Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 00017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  С.Г-д холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 142/2017/0409/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

               Шүүх хуралдаанд: 

              Прокурор                                                      Ц.Идэрмөнх

               Шүүгдэгч                                                       С.Г

               Нарийн бичгийн дарга                              М.Бүжин нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолтой С-ийн Г-д холбогдох, 1725003610229 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч С.Гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 11-нд Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Булагт оршин суух хаягтай, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай,  Б овгийн С-ийн Г.

 

Шүүгдэгч С.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян” худалдааны төвийн 20 дугаартай лангуунаас Х.А-ын үнэгэн захтай нэхий дээл хулгайлж 380.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б овгийн С-ийн Г-ийг хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.Гийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч С.Гээс 380.000 төгрөг гаргаж хохирогч Х.А-д олгох

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авч  бичлэн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхэд гаргасан Прокурорын эсэргүүцэлд:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч С.Гийг хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 6 сар хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч С.Гээс 380.000 төгрөг гаргаж хохирогч Х.А-д олгохоор шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоолд шүүгдэгчээс гаргуулсан хохирол буюу 380.000 төгрөгийг шүүгдэгч ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг тусгаж өгөөгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасныг зөрчсөн байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 425 дугаар шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгч С.Г нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

С-ийн Г миний бие 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлсэн. Иймд хохирогч болох Х.А-ын өмчлөлийн үнэгэн захтай нэхий дээлийг өөрийн болчимгүй явдлаасаа болж хулгайлсан нь үнэн тул хохирол 380.000 төгрөгийг төлж барагдуулах болно.

 

Би бие муутай 70 настай эцгийн хамт амьдардаг. Одоо миний аавыг харж асрах хүнгүй тул надад эдлүүлэх 6 сарын ялыг нийтэд тустай ажил болгож өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна.., шүүгдэгч С.Гээс 380.000 төгрөг гаргаж  хохирогч Х.А-д олгохоор шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоолд шүүгдэгчээс гаргуулсан хохирол буюу 380.000 төгрөгийг шүүгдэгч ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг тусгаж өгөөгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д заасныг зөрчсөн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн гэв.

 

ТОДОРХОЙЛОХ

 

Шүүгдэгч С.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян” худалдааны төвийн 20 дугаартай лангуунаас иргэн Х.А-ын үнэгэн захтай нэхий дээлийг хулгайлж 380.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

 

Энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох:

 

-Хохирогч Х.А-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн :

 

...Би “Төгөл” худалдааны төвд лангуу ажилуулдаг юм..., 2017 оны 11 сарын 01-ний 14 цагийн орчимд 240 тоот лангуун дээрээ байсан бөгөөд буруу хараад сууж байхад лангууны өлгүүрт байсан миний хар үнэгэн захтай нэхий дээл алга болсон байсан... сэжиглэж байгаа хүн алгаа ..., хохирлоо төлүүлмээр байна ..., гэсэн мэдүүлэг, /хх-ийн 11-р хуудас/

 

- Шүүгдэгч С.Гийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 

...2017 оны 11 сарын 01-ны өдөр Даагий, Мөнгөө Охиноо бид нар архи уусан...,  Тэгээд дахиад архи авах гэтэл мөнгөгүй байсан болохоор мөнгө олох зорилгоор  “Төгөл” худалдааны төв рүү ороод 240 дугаартай лангуунд нэг эмэгтэй зогсож байхаар нь нүдийг нь хариулж байгаад үнэгэн захтай нэхий дээлийг нь хулгай хийгээд “Хүлэг” зах дээр очиод танихгүй хүнд 20.000 төгрөгөөр зарсан нь үнэн..., үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 3-р хуудас/

 

....Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий “Бан хас” ХХК-ний 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 351 дугаартай дүгнэлтийн “Үнэгэн захтай нэхий дээл 380 000 төгрөг.” гэсэн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 15-16-р хуудас/ зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд шүүх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол болох 380.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийвэрлэжээ.

- Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын ... шүүх С.Гээс 380.000 төгрөг гаргаж хохирогч Х.А-д олгохоор шийдвэрлэхдээ хохирлыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д заасныг зөрчсөн байх тул тогтоолд өөрчлөлт оруулах тухай ... эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д “...хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шийтгэх тогтоолд тусгана...” гэсэн нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурьдвал зохих асуудлыг ерөнхийд нь тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нь аль болох хурдан хугацаанд хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байдаг тул шүүх тэдний эрх ашигт нөлөөлж хохирол төлбөрийг хугацаа зааж хойшлуулах, хэсэгчлэн гаргуулах шаардлагагүй.

 

Мөн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлдэг эрх бүхий байгууллага, субеъкт нь хохирол төлбөрийг барагдуулах, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд эд хөрөнгөнд үзлэг хийх, хөрөнгийн хэмжээ тогтоох, данс хаах, хөрөнгө битүүмжлэх хураан авах зэрэг ажиллагаа хийж төлбөр төлөх боломж, хугацаа, хэмжээг тогтоохоос гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 267 дугаар зүйлийн 267.2.8.д зааснаар ...гэмт хэргийн улмаас... учруулсан хохирол төлбөрийг хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс суутгаж хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг хорих байгууллагын чиг үүрэгт заасан..., түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа явуулахдаа шүүгдэгчийн өмчлөл, эд хөрөнгө түүний хэмжээг нь тогтоогоогүй, хохирол нөхөн төлүүлэх талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байх тул шүүх хугацаа тогтоох, хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд заах боломжгүй байна.

 

Харин торгуулийн ялыг хэрвээ биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих өөрөөр хэлбэл шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөрөгөөр нөлөөлөх үр дагавар бий болох учраас шүүх торгуулийн ял оногдуулсан тохиолдолд шүүгдэгчийн хөрөнгө, мөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тодорхой хугацаа тогтоож “болох” талаар эрүүгийн хуульд заасныг анхаарах нь зүйтэй. /Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4., 5., 6.7 дугаар зүйлийн 5.д тодорхой заасан /

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч С.Гийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           З.ХОСБАЯР

                                                                                      

               ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                    Ц.ТУЯА