| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0024/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/23 |
| Огноо | 2021-03-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Н.Баасанжав, Шүүгдэгч ******* овогт ******* ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваас шүүгдэгч Б.*******ыг “Цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.******* нь Улаанбаатар хотод байх хугацаандаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Завхан аймгийн ******* сум, ******* багийн ******* 2-16 тоотод оршин суух иргэн Н. “идэшний үхэр өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч түүнд 500,000 төгрөгийн хохирол учруулсан, - мөн 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дүүргийн 16 дугаар хороо 25 дугаар байрны 58 тоотод оршин суух Д. “20 тооны адуу зарна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч түүнд 400,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...Гар утсаараа мөрийтэй тоглоом тоглоод өрөнд орсны улмаас мөнгө хэрэг болоод ийм зүйл хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн шалгах ажиллагаанд: 1. Хохирогч Н. өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг өнгөрч байхад өөрийн фэйсбүүк хаяг болох гэсэн фэйсбүүк хаягаасаа Завхан аймгийн нэгдсэн групп-д “800.000 төгрөгт идэшний үхэр худалдаж авна” гэсэн зар байршуулсан юм. Тэгсэн миний фэйсбүүк хаягийн чатад гэх фэйсбүүк хаягтай хүнээс “Идэшний үхэр байна, сувай үнээ 850.000 төгрөг, хязаалан үхэр 700.000 төгрөг байна” гэж мессеж ирсэн. Тэгэхээр нь би “хаана байгаа үхэр вэ” гэж асуухад “Завхан аймгийн суманд байгаа Монголын үхэр байна” гэж хэлсэн. ...Тэгээд би фэйсбүүк хаягаас нь “утасныхаа дугаарыг өгчих, залгаж ярья” гэж гэсэн утасны дугаар авч, нэг эрэгтэй хүнтэй ярьсан. Утсаар ярихдаа “идшээ хийж байна, нэг үхэр байна, яг авна гэвэл, эндээс гаргаад өгч явуулж болно. Найдвартай унаа явж байгаа” мэтээр ярьсан. Тэгээд өдрийн 12 цагийн орчим дахин ярьсан чинь “эндээс нэг хүн сувай үхэр гаргаж аймаг авч явах гэж байна. Үхэр авах юм бол хязаалан үхрээ гаргаад хамт явуулчъя. Энэ сувай үхэр авч байгаа хүн хагас мөнгөө хийсэн байна. Надаас хүмүүс хязаалан үхэр авна гэж яриад байна. Чи яг найдвартай авна гэвэл баталгаажуулаад хагас мөнгийг нь данс руу хийчих, би гаргаад явуулаадахъя. Тэгээд үлдэгдэл мөнгийг нь хийгээрэй” гэж ярьсан. Би итгэж “за тэгье” гээд 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн цаг 30 минутад ХААН банкны тоот данс руу өөрийнхөө Хаан банкны дугаарын данснаас ХААН банкны АТМ дээр очиж 350,000 төгрөг шилжүүлсэн юм. ...Тэгээд тухайн өдрийнхөө орой юм уу маргааш нь сумаас мах явуулна гэж тохиролцсон. Тэгсэн маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр над руу фэйсбүүкээр чат бичээд “өнөөдөр махыг чинь ачаад унаа гарах гэж байна. Би өөрөө очиж амжихааргүй болсон. Аймаг орчвол буцаж гаргахгүй юм байна. Унаанд дайгаад хүнд өгөөд явуулъя. Би өөрөө жаахан мөнгөний хэрэгтэй байна. Чи надад үхрийнхээ махны үлдэгдэл мөнгийг өгөөч” гэж хэлэхээр би “махаа авч байж өгнө” гэж хэлсэн чинь “банкны мөнгө өгөх гээд мөнгө дутаад байна. Чи надад 150,000 төгрөг шилжүүлээч, тэгээд махаа авахдаа 200,000 шилжүүлчих” гэж гуйгаад байхаар нь итгэж “за за тэгье” гээд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн цаг 37 минутад ХААН банкны дугаартай дансанд өөрийнхөө ХААН банкны данснаас 150,000 төгрөг гүйлгээний утга хэсэгт “ ” гэж бичиж явуулсан юм. Тэгээд тухайн өдрийн орой “машин гарах гэж байна, махыг чинь явуулна” гэж худлаа ярьж намайг итгүүлсэн. Би оройны 22 цаг хүртэл хараад тухайн a boldbaatar фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдож “мах ачиж явуулсан хүний чинь дугаартай машины жолооч гэсэн хүн чинь миний утасны дугаарыг авахгүй байна, хаана явж байгаа юм бол” гэсэн чинь “би өөрөө залгаадахъя” гэж хэлээд хэсэг хугацааны дараа надад “тухайн машины хүн давааны ард явж байна гэнээ, шөнөдөө орчих байх” гэж хэлэхээр нь би итгэсэн юм. Тухайн дугаарын утастай хүний дугаарыг би 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим авч залгахад нэг эрэгтэй хүн “удахгүй орой гарна” гэж яриад орой 18 цагийн орчим дахин залгаж ярихад “машин эвдрээд болдоггүй, одоо ингэж байгаад аймаг гарлаа” гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө хойд пост орж машин тэрэг ирсэн эсэхийг асуухад идрээс мах ачсан ачааны машин ирээгүй байсан. Тэгээд тухайн мах зарна гэж мөнгө авсан хүнтэй дахин холбогдоход “нөгөө машин замдаа эвдрээд, буцаад ороод ирсэн байна, би чиний махыг өөрөө орой аваад оръё” гэж худлаа хэлээд л алга болсон. Тэрнээс хойш би “чи худлаа яриад байна, мөнгөө авъя, хүний ажил уясан яасан сонин хүн бэ” гээд өөрийнхөө дансны дугаарыг мессежээр явуулж буцааж мөнгөө авна гэсэн чинь “за өгнөө” гэж хэлээд худлаа яриад алга болсон. Тэрнээс хойш одоо болтол өгөөгүй худлаа яриад л явж байна. Тэгээд “чамайг цагдаад өглөө” гэхэд “битгий өгөөрэй, би өөрөө өгнө” гэж хэлж гуйгаад алга болсон учир би цагдаад өргөдөл гомдол гаргасан юм аа. ...Би өөрийнхөө ХААН банкны дугаартай данснаас дугаарын Хаан банкны Б********Р ******* гэсэн данс руу нийт 500,000 төгрөг шилжүүлсэн байна. ...Өөрийгөө намайг гэдэг гэж хэлээд Завхан аймгийн суманд мал маллаж амьдардаг гэж хэлсэн өөр зүйл яриагүй. ...Надад тухайн мөнгө авч мах ачуулна гэсэн хүн гэсэн нэртэй гээд мах ачсан машины жолооч утас нь гэж өгсөн юм. Би тухайн хүнтэй 2 ярьсан, эхлээд ярихдаа “мах ачсан машины жолооч мөн үү? хэзээ гарах вэ” гэсэн чинь “мөн байна оройхондоо гарна” гэсэн. Орой ярьсан чинь “машин эвдрээд янзалж байна, одоо удахгүй гарлаа” гэж ярьсан. ...Би маш их гомдолтой байна. Тухайн хүнд өгсөн мөнгөө л эргүүлэн авмаар байна. Тухайн хүнд мөнгө шилжүүлж өгснөөсөө болж өвлийнхөө идэш, хоолоо бэлдэж авч чадаагүй хэцүү байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38-р хуудас/, 2. Гэрч Б. өгсөн: “...Манай нөхөр Н. нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн нэгдсэн групп-д “идэшний үхэр худалдаж авна” гэх зарыг өөрийнхөө Tsogtoo гэсэн фэйсбүүк хаягаас байршуулсан юм. Тэгсэн a boldbaatar гэх фэйсбүүк хаягтай хүн чат бичээд “хязаалан үхэр 700.000 төгрөгөөр зарна, сувай үхэр хүртэл байгаа зарна. суманд байгаа, гаргаж янзлаад аймаг руу унаанд дайгаад явуулна” гэж ярьсан гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр “700.000 төгрөгөөр хязаалан үхэр авъя” гэж тохиролцсон чинь “урьдчилгаа 350.000 төгрөг шилжүүлчих, тэгээд гаргаад унаанд дайгаад явуулъя. Махаа авчаад үлдэгдэл мөнгөө явуулаарай” гэсэн тул манай нөхөр тухайн өдөр ХААН банкны АТМ-с тоот дансанд / *******/ гэх хүний дансанд 350.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн маргааш өдөр нь фэйсбүүк чатаар “одоо гарах гэж байгаа унаа гэж цэнхэр өнгийн портерын зураг явуулаад, гаргасан үхэр нь гэж хар өнгийн үхрийн зураг болон дэлгэж тавьсан үхрийн махны зураг” явуулж итгүүлсэн юм. Тэгээд “мөнгөний хэрэг байна, 150.000 төгрөг шилжүүлчих, тэгээд махаа авахдаа 200.000 төгрөгөө өгөөрэй” гэхээр нь манай нөхөр тухайн дансанд дахин 150.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд мах ирэхээ хүлээгээд байсан байхгүй болохоор нь дугаарын утсаар ярьсан чинь “одоо гарсан, хойд постон дээрээ хүлээж байгаад аваарай” гэж хүртэл хэлээд өглөө эрт постонд очиж хүлээлгээд ирээгүй зөндөө ажил удсан юм. Тэгээд сүүлдээ худлаа яриад юу ч өгөөгүй тул хүнд залилуулсан байна гэж мэдээд манай нөхөр цагдаад өргөдөл өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/, 3. Гэрч С. өгсөн: “...Манай хүү Н. нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ”идэшний үхэр худалдан авна” гэж Завхан аймгийн нэгдсэн групп-д зар байршуулан тавьж a boldbaatar гэх фэйсбүүк хаягтай хүн “идэшний хязаалан үхэр сумаас унаанд гаргаж янзлаад өгч явуулна” гэж урьдчилгаа 350.000 төгрөг, 150.000 төгрөг нийт 500.000 төгрөгийг ХААН банкны дугаарын дансаар манай хүүгээс авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/, 4. Хохирогч Д. өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр фэйсбүүк малын зарын групп дээр “адуу авна гэсэн зар” тавьсан. Тэгээд чатаар Мiiдаа гэсэн хаягаас “адуу зарна шүү” гээд холбогдсон. Миний дугаарыг аваад 99394655 гэсэн дугаараас надтай холбогдож яриад тухайн хүн надад 20 тооны адуу зарахаар болж 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн сумаас адуугаа ачаад гарна гэж тохиролцсон. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр над руу залгаад “Завханаас холбогдож байна урьдчилгаа 3.700.000 төгрөг хий” гэхээр нь би “хийхгүй Булган аймагт ирээд адуугаа хүлээж аваад тооцоогоо хийнэ” гэж хэлсэн. Тэгсэн тэгвэл унаа бензиний мөнгө 700.000 төгрөг хий гэхээр нь түүний өгсөн дансыг аваад 400.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд маргааш нь холбогдоход Завханы Их-Уул суман дээр явж байна гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд над руу байн байн залгаад би хүнд мөнгөний өртэй юм аа, та над руу 3 сая төгрөг шилжүүл гээд байн байн залгаад байхаар хар төрөөд ажил дээрээсээ аав ээжийнх утсыг олоод холбогдоход ээж нь утсаа авсан. Тэгэхээр нь би “танай хүү Завханаас адуугаа туугаад хот руу гарсан уу” гэж асуухад тийм зүйл байхгүй. Бид нар хөдөө байдаг хүмүүс наад хүүхэд чинь хотод байгаа, залилуулсан бол өөрсдөө учраа олоорой гэсэн. Ингээд тухайн хүнд залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 92-95-р хуудас/, 5. Б.*******ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 11 сард би Улаанбаатар хотод байсан юм, хотод байхдаа цахимаар тоглоом тоглож байгаад мөнгөгүй болчихсон юм. Тэгээд 11 сарын 19-ний өдөр Завхан аймгийн Фэйсбүүк групп дээр “үхэр авна” гэсэн зар тавьсан байхаар нь би руу чатаар надад хязаалан болон сувай үнээ байгаа авах уу гээд худлаа хэлсэн чинь тэгье, авъя гээд авахаар болоод би хязаалан үхэр 700.000 төгрөгөөр зарахаар болоод урьдчилгаа 350.000 төгрөг хийчих гэсэн миний өөрийн данс руу хийчихсэн юм. Би өөрийгөө суманд байна, сумаас маргааш өглөө үхрийг чинь гаргаад өөрөө аваачиж өгнө гэсэн юм. Маргааш өглөө нь буюу 11 сарын 20-ны өдөр над руу залгаад юу болсон бэ гэхээр нь би өөрөө явж чадахааргүй боллоо, сумаас нэг машин гарах гэж байна тэр машинд дайгаад явуулна гээд Фэйсбүүк дээрээс нэг танихгүй хүний машины зураг татаж аваад тэрийг руу чатаар энэ машинд дайчихлаа гээд хэлчихсэн юм. Жолоочийнх нь дугаарыг гэхээр нь найз гэсэн дугаарыг өгөөд чам руу хүн яривал би сумаас гарах гэж байна мах дайсан гэж хэлээрэй гээд хэлчихсэн юм. руу залгахад миний хэлснээр хэлсэн байсан. Тэгээд би аас дахиад 150.000 төгрөг хэрэгтэй байна шилжүүлчих үлдсэн 200.000 төгрөгийг махаа авсныхаа дараа шилжүүлчих гэж гуйж байгаад 150.000 төгрөг өөрийн дансаараа дахиад авчихсан юм. Дахиад яасан бэ? гээд залгахаар нь мах дайсан машин очиж байгаа байх, аймаг руу ороол өөр рүү чинь залгах байх гээд хаясан. Над руу залгаад байхаар нь би утсаа авахгүй байсан юм. Тэгээд хэд хоногийн дараа нөгөө машин чинь эвдрээд суманд буцаад ирсэн байна, би өөрөө аваачиж өгнө гэж бас худлаа хэлсэн. Тэрнээс хойш ыг залгахаар утсаа аваагүй юм... Надад зарах үхэр байхгүй, би өөрөө мөнгөгүй болчхоод фэйсбүүк дээрээс тийм зар хараад худлаа хэлээд мөнгө залилж авсан юм. ...2020 оны 11 сарын сүүлээр байх өдрийг сайн санахгүй байна фэйсбүүк дээр “адуу авна” гэсэн зар байхаар нь адуу зарна гээд чат бичсэн юм. Тэгээд тэр хүн нь адуу авахаар болоод би тэр хүнд 11 тооны адуу зарна Завхан аймгаас адуу ачиж аваачиж өгнө гэж худлаа хэлсэн юм. Тэгээд бид хоёр нэгэндээ утасны дугаараа өгөлцөөд утсаар яриад би урьдчилгаа 3.700.000 төгрөг хийчих гэсэн чинь тийм их мөнгө хийж чадахгүй адуугаа авч байж мөнгөө шилжүүлнэ гэхээр нь би замын бензин хийх мөнгө хийчих гэсэн чинь 400.000 төгрөг миний өөрийн дугаарын данс руу хийсэн юм. Тэгээд би адуугаа ачаад замдаа явж байна гээд худлаа хэлээд удаа дараа мөнгө хийчих гэж нэхсэн боловч би адуугаа авч байж хийнэ гээд хийхгүй байсан юм. Тэгээд би дараа нь утасны дугаараа солиод залгахаар нь утсаа авахгүй байсан. Тэгсэн тэр хүн манай гэрийнхэнтэй утсаар ярьчхаад залилуулсан гэдгээ мэдээд над руу мөнгөө авъя гээд чат бичиж байгаад дараа цагдаад хандсан байсан. ...Би тухайн үед хотод байсан юм, надад мөнгөний хэрэг гараад байхаар нь фэйсбүүк дээр “адуу авна” гэсэн зар байхаар нь фэйсбүүкээр чат бичиж байгаад адуу зарна гэж худлаа хэлээд мөнгө авчихсан юм. Би цахим хэрэгсэл ашиглаж, төөрөгдөлд оруулж мөнгө залилсан нь үнэн. Надад зарах адуу байгаагүй би тухайн үед хотод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59, 5- 6-р хуудас/, 6. Шүүгдэгч Б.*******, хохирогч Н., хохирогч Д. нарын ХААН банкны дипозит дансны хуулга /хх-ийн 23-29, 101-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хэргийн үйл баримт нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон байх тул дээрх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч нь хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлснээр гэмт этгээд нь захиран зарцуулах нөхцөл бүрддэг. Шүүгдэгч Б.*******ын хохирогч Н.т “идэшний хязаалан үхэр зарна” гэж 500,000 төгрөгийг, хохирогч Д. “адуу зарна” гэж 400,000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон тэднийг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Хохирогч Н. мөрдөн байцаалтын шатанд “Миний хохирлыг барагдуулсан. Надад 500.000 төгрөг бэлнээр авч ирж өгсөн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, Хохирогч Д. мөрдөн байцаалтын шатанд “Надад нэхэмжлэх зүйл алга байна. *******т шилжүүлж залилуулсан 400.000 төгрөгөө 2021 оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдөр өөрийн Хаан банкны дугаарт дансанд *******аас шилжүүлж авсан. Одоо цаашид нэхэмжлэх зүйл огт алга” гэсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сум дундын 12 дугаар шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр /хх-ийн 63-73 дугаар хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Прокуророос шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн шүүгдэгчид хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч Б.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч Б.*******т 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ