэг, юбка 15 ширхэг, зуны хүрэм 50 ширхэг, юбка өмд 60 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, ******* УНЯ улсын дугаартай Тоёота акуа маркийн машин механизм ашиглан авч хохирогчид нийт 21.430.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.А-гийн “...манай хүргэн ах Саранбатын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ тээврийн хэрэгслээс алдагдсан байгаа бүх бараа миний эзэмшлийн Бээжингээс 2020 оны 11 дүгээр сард авч ирсэн 4 улирлын бараа байсан юм. Энэ бараануудаа 2020 оны 08 дугаар сарын сүүлээр хүргэн Б-ээр зөөлгөж ******** дугаартай тээврийн хэрэгсэлд хийлгэсэн. Мөн 2020 оны 11 дүгээр сард мөн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү хүргэн Б-ээр дахин зөөлгөсөн. Учир нь дэлгүүр хаагдсан бөгөөд бараа хийх газар олдохгүй байхаар нь ахынхаа явдаггүй, зогсоолдоо зогсож байсан ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Г.Н-ийнгийн “...2020 оны 10 дугаар сард манай дэлгүүрийн бараанууд улирлын чанартай өөрчлөгдөж зарим бараануудаа хольж цааш нь хийсэн юм. Сар болгон 2-3 удаа Бээжингээс бараа ирж агуулах сав байхгүй болж А, А бид гурав А-ийн байрны доор байх том жийп машинд дүүрэн бараа зөөн оруулж хадгалсан юм...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б-ийн “...манай байрны доор байх Өнөр хорооллын ************ давхарт байх зогсоол дээр өөрийн ******** улсын дугаартай лексус 470 авто машиныг эвдрэхээр нь жилийн өмнө байршуулаад зун, хавар, намрын эмэгтэй хувцас, өвлийн куртикнуудыг хадгалж байсан, би хэр хэмжээний бараа байсныг мэдэхгүй байсан. ...2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед ирээд компрессор хийх гэхэд дотор байсан бараа байхгүй байсан болохоор цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч М.Г-ын “...39-р байрны 4-р орц 12 давхарт унтаж байсан бөбөг орцноос хөөж гаргаад бид 3 хамт граж руу буухад Т-тай хамт явсан эрэгтэй би машинаа гаднаас оруулаад ирье гэхэд Т тэг тэг гэхэд нөгөө залуу гаднаас оруулж ирдэг байсан жижиг цэнхэр өнгийн автомашиныг оруулж ирээд ******** улсын дугаартай автомашины дэргэд байрлуулсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч О.Т-ын “...Бид гурав тухайн үед архи уусан орцонд байгаа хүмүүсийг хөөх гэж явсан. Тэгээд би нөгөө харуул болох Г-той хүмүүсийг хөөсөн, нөгөө хүн 8 давхарт ..үлдсэн. Бид хоёр тухайн архи уусан байсан хүмүүсийг доош 1 давхар хүртэл шатаар буулгасан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Эг-ийн “...энэ хувцаснууд манай найз Т-ын хувцаснууд байгаа юм. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн үед тухайн хувцаснуудыг манай машинд ирж хийсэн, хүнээс өрөндөө авсан гэж хэлсэн. Гэрт оруулах гэхээр нь би овор ихтэй гэрт багтахгүй гээд оруулаагүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.А-ийн “...найз Шүрэнцэцэгийн хүргэнийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр анх удаа харж байсан. Тухайн өдөр над руу ************* дугаараас залгаад та хаана байна вэ, би хүнээс авлагатай байсан юм, тэр хүн маань өрнийхөө оронд зуны хувцас өгсөн, та түр хадгалж байгаач, би гэр бүлээ аваад хөдөө яваад 02 дугаар сарын 23-ны өдөр ирнэ, тэгээд танаас авна гэж хэлээд надад ууттай хувцаснууд өгсөн. Би тэр хувцаснуудыг одоо түр оршин суух гэртээ авч ирсэн...” гэсэн мэдүүлэг,

- 2021 оны 02 дугаар сарын 11, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдэд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн БГ2-20-238 дугаар, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн БГ2-21-355 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно. 

“Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, ...үйлдвэрлэлийн эд хөрөнгө агуулах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж /тээшний хэсэг/ зэргийг хамруулан ойлгохоор бол “Тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэдэгт гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсныг ойлгоно. 

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, цоолох, зүсэх зориулалттай машин, механизмууд хамаарах ба “Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

Харин хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Т-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

-Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар мөн заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-д 21.430.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Т нь хулгайлсан эд зүйлийг хохирогчид буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.А нь “нийт 21.430.200 төгрөгийн барааг алдсан. Үүнээс дутуу буцааж өгсөн барааны үнэ болох 13.050.700 төгрөг”-ийг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримт хангалттай биш байх тул нэхэмжлэлийн шаардлага болох 13.050.700 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөртэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ********** УНЯ улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 10.335.154 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Т-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 Шүүгдэгч Д.Т-гийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ...хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Т-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Д.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105003010403 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Т-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ********* УНЯ улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Г.А-ын нэр дээр бүртгэлтэй байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 10.335.154 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сайнбилэг овогт Дашнямын Түвшинг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Т-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлага болох 13.050.700 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөртэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******** УНЯ улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 10.335.154 төгрөгийг шүүгдэгч Д.Т-гөөс гаргуулж улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ